| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0868/Э |
| Дугаар | 912 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.О-д холбогдох эрүүгийн 1806000001097 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.О.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн орчим иргэн Ц.Нарантуяагийн Самсунг эс-5 прайм маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 176000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Нарантуяагийн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн постноос зүүн тийшээ ганцаараа явж байгаад гар утсаараа ярих гээд гар утсаа халааснаасаа гаргатал үл таних 2 залуу ирээд “та хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхэд нь би “утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлэхэд миний гар утсыг булаагаад зугтаахаар нь би “гар утсаа алдчихлаа” гээд орилоод зогсож байтал цагдаа нар нэг залууг нь барьчихсан аваад ирсэн. Тухайн үед харанхуй гэрэлтүүлэггүй газар байсан болохоор би царайг нь харж чадаагүй юм. Миний гар утас самсунг эс-5 прайм маркийн саарал өнгийн самсунг гэсэн бичигтэй гялалзсан кэйстэй гар утас байгаа юм. Би гар утсаа 2018 оны 3 дугаар сард 130.000 төгрөгөөр ломбарднаас авч байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-6/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Эрболдын: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө Билэгт, О бид 3 бааранд бүжиглэж байгаад харих гээд баарнаас гарсан. Баарны үүднээс Билэгт түрүүлээд ахтайгаа хамт харина гээд явсан. О бид хоёр үлдээд 13-р хорооллын автобусны буудал орж баянцээлийн гудамжны зүүн талаар урагшаа 13-р хороолол руу хараад алхаж байтал хажуугаар 30 орчим настай хар бараан өнгийн хувцастай согтуу байдалтай эмэгтэй хүн зөрж өнгөрсөн ба тэр үед О ард үлдээд тэр эмэгтэйтэй юм яриад байсан юм. Тэгээд би Ог хүлээгээд зогсож байгаад эртхэн явъя гэж хэлчихээд цаашаа хараад алхаж байтал миний араас О гүйж ирээд “зугтаагаарай” гэж хэлээд миний урд ороод гүйчихсэн юм. Гэтэл нөгөө хүүхэн нь “миний юмыг аваад зугтаачихлаа” гэж орилсон. Тэр үед гэнэт цагдаа гараад ирсэн юм. ...О тэр хүүхнээс ямар эд зүйл булааж авсан талаар би огт мэдэхгүй байна. Учир нь тэр орой бид хоёр зугтаахдаа салж гүйгээд эргэж уулзаагүй. Би шууд хариад унтаад өгсөн юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Мөрдөн байцаалтанд С.Огийн яллагдагчаар: “...Би үйлдсэн хэрэгтээ сонсож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Баянцээлийн гудамжны ертөнцийн зүгээр зүүн талаар урагшаа хараад явж байгаад үл таних согтуу байдалтай эмэгтэй хүнтэй тааралдсан. Тэр хүн гар утсаараа оролдоод зогсож байхаар нь би гэнэт тэр хүний утсыг авах санаа төрж гарнаас нь утсыг нь булаагаад зугтаачихсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-9-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-15/,
С.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-23-35/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.О: “Би Сансараас доош явж байгаад хамаг мөнгөөрөө уух юм авч мөнгөгүй болон байсан учир танихгүй эгч байхаар нь гайгүй юм болов уу гэж бодоод согтуу байдлаас болж утсыг нь авсан. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа учир тэнсэж өгөөч гэж хүсч байна” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн орчим иргэн Ц.Нарантуяагийн Самсунг эс-5 прайм маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 176000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Нарантуяагийн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн постноос зүүн тийшээ ганцаараа явж байгаад гар утсаараа ярих гээд гар утсаа хармаанаасаа гаргатал үл таних 2 залуу ирээд “та хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхэд би “утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлэхэд миний гар утсыг булаагаад зугтаахаар нь би “гар утсаа алдчихлаа” гээд орилоод зогсож байтал цагдаа нар нэг залууг нь барьчихсан аваад ирсэн. Тухайн үед харанхуй гэрэлтүүлэггүй газар байсан болохоор би царайг нь харж чадаагүй юм. Миний гар утас самсунг эс-5 прайм маркийн саарал өнгийн самсунг гэсэн бичигтэй гялалзсан кэйстэй гар утас байгаа юм. Би гар утсаа 2018 оны 3 дугаар сард 130.000 төгрөгөөр ломбарднаас авч байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-6/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Эрболдын: “...13-р хороолол руу хараад алхаж байтал хажуугаар 30 орчим настай хар бараан өнгийн хувцастай согтуу байдалтай эмэгтэй хүн зөрж өнгөрсөн ба тэр үед О ард үлдээд тэр эмэгтэйтэй юм яриад байсан юм. Тэгээд би Ог хүлээгээд зогсож байгаад “эртхэн явъя” гэж хэлчихээд цаашаа хараад алхаж байтал миний араас О гүйж ирээд “зугтаагаарай” гэж хэлээд миний урьд ороод гүйчихсэн юм. Гэтэл нөгөө хүүхэн нь миний юмыг аваад зугтаачихлаа гэж орилсон. Тэр үед гэнэт цагдаа гараад ирсэн юм. ...О тэр хүүхнээс ямар эд зүйл булааж авсан талаар би огт мэдэхгүй байна. Учир нь тэр орой бид хоёр зугтаахдаа салж гүйгээд эргэж уулзаагүй. Би шууд хариад унтаад өгсөн юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-9-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-15/ зэргээр тогтоогдсон болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч С.Ог бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа учир “тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.О нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-14-15/ нотлогдож байна.
Шүүгдэгч С.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Ц.Нарантуяа нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан, түүнчлэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан С.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Од хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. С.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД