Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00542

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00542

 МАГАДЛЛ

2017.2.20 дугаар 542 Улаанбаатар

 

Баунти Энтерпрайсес ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баунти Энтерпрайсес ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хорсмэн клаб ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 155 915 159 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа, Ж.Майзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь АНУ-ын Юта мужийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани бөгөөд 2011 онд Хорсмэн клаб ХХК-тай галт зэвсэг, дуран, дагалдах хэрэгслийг нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. 2011 онд байгуулагдсан гэрээ нь хоёр улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан бөгөөд хариуцагч тал барааг бүрэн хүлээж авсан. Гэвч гэрээгээр тохирсон үнийг одоо болтол төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр тооцоо нийлэхээр гэрээ байгуулж, үүгээр нийт төлбөрийн хэмжээг 42.000 ам.доллар гэж тохироод график гаргаж, үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги, мөн хуульчид төлсөн 5.000 ам.доллар, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч АНУ-аас энэ хэрэгтэй холбоотой Монгол Улсад ирэх бол зочид буудал, замын зардлыг төлнө гэж гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар хариуцагч тал ямар нэгэн төлбөр төлөөгүй. Иймд төлөгдөөгүй байгаа нийт 42.935 ам.доллар, хуульчид төлсөн хөлс 5.000 ам.доллар, хугацаа хэтэрсний алданги болох 20.751 ам.доллар, нийт 68.686 ам.доллар буюу Монгол банкны албан ёсны ханшаар 155 915 159 төгрөгийг нэхэмжилж байгаа. Төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж нийт 5 үе шатаар төлөхөөр тохиролцсон. Алдангийг хэсэгчилсэн төлбөрийг төлөх хугацаа өнгөрсөн үеэс эхлэн график гаргаж тооцсон гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 онд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 42.935 ам.долларыг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй. Хэлний бэрхшээл дээр орчуулга хэр үнэн зөв эсэх, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Анх 2013 онд байгуулсан хүчин төгөлдөр гэрээн дээр өмгөөлөгчийн хөлс, алдангийн талаар заагдаагүй учир төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 онд бараа бүтээгдэхүүн шилжиж ирсэн ч талууд 2010 оноос хойш харилцаж байсан бөгөөд эрх бүхий байгууллагуудын зүгээс тусгай зөвшөөрлийн үүднээс хугацаа алдан хүндрэл гарч 42.935 ам.долларыг төлөхөд доголдол гарсан нь давагдашгүй хүчин зүйлээс болсон. Иймд үндсэн төлбөрөө төлье, өмгөөллийн хөлсийг баримтаар нотлогдож байгаа тул хүлээн зөвшөөрч байгаа. Алданги болон нэмэлт зардлыг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Хорсмэнклаб ХХК-иас 155 915 159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баунти Энтерпрайс ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баунти Энтерпрайс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 938.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хорсмэнклаб ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 937.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баунти Энтерпрайс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдагдсан өмгөөллийн хөлс, төлбөрийн мэдэгдэлд дурьдагдсан гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5%-ийн алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны үнийн дүнгээс бусад төлбөрийг төлөх талаар ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй байгааг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөрийн тооцоо нийлэх гэрээнд Баунти Интерпрайсес ХХК-ийн тамга байгаа боловч эх хувиараа бус факсаар ирсэн гэрээ болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн дээрх гэрээг монгол хэл рүү хэн орчуулсан нь тодорхойгүй, эх хувь бус баримт байхад Х.Энхтуяа гэх нотариат баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний хувь дээр Баунти Интерпрайсес ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу Чарлес Свансон байх ёстой. Хэрэв эрх бүхий этгээд Ж.Майзоригт гэрээ байгуулах эрхээ шилжүүлсэн буюу итгэмжлэл олгосон эсэхийг тодорхойлоогүйгээр шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нийт 155 915 159 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөрийн тооцоо нийлэх гэрээнд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийн шаардлага хангасан зэргийг тодорхойлоогүй байж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Баунти Интерпрайсес ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр явуулсан итгэмжлэл нь Гадаад яамны Консулын хэлтсээр дамжаагүй байгаа зэрэг нь холбогдох хууль тогтоомжуудыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Баунти Интерпрайсес ХХК нь хариуцагч Хорсмэн клаб ХХК-д холбогдуулан Өр төлбөрийн тооцоо нийлэх гэрээний үүрэгт 42 935,0 ам.доллар, өмгөөлөгчид төлсөн 5 000 ам.доллар, алдангид 20 751 ам.доллар нийт 68 686 ам.доллар буюу 155 915 159 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 42 935.0 ам.долларыг төлөхийг зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны үнийн дүнгээс бусад төлбөрийг төлөх талаар үүрэг хүлээгээгүй тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Өр төлбөрийн тооцоо нийлэх гэрээ-гээр төлбөр төлөгч Хорсмэн клаб нь 2013 онд худалдаж авсан 25 галт зэвсэг, дуран, түүний дагалдах хэрэгслийн үнэд төлөх нийт 42 935.0 ам.долларын 20 000 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны, 9 000 ам.долларыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний, 9 000 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний, 4 935 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулах үүрэг хүлээж, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцсоноос гадна төлбөр хүлээн авагчийн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 5 000 ам.долларын хохирлыг төлбөр төлөгч төлөхөөр гэрээний 4.3 дах хэсэгт заажээ. /хх-3-6/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баунти Интерпрайсес ХХК нь хариуцагч Хорсмэн клаб ХХК-иас тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Хорсмэн клаб ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас галт зэвсэг, дуран, түүний дагалдах хэрэгслийн үнэд төлөх 42 935.0 ам.доллар болон өмгөөлөгчид төлсөн хөлс болох 5 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар /хх-91/ гаргасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөллийн хөлс, алдангийг зөвшөөрөхгүй, барааны үнийн дүнгээс бусад төлбөрийг төлөх талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүйг шүүх харгалзан үзээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч Хорсмэн клаб ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч Баунти Интерпрайсес ХХК-тай байгуулсан дээрх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул гэрээний 3.5 дах хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй болжээ. /Хх-4/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 20 751 ам.доллар гэж тооцож, хариуцагчаас нийт 155 915 159 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 3.1, 3.5, 4.3 болон Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.6, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байх бөгөөд гэрээний тохиролцоо нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Хорсмэн клаб ХХК-ийн төлсөн 937 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ