| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402 00054 0180 |
| Дугаар | 2025/ДШМ/337 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/337
Ө.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Б-д холбогдох 2402 00054 0180 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ө-ы Б, 1995 онд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д хангамжийн ажилтан, ам бүл 3, Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 1 жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;
Ө.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ... байрны авто зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Ө.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ээс 116,963,000 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “...”-д найзын хамтаар үйлчлүүлэхдээ ганцаараа ариун цэврийн өрөө орохдоо суултуурын хажууд байсан тариуртай шингэнийг олж авч, гадуур хувцасныхаа халаасанд хийж гараад хэсэг сууж байгаад шөнө гэртээ харьж амарсан. Тэр өдрөөс хойш тухайн өдөр өмссөн гадуур хувцсаа огт өмсөөгүй байж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмссөн. Найз М.Д-тэй хамт машиныг нь асааж өгөх гээд ирсэн ба машинаас нь тос гоожиж байгааг хараад доогуур нь тонгойход гэдсэнд юм тулаад байхаар нь халааснаасаа аваад хартал нөгөө тариуртай шингэн байсан. Түүнийг машиныхаа шалавчны завсраар тавиад машиныг нь холбож асааж байхад цагдаа ирсэн.
...Би ам бүл 3, ээж, эхнэрийн хамт амьдардаг. Ээж маань өндөр настай, сахрын хүнд шатны өвчтэй, байнгын асаргаанд байдаг. Эхнэр 8 сартай жирэмсэн, амралтаа авч, ажлаасаа гарсан. Би ганцаараа ажил хийж, амьдралаа залгуулдаг тул миний хувийн байдлыг харгалзан хамгийн хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Би дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Сайн хүү, сайн нөхөр, сайн эцэг байхаа илэрхийлж байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгдэгч Ө.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр уг бодисыг “...”-ийн ариун цэврийн өрөөнөөс олсон бөгөөд 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл гадуур хувцасныхаа халаасанд хадгалж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс Ө.Б-ийг зөвхөн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр машинд хадгалж байсан мэтээр дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцэхгүй.
2.Хэсэгхэн хугацаанд машины шалавч дээр тариурыг тавьсан үйлдлийг машиндаа хадгалж байсан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй. Шилтэй шингэн зүйлийг машины шалавчинд хадгалах боломжгүй.
3.Шийтгэх тогтоол ямар ч хүн уншсан ойлгомжтой бичигдсэн байх ёстой. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ эсвэл машинд хадгалсан аль нь болох тухай дурдаагүй.
4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрвээ машинд хадгалж байсан гэж үзсэн бол уг машиныг мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол гаргах байсан. Прокурор, мөрдөгчийн зүгээс яллагдагч нь уг бодисыг машинд хадгалсан үйлдэл байхгүй гэж дүгнэж, машиныг битүүмжлээгүй. Тухайн машин анхнаасаа бусдын өмчлөлд байсан.
5.Улсын орлого болгуулахаар 116,963,000 төгрөгийг Ө.Б-ээс гаргууллаа гэхэд сар бүр 1,000,000 төгрөг төлөхөд жилд 12,000,000 төгрөг төлнө. Ингээд 9 жил 9 сарын дараа төлбөрийг төлж барагдуулна. Шүүгдэгч Ө.Б- нь гэр бүлийн хамтын амьдрал зохион амьдарч эхэлж байгаа залуу гэр бүл, сард 1,800,000 төгрөгийн цалин орлоготой, түүгээрээ амьдардаг хүний амьдралд 10 жил бол маш урт хугацаа юм.
6.Шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар дээрх алдаа дутагдлыг засаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсныг харгалзаад хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, уг бодис гарч ирсэн нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой харагддаг. Хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй бодис нь тухайн цаг хугацаанд “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгслийн шалавч дотроос гарч ирсэн үйл баримт хөтөлбөргүйгээр тогтоогдсон. Олж авсан, хадгалсан гэх хоёр шинжээр нь дүгнээгүй гэж байна. Прокурорын зүгээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийж шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. Уг гэмт хэрэг нь тодорхой 4 төрлийн шинжээр бүрэн хангагддаг хэрэг юм. Прокуророос хадгалсан гэх шинжээр нь яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ бодисыг тухайн цаг хугацаанд Төрбаяр гэх хүнээс хариуцуулаад өгсөн “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгслийн шалавч доор хадгалж байсан нь тогтоогдсон. Иймд тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Ө.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-гэрч М.Д-ий: “...Ө.Б-ий машинтай хамт ажлаа амжуулаад орой 20 цагийн үед Төмөр замын зогсоол дээр Ө.Б-ий машиныг миний машинд холбож асаасан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд Ө.Б-ийг баривчлаад аваад явсан. Тухайн үед Ө.Б-ий бие болон машинд нь мансууруулах бодис байсныг би мэдээгүй...” (хх 38-39),
-шүүгдэгч Ө.Б-ий: “...Би ариун цэврийн өрөө рүү ороход суултуурын хажууд гялгар уутанд хийсэн 2 ширхэг тариурыг олж хараад хэн нэгэн мартаад орхиод явсан байх гэж бодоод шууд халаасандаа хийгээд аваад явсан. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед “Ханбүргэдэй” дэлгүүрийн үүдэнд найз М.Д-ий машиныг холбож өгөөд машиндаа суугаад хөдлөх гэж байхдаа цагдаа нарт баригдсан. Цагдаа надад “сайн дураараа гаргаж өгөх мансууруулах бодис байгаа юу” гэхээр нь би “2 ширхэг тариуртай шингэнийг машины жолоочийн суудлын шалавчны хажууд тавьчихсан байгаа” гэж хэлээд гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн хууль бус эд зүйл байгаагүй...” (хх 76-77) гэх мэдүүлгүүд,
-Ө.Б-ий биеэс авсан биологийн дээж буюу шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2248 дугаар (хх 49-50),
-хоёр ширхэг тариуртай шингэнээс MDMB-4en-PINACA илэрсэн ба тус бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2238 дугаар (хх 64-65) дүгнэлтүүд,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 19-21),
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 12-16),
-“Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 116,963,000 төгрөг болохыг тогтоосон “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт (хх 61-67) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Ө.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ... байрны авто зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ө.Б-ий хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг машинд бус, харин гадуур хувцасныхаа халаасанд хийж, гэртээ хадгалж байсан гэх боловч тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.
Тухайн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.
Дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудад тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.
Хувийн байдлын хувьд шүүгдэгч Ө.Б- нь 2017 онд сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь тэрээр гэм буруугаа ойлгож, ухамсарлаагүй, дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгчийн гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Урьд шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэхдээ: прокуророос Ө.Б- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ... улсын дугаартай “Toyota 4Runner” загварын машинд хадгалсан хэмээн дүгнэж, үнэлгээ хийлгэсэн байх ба шүүх, прокурор хэн аль нь тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсныг буруутган, “энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай” гэсэн үндэслэлийг зааж шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Ө.Б-ийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж, “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгслийн үнэ 116,963,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн болон тусгай зориулалтын хэрэгсэл, уналга зэргийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож, хохирол төлүүлэхэд зарцуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд ашигласан аливаа машин, механизм, зэвсэг, хэрэгслийг хурааж, улсын орлого болгох тухай ойлголт бөгөөд гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигласан болон түүнгүйгээр гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжгүй байдлыг харгалзан үздэг онцлогтой.
Хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ө.Б- тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг “Toyota 4Runner” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь бодисыг “хаана” хадгалсан гэх шинжийг тодорхойлж байгаа болохоос анхнаасаа машин механизмыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашигласан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, бодисыг олж авсны дараа тээврийн хэрэгсэлд тодорхой хугацаанд хадгалсныг учруулж болох хор уршгийн хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг зөвхөн бодисыг хадгалах зориулалтаар ашигласан зэргээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд техник, хэрэгсэл ашигласантай адилтган үзэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг илтэд зөрчсөн явдал болно.
Иймд шүүгдэгч Ө.Б- нь гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнээс 116,963,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өөрчлөх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гомдлыг бүхэлд нь хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 69 (жаран ес) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН