2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09101

 

 

 

 

 

 

 

 

2025 11 07

192/ШШ2025/09101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Номин юнайтед цогцолбор 5 дугаар давхарт байрлах, Номин тав трейд ХХК /РД:5469929/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Номин тав трейд ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Номин Тав Трейд ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтэс нь ****-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №4/22/243 дугаар харуул хамгаалалтын гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Дээрх гэрээний дагуу бид Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай New city Residence хотхоны талбай болон эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамгаалалтын алба хаагч ажиллуулж гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэвч **** нь харуул хамгаалалтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс үүдэн нийт 15,840,000 төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд манай компанийн зүгээс тус компанийн гүйцэтгэх захирал Т.Гантөмөртэй удаа дараа холбогдож гэрээний төлбөрийг шаардахад би мэдэхгүй толгой компани төлнө гэх мэтчилэн хариу өгсөөр өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчин манай компанийг хохироож байна. **** нь 2023 оны 06 дугаар сараас хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 15,840,000 төгрөгийн үүргийн зөрчилтэй байна. Харуул хамгаалалтын гэрээний 4.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг гэрээнд заагдсан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг хамгаалагч талд төлнө гэж заасны дагуу тооцооны үлдэгдлийн баталгаа 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэнээс хойш 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт 520 өдөр гэрээний үүрэг зөрчиж 15,840,000 төгрөг төлөөгүй бөгөөд 1 өдрийн алданги 79,200 төгрөг буюу нийт алданги 41,184,000 төгрөг байна. Бид Иргэний хуулийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15,840,000 төгрөгийн 50% буюу 7,920,000 төгрөгийн алдангийг тооцсон болно.

Иймд ****-иас харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 15,840,000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги 7,920,000 төгрөг, нийт 23,760,000 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч нь дээрх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүхээс хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/Ш32025/*** дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих ****-ийн хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Харуул хамгаалалтын гэрээ, ****-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Номин тав трейд ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр өөрийн үйл ажиллагаа явуулж буй газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасан шаардлагад нийцэж байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, харуул хамгаалалтын гэрээ зэргээр тогтоогдоно.

 

4. Хариуцагч гэх **** нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сити центр 9 давхарт бүртгэлгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/**** дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар нотлогдох ба хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч ****-ийн хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан **** /РД:***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа /оршин байгаа/ хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ