Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02069

 

 

 

 

 

 

 

 

 

Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-д холбогдох,

 

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Оюумаа,

Хариуцагч: Д-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Хандсүрэнтэй хамтран амьдарч байсан ба бидний дундаас охин Т.Мядагмаа 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, хүү Т.Бат-Оюун 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч нь Т- би бөгөөд хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоогдсон.

Намайг 2017-2018 онд үүрэг гүйцэтгэж байх үед С.Хандсүрэнгийн бие муудаж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан. Талийгаач бид хоёрын амьдарч байсан байранд хариуцагч дур мэдэн цоожийг нь онгойлгож орсон ба миний өмсөж байсан хувцас, мөн хөргөгч, зурагт, мөнгөн аяга болон эд зүйлийг өгөхгүй байна. С.Хандсүрэн нь өвчтэй байх хугацаандаа өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хүүхдүүд болон эгч Д-даа өвлүүлсэн байсан.

Гэтэл талийгаачийн эгч Д- нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийн эд хөрөнгөд хууль ёсны зөвшөөрөлгүй халдаж, хүүхдүүдийн ээжийнх нь үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг дур мэдэн, хууль зөрчин, төрсөн хүүхдүүд нь байсаар байтал өөрийн эзэмшилд авсан байна.

Хүүхдийн нэр байсаар байтал дур мэдэн хүүхдийн орон байрыг өөрийн өмчлөлд авсанд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот орон сууцны өмчлөгчөөр хүү Т.Бат-Оюун, охин Т.Мядагмаа нарыг тогтоож өгнө үү.

Хүү Т.Бат-Оюуны хувьд байнгын асаргаа эмчилгээ шаардлагатай бөгөөд дауны хам шинж өвчтэй хүүхэд юм. Ээжийг нь амьд сэрүүн байхад буюу маш хүнд өвчтэй байхад нь тус байрыг бэлэглэлийн гэрээгээр Д- өөрийн өмчлөлд авсан. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй.

Мөн хариуцагч Д- хүүхдүүдийг байранд нь суулгахгүй байх тул байрыг Д-гаас орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний төрсөн дүү С.Хандсүрэн нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Миний дүү С.Хандсүрэн нь өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгчийг би танихгүй. Би дүүгээ асарч байгаад өнгөрүүлсэн. Нэхэмжлэгч миний дүүг эмнэлэгт байхад ирж байгаагүй, оршуулганд нь ирээгүй, миний дүүтэй хамт амьдарч байгаагүй, бидэнд худал ярьж, хөрөнгөтэй болох гэсэн тооцоололтой хүүхдийн асран хамгаалагч болсон.

Т.Мядагмааг Эрдэнэт хотод н.Энхцэцэг гэгч айлд өгсөн байгааг 10 сард би өөрөө явж байж мэдсэн. Энэ үеэр охин Т.Мядагмаа нь надад хэлэхдээ би эндээс явмаар байна, бөөсдөөд байна гэж хэлээд нилээдгүй эцэж турсан, уйлсан, маш их шаналсан, санасан байсан. Ингээд би Т- руу яриад бидний зовлонгоор битгий тоглоод байж, нялх хүүхдүүдийг байсан газарт нь аваад ир гэж хэлэхэд шүүх намайг эцэг нь болгосон гэж хэлж, бид хоёр нилээдгүй утсаар маргалдсан.

Гэтэл бодит байдал дээр Т- нь өөрийн гэсэн гэр бүлтэй, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг олж мэдсэн.

Т- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот байранд 2018 оны 10 дугаар сараас хүүхдүүдтэйгээ амьдаръя гэсэн болохоор нь дээрх байранд байлгасан чинь амьдран суусан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл СӨХ-ийн болон байрны төлбөрийг төлөөгүйгээс гадна хоёр нялх хүүхдүүдийг амьдруулалгүй, энд тэнд орхисон болохыг мэдсэн.

Миний бие нь нагац дүү Т.Мядагмаагийн хамтаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач С.Хандсүрэнгээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг орон сууцыг шилжүүлж авсан. Т.Мядагмаа болон Т.Бат-Оюун нарыг миний дүү өөрөө асрамжиндаа өсгөж ирсэн атал цуг амьдарч байгаагүй Т- нь охиныг хууль бусаар аваад явсан. Т-д хүүхдийг болон байрыг шилжүүлэх хуулийн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин Т- нь Т.Мядагмаа болон Т.Бат-Оюун нарыг бидэнд өгч, хүүхдүүдийг амьдарч байсан гэр оронд нь авчирч өгөхийг чин сэтгэлээс хүсч байна. Миний бие Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан үүсгээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч Д-гийн эзэмшлээс албадан чөлөөлж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т-ын 2018 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 991 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т- нь миний төрсөн дүү талийгаач С.Хандсүрэнгийн хоёр хүүхдийн эцэг нь хэмээн дүүг минь нас барсан цагаас эхлэн биднээс хоёр хүүхдийг булаан авч, улмаар энд тэндийхэн шүүхэд хөрөнгө, өмч авна хэмээн өнөөдрийг хүртэл магргалдаж байгаа болно.

Т- нь өөрийн гэсэн гэр бүлтэй. Миний талийгаач дүүтэй хамтран амьдарч байгаагүй, бидний гэр бүлийн хөрөнгийг энэ тэнд өөрийнхөө хөрөнгийг гэж ярьж, хүүхдүүд минийх гэсэн атлаа эхнэрээсээ нууж Эрдэнэт хотод байлгаж байгаа. Энэ хүний хийсэн үйлдэл өөр, бусдын амьдрал руу орж, хоёр хүүхдийн нэрээр хөрөнгө авах гэсэн санаа байгаа болно.

Миний бие нь төрсөн дүүгээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр үлдээсэн Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/17 дугаар байрны 3-05 тоотод байрлах 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг охин Т.Мядагмаатай хамтран өмчлөгч бөгөөд энэ байранд миний бие хоёр хүүхдийг байлгахгүй гэж яриагүй.

Т- нь хүүхдүүдийг булаан авсан, Т-ыг хүүхдүүдтэй амьдрах гэж байгаа юм байна гэж бодоод нэг удаа орон сууцад байлгаж үзсэн боловч СӨХ-ийн бүтэн жилийн өрөнд оруулсан, хүүхдийг тэжээн тэтгэж чадахгүй гээд 18 000 000 төгрөг зээлж аваад өгөхгүй байгаа.

Анхан шатны шүүх нь өмчлөгч Д-г байрандаа орох эрхийг хасч, улмаар өмчлөгчөөс өмчийг чөлөөл гэсэн нь үнэнд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Д-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Түмэнжаргал нь С.Хандсүрэнтэй хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Мядагмаа, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Бат-Оюун нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр, С.Хандсүрэн нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан болох нь бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх14, 15-16/

 

Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/ШШ2019/01844 дугаар шийдвэрээр хүү Т.Бат-Оюуны эцэг нь Т- болохыг тогтоож, хүүг Т-ын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх7-8/

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.Хандсүрэнг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт орших 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д-, Т.Мядагмаа нарыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байна. /хх11, 10, 45/

 

Уг орон сууцыг Д- эзэмшиж байгаа талаар маргаагүй.

 

Иймд Т.Мядагмаа нь Д-гийн адил орон сууцны өмчлөгчийн хувьд уг орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй, Д-гийн орон сууцны эзэмшлийг хууль бус гэж дүгнэхгүй байтал түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Хэргийн үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхойлж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Насанд хүрээгүй Т.Мядагмаа нь өмчлөгчийн хувиар уг орон сууцыг эзэмшиж, ашиглах эрхтэй тул уг эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Д-д даалгах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

С.Хандсүрэн нь нас барахын өмнө Д-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр охин Т.Мядагмаа болон түүний төрсөн эгч Д- нар орон сууцны өмчлөгч болсон, бэлэглэгчийн хүсэл зориг бүрэн илэхийлэгдсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжпэгч Т-ын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус, бэлэн хүлээн авагч нь бэлэлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

 

Т.Мядагмаа болон Т.Бат-Оюун нарын амьдарч буй гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл байдлыг сайжруулсан гэж дүгнэхээргүй байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын хариуцагч Д-гийн эзэмшлээс албадан чөлөөлж гэснийг Т.Мядагмаагийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд Д-гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж, гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА