| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2534000000021 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
2025 4 17 2025/ДШМ/32
О.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мөнхтайван /томилолтоор/
Шүүгдэгч О.Г
Хохирогч Б.Н
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Г-т холбогдох эрүүгийн 2534000000021 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. , .......... оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...... аймгийн ........суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, .................. гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ........... аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ИЙ.........
2.Шүүгдэгч нь Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр Баянбулаг 3 дугаар баг “Цагаан чулуут” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй, баруун, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
3.Төв аймгийн прокурорын газраас О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Т овгийн О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 дээшгүй цагаар тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-өөс 4 105 330 /дөрвөн сая нэг зуун таван мянга гурван зуун гуч/ төгрөг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн Цагаан чулуутад оршин суух хохирогч Б.Б-ийн Н. /РД:ЖЙ........./-д олгож,
Шүүгдэгч О.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн 2534000000021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч О.Г давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Төв аймгийн прокурорын газраас намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Ингэхдээ хохирогч гэх Б.Н мэдүүлэг, Нэргүйн хамаарал бүхий /Нэргүйн хамтран амьдрагч/ Н.Н , Н.Д /Н.Н-ийн ах/, Ч.С /Н.Д-ийн эхнэр/, Г.Б /Н.Д-ийн баз хүргэн/ нараас зохиомол, нэг талыг барьсан мэдүүлэг авч намайг зодсон мэтээр нотлох баримтууд цуглуулж миний эсрэг нотлох баримтаар ашигласан.
Тухайн үед Б.Н нь намайг 2 удаа өшиглөж намайг барьж аваад гэр дотор барьцалдахад хажууд Г.Бгийн машиныг барьж ирсэн Жаргалсайхан гэх залуу, миний дагуулж явсан 9 настай Батдөлгөөн нар хажууд харж байсан. Харин гэрч Н.Н нь тухайн үед гэртээ байсан юу болсныг хараагүй, Н.Д, Г.Б нар унтаж байсан.
Гэтэл яг хажууд Б.Н бид хоёрыг барилцаад аргал, түлээний авдар руу унахад харж байсан гэрч нараас мэдүүлэг аваагүй атлаа хараагүй хохирогчийн хамаарал бүхий гэрч нараас мэдүүлэг авч намайг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Б.Н нь хэрэг болсоны маргаашнаас эхлэн 2 хоног архи ууж нутгийн хүмүүст намайг зодсон мөнгө салгаж авна гэж нэг биш хэд хэдэн хүмүүст ярьсан байсныг нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлж байсан.
Б.Нд учирсан эмчилгээний зардалд шүүхээс 4,105,330 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.Н гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт 3,0 сая гарангийн баримт нь зөвхөн эмчийн гарын үсэгтэй хэвтэн эмчлүүлсэн гэх баримтаар хохирол гаргасан. Улсын яллагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэлгүй гэж саналаа шүүх хуралдаан дээр хэлсэн. Улсын яллагчийн зүгээс 1,028,000 төгрөгийн хохирол гаргуулахаар саналаа хэлсэн байхад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар хохирол гаргуулсан гэж үзэж байна.
2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг Даваагийнд хоол идэх гэж хүүгээ дагуулж очиход Нэргүй нь өөдөөс агсан тавьж хөлөөрөө өвдөг рүү 2 удаа өшиглөж над руу дайрч барилцаж аваад түлээний авдар руу унасан үйл баримтыг намайг зодсон мэтээр шийтгэх тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гэрч Нарантуяа, Нэргүйгийн ээж Лхамжав гэх хүмүүс хэрэг гарсны 2 сарын дараагаар Б.Нг мориноос унасан байхад намайг хамааралтай, зодож моринд зүүж тавьсан, Нэргүйг алах гэсэн гэж цагдаагийн байцаагч Б , Равдан нарт хэлсэн байсан. Харин Нэргүй нь сумын хэсгийн төлөөлөгчид намайг Г зодоогүй гэж хэлсэн. Дээрх нэр бүхий хүмүүс нь байнга худлаа гүтгэж хэрэгт хийх санаа зорилготой байгаад гомдож байна. Иймд анхан шаты шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт нотолбол зохих ажиллааг хийсэн, нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн зүйлгүй. Шүүгдэгч О.Г Б.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэрч Н.Н , Ч.С , шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг үйл баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г намайг цохиж гэмтэл учруулсны улмаас хагалгаанд орсон. Би эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна...” гэв.
9. Шүүгдэгч О.Г тайлбартаа “...Би хохирогч Б.Нг цохиж гэмтээсэн үйлдэлдээ маргахгүй. Харин эмчилгээний зардалд 4,105,330 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг багасгаж өгнө үү. Би оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ажил хийж төлдөг. Нийтэд тустай ажил хийхээр хэзээ энэ их мөнгийг төлж дуусгахаа мэдэхгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.
Шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, шүүгдэгч О.Г нь Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр Баянбулаг 3 дугаар баг “Цагаан чулуут” гэх газарт буюу Даваагийн гэрт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Н тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй, баруун, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь дараах үйл баримтаар тогтоогдсон. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н: “Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний танил Бямбасүрэн гэх хүн надаас идэшний үхэр худалдаж авахаар ирсэн. Тэгээд би өөрийнхөө үхрээс нэг шүдлэн эр үхэр барьж өгөөд орой нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг, Цагаан чулуут гэх газарт манай саахалт айл Даваагийн гадна үхрээ гаргасан. Тэгээд Бямбасүрэн ах, Даваа бид гурав нэг шил 0.75 грамм архи хувааж уусан. ...ах Даваа, Бямбасүрэн нар согтоод унтаад өгсөн. Тэгтэл гаднаас гэрийн ойролцоо нутагладаг О.Г гэх хүн орж ирсэн. Би О.Гтэй юм ярьж байгаад чи Бямбасүрэн ахыг урьд өмнө нь малын бэлчээрээс болж хоолойг нь боож заамдсан байна. Хөгшин хүнийг яах гэж тэгдэг юм гэж хэлээд О.Г бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. О.Г миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Нарантуяа эгч гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан. Би хамрынхаа цусыг угаагаад зогсож байтал О.Г гаднаас буцаж орж ирээд бид хоёр дахиад маргалдаж, барьцалдаж авсан. Тэр үед О.Г миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Нарантуяа эгч бид хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Даваа ахын эхнэр Сэлэнгэ эгч сэрүүн байсан. Зодоон эхэлсний дараа Нарантуяа эгч орж ирсэн. Нарантуяа эгч, Сэлэнгэ хоёр архи уугаагүй эрүүл байсан. Би согтуу байсан. О.Г миний баруун нүд рүү гараараа нэг удаа, нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Заамдаж хоолой боосон. Миний баруун нүд хөхөрч ухархай хэсгээр хөндүүрлэн өвдөж байсан. Мөн хамар хугарсан. Надад сэтгэл санааны хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Н.Н гийн “...Би Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Цагаан чулуут гэх газарт төрсөн ах Н.Дгийнхтай хамт мал маллаж амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Дархан хотоос гэртээ ирэхэд Н.Д ахын баз хүргэн Г.Б ах идэшний үхэр хийсэн гээд Н.Д ахын гэрт Б.Н, Н.Д, Г.Б нар архи уугаад сууж байсан. Орой нь би үхэр малаа саачхаад буцаад Н.Д ахын гэрт ороход өмнө нь ууж байсан архиа дуусаад дахиад нэг шил архи ууж байсан. Тэгтэл Н.Д ахын гэрт шөнө хүмүүс шуугилдаад байхаар нь Н.Д ахын гэрт ороход Б.Н, О.Г нар хоорондоо хэрэлдээд адууг хөөсөн гэх утгатай юм яриад байсан. Би О.Гийг чи гэрээс гараад явчих согтуу хүнтэй юу ярьдаг юм гэсэн чинь О.Г гарахгүй Б.Нтэй хэрэлдэж, муудалцаад суугаад байсан. Тэгтэл Б.Н босоод ирсэн чинь О.Г заамдаж барьж аваад гэрийн баруун хэсэгт унагаад дээрээс нь дарж байгаад Б.Н нүүр рүү гараараа хоёр гурван удаа цохисон. Тэр үед А.Жаргалсайхан, Ч.Сэлэнгэ бид гурав О.Г, Б.Н хоёрыг салгасан. Тэгээд О.Гийг одоо яв гээд хүүхэдтэй нь хамт явуулсан. Б.Н хамраас цус гоожоод тогтохгүй угаалтуур дээр угаасан. Мөн гэрийн баруун хэсэгт хулдаасан дээр цус гоожсон байсан. Хэсэг хугацааны дараа О.Г би гар утсаа үлдээсэн байна гээд буцаад орж ирсэн. Тэгтэл Б.Н чи намайг ийм болтол зоддог хэн бэ гээд дахиад барьцалдаад тэр хоёр гэрээс гараад явсан. Би араас нь гарч ирэхэд О.Г Б.Н дээр нь гарчихсан гараараа цохиод байсан. Би А.Ж-ы хамт салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Ч.С-ийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхрийн хамт Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Цагаан чулуут гэх газарт гэртээ байж байх үед манай хүргэн Г.Б манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрийн ойролцоо нутагладаг Б.Н гэх хүнээс шүдлэн насны улаан зүсмийн эр үхэр худалдаж аваад манай гэрийн гадна үхрээ гаргасан. Үхэрээ гаргаж дуусаад Г.Б ах Б.Н, Н.Д хоёрт нэг шил 0.5 грамм хараа архи гаргаж өгсөн. Тэр архийг Г.Б, Б.Н, Н.Д гурав хувааж уусан. Дараа нь Б.Н нэг шил 0.75 грамм шилтэй архи авч ирээд манай гэрт Г.Б. Н.Д хоёртой хувааж уусан. Тэр архийг ууж байх үед манай нөхөр Н.Д саахалт айлын С.Г-ийг ирж хоол ид гэж дуудсан. Г.Б, Б.Н, Н.Д нар архиа ууж байгаад Г.Б, Н.Д хоёр согтоод унтчихсан. Тэгтэл С.Г манай гэрт хүүхдээ дагуулчихсан орж ирсэн. Би цай хийж өгөөд чанасан мах ид гээд өгсөн. Тэгтэл Б.Н согтуу манай гэрт сууж байснаа босож ирээд С. Гантөмөрийг чи Бямбасүрэн ахыг заамдаж, боож унагасан гээ биз дээ, танай хүү ч гэсэн Бямбасүрэн ахыг зодсон биз дээ гээд маргалдаад барьцалдаад авсан. Манай гэрийн баруун хэсэгт дээр доороо ороод гараараа цохилцоод зодолдоод байсан. Би гэр орон нураалаа гэрээс гар гээд хөөсөн. Тэр үед Нарантуяа гаднаас орж ирсэн. Тэгээд С.Г гэрээс гараад явсан. Б.Н хамраас цус гарчихсан байсан, цусаа манай гэрт угаачхаад гараад явсан. Гадаа гараад юу болсон талаар би мэдэхгүй. Н.Д, Г.Б хоёр согтоод унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Н.Дгийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Цагаан чулуут гэх газарт гэртээ байж байх үед манай баз хүргэн Г.Б манай гэрт ирсэн. Саахалт айлын Б.Нгээс шүдлэн насны улаан зүсмийн эр үхэр худалдаж аваад манай гэрийн гадна үхрээ алж янзлаад орой нь Б.Н, Г.Б бид гурав хоёр шил архи хувааж уусан. Тэгээд би архи ууж байхдаа О.Гийг ирж хоол ид гэж хэлсэн. Би О.Гийг манай гэрт хоол идэхээр ирэх үед уусан архиндаа согтоод унтчихсан байсан. Манай эхнэр надад ярихдаа Б.Н, С Гантөмөр нар манай гэрт зодолдсон. Г.Б ахыг жолоочоор ирсэн Жаргалсайхан, Н.Н нар салгасан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Г.Бгийн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Цагаан чулуут гэх газарт баз хүргэн Н.Дгийн гэрт ирсэн. Б.Нгээс идэшний шүдлэн эр үхэр худалдаж аваад тэр үхрийг нь Н.Дгийн гэрийн гадна Б.Н, Н.Д хоёроор хийлгэсэн юм. Идэш хийж дуусаад би Б.Н, Даваа хоёрт нэг шил 0.5 грамм хараа архи өгсөн. Тэр архийг Б.Н, Н.Д бид гурав хувааж уусан. Дараа нь Б.Н, Н.Д хоёр 0.7 грамм Агар нэртэй архи авч ирсэн. Би тэр архинаас нь ууж байгаад тасраад унтчихсан байсан. Шөнө нэг сэрээд харахад Б.Н баруун нүд, хамар хавдчихсан сууж байсан. Би Б.Нгээс юу болсон талаар асуухад О.Г намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 22-23/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай "Б.Н биед хамар ясны зөрүүтэй, баруун, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/,
2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-ийн 1-6/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.
4. Шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогч Б.Н эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр юм.
Гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжээр хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн О.Гийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.
5.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч О.Гийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй байдлаар илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг...О.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
6.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял сонгон оногдуулах эрх хэмжээг хуулиар шүүх, шүүгчид олгосон.
Анхан шатны шүүх О.Г-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын зэргийг харгалзан үзсэн байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.
7.Шүүгдэгч О.Г “...хохирогчийн хамаарал бүхий гэрч нараас мэдүүлэг авч миний эсрэг нотлох баримт ашигласан...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар хохирол гаргасан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
7.1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч О.Г нь хохирогч Б.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргахгүй болохоо тайлбартаа хэлсэн тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор буюу 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
7.2.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нийт 5,586,403 төгрөг нэхэмжилсэн байгаа ч “........” эмнэлэгт хэвтэн хамрын хагалгаа хийлгэхдээ 3,925,330 төгрөг төлсөн, эмнэлэгт үзүүлэхэд 180,000 төгрөгийн шатахуун зарцуулсан зэрэг зардал нь шүүгдэгч О.Гийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Гөөс 4,105,330 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгож, 1,481,073 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
7.3.Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй тул шинжилгээ хийлгэж хохирлыг тогтоолгохгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх-72/ байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдалгүй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад уг өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
9.Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/401 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх ч шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй, гэрч Ч.Сэлэнгийн мэдүүлэг гэсэн атлаа гэрч Н.Дгийн мэдүүлгийг бичсэн байгааг анхааруулж тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-өөс 4 105 330 /дөрвөн сая нэг зуун таван мянга гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн Цагаан чулуутад оршин суух хохирогч Булгадар Батаагийн Нэргүй /РД:ЖЙ88052193/-д олгосугай...” гэснийг
“... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-өөс 4,105,330 /дөрвөн сая нэг зуун таван мянга гурван зуун гуч/ төгрөг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн Цагаан чулуутад оршин суух хохирогч Б.Н /РД:........../-д олгож, хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС