2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/07180

 

 

 

 

 

 

 

 

2025 09 12 192/ШШ2025/07180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч * даргалж, шүүгч * нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *тоот хаягт оршин суух *-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: * тоотод оршин суух, *-т холбогдох

 Гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.*, өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Э.*миний бие 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр * ХХК-ийн захирал Д.*тай *ны нутаг дэвсгэрт байрлах * машины авто зогсоолын хамт захиалж нийт гэрээний үнэд 279,882,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

Миний хувьд гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгийг өөрийн эгч Л.*гийн нэр дээрх * тоот хаягт байрлах 30м2 2 өрөө орон сууцыг Д.*ын эхнэр Ц.О*ийн өмчлөлд шилжүүлсэн. 2015 оны 09-р сарын 24-ний өдөр төлөх 130,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх * ХХК-д захиалсан байсан* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй хорооллын 3 ширхэг орон сууцны захиалгын гэрээг Д.*ын * ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл амины орон сууцны барилгын ажил 2015 оны 10 дугаар сараас хойш зогссон.

* ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй болсон ба захирал Д.* холбогдохоо больсон. Үүний улмаас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр * ХХК-ийг шүүхээр эрэн сурвалжлуулж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс * тоот шүүхийн шийдвэр гарч эрэн сурвалжилсан. Үүнээс хойш Д.*тай уулзахад амины орон сууц баригдаж ашиглалтад орж байгаа гэдэг байсан. Тухайн газар очиход барилга баригдаж байсан гэвч Д.* нь уг барилгад хамааралгүй болох талаар мэдээллийг авсан.

Мэдээлэл авснаас хойш 2021 оны 2 дугаар сард Д.*ыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар эрүүгийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Д.*ыг * ХХК-ийн захирал байх үедээ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Д.* нь * ХХК-ийн захирал байх үедээ * хороонд хэрэгжүүлэх байсан *хотхоны төслөө хэрэгжүүлээгүй *намайг залилан мэхэлсэн байгаа тул гэм хорын хохиролд гэрээний үнэд төлсөн 207,000,000 төгрөгийг Д.*аас гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн * тоот захирамжаар хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ захирамжийг үндэслэн БЗДИХАШШ-эд Д.*ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан ба эрэн сурвалжилсны үр дүнд хаягийг тогтоож ХУДИХАШШ-эд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Иймд Д.*аас гэм хорын хохиролд 207,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа 162,040,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Миний хувьд гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Миний бие өмнө 207,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Одоо Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн өнөөдрийн зах зээлийн ханшаар нэмэгдүүлж 162,040,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2.Нэхэмжлэгч Э.*болон түүний өмгөөлөгч * нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2015 онд * ХХК-тай * үл хөдлөх зуучлалын компаниар дамжуулан амины орон сууц, захиалан бариулах гэрээг хийсэн. Үнийн дүнд манай эгч н.*гийн нэр дээрх 21 дүгээр хорооллын 2 өрөө байрыг 70,000,000 төгрөгт дүйцүүлж бодож өгөхөөр 2015 оны 07 сарын 09-ний өдөр уулзаж тохиролцоход * ХХК-ийн Б.* миний нэр дээр шилжүүлэхээр дараа нь олон бичиг баримт хөөцөлдөөд жоохон явдалтай байгаад байдаг. Тийм болохоор энэ манай эхнэр н.Отгончимэгт эгч н.*гаасаа шууд итгэмжлэл хийлгээд өгчих гэсэн байдлаар итгэмжлэл хийлгэж авсан. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариат дээр очиж итгэмжлэл хийлгэж өгсөн байдаг. *гийн 3 орон сууцын гэрээг би өөрийн хүсэлтээр 2015 оны 09 сард тухайн үед *ийн оффис гэж байсан газар нь өөрөө очиж хүсэлт өгөөд хамт * ХХК-ийн захирал Д.*тай хамт очиж хүсэлт өгөөд * ХХК-ийн нэр дээр нь шилжүүлж өгч байсан. Бэлнээр нийт анх үүссэн хохирол нь нийтдээ 207,000,000 төгрөг. Энэ нь анх 2015 онд өгсөн мөнгөн дүн байгаа. Үүнээс хойш бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 367,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Миний хэлэх гэж байгаа гол зүйл нь энэ хэрэгт маш олон жил явж байгаа. Өмнө нь Д.*т энэ мөнгө бол надаас гарч байгаа мөнгө биш, миний ээж маш олон жил хүний нутагт шал, шавхай угааж байж олсон мөнгө. Монголд нөхөр хүүхэд, гэр бүлтэйгээ хаусанд амьдраад үзье гээд миний нэр дээр захиалгын гэрээ хийж байсан. Гэтэл хариуцагч талаас одоог хүртэл гэмшихгүй, хохирол барагдуулахгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж уясан байдалтай, шүүх хуралдаанд үл мэдэх царайлж байгаад нь гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 369,040,000 төгрөг болгон нэхэмжлэх болсон нь 2015 онд нийт 207,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар хариуцагчийн мэдэлд шилжүүлж өгсөн байдаг. Түүнээс хойш нийтдээ 10 жил өнгөрсөн байна. Үл хөдлөхийн үнэ, юмны үнэ өссөн байгаа болохоор манай зүгээс үнэлгээний компанид хүсэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Тухайн үеийн 207,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө 2025 онд хэдэн төгрөгтэй дүйцэх вэ гэдэг байдлаар хүсэлт өгч гаргуулсан юм.

Хариуцагчийн төлөөлөгч хариуцагч Д.* энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ гээд байгаа ч энэ хүн * ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байгаа. Д.* анхнаасаа Э.*ыг хууран мэхэлж залилан гэрээ байгуулсан. Энэ төсөл нь цаашид хэрэгжих боломжгүй, тухайн компанийн хөрөнгө ч хүрэлцэхгүй, барилгын зөвшөөрөл ч байхгүй, цаашид энэ төсөл хэрэгжих боломжгүйг мэдсээр байж Э.*ыг хуурч мэхлээд эхнэрийнхээ нэх дээр болон өөрийн компанийн нэр дээр нэхэмжлэгчийн хөрөнгө болон мөнгийг авсан ч үүнийгээ төсөлд зарцуулаагүй, төсөл бодитой хэрэгжээгүй. Д.*ын үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж тогтоосон боловч зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед * ХХК-ийг Д.* удирдаж байсан, *д эрх шилжүүлэх гэрээгээр компанийг шилжүүлэн өгсөн ч тэнд Э.*ы талаар огт дурдаагүй. * Э.*ы талаар огт мэдэхгүй, түүний мөнгө, хөрөнгө төсөлд орсныг мэдэхгүй байгаа. *д * огт хүлээлгэн өгөөгүй учир өөрөө хариуцах ёстой. 2019 оны 01 сарын 18-ны өдөр Д.* Э.*ыг хохиролгүй болгож өгнө гээд нэмэлт гэрээ байгуулсан.

Д.*ын гэм буруутай үйлдэл эрүүгийн журмаар шалгагдаад тогтоогдсон тул бид түүнээс гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Энэ Д.* нь * ХХК-ийн захирал байхдаа компани нь барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй байхад барилга бариулж байгаа гэж хуурч мэхэлж гэрээ байгуулж хөрөнгийг авч завшсан. Өөр этгээдэд компаниа шилжүүлэхдээ би энэ хүнд ийм өртэй байгаа шүү гэдгээ хэлэлгүй нуун дарагдуулсан. Хэрэв хүлээлгээд хэлээд өгчихсөн байсан бол бид * ХХК-иас гэрээний үүрэг шаардах байсан. Энэ хүн гэм буруутай учраас шүүхээс гэм буруутай болохыг нь тогтоогоод түүнээс гэм хорын хохирол гаргуулах бүрэн боломжтой. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар бусдад гэм хор учруулсан этгээд гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд учирсан гэм хорыг өмнөх байдалд нь сэргээж, сэргээх боломжгүй бол учирсан хохирлыг мөнгөн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэгтэй тул одоо 10 жилийн өмнөх 207 сая төгрөгөөр тийм хэмжээний орон сууц, барилга худалдан авч чадахгүй учраас зах зээлийн ханш,хөрөнгийн үнэлгээг харгалзан нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Д.*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө хариуцагчийн болон өөрийнхөө өмнөөс уучлалт хүсье. Би өөрөө зөндөө хэрэг маргаанд орж явдаг. Чамтай адилхан, түүнээс ч хүнд байдалтай хүмүүс 10, 20-оороо байр ч үгүй үлдсэн хүмүүс байдаг учраас надад харамсалтай байна. Харамсалтай мэдээ сонсчхоод явж байгаа болохоор надад хүнд байна. 1991 оноос Үндсэн хуульт төр үүссэн учраас хуулиа л барьж явцгаая. Нэхэмжлэгчийн ярьж байгаа тайлбарт дандаа хариуцагч нь * ХХК гэх нэр гарч байгаа. * ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээний дагуу, холбогдох дүрэм журмын дагуу тайлан бланстай нь, актив пассивтай нь шилжүүлээд өгчихсөн. Гэрээгээр хүлэн авч байгаа тал нь * энэ төслийг би цааш нь хөгжүүлээд явна, би Д.* гэдэг хүнээс ямар ч мөнгө авахгүй гээд хүний бэлэн хөгжүүлж байгаа төслийг тэр хүн үнэ төлбөргүй авч байна шүү дээ. Тэр төслөө унагааснаас * нь өөрөө * ХХК-тай заргалдаад * эрхээ өөрөө 100 хувь хүлээж авсан, үүрэг хариуцлагаа хүлээнэ гээд шийдсэн учир Д.* энэ асуудалд ямар ч үүрэг хүлээгээгүй шүү гэдгийг хэлмээр байна. Шилжүүлж өгсөн 70,000,000 төгрөг гэж байгаа, н.*гаас 2 өрөө байр гээд байгаа нь Э.* гэдэг хүнд шилжүүлэхдээ тэрийг Дамдингийн * буюу манай үйлчлүүлэгч мэдэхгүй.

Барилга барьж байгаа компанийн хүн нь барилгыг гүйцэтгэж байгаа компанийн өмнө Д.* дээр хүрч ирээд Д.* аа одоо энэ барилга дээр арматур авах ёстой юм гээд арматурыг юугаар төлөх вэ гэхээр нөгөө хаус авч байгаа хүмүүстэй уулзаад та нар төлбөрөө ямар хэлбэрээр хийх вэ гэхээр 70,000,000 төгрөгтөө байр өгөөд тэрэндээ арматур ав гэж хэлсэн. Н.* гэдэг хүн нь өөрөө биеэрээ байхгүй байсан учраас ойрын хамааралгүйг мэдчихээд эхнэр манай үйлчлүүлэгчээс итгэмжлэл авсны үндсэн дээр н.*гаас шууд Э.* буюу арматур зарж байгаа хүний нэр рүү шилжээд, тэр хүн чинь энэ энэ хүмүүсийн барилгыг босгохын тулд арматураар нийлүүлчхээд тэр хүн байр аваад яваад өгчхөж байна шүү дээ. Энэ хооронд Д.*тай бол ямар ч хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, 70,000,000 төгрөгийг манай үйлчлүүлэгч тайлбарлаж хэлэхдээ энэ бол * ХХК-ийн орлого хэлбэрээр компанийн данс, зарлагаар гарч байсан. Компанийн мэдэлд орж ирээд буцаагаад хөөс авах, гадна талын пассадын үйл ажиллагаанд зарцуулах гээд, барилгын компанийнхан чинь барилгын ажлаа явуулахын тулд ерөөсөө орж ирж байгаа мөнгө болгоноор барилгаа нүдэнд харагдахуйцаар юм босгох гээд үзнэ шүү дээ. Жишээ нь эхний 1 2 барилгаа барьж байгаа учраас цаана нь өшөө 20, 30-аад барилга хүлээгдэж байгаа. Загварын байр ч бай, хүний захиалга өгчихсөн байр ч бай ашиглалтад оруулахын тулд л байна шүү дээ. Тэрнээс биш Д.*ын карманд нь ороод, дансанд нь ороод цалин хэлбэрээр авсан бол хамаа алга. Д.* руу би хүртэл тэрийг бол хувиасаа чи өгөх ёстой шүү дээ гэж хуульчийн хувьд хэлэх үүрэггүй. Чамд бол алдчихаагүй юм байна шүү дээ, * гээд * ХХК-ийн эрхийг нь шилжүүлээд авчихсан хүн байгаа учраас нас барж, гадаад руу зугтааж, алга болсон хүн байхгүй учраас өмгөөлөгч чинь чамд зөвлөх ёстой шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Д.* гэдэг хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, * ХХК-тай гэрээ байгуулсан. Эрх шилжүүлэх гэрээгээр Б.* ХХК-иас нэхэмжлэх эрхтэй шүү дээ. * * ХХК-ийг бүх хөрөнгөтэй нь хийж байгаа төсөл хөтөлбөртэй нь шилжүүлж авсан. Бусдад өгөх өр төлбөрийг нь төлнө гэж хүлээж авсан. Бүх материалаа *д өгчихсөн. Энэ хэргийн хариуцагч нь Д.* биш, барилгын ажил явж байгаа гэж ойлгосон. Гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу шаардах эрх байгаа ч гэм хорын хохирлоор Д.*аас шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

4.Иргэдийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2015 онд * ХХК нь иргэнийг өөртөө итгэл үнэмшил төрүүлж Энэ 10 жилийн хугацаанд мөнгөний ханш унасан, байрны үнэ өссөн тул 367 сая төгрөг болгон нэхэмжилж байгаа юм байна. 10 жилийн хугацаанд хохирлыг төлөхгүйгээр хуулийн цоорхойгоор явж, удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан. Иймд хохирлыг Д.* гэх хүн нэхэмжлэгчид анхны 207,0 сая төгрөгийг төлж барагдуулаад өгч болохгүй юм уу гэсэн саналтай байна гэв.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

 

Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *дугаар тоот, байнга оршин суугаа хаягийг лавлагаа, Амины орон сууц захиалан бариулах гэрээ, фото зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн * дугаартай шийдвэр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн * дугаартай тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, зуучлан борлуулах онцгой эрхийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн * дугаартай захирамж, бэлэн мөнгөний орлогын баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн * дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн * дугаартай захирамж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт, *ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орон сууцны зах зээлийн үнэлгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн * дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас итгэмжлэл, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай шийдвэр, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн * дугаартай шийдвэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас тус тус баримт бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*нь хариуцагч Д.*т холбогдуулан гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Э.*нь хариуцагч Д.*т холбогдуулан гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг ...хариуцагч Д.* нь * ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 09 сарын 22-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, *ны нутаг дэвсгэрт байрлах * машины авто зогсоолын хамт захиалж нийт гэрээний үнэд 279,882,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээд заасан төлбөрийг хуваарийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгийг өөрийн эгч Л.*гийн нэр дээрх * тоот хаягт байрлах * өрөө орон сууцыг Д.*ын эхнэр *гийн өмчлөлд шилжүүлсэн. 2015 оны 09-р сарын 24-ний өдөр төлөх 130,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх * ХХК-д захиалсан байсан ХУД-ийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * ширхэг орон сууцны захиалгын гэрээг Д.*ын * ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 207,000,000 төгрөгийг төлсөн боловч барилгын ажилд зогссон.

Д.* нь анхнаасаа хуурч мэхэлж, залилж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, тус төсөл нь анхнаасаа хэрэгжих боломжгүй, компани нь хөрөнгөгүй, барилгын зөвшөөрөлгүй байсан, барилга баригдах явцад өөр этгээдэд компаниа шилжүүлсэн зэрэг үйлдэл нь эрүүгийн журмаар шалгагдаж тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг Прокурорын тогтоолоор хаасан.

Гэм хор учруулсан этгээд болох Д.* хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй учраас түүнд өгсөн 207,000,000 төгрөгийг, тухайн захиалсан хаус орон сууцны өнөөгийн зах зээлийн ханшаар хохирол тооцон 162,040,000 төгрөгийг нэмж, нийт 369,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Д.* нь * ХХК-ийн захирал байхдаа нэхэмжлэгч Э.*тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, түүний гэрээний дагуу шилжүүлсэн өгсөн 207,0 сая төгрөгийн хөрөнгө * ХХК-ийн барилгын ажилд зарцуулагдсан. Тус компанийг Д.*аас *д 2016 оны 05 сарын 18-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлж, санхүүгийн анхан шатны баримтууд болон бүх зүйлсийг хүлээлгэн өгч эрх үүргээ бүрэн шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө * ХХК-ийн орлогод бүртгэгдээд зарлагаар данснаас гарч барилгын ажилд зарцуулагдаж байсан. Д.* өөртөө аваагүй, хуулийн этгээдийн хувиар гэрээ хэлцэл байгуулсан тул хариуцах үүрэггүй, * ХХК болон гүйцэтгэх захирал * хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Э.*нь * ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр *ны нутаг дэвсгэрт байрлах * машины авто зогсоолын хамт захиалж нийт гэрээний үнэд 279,882,000 төгрөгийг хувиарын дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний төлбөрт Э.*нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгт өөрийн эгч Л.*гийн нэр дээрх * тоот хаягт байрлах* 2 өрөө орон сууцыг, 2015 оны 09-р сарын 24-ний өдөр төлөх 130,000,000 төгрөгийг * ХХК-тай байгуулсан ХУД-ийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * 3 ширхэг орон сууцны захиалгын гэрээг * ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр нийт 7,000,000 төгрөгийг * ХХК-ийн захирал Д.*т хүлээлгэн өгч нийт 207,000,000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 09 сарын 22-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд 2015 оны 08 сарын 07-ны өдрийн Л.*, Э.* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 09 сарын 24-ний өдрийн * дугаартай *, * ХХК нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө захиалгаагаар барих гэрээний хуулбар, хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд 207,000,000 төгрөгийн төлбөрийн нөхцөл, төлөгдсөн талаар маргадаггүй.

 

3.2.Нэхэмжлэгч Э.*, * ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн.

 

Улмаар нэхэмжлэгч Э.*нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ...* ХХК-ийн захирал Д.* нь ХУД-ийн *-р хороонд хэрэгжүүлэх *хотхон төслөө хэрэгжүүлээгүй, төдийгүй анхнаасаа барилга барих зөвшөөрөлгүй, барилга барих газрын өмчлөгч биш байсан. Итгэл эвдэж хуурч миний хөрөнгийг өөрийн болгосон... гэх үндэслэлээр гомдол өргөдөл гаргасныг тус цагдаагийн хэлтэс хүлээн авч шалгаад 2021 оны 02 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас * дугаартай Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад 2022 оны 04 сарын 01-ний өдрийн * дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн * дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хаасан байна.

 

Уг 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 352 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд ...баримтуудаар 2015 оны 09 сарын 24-ний өдөр гэрээ байгуулан шилжүүлж, залилуулсан болох нь тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул... гэж үндэслэлдээ дурдсан байна.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан. Нэхэмжлэгч эдгээр хуулийн зохицуулалтад нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл хамаарч байгаа гэж тайлбарлан хариуцагчаас хохирол гаргуулахаар шаарддаг.

 

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

5.Хариуцагч Д.* нь нэхэмжлэгч Э.*тай 2015 оны 09 сарын 22-ны өдөр гэрээ байгуулах үед * ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэлтэй байсан, хуулийн этгээдийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.* нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 05 сарын 18-ны өдөр *д хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан * ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн өгч * нь 2016 оны 05 сарын 19-ний өдөр * ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна.

 

Талууд нэхэмжлэгч Э.*ы гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 207,000,000 төгрөгийг * ХХК-д хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд уг хөрөнгийг хариуцагч Д.* нь хувьдаа авч ашигласан, үрэгдүүлсэн нь нотлогдон тогтоогдохгүй байхаас гадна, гэрээ, хэлцлийг хариуцагч Д.* өөрийн буюу хувь хүний эрх ашгийн үүднээс бус * ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан, хуулийн этгээдийн гэрээгээр хүлээх үүргийг иргэний хувиар түүний өмнөөс нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээн гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй байна.

 

6.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Э.*ы хариуцагч Д.*т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд тооцон 369,040,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин нэхэмжлэгч Э.*нь гэрээний үүрэгтэй холбогдуулан холбогдох этгээдээс шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *гийн гаргасан ...2015 онд * ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.* нь иргэн хүнийг хуурч мэхэлсэн нь тодорхой байна. 10 жилийн хугацаанд хуулийн цоорхойг ашиглан, удаа дараа шүүх хурлыг хойшлуулж явсан тул энэ хохирлыг барагдуулах хэрэгтэй... гэх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*ы хариуцагч Д.*т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,161,100 /1,192,950+968,150/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  *

 

ШҮҮГЧИД *

 

*