Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н хариуцагч Г -т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 98 620 933 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2011 оны 07 сарын 31-ний өдөр ахуйн ослоор баруун хөлийн шилбэний ясаа хугалсан. Тэр даруй ГССҮТ-д очиж эмчид үзүүлж рентген зураг авахуулсан. Рентген зургаар баруун хөлний шилбэний яс хугарсан, бяцарч үүрсэн зүйлгүй, савхан яс хугараагүй байсан. Ил шархтай ердийн хугарал гэсэн онош тавьсан. Ил шарханд оёдол тавьсан. Жижүүрийн эмч ил шархтай тул заавал хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд хэвт гэсэн боловч ор байгаагүйн улмаас маргааш нь буюу 2011 оны 08 сарын 01-ний өдөр хавсаргасан гэмтлийн тасагт хэвтсэн. 2011 оны 08 сарын 02-ны өглөө 09 цагаас 12 цагийн хооронд хагалгаанд орсон. Хагалгаа хийсэн эмч н.Батсүх, н.Гантулга болон багийн бусад хүмүүс байсан. Хагалгаа хийлгэж гарч ирсний дараа маш их цус алдсан. Мөн эмч н.Гантулга нь яс хугарахдаа хэсэг газар үйрсэн байсан нь зурган дээр тодорхой гараагүй байсан байна гэж хэлж байсан. Эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгийн зүгээс тодорхой хийх эмчилгээ байхгүй гэсэн учраас эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад боолт хийлгэж байх хугацаанд ил шархны оёдлыг авахуулсан ба шархыг сайн цэвэрлэж оёогүйн улмаас уг шарх нийлж эдгээгүй мах нь үхжиж шар хальстай болсон байсан.

Тухайн үед эмч н.Батсүх үзэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Боолт хийлгээд гэртээ байх хугацаанд халууран босч чадахаа больсон. Ах дүүс болон найз нөхдийн зөвлөснөөр БНХАУ-ын Хөх хот руу эмчилгээнд явсан. Очоод зургаа авахуулаад эмнэлэгт хэвтсэн. Эмч нарын ярьж байгаа нь хагалгаа хийх явцад алдаа гаргаж хөлийг чинь улам муу болгосон байна гэсэн. Энэ тухай асуутал хөлний шагайны дээд хэсэгт нэмж хугарсан, размер томдсон төмөр хийсний улмаас чөмөгний ясыг буталсан байна гэж хэлсэн. Гэтэл ГССҮТ-ийн эмч нар ийм болгосон тухайгаа бидэнд огт хэлээгүй байсан. Хөх хотын эмч нар бид эхний ээлжинд ил шарх идээлсэн, мах нь үхжсэн байгаа учраас үүнд л эмчилгээ хийнэ, харин ясанд эмчилгээ хийх боломжгүй гэсэн. Тэгээд хагалгаа хийж үхжсэн махыг нь авч ургуулах эмчилгээ хийсэн. Энэ хугацаанд 61 хоног эмнэлэгт хэвтсэн. Дараа нь хөлний шарх эдгэхгүй дахин идээлж 2012 оны 06 сарын 19-ний өдрөөс 2012 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл Хөх хотын эмнэлэгт дахин хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд дахин хагалгаанд орж чөмөгний сувгаар хийсэн төмөр нь уртадсан учраас хугарсан яс бороолохгүй байна гэж үзэн шагайн дээд хэсэгт бэхэлсэн 2 ширхэг шургийг авсан ба идээд үрэвслийн эмчилгээ хийлгээд гарсан. Гэтэл 2012 оны 08 сараас дахин идээлж биеийн байдал муудсан. 2012 оны 10 сард ГССҮТ-ийн зөвлөх эмч н.Шагдарсүрэнд үзүүлсэн. н.Шагдарсүрэн эмч хагалгаа хийсэн эмч нарыг дуудсан боловч н.Батсүх эмч байхгүй, н.Гантулга эмч ирэхэд энэ хүний хэвтэж эмчил гэсэн үүрэг өгсөн. Гэтэл н.Гантулга эмч одоо хэвтэх ор байхгүй, утсаа үлдээгээд харьж бай, ор гарахаар дуудна гэсэн боловч дуудаагүй. Тэгээд биеийн байдал улам муудсан. н.Өлзийбаатар эмчид үзүүлэн тус тасагт хэвтэн хагалгаанд орохоор болсон. 2013 оны 01 сард хагалгаанд орсон. Хагалгаагаар чөмөгний сувгаар хийсэн төмрийг авч, ясны гадна ба дотор талын идээг цэвэрлэн ил төмөр бэхэлгээ хийсэн. Мөн бутарсан яс нь хайлж гарсан байсан. 2 сарын дараа төмөр бэхэлгээг авч яс нөхөх хагалгаа хийнэ гэсэн боловч хийгдээгүй. 11 сарын хугацаанд ил төмөр бэхэлгээтэй явж байгаад өөрсдийн зардлаар Москва хот руу явж хагалгаанд орсон. Москвад ил бэхэлгээ төмрийг авч арьсны доод талд титан төмрөөр бэхэлгээ хийж, яс нөхөх хагалгаа хийсэн. Гэтэл 2014 оны 08 сард титан бэхэлгээ хугарч ОХУ-ын Кызыл хотод очин хагалгаанд орж дахин бэхэлгээ хийлгэсэн. Үүнээс хойш одоог хүртэл яс бороолохгүй байна. Энэ хугацаанд маш олон эмнэлэг, эмчид хандан янз бүрийн эмчилгээ хийлгэсэн.

Иймд ГССҮТ-ийн эм нар анхнаасаа буруу эмчилгээ хийсний улмаас би өнөөдрийг хүртэл 2 суга таягтай биеийн эрүүл мэндийн байдал ч сайнгүй байгаа учир ГССҮТ-аас БНХАУ, ОХУ, Монгол улсад эмчлүүлсэн эмчилгээний зардал, замын зардал 20 414 825 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 78 206 107 төгрөг, бүгд 98 620 933 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Л.Намсрай 2011 оны 07 сарын 31-ний өдөр оношлогоонд орж, ор байхгүй гэх шалтгаанаар 2011 оны 08 сарын 01-ний өдөр хэвтсэн ба мөн өдөр ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Ерөнхий эмч, Тасгийн эмч нарын хамтарсан үзлэг хийж, түүнд хагас ил аргаар чөмөгт ясны голоор түгжээт хадаасаар бэхлэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу Л.Намсрай, түүний ар гэрийнхэнд мэс заслын дараа гарч болох хүндрэл, эрсдэл /ил хугарлын үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, ясны хугарлын үзүүрүүд гадаад орчинтой харьцсан, бохирлогдсон байдаг тул мэс заслын дараа хожуу үед ил хугарлын шарх идээлэх, үхжих, халдвар даамжран чөмөгт ясны идээд үрэвсэл буюу остеомиелит үүсэх магадлал энгийн далд хугаралтай харьцуулахад 80-90 хувь байдаг/-ийн талаар тайлбарлан өгснөөр мэд мэс засалд орохыг хүсч буйгаа илэрхийлэн зөвшөөрөл өгсөн.

ГССҮТ нэхэмжлэгч Л.Н ил хугарлын гэмтлийг Олон улсад мөрдөгдөж буй Густило-Андерсан ангиллаар 1, 2 дугаар зэргийн ил хугарлыг эмчлэх стандартын дагуу, хэрэглэхэд тохиромжтой хэрэгсэл ашиглан эмчилсэн бөгөөд шарх нь хавантай, бага зэргийн шүүдэстэй хэдий ч анхдагчаар эдгэрсэн тул амбулаторийн хяналтад шилжүүлэн эмчлүүлэхээр эмнэлгээс гаргасан байдаг. ГССҮТ-өөс Л.Н нэхэмжлэлдээ дурдсанчлан размер томдсон төмөр хийгээгүй бөгөөд томдсон төмөр хийсний улмаас чөмөгний ясыг буталсан гэх нь огт үндэслэлгүй зүйл болно.

Тэрээр үүний дараа Хөх хотод эмчилгээ хийлгэсэн боловч 2012 оны 10 сард ГССҮТ-ийн зөвлөх эмчид үзүүлж 2013 оны 01 сард зүүн шилбэний ясны голоор түгжээт хадаасаар хадагдсан, ясны архаг үрэвсэл гэх оноштойгоор хэвтсэн ба түүний зүүн шилбэний ясны голоор хийсэн хадаасыг авч, ясны гадна кортикал болон ясны хөндийг ухаж цэвэрлэн ясны чөмгөнд болон гадна кортикалд ванкомицин, гентамицинтэй ясны цемент тавьж, гадна бэхлэгчээр бэхлэх ажилбар хийсэн. Мэс заслын дараа түүний шарх идээт шүүс гарахгүй, анхдагчаар эдгэрч байсан тул харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад гаргасан болно. Нэхэмжлэгч Л.Намсрай дээрх мэс заслыг хийлгэснээс хойш дараагийн шатлалын эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан боловч тэрээр ГССҮТ-д хандалгүйгээр гадаад улсад эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд тус эмчилгээнээс үүдэлтэй аливаа эрсдлийг ГССҮТ хүлээх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Гэмтэл судлалын үндэсний төвөөс 87 728 166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Намсрайд олгож, үлдэх 10 892 767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 102 073 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 596 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын хооронд ямар үүрэг үүссэн эсэхийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл хохирол учрах үед хохирогч болон хохирол учруулагчийн хооронд ямар үүргийн харилцаа үүссэн, энэ харилцааны явцад үүссэн хохирлыг хэн учруулсан, байгууллага уу, эмчлэгч үү гэдэг шүүх дүгнэлт хийгээгүй. Анх нэхэмжлэл гаргасан үеэсээ эхлэн хариуцагчийг зөв тодорхойлоогүй. Байгууллагатай хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан эмчлэгч эмч, нэхэмжлэгч хоёрын хооронд үүргийн харилцаа үүсэх болохоос биш байгууллага нэхэмжлэгч хоёрын дунд энэ харилцаа үүсэхгүй.

Нэхэмжлэгч байгууллагаас гэм хорыг нэхэмжилж байгаа бол байгууллагын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсанд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан эхлэхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-д заасныг үндэслэн хариуцагчийн гэм буруутай эсэхийг тодорхойлохгүйгээр гэм хорын хохирлыг гаргах боломжгүй. Иймд гэм буруутай этгээдийг тодорхойлсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн. Гомдол гаргах эрхтэй байсан ч уг эрхийг мөн л хангаагүй шүүх хуралдаан үргэлжилсэн.

Гэм хор ямар буруутай үйлдлээс болж учруулсан нь тодорхойгүй нь хариуцагчийг буруу тодорхойлсноос болсон. Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлийг тодорхой тусгалгүй шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан. Гэм буруутай этгээдийг тогтоохгүйгээр гэм буруу ба хохирол хоорондын шалтгаант холбоог тогтоож болохгүй.

Хохирлыг буруу тооцоолж гаргасан. Нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас төрөөс авч байсан тэтгэмжийг хасч тооцоогүй. Уг үнийн дүнг хасч тооцох байсан учир нь гэвэл хариуцагч бол төрийн байгууллага, тиймдээ ч шүүх хуралдаанд төрийг төлөөлж прокурор оролцсон. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас авч байсан тэтгэмж бол төрөөс олгогдож байгаа мөнгөн төлбөр юм. Хариуцагчийг зөв тодорхойлоогүй. Хэдийгээр анх хагалгаа, эмчилгээ хийсэн ажилтан манай байгууллагын эмч мөн боловч түүний үйлдэл гэм хор учруулсан эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэгч өөр бусад эмнэлгүүд, эсч нарт хандаж хагалгаа, эмчилгээ хийлгэсэн байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчид хагалгаа хийсэн манай байгууллагын эмч түүнд гэм хор учруулсан байлаа ч MNS4621:2008 Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд стандартын 2.1.2-т ...хагалгаа удирдах эмч нь ... хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заагдсан бүх хариуцлагыг хүлээнэ гэж заасны дагуу ГССҮТ буюу байгууллага уг асуудлыг хариуцахгүй.

Хууль бус үйлдэл. Гэм хорын хохирлыг шаардахад хариуцагчийн үйлдэл хууль бус байхыг шаарддаг ба тус шүүхээс хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус эсэхэд дүгнэлт өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч өөрт нь гэм хор учирсан буюу 2011 оноос хойш нэг ч удаа тус хэргийг эрүүгийн журмаар гомдол гаргаагүй буюу гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдэл хууль бус эсэх, хууль бус үйлдлийг ямар субъект гаргасан зэргийг тогтоогоогүй ба хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Тус шүүхээс хариуцагчийн үйлдэл хууль бус эсэх, гэм хор учирсан эсэх, хариуцагч гэм буруутай эсэх зэрэгт анализ хийгээгүй буюу тухайн асуудлыг бүрэн тогтоогоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай. Учир нь гэвэл төрийн байгууллага нь хариуцагчаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэнэ.

Иймд дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журам зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн учир гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Намсрай нь хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төв ТБАГУТҮГ-т /цаашид ГССҮТ гэх/ холбогдуулан эм, эмчилгээ, замын зардал 20 414 825 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 78 206 107 төгрөг, нийт 98 620 933 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

ГССҮТ-д хийгдсэн буруу эмчилгээний улмаас БНХАУ болон ОХУ-д хэд хэдэн удаа мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэмжилдэг бол хамтарсан үзлэгээр шийдвэрлэсний дагуу эмчилгээг хийсэн, мэс заслын дараа үүсэж болох эрсдлийг танилцуулж, гарын үзэг зуруулсан, хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй, эмчийн хийсэн мэс засал, эмчилгээний хариуцлагыг байгууллага хүлээхгүй гэсэн үндэслээр хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Л.Намсрай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ГССҮТ-д хандсан, тус байгууллагын эмч, ажилтнуудын зүгээс шаардлагатай мэс заслыг хийсэн боловч уг мэс заслын үед нэмж гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь гэм хор учруулсан гэх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Тодруулбал, 2017 оны 01 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...шаант ясны доод хэсэгт бэхэлсэн шурагны харалдаа хөндлөн хугарал үүссэн нь мэс заслын явцад үүссэн гэж үзэхээр байна... гэж /1хх 193-194/, 2018 оны 01 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...2011/08/03-ны өдрийн ... рентген зургууд дээр ... Хадаасыг доод түвшинд түгжсэн хоёр шурганы дээд шурганы ойролцоо ясны кортикал давхаргад шурганы оромтой дефект үүссэн... гэж /2хх 28/, 2018 оны 04 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...2011.07.31-ний өдрийн буюу мэс засал эмчилгээний дараах шаантны доод 1/3 хөндлөн байрлалтай шургийн ором байх ба үүний эсрэг талд нь сэлтэрсэн хугаралтай байна байна. Энэ нь мэс заслын үед шурга хийхэд үүссэн байна... гэж /2хх 54-арын нүүр/, 2020 оны 02 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 01 сарын 03-ны өдрийн болон 2018 оны 04 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан гэж тус тус дүгнэсэн. /2хх 215-216/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс 4 удаа шинжээч томилсон байх ба эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Л.Намсрай нь 2011 оны 07 сарын 31-ний өдөр баруун шаант ясны дээд 1/3 хэсгийн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал авсан, ГССҮТ-д 2011 оны 07 сарын 31-ний өдрөөс 2011 оны 08 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн, дээрх хугацаанд шаант ясны дээд талаас чөмөгний хөндий рүү шөвөгдөн, өргөсгөгчөөр өргөсгөж, хадаасыг чөмөгний голоор оруулан хугарлыг бэхэлж, хугарлын доод талаар шураг хөндлөн хийж хугарлыг ясны чөмгөнд металл хадаасаар бэхэлсэн, тухайн мэс заслыг хийх явцад шаант нэмж хугарсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ...Эмч нарын ярьж байгаа нь хагалгаа хийх явцад алдаа гаргаж хөлийг чинь улам муу болгосон байна гэсэн. Энэ тухай асуутал хөлний шагайны дээд хэсэгт нэмж хугарсан, размер томдсон төмөр хийсний улмаас чөмөгний ясыг буталсан байна гэж хэлсэн... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Намсрай нь хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул энэхүү гэм хорыг мэс засал, эмчилгээг анх хийсэн эмч, ажилтныг ажиллуулж байгаа ажил олгогч буюу ГССҮТ хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГССҮТ-өөс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг шаардах эрхтэй.

 

Дээрх гэм хорын улмаас нэхэмжлэгч БНХАУ болон ОХУ-д мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлээгүй үйл баримт хэрэгт авагдсан Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулагдсан Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат эмнэлгийн Эмнэлгээс гарах тэмдэглэл, эмнэлэгт хэвтсэн төлбөрийн баримт, Холбооны Анагаахын Биологийн агентлагийн Эрүүл мэндийн холбооны Улсын төсвийн байгууллага клиникийн эмнэлгийн Өвчний түүх мөн зочид буудалд байрласан, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Л.Н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх 10, 12-13, 15-45, 60-62/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан эм, эмчилгээтэй холбоотой зайлшгүй зардлыг нийт 9 522 059 төгрөг хэмээн зөв тооцсон атлаа 2011 оны 11 сараас 2016 оны 04 сар хүртэлх хугацааны цалин тэтгэврийн зөрүүг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байх тул түүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд Л.Намсрай нь осолд орохын өмнө буюу 2011 оны 04 07 саруудад хөдөлмөрийн хөлс авч, ажил олгогчийн зүгээс холбогдох шимтгэлийг төлж байсан байх ба үүнээс харьцангуй тогтмол шинжтэй 04, 05, 06 сарын цалин хөлсний дундаж нь (1 250 000 + 1 250 000 + 1 482 941) / 3 = 1 327 647 төгрөг болж байна. /1хх 7-11/

 

Үүнээс 2011 оны 11 сараас 2016 оны 04 сар хүртэлх хугацаанд тухай бүр авч байсан тэтгэврийг хасч тооцоход 2011 оны 11 сараас 2012 оны 09 сар хүртэлх хугацаанд 14 604 117 төгрөг, 2012 оны 10 сард 1 117 839 төгрөг, 2012 оны 11 сараас 2014 оны 03 сар хүртэлх хугацаанд 17,170,505 төгрөг, 2014 оны 04 сард 995 831 төгрөг, 2014 оны 05 сараас 2015 оны 02 сар хүртэлх хугацаанд 9 577 110 төгрөг, 2015 оны 03 сард 913 711 төгрөг, 2015 оны 04 сараас 2016 оны 04 сар хүртэлх хугацаанд 9 337 287 төгрөг, нийт 53 716 400 төгрөгийн цалин тэтгэврийн зөрүү гарч байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...87 728 166... гэснийг ...63 238 459... гэж, ... 10 892 767... гэснийг ...35 382 474... гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...596 590... гэсниийг ...474 142... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР