Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Т.Урангоо, Ю.Нямсүрэн

Хохирогч Ц.А

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил  

Шүүгдэгч Б.Ц, Б.С, Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А, Б.С, Б.Цнарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

           Т.А 

        Б.С

      Б.Ц     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.С, Б.Ц, Т.А нар нь бүлэглэн 2016 оны 09 сард Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.Аийн 9 тооны адууг Т.Аийн эзэмшлийн улсын дугааргүй Хенсим маркийн мотоцикль ашиглан хулгайлж 28000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Он, сар, өдрөө сайн санахгүй байна. Мотоцикль янзлаад байж байтал Ц мотоцикль эвдэрчихлээ гэж дуудсан. Намайг очиход энэ 2 буудалд байж байсан. Надтай хулгай хийе гэсэн зүйл яриагүй гэсэн мэдүүлэг.

 

 Шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Гэм буруугаа хүлээж байна. 09 дүгээр сар нэлээд гарсан байсан. Айраг суман дээр байхдаа бид 3 ярьж байгаад хулгай хийх санаа  гаргасан. Сыг адуу авъя гэж дуудахад ирсэн. Сайн санахгүй байна, мартсан байна” гэсэн мэдүүлэг

 

 Шүүгдэгч Т.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Хавтаст хэрэгт авагдсан учраас мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг

            Хохирогч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9 тооны адуугаа алдсан. Би адуун дээрээ 7 хоноод очдог. Энэ үед цастай, онцгой байдал зарласан байсан учир би он сарыг сайн мэдэж байна. Айраг сумын Дэлийн булаг гэх газраас өөрийн 9 тооны адуугаа алдсан. 5 гүү нь соёолон настай, 1 хязаалан байдас, 2 шүдлэн байдас, 1 азарга алдсан...2016 онд алдсанаасаа хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл эрж явсан. Би эдгээр адууг судалгаа шинжилгээнд ашигладаг байсан. Миний 6 жилийн хөдөлмөр байсан, гомдолтой байна. Ядаж азаргыг нь үлдээчихгүй яав гэж бодож байна. Хохирлын хувьд үнэлгээ багаар тогтоогдсон. Миний хувьд 41 сая төгрөгөөр үнэлсэн, энэ мөнгийг нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг

 

            Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц,Схоёр яваад ирэхдээ Цын бууцан дээр буюу Хяргуйн бууцан дээр адуу хашчихаад ирлээ гэж хэлсэн. Ц Дундговь аймгийн Өндөршил сумын мал, махны ченж Ттэй утсаар мал өгөхөөр ярьсан гэж хэлж байсан. Тэгээд маргааш өдрийнх нь шөнө 23 цаг өнгөрч байхад Тө Улаанбаатараас цагаан өнгийн хамаргүй ачааны машинтай мөн 2 бойчинтой хамт ирсэн. Цын өвөлжөөний хашаан дотор хул азаргатай, бор гүү, хул, хонгор, хүрэн, хонгор, ухаа голдуу зүсмийн 9 тооны адуу байсан ба би хашааны үүдэн дээр зогсож байсан. Тийн Налайхаас авчирсан 2 бойчин болон Ц, Тө нар 9 адууг нядалж янзалсан.Стэр адууг хашаан дотроос барилцаж өгчихөөд гэр лүү орсон. Тэгээд 9 адуугаа нядалж янзалж дуусаад Тийн машинд адууны мах, арьс, толгой, гэдсийг нь ачаад Тө, 2 бойчин,С, Ц нар шөнө үүрээр 04-05 цагийн үед Улаанбаатар хотруу явсан... Маргааш өглөө нь А бид хоёр Цын цагаан өнгийн маяти маркийн автомашинтай 9 адууны шийр буюу хөлийг нь өвөлжөөнөөс урагшаа хогийн хонхорт аваачиж хаясан...” гэсэн мэдүүүлэг,

 

              Гэрч В.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэг айл нэрийг нь санахгүй байна тэднийд 2016 оны 10 сард байх очоод Тө ах 9 адуу худалдаж аваад гэрийнх нь гадаа нядалж ачаад Өндөршил сумаар дамжаад Улаанбаатар хот руу яваад Дэнжийн мянга зах дээр очиж зарсан...” гэсэн мэдүүлэг,

  Гэрч Б.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Цоос 9 тооны адуу авахдаа 3 600 000 төгрөгөөр тохирсон байсан юм. Тэгээд хотод очоод урьд нь зээлүүлсэн байсан 1 600 000 төгрөгөө хасаад 2 000 000 төгрөгийг бэлнээр Цод өгсөн гэсэн мэдүүлэг,

 

             Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай бүх мал миний нэр дээр байдаг. Тэгээд би адуунаасаа нэг даага зараад Хенсем гэсэн бичигтэй мотоциклийг авч байсан.Тэгэхээр уг мотоцикль миний эзэмшлийн мотоцикль гэсэн мэдүүлэг,

 

             Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 199/01 дугаартай: соёолон гүү - 5  тус бүр 650 000, хязаалан байдас 1 650 000, шүдлэн байдас 2 тус бүр 550000, нас бие гүйцсэн азарга 1 900 000 нийт 5 850 000 төгрөг гэсэн дүгнэлт,

              Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаартай: хул азарга 10 000 000, бор гүү 2 500 000, загал гүү 5 000 000, хязаалан байдас 2 500 000, саарал алаг хязаалан байдас 1 000 000, саарал алаг шүдлэн байдас 1 000 000, шарга байдас 1 000 000, зээрд гүү 2 500 000, хонгор байдас 1 000 000 төгрөг нийт 26 500 000 төгрөг гэсэн дүгнэлт,

 

              Итгэлт эстимэйт ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 40/18 дугаартай: “...Хүрээтэй уйл тамгатай хул азарга 11,000,000 төгрөг, түвд ма хүрээтэй уйл тамгатай цагаан бор гүү 2,500,000 төгрөг, дээшээ харсан саран тамгатай бор загал гүү 5,000,000 төгрөг, давхар саран тамгатай халиун гүү 2,500,000 төгрөг, саарал гүү хүрээтэй уйл тамгатай 1,000,000 төгрөг, саарал алаг байдас хүрээтэй уйл тамгатай 1,000,000 төгрөг, шарга гүү хүрээтэй уйл тамгатай 1,000,000 төгрөг, хүрэн зээрд гүү хүрээтэй уйл тамгатай 2,500,000 төгрөг, хонгор гүү амаадаа харсан саран тамгатай 1,500,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөг ...” гэсэн нэмэлт дүгнэлт

 

            Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 50, 54/

           Хөрөнгө – Эстимэйт ХХК шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51, 55/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 73, 80, 197 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

          

           Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц, Б.С, Т.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хохирогч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9 тооны адуугаа алдсан. Би адуун дээрээ 7 хоноод очдог. Энэ үед цастай, онцгой байдал зарласан байсан учир би он сарыг сайн мэдэж байна...гэсэн мэдүүлэг, В.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2016 оны 10 сард байх Тө ах 9 адуу худалдаж аваад Өндөршил сумаар дамжаад Улаанбаатар хот руу яваад Дэнжийн мянга зах дээр очиж зарсан” гэсэн мэдүүлэг,гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2016 оны намар яг хэдэнд гэдгийг санахгүй байна, 9 сарын сүүлээр шиг санаж байна. Аийнд ганцаараа өөрийнхөө машинтай хөдөө гэрт нь очсон..”гэсэн мэдүүлэг, гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 9 сарын сүүлээр 10 сарын эхээр шиг санаж байна яг хэдэнд гэдгийг санахгүй байна А,Ц нар малын хашаа хороо янзлаад өгөөч гэж намайг гэрлүүгээ авч явсан...”гэсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар  2016 оны 10 сарын эхээр үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С, Б.Ц, Т.А нар нь бүлэглэн 2016 оны 10 сарын эхээр  Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.Аийн 9 тооны адууг Т.Аийн эзэмшлийн улсын дугааргүй Хенсим маркийн мотоцикль ашиглан хулгайлж 28000000 төгрөгний хохирол учруулсан болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”..Айраг суман дээр байхдаа бид 3 ярьж байгаад хулгай хийх санаа  гаргасан. Сыг адуу авъя гэж дуудахад ирсэн. ”гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9 тооны адуугаа алдсан. Би адуун дээрээ 7 хоноод очдог. Энэ үед цастай, онцгой байдал зарласан байсан учир би он сарыг сайн мэдэж байна. Айраг сумын Дэлийн булаг гэх газраас өөрийн 9 тооны адуугаа алдсан. 5 гүү нь соёолон настай, 1 хязаалан байдас, 2 шүдлэн байдас, нас бие гүйцсэн 1 азарга алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цын өвөлжөөний хашаан дотор хул азаргатай, бор гүү, хул, хонгор, хүрэн, хонгор, ухаа голдуу зүсмийн 9 тооны адуу байсан ба би хашааны үүдэн дээр зогсож байсан. Тийн Налайхаас авчирсан 2 бойчин болон Ц, Тө нар 9 адууг нядалж янзалсан.Стэр адууг хашаан дотроос барилцаж өгчихөөд гэр лүү орсон. Маргааш өглөө нь А бид хоёр Цын цагаан өнгийн маяти маркийн автомашинтай 9 адууны шийр буюу хөлийг нь өвөлжөөнөөс урагшаа хогийн хонхорт аваачиж хаясан...” гэсэн мэдүүлэг,  адуу худалдаж авсан ченж Б.Ты мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Ц надруу яриад би гэртээ ирчихсэн байна, адуу малаа ойртуулчихсан байгаа гэж ярьсан. Тэгээд би тэр өдрөө хотоос гараад Налайхаас 2 бойчин аваад  Айраг сум орж Аийг айлаас аваад  Цын гэр лүү явсан. Тэнд очиход Ц, С, Э нар байсан.  Адуун дээр нь очиход 5 бүдүүн адуу, 4 бага адуу байсан...” гэсэн мэдүүлэг,  адуу худалдаж авсан ченжийн туслах ажилтан гэрч В.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тө ах 9 адуу худалдаж аваад гэрийнх нь гадаа нядалж ачаад Өндөршил сумаар дамжаад Улаанбаатар хот руу яваад Дэнжийн мянга зах дээр очиж зарсан...” гэсэн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Б.С нь Б.Цын адууг мэддэг байсан, малынх нь им тамга, зүсийг нь сайн мэддэг байсан нь шүүгдэгч Б.Сын /хх-ийн 21/ “...Ц адуундаа галтай сар, зуузай тамга дардаг ба сүүлд зуузай тамгаа дардаг болсон” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Цтой хамт Айраг сумын Төгрөгийн хонхор гэх газраас 9 тооны адууг  Сайхандулаан сумын Хяргуй гэх газарт нутаглах Б.Цын гэрийн гадаа хүртэл тууж аваачин маргааш орой нь уг 9 тооны адууг ченж Б.Т очиж нядлахад хашаан дотор барилцаж өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх—ийн 69-70/ “...А бид 2 ярьж байгаад энэ хавиас адуу гаргаж ченжид өгье гэж ярьж тохироод аймгаас Сыг дуудахаар болоод би Стай яриад адуу хулгайлж ченжид өгч мөнгөтэй больё чи хүрээд ир гэж дуудсан С зөвшөөрөөд тэр оройдоо шөнийн суудлаар ирсэн.  Тэгээд л А, С бид 3 ярьж байгаад  С бид 2 түрүүлээд гэрлүүгээ явж байя замдаа хулгайлах адуу байвал хөөгөөд очиж байя гэж ярьж тохирсон...” гэсэн мэдүүлэг,  шүүгдэгч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Айраг сумаас А манайд ирэхэд  манайд Э, Төмөрхуяг нар хашаа хороо янзлах гээд ирчихсэн байсан ба Ад 2 адуу өгчихөөд Ц бид 2 мотоциклоо машин дээр нь  ачаад Айраг сум явсан.  Тэнд байхад аймгаас С ирсэн, Ц дуудсан гэсэн.... Цацралдболд С 2 хотоос ирэх Тыг ирэхээс өмнө адуу малаа бэлдэж байя гээд түрүүлээд ачиж ирсэн мотоциклоо унаад гэрлүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 29-30/ ...9 тооны адуу байсан ба би хашааны үүдэн дээр зогсож байсан,Стэр адууг хашаан дотроос нь барилцаж өгчихөөд гэр лүү орсон. Тэгээд 9 адуугаа нядалж янзалж дуусаад  Тө, 2 бойчин,С, Ц нар шөнө үүрээр 04-05 цагийн үед Улаанбаатар хот руу явсан” гэсэн мэдүүлэг, гэрч В.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 38/  “...2016 оны 10 сард байх Тө ах 9 адуу худалдаж аваад Өндөршил сумаар дамжаад Улаанбаатар хот руу яваад Дэнжийн мянга зах дээр очиж зарсан...” .... нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба эдгээр нотлох баримтуудаар “Цтой бүлэглэж хулгай хийгээгүй, тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, Цыг ченж авчираад адуу махлах үед нь мэдсэн, энэ талаар цагдаад хэлж мэдээгүй...” гэсэн Б.Сын мэдүүлэг няцаагдаж байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.А нь 9 тооны адууг бэлчээрээс нь шүүгдэгч Б.С, Б.Ц нарын хамт туулцаагүй боловч тэдэнтэй  бусдын мал хулгайлах талаар ярилцан тохирч Улаанбаатар хотоос ирэх махны ченжийг Айраг суманд тосож уг машинаар Б.Цынд очсон болох нь   гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц Дундговь аймгийн Өндөршил сумын мал, махны ченж Ттэй утсаар мал өгөхөөр ярьсан  гэж хэлж байсан./хх-ийн 29/ ...Ц ярихдаа Аийг Айраг суманд үлдсэн маргааш,нөгөөдөрөөс Ттай араас ирнэ гэж байсан. Тэгээд л тэр оройдоо Т машинтай ирсэн ба А согтуу ирсэн,гэхдээ гайгүй байсан.../хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “...А бид 2 ярьж байгаад энэ хавиас адуу гаргаж ченжид өгье гэж ярьж тохироод аймгаас Сыг дуудахаар болоод би Стай яриад адуу хулгайлж ченжид өгч мөнгөтэй больё чи хүрээд ир гэж дуудсан С зөвшөөрөөд тэр оройдоо шөнийн суудлаар ирсэн.  Тэгээд л А, С бид 3 ярьж байгаад  С бид 2 түрүүлээд гэрлүүгээ явж байя замдаа хулгайлах адуу байвал хөөгөөд очиж байя гэж ярьж тохирсон...” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц надруу яриад  би гэртээ ирчихсэн байна, адуу малаа ойртуулчихсан байгаа гэж ярьсан. ...Айраг сум орж Аийг айлаас аваад Цын гэр лүү явсан...” гэсэн мэдүүлгээр   тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч нар нь бусдын олон тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч бусад хүний эзэмшилд оруулж байгаагаа  ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

 

Иймд гэмт үйлдлийн талаарх  прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч Б.С, Б.Ц, Т.А нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг  хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Ц.А хулгайд алдсан 9 адууны үнэ 41000000 төгрөг,  адуугаа хайхад зарцуулсан шатахууны үнэ 787500 төгрөг нийт 41787500 төгрөг нэхэмжилжээ. /хх-ийн 9/

 

/Хавтаст хэрэг II/ 30 дугаар талд авагдсан Итгэлт эстимэйт ХХК-ний 40/18 дугаартай нэмэлт дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул    гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлгээг үндэслэн тогтоосон   үнэлгээгээр  тооцож шүүгдэгч нараас 28000000 төгрөг гаргуулах нь  зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нараар 28000000 төгрөгийн хохирлыг төлүүлэхдээ  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, уг эд зүйлийг захиран зарцуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Цоос хохирлын 50 хувь болох 14000000 төгрөгийг, шүүгдэгч Б.С, Т.А нараас тус бүр 7000000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэв. Мөн хохирогч Ц.Аээс шинжээчийн зардалд төлсөн 90000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Цын төлөх 14030000 төгрөг, шүүгдэгч Т.Аийн төлөх 7030000 төгрөг нь хохирогчид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлөгдсөн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ц, Т.А нар нь  тус бүр 9340000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн ба шүүгдэгч Б.Ц, Т.А нар нь төрөл садангийн холбоотой, хохирлын мөнгийг хохирогчид нэг хүн шилжүүлсэн/ Аийн эхнэр Б/ зэргийг харгалзан шүүхээс тогтоосон хохирлоос илүү төлсөн шүүгдэгч Т.Аийн 2310000 төгрөгийг шүүгдэгч Б.Цын хохиролд оруулан тооцож шүүгдэгч Т.А, Ц.Ц нарыг хохирогч Ц.Аэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.А нь Б.Цоос 2310000 төгрөгөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин шатахууны үнэ 787500 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хенсем маркийн мотоцикль нь эвдэрч үрэгдсэн болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний үнэлсэн үнэлгээгээр буюу 350000 төгрөгөөр тооцон шүүгдэгч нараас тус бүр 116000 төгрөг гаргуулж улсын төсөвт  оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.А, Б.Ц нар нь тус бүрийн 116000 төгрөгийг улсын төсвийн дансанд тушаасан ба шүүгдэгч Б.С нь 116000 төгрөгийг төлөөгүй болно.

          

          Шүүгдэгч Т.А, Б.Ц нарын бусдад учруулсан хохирол төлбөр төлөгдсөн , Б.Сын битүүмжлэгдсэн эд зүйл шүүгдэгчийн өөрт ногдох өмч биш зэргийг  харгалзан  шүүгдэгч  Б.Сын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/06 дугаартай прокурорын тогтоол,  Ц.Буянхишигийн эзэмшлийн...улсын дугаартай Ланд круйсер 80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/07 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Цын 48 тооны малыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Б.С, Б.Ц нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

   Шүүгдэгч Б.Ц,Т.А нар нь гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хувийн байдал /бусдын олон тооны мал хулгайлсан, үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын олон тооны хурдан удмын малыг нядалж зарсан/ зэргийг харгалзан шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

   Харин шүүгдэгч Б.Ц, Т.А нар нь бусдад учруулсан хохирлыг  сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг илрэхэд тусалсан, биеийн эрүүл мэнд /олон хавирганы хугарал гэмтэлтэй/ зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт  ялыг   ялгамжтай оногдуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: \

1.Шүүгдэгч Т.А, Б.С, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Цыг 2 жил 6 сар, шүүгдэгч Т.Аийг 2 жил 6 сар, шүүгдэгч Б.Сыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.А, Б.С, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.А нарын цагдан хоригдсон тус бүрийн 8 хоног, шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Саас 7030000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ад олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 116000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

6.Хохирогч Ц.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагаас 13000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шатахуун болон бусад зардал 787500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Т.А, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Сын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 5/06, Ц.Буянхишигийн эзэмшлийн...улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/07, шүүгдэгч Б.Цын 48 тооны малыг битүүмжилсэн 5/10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А, Б.С, Б.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН