| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0080/э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Э
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Э нь 2016 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн нутаг дэвсгэрт иргэн Я.Бийн 2 тооны адууг өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 11 дүгээр сард бийн адуунаас 2 адуу авч хүнд зарсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Я.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сарын 20-ны үеэр Алтанширээ сумын Тойг багийн нутаг дэвсгэрээс 30 гаран тооны хар азаргатай адуу, Тойг багийн Баастад байна гэж сураг гарахаар нь манай хүү Э очиж адуугаа авахад нь хар зүсмийн гүү, зээрд даага хоёр байхгүй байна гэж байсан. Манай адуу нь хайруулган тамгатай хоёр чих хоёулаа онь эмтэй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сард ...Э ах машинаа гэрийнхээ гадаа орхиод өөрийнхөө Даюун маркийн мотоциклийг унаад намайг араараа сундлаад мал харахаар явсан. Тэгсэн Эийн хар азаргатай 30 гаран тооны адуу Э ахын хаваржааных нь зүүн хойд дээр байж байхад нь тууж ирээд Э ах хаваржааныхаа хашаанд хашсан хар гүү, зээрд даага хоёрыг барьж аваад адууг нь гаргаад явуулсан. Тэр хоёр адуу нь хоёр талынхаа гуян дээр хайруулган тамгатай адуунууд байсан. Тэгээд бид хоёр Э ахын хаваржаан дээрээс буцаж гэрт очиж машиныг нь аваад адуу хашсан хаваржаан дээрээ ирээд нөгөө авч үлдсэн хар гүү, зээрд даага хоёрыг машин дээрээ ачаад сумын төв дээр ирээд би буугаад үлдсэн... Нэвт хайргуулган тамгатай Э гэх манай Тойг багийн айлын адуу байсан. Би Э ахын адуугаар яах гэж байгаан гэж асуухад ах нь Э гэх хүүтэй нь наймаа хийсэн юм гэж хэлсэн юм аа. Би Эыг танина бид нар нэг багийн хүмүүс болохоор нь би тийм л юм байх гэж бодсон. Наймаа хийгээд орныхоо адууг авч байна гэж ойлгосон хулгай хийж байна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манайх хар гүү, зээрд даага 2016 оны 11 сард алдаад сураг гарахгүй байсан. ....Тэгсэн Э манайхаас авсан адууныхаа оронд нэг унагалах гүү, нэг даага өгсөн... Манай адуу Э гэх хүний нэр дээр байдаг юм. Манай аав хол явж чадахгүй болохоор өмнөөс нь ээж б хохирогчоор тогтоогдон явж байгаа...” гэсэн мэдүүлэг,
Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 62/01 дугаартай: "... Гүү 850,000 төгрөг, даага 350,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг..” гэсэн дүгнэлт,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 11, 28/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12, 29/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Э нь 2016 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн нутаг дэвсгэрт иргэн Я.бийн 2 тооны адууг өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Я.б, гэрч Э.Б, Э.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Эд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Э нь бусдын 2 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах зан үйлээ засах, хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Я.б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Эгаас хохиролд 3 тооны адуу /1 200 000 төгрөг/ авсан ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч Д.Этай эвлэрсэн талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Д.Эгийн эзэмшлийн 850 000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах зан үйлээ засах, хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Эд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 191-р зүйлийн 191.1-д зааснаар Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 5/12 тоот тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эгийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН