| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0081/э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сард Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Жгийн 2 адууг хулгайлсаны улмаас 5650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хүний адууг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 10 сарын үеэр манайх Зараа багийн нутаг Баянбуурал хайрханы орчмоос хонгор халзан морь, сартай саарал үрээ, ширээтэй чагтан тамгатай адуу алдсан юм. ....цагдаагийн байгууллага миний гомдлыг шалгах хугацаанд Б надтай ирж уулзаад би танай адууг хулгайлж махалж зарсан танд учирсан хохирол мөнгийг төлж өгнө гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э.Б надад хөгшөөн манай хоёр морь овооны хойд талд байна ...хашилцаад өг гэж хэлсэн ...Баянбуурал овооны ард 5 адуу байсан ба сүүлийн 2 адууг нь тасдаарай гэхээр нь би сүүлд нь явсан хонгор халзан, саарал адуу хоёрыг тасдаж хашсан...ширээтэй чагтан тамгатай байсныг нь би сайн харсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай найз Б нь намайг сумын төв дээр байж байсан чинь чи найздаа хоёр адуу ачаад өгөөч найз нь түлш хийгээд өгье гэж хэлсэн ...хоёр тооны адуу хашаатай байсан саарал морь, хонгор халзан хоёр морь байсан.../ширээтэй чагтан тамгатай/ адуунууд байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манай найз Э.Б намайг сумын төв дээр ээлжийн ажилтай эмнэлгийн галчаар ажиллаж байхад ...адуу хийлцээд өгөөч гэж хэлсэн. ..Эгийн хаваржаан дээр очсон. ..сартай саарал үрээ, хонгор халзан морь хоёр хашаатай байсан ширээтэй чагтан тамгатай адуу байсан ...адууны мах болон арьсийг нь ачаад сумын төв дээр Г эгчид авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2017 оны 10 сарын сүүлээр байхаа манай сумын залуу Э.Б нь надад 2 тооны адууны мах ачиж авч ирээд ширтэй нь өгсөн ...ямар ч байсан хонгор адуу, саарал адууны ширтэй хамт өгсөн...” гэсэн мэдүүлэг.
Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 64/01 дугаартай: "... Хонгор халзан зүсмийн их морь 5 000 000 төгрөг, сартай саарал үрээ 650 000 төгрөг, нийт 5 650 000 төгрөг..” гэсэн дүгнэлт,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 27/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сард Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Жгийн 2 тооны адууг хулгайлж 5650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ж, гэрч О.И, Т.Б, Б.Г, Т.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б нь бусдын 2 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Д.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Баас 5 650 000 төгрөгийн хохиролд төлөг 28, шүдлэн 12 нийт 40 тооны бог мал, унагатай гүү 1, үрээ 1 нийт 3 бод мал авсан ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч Э.Бтай эвлэрсэн талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Бт мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Жд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН