2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/09477

 

 

 

 

 

 

 

 

2025 11 14

192/ШШ2025/09477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК /РД:6710891/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Хариуцагч **** нь Таван богд финанс ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн МА-2490 дугаартай 2021 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 91004-1002 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 2,699,000.00 төгрөгийг 2.8 хувийн хүүтэйгээр, 37 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 91004-1002 дугаартай Цахим зээлийн үндсэн төлбөрт 0 төгрөг, хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт О төгрөг, нийт 0 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өргөдөл гаргах өдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1197 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,313,378.65 төгрөг Зээлийн хүү 2,551,233.78 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 309,194.30 төгрөг, нийт 5,173,806.73 төгрөг байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна.

Иймд дээрх үндэслэлээр Таван Богд Финанс ББСБ ХХК болон хариуцагчийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээг цуцалж, *** овогтой ****, зээлийн зээлийн гэрээний үүрэгт 5,173,806.73 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 16,000.00 төгрөг, нийт 5,189,806.73төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Итгэмжлэлүүд, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Цахим зээлийн эрх нээх гэрээ, Цахим зээлийн дэд гэрээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр өөрийн үйл ажиллагаа явуулж буй газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасан шаардлагад нийцэж байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ****нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, цахим зээлийн дэд гэрээгээр тогтоогдоно.

 

4. Хариуцагч гэх **** нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 24 байр,***тоот хаягт амьдардаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/0**** дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар нотлогдох ба хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч ****ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан **** /РД:*****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ