| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/10766/И |
| Дугаар | 192/ШШ2025/09102 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09102
| 2025 11 07 | 192/ШШ2025/09102 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр 503 тоот хаягт байрлах, Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:6874657/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Фидес тауэр 503 тоотод барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн **** нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 834023122703 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,899,800 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч ****д 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахилгаан бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч **** нь зээл авснаас хойш үндсэн зээл 2,119,066.14 төгрөг, хүү 315,040.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,786.97 төгрөг нийт 2,436,257.31 төгрөг төлсөн. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 360 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.
Манай компанийн зүгээс зээлдэгч ****ыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдож 312/Ш32025/0*** тоот дугаартай Г.Жаргалтуяа шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ****ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гүйцэтгэж байгаа, **** нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ байхгүй, холбоо барих утасны дугаарууд нь холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан одоог хүртэл олж чадахгүй байна.
Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд зээлдэгчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул зээлдэгч ****ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, Итгэмжлэл, Барьцаат зээлийн гэрээ, Мэдэгдэл, Зээлийн өргөдөл, Нэхэмжлэх, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Тэрээр өөрийн үйл ажиллагаа явуулж буй газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасан шаардлагад нийцэж байна.
3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдоно.
4. Хариуцагч гэх **** нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22 дугаар баг, Яргуйт хөтөл 10 гудамж, ****тоот хаягт амьдардаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 312/ШЗ2025/*** дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар нотлогдох ба хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
5. Иймээс хариуцагч ****ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан ***** /РД:***/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ