| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01440/И |
| Дугаар | 192/ШШ2025/09600 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09600
| 2025 11 18 | 192/ШШ2025/09600 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 байр, 4 тоот хаягт оршин суух, *****овогт ***** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384-р гарам, ******-ийн байр хаягт байрлах, **** ХХК /РД:*****-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гэрч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****гээс нэхэмжлэлдээ:
...Миний бие нь 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн **** арлын дугаартай LGMG үйлдвэрийн МТ86 маркийн****УНА улсын дугаартай өөрөө буулгагчийг 200,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөнгийг **** компанийн захирал ***а овогтой **** Хаан банкны *** дансанд хийсэн.
Машинаа авсан цагаас хойш 3 компанитай ажлын гэрээ байгуулсан. Сардаа 40,000,000 төгрөгийн цэвэр ашиг орлого олдог байсан. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "****" ХХК-иас өөрөө буулгагч 2 ширхэгийг МН86 Н маркийн машин худалдаж авахаар болж, урьдчилгаа 150,000,000 төгрөгт тооцож,****УНА улсын дугаартай машинаа "****" ХХК-нд шилжүүлж өгсөн. Машины үлдэгдэл төлбөрийг банкны зээл авч төлөхөөр тохиролцсон байсан боловч зээл батлагдаагүй учир үлдэгдэл машины төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд тус машин авахаар болсон гэрээгээ цуцлах талаар мэдэгдэх үед компанид шижүүлж өгсөн машиныг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөр байгууллагад зарсан байсан. Ингээд би 2 машинаа авч чадахгүй байдалд хүрч урьдчилгаанд өгсөн машин ч байхгүй болсон.
Иймд би машины үнэлгээ 200,000,000 сая төгрөгийг ****" ХХК-иас нэхэмжлэх үед надад машин шилжүүлж өгсөн үеээс хойш 67 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны дансанд 117,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо машины үнийн үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Мөн шилжүүлж өгсөн машинаар дансны хуулгаар 127 хоногт 97 сая төгрөг олдог байсан. 67 хоногт 57,000,000 төгрөг олох боломжтой. Иймд олох ёстой байсан орлого 57,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймээс худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, машины үнийн үлдэгдэл 83,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 57,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч **** ХХК-иас хариу тайлбартаа:
...130 сая төгрөгт тооцоод, өөрийнхөө нэр дээр байгаа Эм Ти 86 маркийн машиныг бартерт тооцож шилжүүлсэн. Нийтдээ 2 цоо шинэ машин худалдаж авъя, энэ нь Замын-Үүд хотын үнээр 800 мянган юань, Улаанбаатар хотод ирэхээр 10 мянган юань гээд 2 цоо шинэ машиныг авна, үүний бартерт нь 130 сая төгрөг бодоод өөрийнхөө хуучин техникийг өгье, үлдсэн мөнгийг нь Голомт банк ХК-иас зээл авч санхүүжүүлье гэдэг тохиролцоог хийгээд явж байсан. Бид нарт сайн дураараа машиныг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж өгсөн байдаг. Зээл хөөцөлдөх, зээлийн материал бүрдүүлэхэд бид нар дэмжлэг үзүүлж ажилласан, ийм мөнгөөр авч байгаа гээд нэг бичиг өгсөн. Ингэхдээ 150 сая төгрөгийг харилцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу бичиж өгсөн байгаа. Яагаад 150 сая төгрөг гэж бичиж өгсөн бэ гэхээр банкнаас 20 сая төгрөгийн илүү зээлийн хөрөнгө гаргаж аваад, үүнийг би хувьдаа өөрөө ашиглах сонирхолтой байгаа, харин танайхтай 130 сая төгрөгөөрөө тохирно гээд борлуулалт хариуцсан захирал Хау Хажун гэдэг хүнтэй тохиролцсон байдаг.
Ингээд машиныг шилжүүлж авсан, шилжүүлж авсны дараа бид худалдан борлууллаа шүү гэдэг мэдээг ****д өгсөн боловч өөрийнх нь зээл бүтээгүй. Зээл бүтээгүй асуудал 12 дугаар сард болж байгаа. Энэ хооронд бид ****гээс авсан үнээс хямдруулаад өөр харилцагчид худалдсан байсан. Хуучин техник бодож авах талаар талууд хоорондоо ярилцсан. Хуучин техниктэй холбоотой үнийн дүн тохиролцоогүй учраас 130 сая төгрөгийн техникийг манайд шилжүүлээд, манайх худалдан борлуулсан учраас 130 сая төгрөгийн ногдох төлбөрийг буцаан шилжүүлсэн. Ингэхдээ НӨАТ-ын 10%-ийг суутгаж саатуулан байршуулж үлдээсэн. Талуудын хооронд маргаан гарсан байдалтай байгаа.
Бидний зүгээс НӨАТ-ын 130 сая төгрөгийн баримтыг хуулиараа борлуулалт гэж үздэг учраас орлого олсон тал нь 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй эд хөрөнгө борлуулсан тохиолдолд НӨАТ тооцогдож байгаа. НӨАТ-ын баримт бид нарт өгвөл бид 13 сая төгрөгийг шилжүүлэх боломжтой. Энэ 2025 ондоо багтаагаад тооцоо нийлэх юм бол ингэх боломжтой гээд сая өөрт нь хэлсэн. Тиймээс бид мөнгө нэмж төлөх төлбөр байхгүй. Тэр 200 сая төгрөгөөр анх худалдаж авсан гэж байна. Энэ бол хэрэгт ач холбогдолгүй. Энэ бол нэг жил гаран Монгол Улсад ашиглагдчихсан хуучин тоног төхөөрөмж байсан. Мөн зах зээл дээр хөрөнгийн үнэлгээ ямар байсан нь ач холбогдолгүй. Талуудын хэлэлцэн тохиролцсон хүсэл зориг 130 сая төгрөг байсан. Тиймээс бид энэ хүнд нэмж төлөх төлбөр байхгүй. НӨАТ-ын хувьд тооцоо нийлэх боломжтой. Хохирол нэхэмжлээд байгаа нь 27 хоногийн түрээсийн төлбөр нэхээд байгаа. Манайх дээрх түрээсийн төлбөртэй холбоотой хохирлыг нэхэмжлэх талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт - Улсын тэмдэгтийн хураамж 857,950 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьдчилгаа төлбөр тооцсон тухай албан бичиг, нэхэмжлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэсэн тооцоо, Уулын ажилд тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх гэрээ, Голомт банкны дансны хуулга, Инвескор ББСБ Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, Голомт банк Ипотекийн гэрээ, Зээлийн гэрээ эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Таван богд финанс ББСБ Автомашины зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, Хаан банк Барьцааны гэрээ, Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэх.
3.2. Хариуцагч талаас гаргасан баримт - Итгэмжлэл, Албан бичиг.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Тээврийн хэрэгслийн түүхчилсэн болон шилжилт хөдөлгөөний лавлагаа, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хай Хайжуны гэрчийн мэдүүлэг, Үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****гээс хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 63,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ..."****" ХХК-иас өөрөө буулгагч 2 ширхэгийг МН86 Н маркийн машин худалдаж авахаар болж, урьдчилгаанд 150,000,000 төгрөгт тооцож,****УНА улсын дугаартай машинаа шилжүүлж өгсөн. 2 машинаа авч чадахгүй байдалд хүрч урьдчилгаанд өгсөн машин ч байхгүй болсон. 200 сая төгрөгий үнэтэй машины үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөгийг, олох ёстой байсан орлого 57,000,000 төгрөгийн хамт гаргуулна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг, хариуцагч тал эс зөвшөөрч ...130 сая төгрөгөөр тооцоод, өөрийнхөө нэр дээр байгаа Эм Ти 86 маркийн машиныг бартерт сайн дураар тооцож шилжүүлсэн. 130 сая төгрөгийн ногдох төлбөрийг буцаан шилжүүлсэн. НӨАТ төлчихбөл үлдэгдлийг бүтнээр өгч болно. Төлөх төлбөр байхгүй, хохирол хариуцах талаар гэрээгээр тохиролцоогүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргадаг.
3. Шүүх нэхэмжлэгч ****гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч **** ХХК-д нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
4. Хэргийн үйл баримт, нотолгооны талаар.
4.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь МТ86Н маркийн 2 ширхэг шинэ өөрөө буулгагчийг худалдах, худалдан авахаар тохиролцсон, урьдчилгаанд ***УНА улсын дугаартай МТ86 маркийн ашиглаж байсан өөрөө буулгагчийг бартераар өгсөн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч урьдчилгаанд шилжүүлсэн ***УНА өөрөө буулгагчийг бусдад худалдсан тул 117,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдоно, энэ талаар талууд маргадаггүй.
4.2. Харин урьдчилгаанд шилжүүлсэн ***УНА улсын дугаартай МТ86 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээг 130, 150, 200 сая төгрөг гэж, тухайн тээврийн хэрэгслээр орлого олдог байсан тул алдагдсан орлогоо нэхэмжилнэ гэж, энэ талаар харилцан тохиролцоогүй гэж тус тус маргадаг.
4.3. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** ХХК нар нь
- 2 ширхэг шинэ өөрөө буулгагчийг худалдах худалдан авах аман гэрээг 2024 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан болох нь Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа баримтууд болон зохигчийн тайлбараар,
- Нэхэмжлэгч ***УНА улсын дугаартай өөрөө буулгагчийг 2024 оны 6 сарын 10-нд 200 сая төгрөгөөр худалдан авсан болох нь 200 сая төгрөгийн нэхэмжлэх, Хаан банкны 150, 50 сая төгрөгийн шилжүүлэг хуулга, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа баримтуудаар,
- Дээрх өөрөө буулгагчийг урьдчилгаанд бартераар шилжүүлэн өгснийг хариуцагч 2024 оны 11 сарын 28-ны өдөр бусдад худалдсан болох нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаад машинаа авая гээд очиход шилжүүлсний дараахан бусдад худалдчихсан гэж хэлсэн гэх тайлбар, хариуцагчийн бусдад худалдсан, төлбөр тооцоо дуусаагүй байгаа тул эзэмшигчийн бүртгэлийг шилжүүлээгүй байгаа гэх тайлбар, нэхэмжлэгчээс өөрөө буулгагчийг манай компанид шилжүүлснээс 3 хоногийн дараа, удирдлагуудаас худалд гэж зөвшөөрсний бусдад худалдсан гэх гэрч М.Канадбекийн мэдүүлгээр,
- Гэрээнээс татгалзсан болох нь талуудын тайлбар болон хариуцагчаас нэхэмжлэгч рүү 117 сая төгрөг буцаан шилжүүлсэн Голомт банкны дансны хуулгаар,
- Нэхэмжлэгч нь ***УНА өөрөө буулгагч техникээр бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж орлого олж байсан болох нь **** ХХК-тай байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэсэн тооцоо, Хаан банкны дансны хуулгаар тус тус нотлогддог.
4.4. Түүнчлэн талууд бартерийн тээврийн хэрэгслийн үнэ дээр маргадаг бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас *** арлын дугаартай, МТ86 маркийн хүнд даацын өөрөө буулгагч зориулалттай техникийн зах зээлийн үнэлгээг 180,000,000 төгрөг гэж тогтоосон байдаг.
5. Хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар.
5.1. Дээрх нотлогдож байгаа үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тэдний хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн үйлдэл хийсэн тул хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцэж байна.
5.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
5.3. Улмаар хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээний үүргээ худалдан авагч буюу нэхэмжлэгч **** биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул ***УНА улсын дугаартай *** арлын дугаартай МТ86 маркийн хүнд даацын өөрөө буулгагч зориулалттай техникийг худалдагч буюу хариуцагч талаас шаардах эрхтэй.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч тал тухайн хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй үндэслэлээр 117,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байдаг.
5.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч тал бартераар шилжүүлэн авсан техникийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй бөгөөд биет байдлаар буцаан өгөх боломжгүй бол тухайн хөрөнгийн үнийг төлөх үүрэг үүснэ.
Тодруулбал, худалдагч тал худалдсан хөрөнгийн үнийн тодорхой хэмжээнд хүлээн авсан бартерийн хөрөнгийг л буцаан өгөх үүрэгтэй, талуудын тохиролцсон бартерийн үнийг буцаан өгөх асуудал биш бөгөөд бартерийн хөрөнгө болох МТ86 техникийг буцаан өгөх боломжгүй бол бодит өртөг үнийг буцаан өгөх асуудал болно.
Талууд бартерийн хөрөнгийн үнэ дээр маргаж байгаа учир шүүхээс томилсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас үнэлсэн 180,000,000 төгрөгийг тухайн хөрөнгийн бодит үнэ гэж үзэв.
5.5. Дээрх үүргийн хүрээнд хариуцагч тал 117,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул биетээр өгөх боломжгүй бартерийн хөрөнгийн үнэ болох 180,000,000 төгрөгийн зөрүү болох 63,000,000 төгрөгийг хариуцагч буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч энэ хэмжээнд шаардах эрхтэй.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг хэрэгжээгүй тул хариуцагч талын НӨАТ суутгана гэх тайлбар үндэслэлгүй, харин хохирол 57,000,000 төгрөгийг хариуцахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэл бүхий байна.
5.6. Нэхэмжлэгч талаас ...өөрийн шилжүүлж өгсөн машинаар 127 хоногт 97 сая төгрөг олдог байсан, дансны хуулгаар нотлогдоно, гэрээнээс татгалзсанаас хойших 67 хоногт 57,000,000 төгрөг олох байсан гэх агуулгаар хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан баримтаар 97 сая төгрөг олсон гэх тайлбар нотлогдох хэдий ч нэхэмжлэгч тал нэг хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх 1 гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу ашиг орлого олсныг байнга, тогтмол хугацаанд олж байсан ашиг орлогоор хохирсон гэж үзэн дундажлан хохирлыг тооцох нь хуульд үл нийцэх бөгөөд тогтмол орлого олж байсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна. Энэ үндэслэлээр хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч **** ХХК-иас 63,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэгт зааснаар **** ХХК-иас 63,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 472,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ