| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438001850532 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
2025 04 09 2025/ДШМ/21
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Л.Отгончимэг,
Нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гэрэлтуяагийн эсэргүүцлээр Ө.Жд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гашуунтан овогт Өын Ж, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Д ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас Алтангадас одонгоор шагнуулж байсан /регистрийн дугаар 000/.
Ө.Ж нь Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах)-т заасныг, Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх)- т заасныг, Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт (Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно)-т заасныг, Монол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг (Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно)-т заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг (албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах)-т заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг (албаны эрх мэдлээ хэтрүүлэх)-т заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг (албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх)-т заасныг, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 21 дэх хэсэг (Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах)-д заасныг тус тус зөрчиж, 000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн буюу үеэл М.Шт нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж байсан буюу ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Шын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гашуунтан овогт Өын Жд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ:
...Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд:
1.Шүүгчийн захирамжид “хэрэгт авагдсан Х.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхад мөрдөгч, прокурор нь Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал анх хэзээ гарсан, 000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх тушаалыг өөрчлөн үйлдсэн эсэх талаар дахин мэдүүлэг авч, тодруулах ажиллагаа хийлгүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Авлигатай тэмцэх газарт иргэний гаргасан мэдээллээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар талд 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 тушаалыг 000 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 31 минутад Б гэх хаягаас байршуулсан, дээрх тушаалын хавсралтад М.Шын нэр байхгүй болох нь тогтоогддог. Дээрх хавсралтад дурдсан Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал, хариуцлагатай жижүүр хуваарь 000-12 хуваарь гаргасан: с/м Ч.Э, хариуцлагатай жижүүрийн хуваарь 000.12.21, хуваарь гаргасан Х.Э гэсэн канондсон хувь баримт хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж заасны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан баримтад үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн, 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг бусад нотлох баримтын хамт хуулбарлан авсан.
...Мөн тушаалын хавсралтад М.Шын нэр байхгүй байсныг өөрчилсөн болох нь гэрч Б.Дэлгэрмаагийн 2 дугаар хх-ийн 63-64 дүгээр талд авагдсан мэдүүлэг, гэрч Б.Сийн 2 дугаар хх-ийн 192-194 дүгээр талд авагдсан мэдүүлэг, гэрч Х.Эийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрөө бичсэн 2 дугаар хх-ийн 65-66 дугаар талд авагдсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн яллагдагч Ө.Ж нь аймгаас 000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 тушаал тухайн өдөр батлагдсан байх боломжгүй байна.
Иймд Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хуулбар гэх амь хохирогч М.Шын нэрийг тусгаагүй тушаалын хавсралтыг хэрэгт хавсаргах боломжгүй, эх баримт байхгүй байхад “тушаалыг өөрчлөн үйлдсэн эсэх талаар дахин мэдүүлэг авч, тодруулах ажиллагаа хийлгүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж үзэх боломжгүй байна.
2.Гэрч Ч.Э нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд гэж үзнэ. Ч.Эыг хилээр гарсан гэх баримт хэрэгт авагдсан боловч энэ нь “түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх үндэслэл болохгүй учир түүнээс гэрчийн мэдүүлэг авах” гэж шүүгчийн захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна.
Учир нь гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай гэх этгээд болох Ч.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай албан бичгээр тогтоогдсон ба гэрч Х.Эийн 2 дугаар хх-ийн 197 дугаар талд өгсөн мэдүүлэгт “Солонгос улсад байгаа” талаараа хэлсэн гэж дурджээ.
Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг Х.Э нь нөхөн гаргаж, батлуулсан талаар бусад нотлох баримтаар тогтоогдсон байх тул Ч.Эоос гэрчийн мэдүүлэг авах нь заавал хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа биш байна.
3.Гурав дахь үндэслэлийн тухайд “О.Б, Г.Э, Э.Оюун-Эрдэнэ, Х.Ц нараас гэрчийн мэдүүлэг авах нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна” гэж шүүгчийн захирамжид дурдсан байх боловч ямар ач холбогдолтой талаараа дурдаагүй нь шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь “Амь хохирогч М.Шын эхнэр О.Бээс гэрчийн мэдүүлэг авах талаар дурдаж байх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 174-225 дугаар талд “М.Ш нас барсан” гэх бүртгэлийн 1024 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд авагдсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бийн мэдүүлгийг хуулбарлан баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Мөн Хөвсгөл аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Г.Э, Монгол хэл, уран зохиолын багш Х.Ц, бага боловсролын багш Э.Онараас гэрчийн мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.
Иймд мөрдөгч, прокурор нотолвол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:
Шүүгчийн захирамжийн холбогдсон хэргийн талаар хэсэгт “Яллагдагч Ө.Ж нь гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ” гэж дурджээ. Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 494 дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж зөрүүтэй тусгажээ. Мөн яллагдагч Ө.Жд холбогдох эрүүгийн хэргийн дугаар 000 байхад 001гэж шүүгчийн захирамжийн удиртгал, үндэслэх хэсэгт тус тус алдаатай тусгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” талаар зөрүүтэй тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “....шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ө.Жын өмгөөлөгч Х.Билгүүний гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, “...гэрч Х.Эийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад “...Хөвсгөл аймгийн Т сумын ЕБС-ын захирлын 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох” тушаал анх хэзээ гарсан, 000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх тушаалыг өөрчлөн дахин үйлдсэн эсэх талаар дахин мэдүүлэг авах шаардлагатай, хэрэгт авагдсан 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал, 000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариуцлагатай жижүүрийн хуваарь гэх хуулбар баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн эдгээр баримтуудын эх хувь олдохгүй байгаа гэж прокурор тайлбарлаж байх боловч энэ талаар шалгасан баримт хэрэгт авагдаагүй, гэрчээр Ч.Э, О.Б, Г.Э, Э.Онараас мэдүүлэг авах шаардлагатай...” гэж тус тус үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь шүүгчийн захирамжийн үндэслэлд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ямар нөхцөл байдлыг тогтоолгох, энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг тогтоож, тодорхойлохгүйгээр гэрчээр Ч.Э, О.Б, Г.Э, Э.Онараас мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзнэ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан баримтад үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн 000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал болон бусад баримтыг мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан байх ба гэрч Б.С, Х.Э нарын мэдүүлгээр дээрх тушаалын эх хувь олдох боломжгүй, нөхөж гаргасан талаар тодорхой мэдүүлжээ.
Мөн гэрч Ч.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан болохыг Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000дугаартай албан бичгээр тогтоогдсон байхад түүнээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах хуулийн зохицуулалттай болно.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Ө.Жын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Яллагдагч Ө.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2.Яллагдагч Ө.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ