Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00764

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00764

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 148 582 092 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Эл Ди Жи ХХК нь Хас банк-тай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765 дугаар зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 28.8 хувийн хүүтэй авсан. Гэрээнд Ц.Цэрэнбадам нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Ү-2201005303 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байр, 15 тоот хаягт байршилтай 31.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 53-58 УНҮ улсын дугаартай WV1ZZZ2HZCA045971 арлын дугаартай цагаан өнгийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, volkswagen amarok бага оврын ачааны автомашиныг барьцаалсан. Эл Ди Жи ХХК нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Банкнаас Эл Ди Жи ХХК-ийн захирал Д.Лхагвадоржид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байгаа ч зээл төлөх талаар арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажилилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан 1720002765 барьцаат зээлийн гэрээг тус тус үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 80 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 59 216 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 365 918 төгрөг, нийт 148 582 092 төгрөгийг Эл Ди Жи ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нараас 148 582 092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч нарт холбогдуулан гаргасан барьцаа болон фидуцээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 971 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нараас 900 860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-д хариуцагч нараас 148 582 092 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д олгож, барьцаа болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: Шүүх Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж дүгнээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Баярсайханыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярсайханд холбогдуулан үндсэн нэхэмжлэлд дурдсан асуудлаас өөр шаардлага гаргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь мөн адил хариу тайлбар татгалзал гаргаагүй атал анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан мэтээр хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Хариуцагч Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нар нь барьцааны болон фидуцийн гэрээний тал биш байх тул эдгээр гэрээтэй холбоотой гаргасан шаардлагыг нэр бүхий хариуцагч нарт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан барьцааны болон фидуцийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэлт хийж үүнийгээ гол үндэслэлээ болгосон.

Талуудын хооронд байгуулсан 1720002765 дугаартай Зээлийн гэрээний 1.8 дах заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах баталгаа болгож 1720002765-01 дугаартай Баталгаат ипоткийн гэрээ, 1720002765-02 дугаартай Фидуцийн гэрээнд заасан автомашин болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг хариуцагч нар зөвшөөрсөн. Энэ гэрээний хавсралтад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 дугаар байр, 15 тоот хаяг байх 2 өрөө орон сууц барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан. Хас банк ХХК болон Б.Баярсайхан нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 1720002765-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 1720002765 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан болно

Банк нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу Баталгаат ипотекийн гэрээг байгуулсан тул барьцаалагч нь мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох орон сууцны үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Хариуцагч буюу зээлдэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгө болон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээгээр нэгэнт зөвшөөрсөн, ийнхүү тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул автомашины хувьд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, бусад арга буюу шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулахыг шаардах эрхтэй, барьцаалагдсан орон сууцны хувьд Иргэний, хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар худалдахыг шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 582 092 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байх ба хариуцагч нар шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

Хас банк ХХК нь Эл Ди Жи ХХК, Ц.Цэрэнбадам нартай 2014оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765 тоот зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 28.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.Баярсайхантай 1720002765-01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө орон сууцыг барьцаалсан, Д.Лхагвадоржтой 1720002765-02 тоот фидуцийн гэрээг байгуулан хөдлөх хөрөнгө болох автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ипотекийн болон фидуцийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 11-14, 20-23, 24-25 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон фидуцийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хүү тооцсонд хариуцагч нар гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч нар барьцааны болон фидуцийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн гэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулах үндэслэлтэй талаар маргаж тайлбар, гомдол гаргажээ.

Хэргийн 20-23, 24-25 дугаар талд авагдсан, нэхэмжлэлийн нэг шаардлагын үндэслэл болж буй барьцааны болон фидуцийн гэрээг Хас банк ХХК нь Б.Баярсайхан, Д.Лхагвадорж нартай байгуулсан, барьцааны Ү-2201005303 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байр, 15 тоот хаягт байршилтай 31.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Баярсайхан, 53-58 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн, volkswagen amarok автомашины эзэмшигч нь Д.Лхагвадорж нар байх бөгөөд эдгээр гэрээний талууд нь нэхэмжлэлд дурдсан хариуцагч нар биш байна.

Шүүх өмчлөгч, эзэмшигч нарыг хариуцагчаар татаагүй тохиолдолд 2014 оны 11 дүгээр сарын 05ы өдөр Хас банк ХХК болон Б.Баярсайхан, Д.Лхагвадорж нарын хооронд байгуулагдсан 720002765-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1720002765-02 тоот фидуцийн гэрээний барьцаа хөрөнгөөр маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигч нар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6, 165 дугаар зүйлийн 165.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.3 дах хэсэгт зааснаар тодорхой эрх үүрэг хүлээдэг учир тэднийг хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр тухайн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний талуудад холбогдуулан шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ц.Цэрэнбадам, хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвадорж, гуравдагч этгээд Б.Баярсайхан нарт гардуулсан, тэдэнд 2017 оны 11 дүгээр сарын 30, 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд /хх.42, 44,45, 56/ хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар болон нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Шүүх хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байх ба шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /х.х-ийн 65-66 дугаар тал/

Шүүх хариуцагч нарт хуульд заасан эрх үүргийг тайлбарлан танилцуулсан, нэхэмжлэлийг зохих ёсоор гардуулсан, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй. /х.х-ийн 42, 44, 45 дугаар тал/ Мөн хариуцагч Ц.Цэрэнбадам, хариуцагч Эл Ди Жи ХХК-ийн төлөөлөгч Д. Лхагвадорж, гуравдагч этгээд Б.Баярсайхан нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь хэргийн 67, 68, 69 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ