Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Р.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

           Шүүгдэгч  Р.Б нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн М.Уын эзэмшлийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан,

           Мөн шүүгдэгч Р.Б нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ....гэх газар нутаглах иргэн Л.Нын гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нэвтэрч мөнгөн бөгж гинжний хослол, 2 ширхэг булган малгай, 2 ширхэг Болор нэртэй архи хулгайлан 397.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Р.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Галт тэргээр явж байгаад Шивээ говь дээр буух байтал өнгөрөөд Даланжаргалан суманд ирсэн байсан. 25 дугаар зөрлөг дээр буугаад буцах унаа олдохгүй болохоор компьютер тоглоомын газрын гадна мотоцикль байхаар нь унаад явсан,

Хөдөө гэрээсээ гараад Нын өвөлжөө рүү очиход гэртээ байгаагүй. Тэгэхээр нь хаалганы бариулыг нь эвдээд гэрт нь орсон” гэсэн мэдүүлэг

           Хохирогч У.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү У нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Даланжаргалан сумруу хүнтэй уулзахаар явсан ба орой 23 цагийн орчимд Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ПС тоглоомын газрын гаднаас унаж явсан мотоциклио хулгайд алдсан байсан... Миний хүү У нь насанд хүрээгүй учир, энэ хэрэгт би хохирогчоор орно...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч М.Аий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Бын унаж явсан мотоцикль улсын дугааргүй, арлын дугаарыг нь харах гэтэл хусаж арилгасан байсан учир хулгайн мотоцикль байж болзошгүй юм байна, түр граждаа хийчих гээд үлдээсэн... Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд Р.Бын унаж явсан мотоциклийг зогсоон шалгаж үзэхэд Р.Б нь бичиг баримт, улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикль унаж явсан ба уг мотоцикль гадуураа улаан эрээн бүтээлэг бүхий байсан ба мотоцикль түлхүүргүй утас нийлүүлж асдаг, банкны таг нь түгжээгүй түлхүүрээр онгойдог болсон байдалтай, бүтээлгийг сөхөж үзэхэд баруун урд талын дээд хэсэгт бага зэрэг хонхойсон байсан. Мөн арлын дугаарыг арилгасан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

              Гэрч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байтал, Айраг сумын хэсгийн төлөөлөгч Б.С утсаар яриад “манай сумын У гэдэг хүн, танай гражид тавьсан мотоциклийг үзнэ, энэ хүн мотоциклио Даланжаргалан сумаас алдсан юм байна, гаалийн бичигтэйгээ очиж үзэх байх” гэж хэлсэн. Тэгээд өдөр байж байтал өдөр Айраг сумаас ирлээ гээд Мын У гэдэг хүн ирээд “мотоцикль үзэх гэсэн юм, Айраг сумын хэсгийн төлөөлөгч С явууллаа, гаалийн бичиг нь энэ байна” гээд үзүүлсэн. Тухайн үед уг гаалийн бичиг дээрх моторын дугаарыг харахад ОҮ162РМЗ-2 гэсэн дугаар байсан ба гражид байсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн дугаарыг харахад таарч байсан. Ингээд уг мотоциклийг яах эсэх талаар Айраг сумын хэсгийн төлөөлөгч Сгаас асуухад “Та өгөөд явуулчих, наад хүн чинь энд ирээд гэрчийн мэдүүлэг өгөх юм, би тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх юм” гэж хэлсэн. Ингээд М.У гэдэг хүнд уг мотоциклийг хүлээлгэн өгч явуулсан... Миний М.Уод хүлээлгэн өгсөн мотоцикль нь улаан өнгийн Даюун байсан бөгөөд арлын дугаар нь арилсан, урд крыло байхгүй, зүүн хойд талын дохио хагарсан шинэвтэр мотоцикль байсан....”гэсэн мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/

              Насанд хүрээгүй гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 сарын 04-ний орой 22 цагийн орчимд Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг Google нэртэй интернет тоглоомын газар руу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклиор очсон ба ПС тоглоомын газрын үүдэнд тавиад дотогш орж танил хүнтэйгээ уулзаад 20-30 минут болоод эргээд гараад иртэл миний унаж явсан улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикль алга болчихсон байсан... Тэгээд 03 дугаар сарын 14-ний өдөр Айраг сум дээр ирээд Айраг сумын хэсгийн төлөөлөгчид болсон учраа хэлтэл “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Цагдаагийн тасаг дээр очоод уулз, тэнд арлын дугаарыг нь арилгасан, шинэвтэр улаан өнгийн Даюун маркийн мотоцикль журамлуулсан байгаа, тэрийг очоод үзээд өөрийнхөө мотоцикль мөн эсэхийг шалга....” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шивээговь сум дахь Цагдаагийн тасаг дээр очоод хэсгийн төлөөлөгч, ахмад Зэтэй нь уулзаад Уг мотоциклийг үзтэл миний алдсан мотоцикль мөн байсан ба тухайн үед би өөрийн мотоциклийн гаалийн бичгийг авч очсон учир гаалийн бичгээ цагдаад нь үзүүлээд мотоциклийн моторын дугаар нь таарч байсан учраас Шивээговь сумын цагдаагаас мотоциклио аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/

             Хохирогч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд гэрээ эзэнгүй орхисон хойгуур манай монгол гэрийн цагаан вакум хаалганы цоожийг бариулаар нь хөшиж эвдээд гэрийн зүүн хэсэгт байсан 2 шил архи болон авдар дотор байсан эрэгтэй, эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан булган малгай, авдар дээр хайрцагт байсан мөнгөн гинж, ээмэгний хослол, шармал өнгийн хоёр ширхэг, ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан ба ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

             Гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 сарын 11-ний орой гэртээ буюу Шивээговь сумын 2 дугаар баг Бэлхийн гол гэх газарт байдаг гэртээ байж байтал манай төрсөн ах Б нь 22 цагийн орчимд Даланжаргалан сумаас мотоцикльтой ирээд намайг хэзээ ирсэн талаар асуусан. Тухайн үед ах Б маань дээлтэй явж байсан ба дээлний өврөөсөө 2 шил 0,75 литрийн Болор нэртэй архи гаргаж ирээд ахдаа энийг зараад өг, ах нь бензин хийх гэсэн юм гэж хэлэхээр нь за тэгье гээд Г ахтай хамт түүний улсын дугааргүй улаан өнгийн Даюун нэртэй мотоциклийг нь унаад явсан юм. Тэгээд Шивээговь сумын төв дээр ирээд зүс таних Д гээд эгчийн гэрт нь очоод уг архийг худалдаж аваач гэж гуйгаад очсон ба тухайн үед Д эгч надад мөнгөний боломж алга байна гэхдээ эгч нь авъя хоёр гурав хоногоос ирээд мөнгөө авчихаа архиа зарчихаад эгч нь хэлье гэж хэлсэн. Тэгээд Д эгчид уг 2 шил архийг үлдээчихээд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

              Гэрч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 11-ний орой 22 цагийн орчимд ... зүс таних 2 хүн буюу эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд Д эгчээ би оюутан хүн байгаа юмаа надад мөнгөний хэрэг гараад байна та энэ 2 архийг худалдаж аваач гээд 2 шил Болор нэртэй архи өгсөн тэгэхээр нь би тухайн үед мөнгө байхгүй байсан учир за эгчдээ өгчих, мөнгийг нь маргааш нөгөөдрөөс өгье гэж хэлсэн... Манайд орж ирсэн 2 хүний эмэгтэйг нь А гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 35 дугаар хуудас/

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 39,44, 114/

             Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 41, 45, 115/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэргийг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

             Шүүгдэгч  Р.Б нь  2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн М.Уын унаж явсан  улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  800.000 төгрөгний хохирол учруулсан,

              мөн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ....гэх газар нутаглах хохирогч Л.Нын  хүн байнга амьдрах зориулалттай орон байр  болох   гэрийн хаалганы цоожийг эвдэн  нэвтэрч мөнгөн бөгж гинжний хослол, 2 ширхэг булган малгай, “Болор” нэртэй архи 2 ширхэгийг хулгайлан  397.000 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 03 сарын 04-ний орой 22 цагийн орчимд Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг Google нэртэй интернет тоглоомын газар руу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклиор очсон ба ПС тоглоомын газрын үүдэнд тавиад дотогш орж танил хүнтэйгээ уулзаад 20-30 минут болоод эргээд гараад иртэл миний унаж явсан улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикль алга болчихсон байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд гэрээ эзэнгүй орхисон хойгуур манай монгол гэрийн цагаан вакум хаалганы цоожийг бариулаар нь хөшиж эвдээд гэрийн зүүн хэсэгт байсан 2 шил архи болон авдар дотор байсан эрэгтэй, эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан булган малгай, авдар дээр хайрцагт байсан мөнгөн гинж, ээмэгний хослол, шармал өнгийн хоёр ширхэг ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд Р.Бын унаж явсан мотоциклийг зогсоон шалгаж үзэхэд Р.Б нь бичиг баримт, улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикль унаж явсан ба уг мотоцикль гадуураа улаан эрээн бүтээлэг бүхий байсан ба мотоцикль түлхүүргүй утас нийлүүлж асдаг, банкны таг нь түгжээгүй түлхүүрээр онгойдог болсон байдалтай, бүтээлгийг сөхөж үзэхэд баруун урд талын дээд хэсэгт бага зэрэг хонхойсон байсан. Мөн арлын дугаарыг арилгасан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны

 

 03 сарын 11-ний орой гэртээ байж байтал манай төрсөн ах Б нь 22 цагийн орчимд Даланжаргалан сумаас мотоцикльтой ирээд өврөөсөө 2 шил 0,75 литрийн Болор нэртэй архи гаргаж ирээд ахдаа энийг зараад өг, ах нь бензин хийх гэсэн юм гэж ...хэлсэн...”гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар   нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Р.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар ,хууль бусаар хулгайлах гэмт хэргийг, мөн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг  хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.      

 Шүүгдэгч Р.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон хугацаанд дахин  гэмт хэрэг үйлдсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

                                                                                                                                    

Шүүгдэгч Р.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайн гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялтай тэгшитгэн 2 жил 03 хоногийн хорих ялаар   тогтоон урьд цагдан хоригдсон 118 хоногийг ял эдэлсэнд тооцож, үлдэх 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол нь биет байдлаар төлөгдсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Хохирогч У.М, хохирогч Л.Н нарт учирсан эд материалын хохирол нь биет байдлаар нөхөн төлөгдсөн байна.

           Шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Р.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг, мөн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 8 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан 5 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН