| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402 00286 0235 |
| Дугаар | 2025/ДШМ/338 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/338
Д.Э-, Ю.Ө-, Х.Н- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч Ю.Ө-, түүний өмгөөлөгч А.Туул,
шүүгдэгч Х.Н-ийн өмгөөлөгч З.Тамир,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр Д.Э-, Ю.Ө-, Х.Н- нарт холбогдох 2402 00286 0235 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Б овгийн Д-гийн Э, 1988 онд Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
2.Т овгийн Ю-гийн Ө, 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерийн командлагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
3.Ц овгийн Х-ын Н, 1984 онд Сүхбаатар аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймагт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
1.Д.Э- нь нийтийн албан тушаалтнаар ажиллах байхдаа Ю.Ө-, Х.Н- нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”,
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан шатанд мэдэгдэх”, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”,
албан тушаалын тодорхойлолтын 3.6 “Авлига хүнд суртлаас ангид байж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд үнэн зөв мэдүүлэх, явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах”, 3.7 “Авлигын сэжигтэй тохиолдол бүрийг холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдээлэх” гэж заасныг тус тус зөрчиж,
2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил Х.Н-ээс нөхөр Э.Т-ийг зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авахуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хүссэн хууль бус хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан Ю.Ө-тай өөрийн ... дугаарын утаснаас холбогдон ярьж “наана чинь Toyota Crown байгаа юм уу, наад машинаа явуул” гэсэн хууль бус чиглэлийг өгсний улмаас Ю.Ө- нь Э.Т-ийн согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, Э.Т-т давуу байдал бий болгосон;
2.Ю.Ө- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Д.Э-, Х.Н- нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”,
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”,
албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсэг “замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн жолоочид захиргааны хариуцлага ногдуулах, журамлагдсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бүртгэлд цаг тухайд нь оруулах” гэж заасныг тус тус зөрчиж,
2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Mongolia Hotel” зочид буудлын урд талын замд Э.Т нь ... улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад зохицуулагч Э.Г- зогсоож, тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад ерөнхий эргүүл Д.Э-ын өгсөн хууль бус чиглэлийн дагуу согтуурлын хэмжээ тогтоогч драйгер багажаар Э.Т-ийн согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй түүнийг шалгалгүй явуулж, Э.Т-т давуу байдал бий болгосон;
3.Х.Н- нь Д.Э-, Ю.Ө- нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нөхөр Э.Т-ийг зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авхуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Д.Э-ын ... дугаар руу ... гэсэн дугаараас залгаж, нөхөр Э.Т-ийг шалгуулахгүй байх хууль бус хүсэлт тавьж, улмаар эрх бүхий албан тушаалтнаас Э.Т-ийн согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Э.Т-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ю.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Х.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ю.Ө-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, зохион байгуулагчаар хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Х.Н-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хатгагчаар хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзэлгүй Д.Э-, Ю.Ө-, Х.Н- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчсөн.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр цээрлүүлэх төрийн албадлагыг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц шинжийг агуулсан байдлаар ял оногдуулах нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно. Уг зохицуулалт нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх хэрэглэж болохоор хуульчлагдсан.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухай этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог. Шүүгдэгч Д.Э-, Х.Н- нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо өөр өөр байхад ялыг ялгамжтай оногдуулаагүй, шүүгдэгч нарт нэгэн ижил байдлаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээр маргаагүй. Болсон үйл баримтыг бүгдийг үнэн зөвөөр ярьдаг. Өмгөөлөгч нараас хууль хэрэглээний хувьд буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна уу, эсхүл сахилгын шинжтэй юу гэдэг талаас нь дүгнэлтээ хэлж оролцсон. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалтай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан. Түүнээс биш бусад тохиолдолд тэнсэж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ю.Ө-ын өмгөөлөгч П.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ю.Ө-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа үнэн, зөв мэдүүлэг өгч оролцсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Н-ийн өмгөөлөгч З.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Н-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа үнэн, зөв мэдүүлэг өгч оролцсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ю.Ө- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
шүүгдэгч Ю.Ө-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, зохион байгуулагчаар хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Х.Н-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хатгагчаар хамтран оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь:
1.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Хэдий ийнхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгосон эрх мэдлийн асуудал боловч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдлыг заавал харгалзах ёстой.
Шүүгдэгч Д.Э-, Х.Н- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон байр суурь зэргээс үзэхэд, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Д.Э-, Х.Н- нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт үйлдлээ ухамсарлаагүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
2.Түүнчлэн шүүхээс шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Шүүх, шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан, тэдгээрийн гэм буруугийн санаа зорилгод дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг ялгамжтай оногдуулах шаардлагатай.
3.Түүнчлэн анхан шатны шүүх ийнхүү шүүгдэгч нарын үйлдэлд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй боловч Д.Э-ыг гэмт хэргийн зохион байгуулагч, Ю.Ө-ыг гүйцэтгэгч, Х.Н-ийг хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг огт хийгээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрлийг тодорхой заасан.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг ямар үндэслэлээр зүйлчлэн тогтоосон үндэслэлээ дүгнэх ёстой.
Дээрх үндэслэлүүдээр прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хангасугай.
2.Шүүгдэгч Д.Э-, Ю.Ө-, Х.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН