Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

2025         04        16                                        2025/ДШМ/22

 

 

Н.Е, Г.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.Е,

Шүүгдэгч Н.Ен өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Ен давж заалдах гомдлоор Н.Е, Г.А нарт  холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Е, 000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын 0 дугаар баг У гэх газарт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар 000/.

2. Монгол Улсын иргэн, Х овогт Г-ын А, 000 оны 000 дүгээр сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн У суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн У сумын 3 дугаар баг Т гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РП-000/.

Н.Е, Г.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 000 оны 0 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн У сумын 6 дугаар багийн нутаг Д гэх газарт байрлах иргэн З.Зын хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, 00 ХӨН улсын дугаартай Б загварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

000 оны 0 дугаарсарын 27-аас 28-нд шилжих шөнө Усумын 3 дугаар баг Х гэх газраас иргэн Н.А ын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, 00ХӨН улсын дугаартай Бзагварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ховогт Гын А, Б овогт Нн Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Нн Ег 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гын Аийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Ед оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гын Ад оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсон 10 (арав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 000 оны 000 дүгээр сарын 000 ний өдрийн 67 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16,500,000 (арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “000” загварын 00ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Г.А, Н.Е нараас тус бүр 8,250,000 (найман сая хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Е давж заалдах гомдолдоо: “Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолоор 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Учир нь:

Миний бие Г овогтой Аээс хашаа барих дай мод байна гэхэд нь худалдаж авсан. Түүнийг хулгайн мод гэдгийг огт мэдээгүй, зөвхөн түүний үгэнд итгэж 280,000 төгрөгийг өөрийнх нь төрсөн ээжийн 000 тоот дансанд шилжүүлж, 20,000 төгрөгийг бэлнээр Г.Ад өгсөн. Гэтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс надад 2 жилийн хорих ял өгөөд зогсохгүй миний амьжиргааны эх үүсвэр болсон “000” загварын авто машиныг хурааж авсан. Үүнээс болж миний гэр бүл, миний бие сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хохирч байна.Түүгээр зогсохгүй анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээхгүй байна гэж тулгаж байгаа нь маш хүндээр тусаж байна. Би гэмт хэрэг үйлдсэн бол өөрийн буруугаа хүлээх эрх зүйн болон бие махбодын  бүрэн чадамжтай. Харин гэмт хэрэг хийгээгүй байхад хорих ял оногдуулж, эдийн засгаар давхар хохироож байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Шүүгдэгч Н.Е, Г.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 000 оны 0 дугаарсарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Усумын 6 дугаар багийн нутаг Д гэх газарт байрлах иргэн З.Зын хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, 00ХӨН улсын дугаартай Бзагварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

000 оны 0 дугаарсарын 27-аас 28-нд шилжих шөнө Усумын 3 дугаар баг Х гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, 00ХӨН улсын дугаартай Бзагварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Е, Г.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдгийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт тодорхойлохдоо “... шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Гэтэл шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16,500,000 (арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “000” загварын 00ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Г.А, Н.Е нараас тус бүр 8,250,000 (найман сая хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

3. Шүүгдэгч Н.Е, Г.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн байх боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00ХӨН улсын дугаартай Бзагварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Н.Ен өмчлөлийнх болох нь  /1-р хх-н 157/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, үнийг хувь тэнцүүлэн хуваах бус шүүгдэгч Н.Егээс гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтэд нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт оруулах боломжгүй тул шүүгдэгч Н.Ен гаргасан “...шүүхээс надад 2 жилийн хорих ял өгөөд зогсохгүй миний амьжиргааны эх үүсвэр болсон “000” загварын авто машиныг хурааж авсан. Үүнээс болж миний гэр бүл, миний бие сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хохирч байна.Түүгээр зогсохгүй анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээхгүй байна гэж тулгаж байгаа нь маш хүндээр тусаж байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.0 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Е, Г.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                                     ШҮҮГЧИД                                  Б.СОСОРБАРАМ

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ