Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В. Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В. Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000940079 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Политехникийн коллежийн цахилгааны техникчийн 1 дүгээр курст суралцдаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян 2 дугаар багийн “Давсны нуруу” гэх газар *******ыг 1.33 метрийн урттай нарийн төмөр ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдөр хөдөө худаг дээр хонио услах гээд очиход Т ирсэн байсан. Т өмнө нь манай ээжтэй маргаантай байсан. Тэгээд би Ттай утсаар ярихад “ээжийгээ аваарай пизда минь чи надтай нэг уулзаарай” гээд утсаа тасалж байсан. Тэгээд би уулзъя гэж бодож байсан гэхдээ зодно гэж бодоогүй.Би Тыг “та намайг уулзаарай гэсэн байх” гэж хэлэхэд Т тэгсэн гээд бид хэрүүл болсон.Т чулуу аваад намайг цохих гээд далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод худгийн дэргэд байсан алд гаран төмрөөр нэг удаа цохисон. Тэгээд төмрөө хажуу тийш шидэхэд дахиад цохих шиг болсон. Тэгээд салсан. Т мотоцикль дэрээ усаа дүүргээд “эргэж ирэхэд байж байгаарай” гэсэн. Би хонио услалгүй гэр рүүгээ явсан.

...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан.гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хонио услах гээд худаг дээр очсон. Тэгээд ******* ах ирсэн. Мэндлэхэд дуугараагүй. Ус авах гэсэн худгийн таг дээр суучхаад босохгүй байсан. Та надтай ирж уулзаарай гэсэн байхаа гэсэн чинь босож ирээд маргаан үүсгэсэн. Намайг гэр лүүгээ чирч явах гээд байсан. Тэгээд газраас чулуу аваад цохих гэхээр нь би нэг юм гарт тааралдахаар нь толгой руу нь цохисон. Төмрөөр цохисон. Тэгээд цагдаа дуудсан байсан гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би эхнэр ******* болон 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр баг Хавцгайт гэдэг газар оршин суудаг юм. Манайхаас баруун зүгт 2 км-ийн зайтай эхнэр ******* өвөөгийн төрсөн ахынх нь хүүхэд болох *******гийнх амьдардаг юм. 2017 оны намар манайхыг өвөлжөөндөө буугаад малаа хариулаад явж байтал ******* над руу хүрч ирсэн. Тэр их ууртай байдлаар танайх манай малын бэлчээрийг идээд байна шүү гэж хэлээд явсан, үүнээс хэд хоногийн дараа дахин над руу ирээд дээрх үгийг хэлээд өнгөрсөн, дараа нь 2017 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь тодорхой санахгүй байна, дахин ******* над руу хүрч ирээд “ манай малын бэлчээрийг идлээ, би чамд олон дуу хэлсэн, эндээс зайл “ гэх элдэв үгээр хэлээд чулуугаар намайг шидээд байхаар нь би түүнийг барьж аваад доороо хийж дараад чээжин дээр нь өвдөглөн дарсан. Хэсэг хугацаанд хэвтэж байгаад би түүнийг орхиод гэр рүүгээ явсан, тэр миний хойноос хүрч ирээд би хэсэг хугацаанд хэрэлдэж байгаад би ярилцаж ойлголцон би тэдний малын бэлчээр рүү малаа бэлчээрлүүлэхгүй гэж ярилцаад өнгөрсөн. Ингээд би ч тэдний малын бэлчээр рүү малаа бэлчээхээ болиод бидний хооронд үл ойлголцох байдал үгүй болсон. 2017 оны 02 дугаар сарын 23 ний өдөр 13 цагийн орчим би худаг руу ус авахаар очиход *******гийн хүү А гэдэг залуу над руу ирсэн, тэгснээ надаас хэрүүл өдөөд “чи утасны цаанаас том том юм яриад байсан залуу мөн үү” гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би газраас чулуу аваад далайнгаа “танай ээж бид 2 утсаар яриад ойлголцсон” гэж хэлээд газраас авсан чулуугаа хаяад худаг руу ус авахаар тонгойтол миний толгойн зүүн чамархай хэсэг рүү ямар нэгэн хатуу зүйлээр цохисон. Газар унах явцдаа эргээд хартал А гартаа худаг цоолдог, алд дэлмийн урттай труба барьчихсан зогсож байсан. Намайг газар унасан хойгуур миний нуруу руу дахин нэг удаа цохисон. Үүнийхээ дараа тэр намайг орхичхоод явсан. Би хэсэг хугацаанд газар хэвтэж байгаад гэртээ харьсан, манай эхнэр Уранчимэг болсон асуудлыг сонсоод сумын цагдаад мэдэгдсэн. Түүний энэ үйлдлийн улмаас миний толгойн зүүн чамархайн хэсэгт язарсан, мөн нурууны ар бүсэлхийн хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан. Аймгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27 ний өдрийн 147 дугаартай дүгнэлтээр миний биед тархи доргилт, зүүн чамархайд шарх, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн байна. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би *******гийн чээжин дээр өвдөглөн дарж унасан нь үнэн. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. *******гийн биед учирсан гэмтэлд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тийм асуудал байхгүй. Бидний хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Худаг дээр хэн ч байгаагүй. Гэртээ буцаад очиход эхнэр болон манай ээж байсан. Би Ад гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна. Харин хөнгөн зэргийн хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардлаа бүрэн төлүүлнэ. Одоогоор гарсан зардлаа тооцоогүй байгаа, дараа байцаалтдаа мэдүүлье. гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/

... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хохирлоо бүрэн төлүүлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй, гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа эсрэг тэдний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ******* бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүдийн хүүхдүүд, харин Т нь миний нөхөр байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 23 ний өдөр 13 цагийн орчим манай нөхөр ******* нь худгаас ус авах гэж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ толгойгоо хагалуулчихсан, дээл хувцас нь цус болчихсон бүсэлхий нурууны орчим хөхөрсөн, цус хурсан байдалтай ирсэн. Нөхрөөсөө би учир байдлыг нь тодруулахад танай дүү А намайг худаг дээр ус авах гээд байж байтал ирээд худаг цоолдог труба төмрөөр толгой руу цохиод, бас нуруу руу цохичхоод явчихлаа гэсэн. Ингээд би сумын цагдаагийн хэсэг дуудлага өгсөн. Сумын хэсгийн мөрдөгч д/ч *******, сумын эмчийн хамт манайд орой ирсэн. Манайх сумын төвөөс баруун тийшээ 45 км зайтай байдаг юм. Энэ асуудал болохоос 2 сарын өмнө буюу 12 дугаар сард манай нөхөр ******* нь Агийн ээж *******тай малын бэлчээрээс болж муудалцсан бөгөөд манай нөхөр тухайн цаг хугацаанд ******* эгчийг чулуу шидээд байхаар нь малын бэлчээр дээр доороо хийж дараад чээжин дээр нь өвдөглөсөн юм гэсэн. Үүний дараахан ******* эгч манайд ирээд бид хэсэг хэсэг маргалдаж байгаад учир зүйгээ олсон юм. Энэ явдлыг хүү А нь мэдээд 2 сарын дараа ээжийгээ өмөөрөн манай нөхрийг зодсон байсан. Манай нөхөр зодуулах үедээ эрүүл байсан, харин А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг мэдэхгүй байна. Агийн хувьд манай нөхөртэй уулзаж албан ёсоор уучлалт гуйсан асуудал байхгүй. Хэдийгээр ах дүү хүмүүс ч гэсэн энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлье гэж бодоод танай байгууллагад хандсан юм. Одоо манай нөхрийн биеийн байдал тийм ч сайнгүй байна, толгой өвдөөд, нуруу өвдөөд байна гэж зовуурилах болсон.Манай нөхрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон 64.000 төгрөг төлсөн. Цаашид эмчлүүлэх зардлаа бүрэн төлүүлнэ гэж манай гэр бүлийн зүгээс үзэж байна. Урд өмнө нь Атай маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, бидний хооронд өр авлага өс хонзонгийн асуудал ч байхгүй. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй,. гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

5. Гэрч Р.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* бол миний төрсөн хүү байгаа юм, харин Тын эхнэр Д. Уранчимэг бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Би ганц гэрээрээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Давсны нурууны Улаан үзүүр гэдэг газар нутагладаг юм. Манайхтай айл саахалт манай хамаатны охин ******* нөхөр Тынх, мөн Ариунболдынх гэдэг айлууд нутагладаг. Аминдаа манайх 2017 оны мал тооллогоор 119 толгой бог мал тоолуулсан, би ганцаараа малаа малладаг, харин миний отгон хүү А нь аймгийн Политехник Коллежийн техникийн 1 дүгээр дамжаанд суралцдаг бөгөөд өвлийн амралтаараа хөдөө гэртээ очсон юм. 2018 оны 02 дугаар сарын 23 ний өдөр хонио услахаар явсан хүү маань нэг удалгүй гэртээ хүрээд ирсэн, хонио услав уу гэж намайг асуухад тэр “хонио усалж чадсангүй” гэсэн, юу болов яав гэж намайг асуухад тэр “******* / Тыг хэлж байгаа юм / ах худаг руу ус авахаар ирэхдээ томроод над руу чулуу далайхаар нь би өмнөөс нь гартаа төмөр барьж байгаад эргүүлчихсэн чинь ******* ахын толгойг нь зүсчихлээ, ингээд хонио услаагүй, ******* ах 2 хоосон шар сав үлдээгээд мотоциклоо унаад гэр рүүгээ явчихлаа “ гэж хэлсэн. Би хүүгээ зэмлээд, 1 цохиж аваад, тэр өдөр хүү маань аймгийн төв рүү сургуульдаа явах гэж байсан учраас сумын төвөөр дайраад усанд орчхоод аймаг руу яв” гэж хэлээд би хүүгээ явуулчхаад өөрөө худаг руу очиж хонио усалсан. Тэр оройгоо манай саахалт айлын Ариунболд гэдэг хүн таныг хэсгийн төлөөлөгч дуудаж байна, яаралтай ирэх шаардлагатай байна гэж хэлүүлж байна“ гэж хэлсэн. Би ямар асуудлаар цагдаа намайг дуудаж байгааг мэдээгүй бөгөөд маргааш өглөө нь сумын төв рүү очоод хэсгийн төлөөлөгч *******тай уулзахад Т тэдний өрөөнд нь сууж байсан. Болсон асуудлыг тэндээс мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад манай хүү Тын эрх чөлөөнд халдсан хэргээр шалгагдаж байгаа гэдгийн мэдсэн. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Т манай өвөлжөөний ойрхон нөөцийн бэлчээрт Тынх 800 гаруй толгой ямаагаа бэлчээрлүүлээд байсан. Би Тад энэ байдлыг хэлээд манай малын өвөлжөөг танай мал идээд байна, малаа хариул гэсэн шаардлага тавихад эхний удаа тэр намайг 2 удаа түлхэж унагаасан, 2 дахь удаагаа буюу 2018 оны 02 дугаар сарын эхээр, өдрийг нь тодорхой санахгүй байна, цагаан сараас өмнөхөн шиг санагдаж байна, дахинд манай бэлчээр рүү Тын мал нь орж ирээд байхад би мөн л очиж хэлсэн, гэтэл тэр миний багалзуурыг шахаж газар унасан хойно хавирган дээр өвдөглөж газраас босоод ирэхэд миний зүүн гарын бугалгын орчим 2 удаа цохисон ба “ зөнөг гичий минь чамайг ална шүү “ гэж хэлсэн. Ингээд би тэр өдрөө хамаатныхаа охин болох Тын эхнэр Уранчимэгт болсон асуудлын талаар очиж хэлсэн. Уранчимэг “ та ийм асуудал дээр хэл ам болоод цагдаа сэргийлэх гээд яах вэ дээ, манайх танай малын өвөлжөө рүү малаа бэлчээхгүй “ гээд бид тохирсон. Би энэ явдлыг холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээгүй харин багийн эмч Туулд гэрээр нь очиж үзүүлэхдээ “согтуу хүүхэд орж ирээд өшиглөчихсөн, хавирга өвдөөд байна “ гэж хэлээд үзүүлж байсан. Харин багийн дарга д 2017 оны 12 дугаар сарын Ттай хийсэн малын бэлчээрээс болсон маргааныхаа талаар мэдэгдэж байсан юм. Энэ мэт байдлаас болоод манай хүү А нь Тыг зодсон юм билээ. Тухайн цаг хугацаанд миний хүү согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Тыг архи уусан байсан үгүйг мэдээгүй, гэхдээ тэр өдөр тэднийх хүүхдийнхээ даахийг үргээж байсан айл. Миний хүү А нь үгэнд оромтгой, дуулгавартай, хүний зөнгөөр, хүлээцтэй зантай, миний хамгийн хайртай, сурлага сайтай, сайн хүү байгаа юм. Бидний таарамжгүй харилцаанаас болоод бага залуу, дөнгөж амьдрал руу орж яваа хүүгээ өөрийнхөө биеэр ээж нь хэрэгт оруулсандаа маш их харамсаж өөрийгөө үзэн ядаж байна. Тын намайг зодсон үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна, харин миний биед учирсан гэмтлийн зэргийн 2018 оны 02 дугаар сарын 148 дугаартай дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Урд өмнө нь манай хүү Ттай маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, бидний хооронд өр авлага өс хонзонгийн асуудал ч байхгүй, бичигдсэн байна, Надад нэмж ярих өөр зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн

1. *******ын биед тархи доргилт, зүүн нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37-38/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн

1.Р.*******гийн биед чээжинд цус хуралт, чээж, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.    Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 45-46/

8. Хавтаст хэргийн *******гийн 73-р хуудсанд авагдсан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 66-72 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч *******гийн гомдол саналгүй, хавтаст хэргийн 74 нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 11-14 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн Улаан хар өнгийн Nokia 50/70 маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 13 өдрийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдөр хохирогч *******ыг нарийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт болон, хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмрийг хураасан прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Нокиа” 5070 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх хөлдөөгчийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 33 см урттай нарийн төмрийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2018 оны 05 дугаар сарын 22-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт нэг метр гучин гурван см урттай нарийн төмрийн эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2010 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Нокиа” 5070 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ