Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 110

 

 

 

Г.Д, Г.Б нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1251 дүгээр магадлалтай, Г.Д, Г.Б нарт  холбогдох 1807004960097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Бын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 6 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, Х овогт Гын Д;

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 8 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Гийн Б.

Шүүгдэгч Г.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч Г.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дийг давтан, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сар хорих ял шийтгэж,

шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, мөн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 8 сар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Дийн цагдан хоригдсон 213 хоног, шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 174 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч Г.Дид холбогдох хэргээс “машин механизм ашигласан” гэх шинжийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Халиут овгийн Ганбаатарын Дийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан, бүлэглэж, олон тооны мал хулгайлсан, ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо: “Миний бие нь бусдад учруулсан хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж маш ихээр гэмшиж байна. Иймд надад оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас хөнгөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан ял оногдуулсан байна. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Бын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Д, Г.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Быг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын мал хулгайлах, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Г.Дийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Г.Дид 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 сар хорих ял, шүүгдэгч Г.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдлыг харгалзан шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн Г.Бын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1251 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН          

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР