Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 373

 

“Ж-Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, БОАЖС-д

холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0465 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тооцох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б д” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0465 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Ж-Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасаж, “3”  дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилсөн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. “Ж-Э” ХХК нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй газар нийт 2 га талбайг “Аялал жуулчлалын төв”–ийн зориулалтаар 5 жил ашиглах 1/78 тоот гэрчилгээг авсан. Манай компани хуульд заасан журмын дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар манай компанийн ашиглаж буй 2 га газрын 1.2 га газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан бөгөөд уг цуцалсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуучлалын яам Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Дээрх албан бичиг болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаал, тушаалын хавсралт зэргээс үзвэл манай компанийн Нүхтийн аманд байрлах 2 га талбай бүхий 1/78 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь хэсэг буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлээр хэсэгчлэн буюу 1.2 га талбайн газар ашиглах эрхийг цуцалсан.

5. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар манай компанийн ашиглаж буй 2 га газрын 1.2 га газрыг хэсэгчлэн цуцалсан нь хуульд заасан журмын дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан манай компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь маргаан бүхий захиргааны хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж" шийдвэрлэсэн. Шүүхээс тогтоосон 6 (зургаа) сарын хугацааг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/7522 дугаартай албан бичиг ирүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал гаргасан байх бөгөөд тус тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж-Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон атлаа дахин манай 1/78 тоот гэрчилгээнд авагдсан 2 га газрын 1.2 га газрын ашиглах эрхийг гэрчилгээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэсэгчлэн дуусгавар болгосон тул манай компанийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр “Ж-Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2.0 га газрын аль хэсгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж ямар шалтгааны улмаас буруутгаж 1.2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн цуцалсан нь ойлгомжгүй...” гэж тодорхойлсон байхад хариуцагчаас дахин маргаан бүхий А/401 дүгээр тушаалыг гаргахдаа яг адил байдлаар буюу 2.0 газрын аль хэсгийн гэрчилгээний хугацааг сунгаагүй гэж буруутгаж 1.2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн дуусгавар болгосон нь ойлгомжгүй байна" гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд цаашлаад хариуцагч дахин шинэ акт гаргахдаа шүүхийн 2018 оны 265 дугаар шийдвэрт заагдсан ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан болохыг тодорхой дурдсан. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан удаа дараагийн маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй, хууль бус болохыг тогтоосон боловч уг нөхцөл байдлыг залруулах боломжийг дахин дахин олгож байгаа нь "шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах”, “хэргийн оролцогчдод эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэг буюу “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан хуулийн уг зохицуулалт нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан агуулгын хувьд ижил зохицуулалт юм.

7. Хэдийгээр 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалтыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэх талаар Улсын Дээд шүүхээс тайлбар гараагүй боловч 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг  Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 20-т “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж тайлбарласан байна. Хэдийгээр уг дээд шүүхийн тайлбар нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэхтэй холбоотой гарсан боловч уг тайлбарт дурдсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 болон 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтууд нь агуулгын хувьд ижил байдлаар зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой талаараа шүүхэд илэрхийлсэн тохиолдолд шүүхээс уг журмыг баримталж шийдвэр гаргадаг бөгөөд энэ нь  шүүхийн тогтсон жишиг юм. Уг маргааныг шүүх 2 удаа анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шүүхэд удаа дараа бичгээр гаргаж өгсөн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн болно. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын зүгээс гаргасан тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, бүхий л талаас судалж үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэсэн гэж зөв дүгнэлт хийсэн боловч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ “Ж-Э” ХХК нь улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/78 дугаартай гэрчилгээгээр 2 газрыг аялал жуулчлалын төвийн зориулалтаар ашиглах эрх авсан гэх боловч тухайн гэрчилгээний хавсралтад заасан солбицлоор 1.2 га газрыг ашиглах эрх олж авсан болох нь хэрэгт авагдсан газар ашиглах гэрчилгээний хуулбар, зураглалаар тогтоогдож байна“...Энэхүү нөхцөл байдал нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах явцад тогтоогджээ” гэх огт үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан бичгээр болон шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбаруудад үндэслээгүй өөрийн төсөөллөөр хийсэн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Дээр дурдсанчлан “Ж-Э” ХХК-ийн маргаан бүхий 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг 2004 оноос эзэмшдэг болох нь тодорхой бөгөөд энэ нь газар ашиглах эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, хариуцагчийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан А/236, А/401 дугаартай шийдвэр, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны удаа дараагийн хариу, анхан шатны шүүхэд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбаруудаар нотлогдож байгаа болно.

9. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчаас хэрэгт авагдсан нотлох баримтуудад зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын маргаан бүхий гэрчилгээнүүдийн хавсралт дээрх солбицлын цэгүүдийг сансрын зурагтай давхцуулсан байдал болон кадастрын зурагтай  зөрж байгаа талаар тодруулж, яамны зүгээс аль хэмжээг барих талаар асуухад, хариуцагчийн төлөөлөгч “...кадастрын зургийг баримтална, “Ж-Э” ХХК-ийн маргаан бүхий газрын хэмжээ 2 га” гэж тодорхой хариулсны үндсэн дээр шүүх хуралдаан цааш үргэлжлэн шийдвэр гарсан. Түүнчлэн дахин А/401 дүгээр тушаалд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хариуцагчийн зүгээс маргаан бүхий газрын хэмжээ 2 га болох талаар маргаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх газрын хэмжээний маргаан огт хэлэлцэгдэж байгаагүй, хариуцагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий газар 1.2 га гэх (үндэслэлгүй) үндэслэлийг дахин шинэ акт гаргах явцдаа тогтоосон мэтээр өөрсдийн төсөөллөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/401 дүгээр тушаал нь 2 га газар ашиглах эрхтэй гэрчилгээний 1.2 га-д холбогдох хэсгийн гэрчилгээний хугацааг хэсэгчлэн дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэсэн заалтыг зөрчиж байна. Үүнээс үндэслэн А/401 дүгээр тушаал нь “Ж-Э” ХХК-ийн 1.2 га талбайн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгосон гэж үзвэл үлдсэн 0.8 га газар нь 1/78 тоот гэрчилгээгээр хүчинтэй хэвээр гэж үзэх үндэслэлийг бүрдүүлээд байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”, 37.2-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана" гэсэн заалтуудыг үндэслэвэл газрын гэрчилгээг сунгах, дуусгавар болгох нь газрын эрхийн гэрчилгээний хувьд бүхэлд нь яригдахаас бус 1.2 га газар гэх зэргээр хэсэгчлэн яригдах боломжгүй байдаг. Гэтэл А/401 дүгээр тушаал нь 2 га газрын “1.2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосугай” хэмээсэн нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөж байна.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 1.2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг үндэслэсэн. Үүнээс үзвэл 1/78 тоот гэрчилгээнд байх 2.0 га газрын 0.8 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж байсан нөхцөл байдал бий болж байгаа бөгөөд 1 газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх газрын тодорхой хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулсан, нөгөө хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулаагүй байна гэж үзэж байгаа нь тус А/401 дүгээр захиргааны актыг үндэслэлгүй гаргасан гэх нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Хэрэв 2 га газрын 0.8 га газарт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй юм бол 1.2 га газарт хамаарах хэсэгт халдах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг тайлбарлах шаардлагатай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/401 дүгээр тушаал нь “Ж-Э" ХХК-ийн ашиглалтад байх 2.0 га газрын 1.2 га газрын хувьд хамаарч байх боловч эрхийн гэрчилгээ нь дуусгавар болгосон гэх 1.2 га газар нь 2.0 газрын аль хэсэгт хамаарч байгаа талаар газрын байрлал, хилийн зааг зэргээр мэдэх эрхийг хангаж өгөөгүй бөгөөд тушаалыг хэрэгжүүлэхдээ 2 га газрын аль хэсэгт хамаарах 1.2 га газар гэж ойлгож актыг хэрэгжүүлэх эсэх зэрэг тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлийг үүсгээд байна. Гэтэл дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс огт дүгнэлт хийгээгүй.

11. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 390 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 465 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэн хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Энэ утгаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан “анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг буруу хэрэглэсэн” гэсэн утгатай хяналтын гомдол үндэслэлтэй ч, “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан” гэх үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0265 дугаар шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж-Э” ХХК-д, 2015 оны А/321 дүгээр тушаалын “Б д” ХХК-д холбогдох хэсгүүдийг “...Хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн... 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан эсэх, төлбөр төлсөн байдал тодорхой биш, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдлуудыг тодруулаагүй, ... Нэхэмжлэгчид анх ямар шийдвэрийн дагуу ямар хэмжээний газрыг ашиглуулах эрх олгосныг тодруулах шаардлагатай” гэх зэрэг хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

16. Ийнхүү хариуцагчаас хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулсан үндэслэлүүдийн нэг нь “нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буюу газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасан хугацаанд эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэдэг үйл баримт тогтоогдсон байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс үгүйсгэж чадаагүй байна.

17. Ийнхүү хариуцагчаас маргаан бүхий акт болох 2018 оны А/401 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг анх цуцалсан 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаал гарахаас өмнөх үйл баримтыг шалгаж тодруулснаас бус тухайн актыг гарснаас хойших үйл баримтыг үндэслээгүйг дурдах нь зүйтэй.

18. Иймд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болоход сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх нь дуусгавар болохоор” заасан бөгөөд маргаан бүхий актад заасан хууль зүйн үндэслэлүүдэд дээрх хуулийн зүйл заалтууд байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Харин тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-9-д заасан “хариуцагч маргаан бүхий газрын хэмжээ 2 га болох талаар маргаагүй, газрын хэмжээний талаарх маргаан хэлэлцэгдээгүй байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий газар 1.2 га гэдгийг тогтоосон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг үгүйсгэхээргүй байгаа ч “газар ашиглах эрхийн гэрчилгээг хэсэгчлэн дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-ийг зөрчсөн, хэрэв 1.2 га талбайн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж үзвэл үлдсэн 0.8 га газар нь хэвээр үлдэж байгаа бөгөөд энэ нь нэг газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх газрын тодорхой хэсгийг сунгуулсан, харин нөгөө хэсгийг сунгуулаагүй гэж үзэх нөхцөлийг бий болгож байгаа нь хууль бус, учир нь хэрэв 0.8 га газрын эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-ийн дагуу сунгуулж байсан гэж үзэж байгаа бол 1.2 га газарт халдах хууль зүйн үндэслэл байхгүй...” гэсэн агуулгатай гомдлыг хангах боломжгүй юм.

20. Учир нь, хариуцагчаас газар ашиглалтын бодит байдал буюу нэхэмжлэгчээс газрын тодорхой хэсэг дээр барилга байгууламж барьсан байдлыг харгалзан үзэж, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн дуусгавар болгосныг хууль бус гэж үзэхгүй, харин захиргааны шийдвэр “бодит нөхцөлд тохирсон” байх гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцнэ гэж үзнэ.

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0465 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ