Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00186

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00186

 

 

 

б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Эд холбогдох

 

- Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 523 658 төгрөг гаргуулах тухай үндсэн,

- 39 447 955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Даваа-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Төмөрбаатар

Хариуцагч: Г.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваа-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай компани Г.Этай 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г07/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороонд баригдаж буй түүний эхнэр Даариймаагийн гэх 26 айлын орон сууцны барилгын дотоод заслын ажлыг уг барилгын 1-6 давхарт хар цагаан замаскт наах, паркет суулгах, обой наах, хаалга цонх суулгах зэргийг ажлыг гэрээнд заасан тоо хэмжээгээр гүйцэтгэх, ажлын хөлс 70 304 475 төгрөгөөс 53 000 000 төгрөгийг бартераар үлдэх хэсгийг мөнгөөр авахаар тохиролцсон байсан. Манайх гэрээ байгуулснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 31 697 860 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Захиалагч талын гэрээгээ зөрчсөн  үйлдлүүдийн улмаас ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болж, гэрээнээс татгалзаж, ажлаа зогсоосон. Захиалагч нь гэрээний 1.5 дахь заалтыг зөрчиж, манай гүйцэтгэх ёстой гэрээт ажлыг гүйцэтгэгч талтай зөвшилцөлгүйгээр дур мэдэн гуравдагч этгээдийг зэрэг оруулж бусдаар гүйцэтгүүлсэн, гэрээний 4.2-д заасныг зөрчиж бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлж хангаж чадахгүй ажил саатуулж сул зогсоосон. Захиалагч тал мэргэжлийн инженер техникийн ажилтнаар цаг тухайд нь хяналт тавиулахгүй, ажлаа зөв хуваарилан зохион байгуулж чадахгүй байсны улмаас ажлуудын уялдаа холбоо алдагдаж ажил удаашрах, дахин хийх зэргээр гэрээнд үл хамаарах ажил нэмэлтээр гүйцэтгүүлэх болсонЗаслын ажлаас өмнө өөр туслан гүйцэтгэгч газруудаар хийлгэсэн ажил нь чанаргүй, өө сэвтэй, гологдолтой хийгдсэн байдлаас болж заслын ажлын чанарт нөлөөлөх, нэмэлт ажиллагаа хийгдэх зэрэг байдлууд байнга гарсан. Улмаар манайх ажлаа үргэлжлүүлэх, хэвийн явуулах боломжгүй болсны улмаас гэрээгээ дуусгавар болгосон тул захиалагч талаас актаар хүлээлгэн өгч гүйцэтгэсэн ажлын хөлс 31 697 860 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажил хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гэрээний дагуу төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хохирол учирсан. Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д заасан заалтыг үндэслэн 31 697 860 төгрөгийн үнийн дүнгээс гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9 509 358 төгрөг тооцсон. Гэрээний 3.3.1-д заасны дагуу гэрээт ажлын хөлсөнд уг баригдаж буй барилгаас 2 өрөө байр өгөхөөр заасан боловч захиалагч тал татгалзсаны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2 өрөө байранд сарын 500 000 төгрөгийн түрээс төлж сууж байна. Одоогийн байдлаар 2 500 000 төгрөг байрны түрээсэнд төлсөн тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн шүүхэд маргаан үүссэнээс хойш нэмэлтээр хуулийн зөвлөгөө авах, тэмдэгтийн хураамж, бусад нэмэлт зардлууд нийт 1 316 440 төгрөг болсон. Иймд захиалагч Г.Эаас заслын ажлыг гүйцэтгэсний хөлс 31 697 860 төгрөг, алданги болон гэрээний үр дүнгээс хамаарсан хохирол болох 13 325 798 төгрөг, шинжээчийн зардал 1 500 000 төгрөг, нийт 46 523 658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний маш олон заалтуудыг зөрчиж захиалагч бидэнд хохирол учруулсан. Би тус компанийг мэргэжлийн ажилчидтай, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ чанарын өндөр түвшинд стандартын дагуу хийж гүйцэтгэж чадна гэж найдаж байсан. Гэрээний 2.4-т тус компани 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу 45 хоногийн хугацаатай ажлаа хийж дуусах ёстой байсан. Гэвч ажилчид нь ажилдаа ирэхгүй, ажлаа хийж чадахгүй байснаар ажил удааширч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дутуу хийсэн ажлаа орхин явсан. Энэ байдал нь өнөөдрийг хүртэл 145 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Энэ нь гэрээний 2.4 дахь заалтыг зөрчсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, хийх ажлаа чанарын өндөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, материал эвдэж хагалсан эдийн засагт хохирол учруулсан, цаг хугацаа маш их алдснаас цаашид тус компанитай хамтран ажиллах боломжгүй болсон. Бидний хоёр талын гэрээгээр хүлээсэн эрх үүргийн дагуу гэрээний 7.7-д зааснаар гэрээг захиалагч тал цуцалж гэрээний эрх үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх шаардлагатай болсон. Захиалагч бид гэрээний 4.2-д заасан үүргийнхээ дагуу барилгын материалыг цаг хугацаандаа гүйцэтгэгч талд нийлүүлж хүлээлгэн өгч байсан.  Харин тус компанийн ажлаа хийж дуусгах хугацаа алдсан нь өөрийн гэсэн ажилчид байхгүй, зохион байгуулалтгүй, ажлын чадвар муу, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаагүй байдлаас болсон. Энэ нь ажлын шаардлага хангахгүй хийгдсэн ажлыг зурагжуулсан фото зургаар тогтоогдоно. Захиалагч бидний зүгээс даамал М.Энхчимэг болон миний бие хөндлөнгийн хяналтыг тавьж ажиллаж байсан. Байрны захиалагч нартай хамт тэдний хийж байгаа ажлын явц байдлыг шалгахад тэдний ажил маш муу чанаргүй хийж байна гэдгийг захиалагч нар шүүмжилж байсан тул тус компанийн гүйцэтгэх захирал Д.Даваа-Очирт албан ёсоор ажлаа чанартай хийж гүйцэтгэх талаар албан бичиг өгөхөд өөдөөс уурлаж зодох оролдлого хийсэн, даамал М.Энхчимэгийг заамдан авч доромжилсон тул бид тус дүүргийн цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. 4 давхарын хувьд заслын ажлыг хийсэнтэй маргахгүй. Харин 5,6 дугаар давхарт бараг ажил хийгээгүй, хийсэн ажил доголдолтой байсан. Бид ажил гүйцэтгэсэн актан дээр тэдний хийгээгүй болон хийх шаардлагатай ажлыг нь товч бичиж өгсөийг тус компанийн инженер Д.Алтансүх гарын үсэг зурж хүлээн авч байсан. Энэ нь хэрэгт авагдсан ажил хүлээлцсэн актуудаар тогтоогдоно. Мөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9 509 358 төгрөг нэхэмжилсэн байна.  Манай зүгээс тус компанид ажлын гүйцэтгэлд тохирсон төлбөрийг өгөх гэсэн боловч гүйцэтгэгч тал аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.  Харин гэрээний 3-т ажлаа 100 хувь гүйцэтгэсэн тохиолдолд 70 304 475 төгрөгийн ажлын хөлс өгөхөөр, энэ үнийн дүнгээс 53 000 000 төгрөгт нь 2 өрөө байр өгөхөөр заасан боловч ийм хэмжээний ажил гүйцэтгээгүй учир байр өгөх боломжгүй. Мөн гэрээний 3.2.2-т зөрүү төлбөр болох 17 000 000 төгрөгийг барилгын ажлын явц 50 хувьд хүрсэн тохиолдолд зөрүү төлбөрийн 80 хувийг гүйцэтгэгч талд өгөх, үлдэгдэл 20 хувийг ажил бүрэн дууссанаар гүйцэтгэгч талд тус тус өгөхөөр заасан боловч гүйцэтгэгч тал ажлаа гэрээнд зааснаар 50 хувьд хүргээгүй тул тус гэрээний заалтуудыг биелүүлэх боломжгүй болсон.Гүйцэтгэгч тал ажлаа 50 хувьд хүргээгүй гэдгийг өөрсдийн нэхэмжилж байгаа үнийн дүн, бусад байдлаар тогтоогдоно. Мөн гүйцэтгэгч компанийг шүүхэд хандахаас өмнө захиалагч талаас бид ажлын хөлсөө хийж гүйцэтгэсэн хувьд тохируулан авахыг зөвлөсөн, эвээр шийдэхийг сануулсан боловч тэд бусдаас хууль зүйн зөвөлгөө авсан байгааг бид хариуцах боломжгүй. Шинжээчийн зардал шүүхийн зардалд хамаарах тул манайхаас шаардахгүй, шүүх шийдвэрлэх асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

 

Гэрээний 2.4-д зааснаар тус компани ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дотор буюу 45 хоногийн хугацаатай хийж дуусах ёстой байсан. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийх ёстой ажлаа гүйцэт хийгээгүй орхин явж өнөөдрийг хүрсэн. Гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчсөн тул гэрээний 7.2-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 145 хоногийн үнийн дүн нийт 30 582 446 төгрөгийг нэхэмжилж байна. Захиалагч бид тус барилгын ажлаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, орон сууц захиалагч нарт байрыг 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч компаниас болоод хугацаатай гэрээ биелэгдээгүй, улмаар улсын комисс барилгыг 2018 оны 5 дугаар сард хүлээн авсан. Гэрээний 7.1, 7.5 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаан дахь халаалтын төлбөр 6 240 509 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хадгаламж зээлийн хоршоонд одоог хүртэл сарын хүү нийт  2 625 000 төгрөгний хүү нэмж төлөөд байна. Иймд тус мөнгийг нэхэмжилж байна. Гүйцэтгэгч тал гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, ажлаа чанарын өнөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, дахин материал хэрэглэсэн зэргээр бидэнд эдийн засагт хохирол учруулсан. Энэ нь ажил гүйцэтгэх 8 дугаартай акт, шаардлага хангахгүй хийсэн ажлуудыг зурагжуулсан фото зургуудаар тогтоогдоно.  Энэ нь 5, 6 давхарт хийж гүйцэтгэсэн ажил, хүлээлцсэн актаар тогтоогдоно. Иймд гүйцэтгэгч компаниас захиалагчид учруулсан нийт 39 447 955 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваа-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн заслын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх байсан. Гэвч барилгын бусад ажил 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар бүрэн дуусаагүй байсан нь бидний ажил хугацаандаа дуусгах ямар ч боломжгүй нөхцлийг үүсгэсэн. Үүнд барилгын дотор сантехникийн ажил дуусаагүй, цонх бүрэн суугдаагүй, гадна фасадны ажил дуусаагүй, дээврийн ажил бүрэн дуусаагүй мөн дээр нь бусдаар гүйцэтгүүлсэн заслын өмнөх ажил чанарын шаардлага хангаагүй буюу алдаа ихтэй байсан тул заслын ажил гүйцэтгэхэд хугацаа их шаардаж байсан зэрэг шалтгаанаас бид ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй байсан болно. Дээврийн ажил дуусаагүй байсан нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар авсан зурагт 4, 5, 6 дугаар давхарт борооны улмаас таазнаас ус алдсан байдал зургаар нотлогдоноДотор сантехникийн ажил дуусаагүй байсан нь Г.Эы цахим фэйсбүүк хаягаараа 2017 оны 9 дүгээр сарын 6, 2017 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зар тавьсан байдлаар нотлогдоно.  Мөн барилгыг дулаанд холбох зөвшөөрөл 2017 оны 10 дугаар сарын 25-нд гарсан, улсын комисс удаа дараа буцааснаас харагдана. Уг гэрээт ажлыг гүйцэтгэж буй хугацаанд нэг ч бараа материалыг шаардах хуудсаар болон ямарваа нэг баримт бичгээр хүлээн авч, хүлээлгэн өгч байгаагүй болно. Энэ нь уг барилгад инженер техникийн ажилтан /ИТА/ байхгүй байсан зохион байгуулалт муу зэрэгтэй шууд холбоотой. Захиалагч тал барилга барьж буйгийн хувьд дээрх шаардлагыг хангаагүй байж гүйцэтгэж буй байгууллагыг ямар тооцоон дээр үндэслэн материалын зарцуулалт их гэж үзэж байгаа нь тодорхойгүй.  Манай компани хувьд гэрээт хяналтын инженер болох А.Цэнд-Аюуш инженер заслын ажлын үечлэл тус бүрт ирж шалгаж байсан. Захиалагч Г.Э нь манай компаний ажилчдыг чадваргүй ажил муу хийдэг гэх үндэслэлээр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж буй хэрнээ манай компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсны дараагаар манайд ажиллаж байсан ажилчдаар тусдаа ажлын хөлс, цалин тохирч ажиллуулсан байдаг. Үүнд 4 дүгээр давхрын засал хийж байсан ажилчдыг өдрийн цалингаар ажилуулсан. Мөн 5 дугаар давхрын хоёр 00 өрөөний плита наасан залууг энэ хүн чинь нааж чадахгүй байна гэсэн хэрнээ дахиж дуудаж тусдаа үнэ тохирч 6 дугаар давхрын плитаг наалгасан. Үүгээр ч барахгүй 5 дугаар давхрын заслын ажил гүйцэтгэсэн хүмүүс тухайн гүйцэтгэсэн ажлынхаа 70 хувийн гүйцэтгэлээ манай компаниас авчаад ажлаа гүйцэтгэж байхад нь ажлыг нь хүлээж авахгүй актан дээр нь гарын үсэг зурахгүй гэж шахаж дарамталж байгаад тэдгээр хүмүүстэй тохиролцож 300 000 төгрөг өөрөөсөө өгч явуулсан. Барилгын орон сууц захиалагч нараас төлбөрийн мөнгө орж ирэх ёстой байсан гэдгийг нотлосон баримтгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Г.Эаас 24 846 235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 677 423 төгрөг болон б ХХК-иас 39 447 955 төгрөг гаргуулах тухай Г.Эы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422 020 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 355 175 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282 181 төгрөгийгулсын орлогоос илүү төлсөн 31 452 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон дүгнэхдээ дараах зүйлсийг харгалзан үзээгүй. Тус гэрээт ажил гэрээний 2.4-т зааснаар 2017 оны 7 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж бэлэн болгохоор тусгагдсан байсан. Тус гүйцэтгэгч компани нь өөрийн гэсэн ажилчидгүй, мэргэжлийн бус хүмүүсийн ур чадваргүй байдал, ажлын зохион байгуулалт муугаас шалтгаалж тус гэрээт ажил чанаргүй хагас дутуу хийгдсэн. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлаа хаяж явсан. Гүйцэтгэгч байгууллага цаашид ажлаа үргэлжилүүлэх чадваргүй, боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг үнэлээгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид дээрх доголдолтой байдлыг засч залруулах талаар амаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч хариуцагч нь засч залруулаагүй төдий ажлын газрыг хаяж явсанаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, гэрээний 1.1-1 заасны дагуу захиалагч бид цаашид ажлаа бодож гуравдагч этгээдээр ажлаа өгч хийлгэх шаардлагатай болсон. Мөн шүүхээс томилсон шижээч болох Барилгын төсөвчдийн холбоо ТББ-иас "гүйцэтгэгч б ХХК актаар баталгаажуулж хүлээлгэн өгсөн ажил 23 796 235 төгрөг болохыг, актаар баталгаажуулаагүй хийсэн ажил 7 901 625 төгрөг болохыг, түүнчлэн хийж гүйцэтгэсэн зарим ажил чанарын шаардлага хангаагүй, доголдлыг засварлахад 1 001 000 төгрөг шаардагдах болохыг тус тус тогтоожээ" гэж, мөн Шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд "Гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөнөөр ажлын үр дүн доголдолгүй гэж үзэхээр байна" гэж дүгнэж ишлэл татаж байгаа нь ойлгомжгүй байна. Гүйцэтгэгч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын талбайг орхисон явснаас хойш бид гуравдагч этгээдийг оруулж, гүйцэтгэгч байгууллагын чанаргүй, стандартын бус хийсэн ажлыг засварлуулж, заслын ажлыг шинээр хийлгэснээс хойш 1 жил гаруй хугацааны дараа шинжээчийн дүгнэлт гарсан тул бид дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд шүүхэд ажил хүлээлцсэн актыг гаргаж өгсөн боловч түүнийг харгалзан үзээгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх байдлыг бий болгож байна. Гүйцэтгэгч байгууллагын хийж байгаа ажлын стандартын дагуу биш, чанаргүй хийж байгааг захиалагч талаас гэрээний 4.5, 4.6-т заасны дагуу удаа дараа шаардлага тавьж байсан боловч тэр байдал засагдаагүй. Энэ нь хийгдээгүй ажлуудыг "ажил гүйцэтгэсэн тухай акт"-н дээр бичсэн товч тайлбараас харагдана. Мөн гүйцэтгэгч байгууллагын хийсэн ажил нь чанаргүй, шаардлага хангахгүй буруу хийгдсэн байсан, түүнийг дахин засаж янзалсан тухай гэрчүүдийн мэдүүлгээс харагдана. Бид шинжээчийн дүгнэлтээр тогтоосон чанарын шаардлага хангаагүй ажил мөн хийгээгүй ажлын тоо ширхэгийн хөлсийг гүйцэтгэгч байгуулагад өгөх боломжгүй учир мөнгөн дүнд зөрүү гаргасан түүнийг хянаж үзээгүй. Гэрээний 2.4 дэх заалтыг зөрчиж заасан цаг хугацаандаа ажлаа хийж чадаагүй атлаа ажлаа орхин явсан тул өнөөдрийг хүртэл 145 хоногийн хугацаа хэтэрсэн тул гэрээний 7.2-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 30 582 446 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү үндэслэлээ шүүхэд бичгээр болон амаар тайлбарлаж байсан. 3 сарын дулааны төлбөр 6 240 509 төгрөгийг бид нэмж төлсөн. Энэ нь дулааны 3 сарын төлбөр төлсөн тухай төлбөрийн баримт, дансны хуулгаар тогтоогдоно. Байр захиалагч нартай хийсэн гэрээ хэлцлийн дагуу байрыг нь хүлээлгэн өгч мөнгөө бид авснаар "Арвайн үндэс" хадгаламж зээлийн хоршооноос авсан 30 000 000 төгрөгийн 3 сарын зээлийн хүү болох 2 625 000 төгрөгийг бид төлсөн учир нэхэмжилсэн. Энэ нь гэрээ, төлбөрийн баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шйидэврэлэх тухай хуулийн 25 дүугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг, цуглуулах, гаргаж өгөх" заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Эдгээр зөрчлүүдийг бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн бодит хохирол гэж үзэж байна. Иймд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч б ХХК нь хариуцагч Г.Эд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 523 658 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 39 447 955 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй тул 31 697 860 төгрөгийг гэрээний 7.2-т заасны дагуу 100 өдрийн алданги 9 509 358 төгрөг, 2 өрөө байрны 5 сарын түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, хуулийн зөвлөгөө авах, улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардалд 1 316 440 төгрөг, шинжээчийн зардалд 1 500 000 төгрөг, нийт 46 523 658 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах иргэн Т.Даариймаагийн 26 айлын орон сууцны заслын нэр бүхий 18 ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд 70 304 475 төгрөг авахаар харилцан тохиролцсон, талууд хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг гэрээний нэгдүгээр хавсралтаар баталжээ. /1хх-ийн 5-9 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хоорондоо Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч б ХХК нь хариуцагч Г.Эаас гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт талуудын хооронд үйлдсэн заслын ажил хийсэн, хаалга суулгасан, шавардлага, цонхны тавцан, плита, паркетан шал хийсэн талаарх ажил хүлээлцсэн баримт авагдсан байх ба уг актуудад гэрээний талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Харин хэргийн 30 дугаар талд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, иргэн Т.Даариймаагийн 26 айлын орон сууцны барилгын Дотор засал-ын ажлын б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тооцоо нийлсэн акт гэсэн баримт авагдсан байх бөгөөд гүйцэтгэгч компанийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнд 31 697 860 төгрөг гэж тооцсон байх бөгөөд уг актыг захилагч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй байна. Иймд талуудын ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 31 697 860 төгрөгөөр тооцоо нийлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. /1хх-ийн 12-29, 30 тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүхээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байх бөгөөд Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр далд ажлын актаар баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн дүнг 23 796 235 төгрөгөөр тогтоосон байна. /2хх-ийн 75-79 тал/

 

Хариуцагч Г.Э нэхэмжлэгч Шонхор коснтракшн ХХК-ийн 4 давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн тогтоосон дээрх үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан талаар маргаагүй байх тул зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалснаар учирсан хохирлыг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги 30 582 446 төгрөг, зээлийн хүү 2 625 000 төгрөг, халаалт, дулааны төлбөр 6 240 509 төгрөг, нийт 39 447 955 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Зохигчдын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь гэрээний үүргийг биелүүлэх хариуцлагыг цуцлагдсан гэрээний дагуу шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, хуулийн зөвлөгөө авах, улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардалд 1 316 440 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 2 625 000 төгрөг, халаалт, дулааны төлбөр 6 240 509 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох шинжээчийн зардал 1 500 000 төгрөгийг талуудад хувиарлан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 356 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО