| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0063/э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2017 оны 12 дугаар сарын 18-нд БНХАУ-ын Эрээн хот руу 2 хүүхдийнхээ хувцас болон ойр зуурын юм авъя гээд явсан. Очоод өмнө нь хамт ял эдэлж байсан 2 хүнтэй таараад архи ууж байгаад гадаад
паспортоо алга болгосон. Сүүлд нь 2 найз маань Бээжин явмаар байна мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд паспортыг маань барьцаалан зээлэх газар тавьчих уу гэхээр нь тэг гэсэн, гэтэл тэр чигтээ алга болсон. Ээж маань утсаар яриад яасан бэ миний хүү гэхээр хүү нь энд ажил хийж байгаа гэж худлаа хэлж тайвшруулдаг байсан. Энэ талаар Өвөр монгол залууд хэлэхэд Ханги боомтоор гарч болохгүй юм уу гэхээр нь Ханги хилийн боомт руу явсан. Хятадын хилийг тойрч алхаж гарсан, Монголын хил дээр нүүрсний том тэрэгний хажуугаар гараад алхсан. Хил гарчихаад Сайншанд руу явсан. Ээж эмнэлэгт байсан болохоор уулзаад байж байтал тагнуулаас залгаад чи Хангийн боомтоор гарч ирсэн байна, үнэн үү гэхээр нь би үнэн гэж хариулсан. Тэгээд намайг ир гэхээр нь би Замын-Үүд сумын Тагнуулын газар очсон. Хууль бусаар хил гарсандаа харамсаж, гэмшиж байна гэв.” гэсэн мэдүүлэг
Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нарийн сайн санахгүй байна. 2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө намайг гэртээ байхад Б.Бманай гэрт ирсэн. Тэгээд “...БНХАУ руу яваад ирсэн, хоосон ирсэн шүү хө надаас юм битгий хараарай... гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/
Гэрч У.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ханги автозамын шалган нэвтрүүлэх боомтын 1 дүгээр хаалт буюу Монгол Улсаас орох, гарах чиглэлд хяналт тавьж ажилласан. Гарах талдаа тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн баримт бичгийн штанбыг шалгаж, харин орох талд тээврийн хэрэгслүүдэд хяналтын хуудас өгч ажилладаг. Тухайн өдөр ямар нэгэн зөрчил гараагүй...”гэсэн мэдүүлэг
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн фото зураг /хх-ийн 10-15/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/,
Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 108-109/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Б, У.Г нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бад аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Б.Быг Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгаж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах саналыг гаргажээ.
Шүүгдэгч Б.Бад холбогдох Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүгдэгчийг тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай нарийвчилсан тодорхой зохицуулалт юм.
Иймд шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Шүүгдэгч Б.Бгэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учрыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН