2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11429

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 09

191/ШШ2025/11429

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Олимп хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө, **** байр, **** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ОИ*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, гэрч Д.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь 1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэл малчин байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие 1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сум, Хулст нуур багт малчин байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл архивд дээрх хугацаанд малчин байсан талаарх нотлох баримт болох малын А карт байхгүй байна. Иймд 1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сум, Хулст нуур багт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2.Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2025.09.23-ны өдрийн тодорхойлолт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төвийн архивын 2021.11.04-ний өдрийн 8081 дүгээр албан бичиг, Увс аймгийн Өлгий сумын Хулст багийн Засаг даргын 2021.12.15-ны өдрийн 12 дугаар албан бичиг, Увс аймгийн Архивын тасгийн 2021.11.15-ны өдрийн 484 дүгээр, 2021.12.01-ний өдрийн 545 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн бичиг, Д.*******, Д.******* нарын тодорхойлолт, Увс аймгийн Өлгий сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2021.12.15-ны өдрийн 1/14 дүгээр тогтоол, Увс аймгийн архивын тасгаас малчинд олгох малын тооны 2021.11.30-ны өдрийн лавлагаа (1998-1999 он), Увс аймгийн архивын тасгаас малчинд олгох малын тооны 2021.10.28-ны өдрийн лавлагаа (2001-2009 он)-г ирүүлсэн.

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.*******ийн ХААТР-1, 7 дугаар маягт, Увс аймгийн архивын хэлтсээс малчинд олгох малын тооны лавлагааг гаргуулсан болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь 1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сум, Хулст нуур багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

 

2.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.1.Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1-д Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: гэж,

-3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа /хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/; гэж,

- 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-д заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах /ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах/ гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ тодорхойлно. гэж тус тус зааснаар дээрх үйл баримтыг захиргааны журмаар тогтоох боломжтой гэж үзнэ.

 

2.2.Нэхэмжлэгч нь малчнаар ажиллаж байсныг нотлох баримт буюу 1992.07-2000.12.31-ний өдрийг хүртэлх жилийн эцсийн мал тооллогын А дансны бүртгэлийг олж авах боломжгүй болсон, архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй болох талаар шүүхэд гаргасан тайлбар, мөн Увс аймгийн архивын хэлтсээс тус аймгийн Өлгий сумын Хулст нуур багийн 1992-1997 оны мал тооллогын баримт архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн 1998-2000 оны мал тооллогын баримтыг шүүн үзэхэд Д.*******ийн 1998, 1999 оны малын тоо гарсан лавлагааг ирүүлсэн байна.

 

2.3.Увс аймгийн Өлгий сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2021.12.15-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Д.*******ийг 1995, 1996, 1997, 2000 онд буюу 4 жил малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. (хх-ийн 14)

 

Иймд шүүх нэхэмжлэгч Д.*******ийг 1995, 1996, 1997, 2000 онд малчнаар ажиллаж байсныг тогтоох шаардлагагүй болно. Учир нь; Увс аймгийн Өлгий сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл Д.*******ийг дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоох үед Засгийн газрын 2018.03.14-ний өдрийн 71 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2024.04.03-ны өдрийн 138 дугаар Хууль хэрэгжүүлэх талаар арга хэмжээний тухай тогтоолоор дээрх 71 дүгээр тогтоолыг хүчингүй болжээ.

 

2.4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1992.07-2000.12.31-ийн өдрийг хүртэл Увс аймгийн Өлзий сум Хулст нуур багт мал маллан амьдарсан... гэх боловч тус суманд 1992.07-1994 оныг хүртэл хугацаанд мал маллаж байсан талаарх баримт хэрэгт цуглараагүй байна.

 

2.5.Нөгөөтэйгүүр, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг малчнаар ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр Д.*******, Д.******* нар асуугдсан бөгөөд тэд ... Д.******* нь 1992 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багт мал маллаж байсан. гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийг 1992.07-1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсныг дэмжих өөр бусад бичгийн баримтууд хэрэгт цуглараагүй, дан ганц гэрчийн мэдүүлэгт тулгуурлан дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн, Улсын Их хурлаас баталсан Нийгмийн даатгалын тухай хууль 1995.01.01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажилтан бүрээр төлдөг болсон тул энэ хугацаанаас хойших 1998, 1999 онд малчнаар ажиллаж байсан хугацааг шүүх тогтоох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч нь холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* (РД:ОИ*******)-ийн 1992.07-2000.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сум, Хулст нуур багт малчнаар ажиллаж байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА