| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2308 00000 0982 |
| Дугаар | 2025/ДШМ/397 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/397
Г.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Түмэнжаргал,
хохирогч Б.Ш-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч Г.Л-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлоор Г.Л-д холбогдох 2308 00000 0982 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г-ийн Л, 1991 онд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Г.Л- нь 2023 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ш-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар толгойгоор мөргөн, гараар цохиж, эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар Г.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.Ш-ын баримтаар нэхэмжилсэн 6,253,470 төгрөгийг төлж барагдуулсан, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн Г.Л-гийн зүгээс хохирогчоос уучлал хүсэж, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаар бодит санаачилга гаргаж байсан.
Мөн Г.Л- нь гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан төлөвлөөгүй, нэг удаагийн шинжтэй үл ойлголцол, маргааны улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч ямар шалтгааны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих болон торгох ялаас хорих ялыг сонгон оногдуулж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Гэтэл шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 4 жилийн хорих ял шийтгэл оногдуулахаар санал дүгнэлт гаргасан байхад 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг, үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй, эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж үзэхээр байна.
Г.Л- нь гэр оронгүй, айлын хажуу өрөөнд амьдардаг. Харин хамт олон, байгууллага нь ажлаа маш сайн хийдэг, 2 ээлжид сайн ажиллаж байгаа учраас байгууллагын зүгээс хэрэв ажлаа хийхээр бол хохирогчид эхний ээлжид 10,000,000 төгрөг гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн талаар баримт хэрэгт авагдсан.
Иймд миний үйлчлүүлэгч Г.Л-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан Б.Ш-аас уучлалт гуйж байна. Миний буруу, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял түүнд тохирсон гэж үзэж байна. Энэ хэрэг 2023 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн. Хохирогчийн зүгээс залуу хүүхэд анх удаа согтуу байхдаа ийм асуудал гаргасан гээд “ах нь гэрээт ажил хийдэг, ахынхаа өмнөөс ажил хийгээд өгчих, чамд мөнгө төгрөг гээд байх юм байхгүй” гэж хэлсэн. Гэтэл “би таныг ганц цохиход таны нүд сохорно гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд гарсан. Тухайн үед би хамт очиж уулзсан, мөн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлсан. Энэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зүйл юм. 2023 оны 04 дүгээр сараас хойш хохирол төлбөр төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй, нэг ч удаа эрүүл мэндийн байдлыг нь асуугаагүй. Шүүхийн шатанд 6,253,470 төгрөг шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар олгогдож байгаа хохирол юм. Хохирогчид үүнээс илүү хохирол, хор уршиг учирсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед өөр хүн салгаагүй бол хохирогчийн амь насанд хүрэхийг үгүйсгэхгүй нөхцөл байдалтай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, бусад нөхцөл байдалд тохирсон бөгөөд мөн хохирогч ийм байр суурьтай байгаа. ...” гэв.
Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Б.Ш-ын “...Эхнэр Б.Э-ийн хамт “...” бааранд манай эхнэрт гэрийн ойролцоо амьдардаг Мөөгий гэх хүн хамт явна гэж хэлж байсан. Эхнэр жирэмсэн байсан болохоор бид хоёр явах гээд бүжгийн талбайд бүжиглэж байсан Мөөгийд явья гэж хэлэхээр очих үед нэг танихгүй залуу Мөөгий бид хоёрын голоор орж ирсэн. Би тэр хүнд “би наад эмэгтэй хүнтэй чинь хамт явж байгаа, одоо авч явах гэж байна” гэж хэлээд зөрөх үед миний мөрөн дээрээс татахаар нь эргэж харахад миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд нь би хойшоо унасан. Намайг унах үед миний нүүрэн дээрээс гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна...” (1хх 20),
-гэрч Б.Э-ийн: “…2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө “...” бааранд байж байгаад би нөхөр Б.Ш-ын хувцсыг нь өмсүүлээд дагуулаад гарч байсан чинь үл таних хүн мөргөлдөөд хоорондоо заамдалцаад зодолдоод эхэлсэн. Би хүмүүсээс салгаад өгөөч гээд салгах хооронд манай нөхөр газар унасан, нөгөө залуу нь цохиж байсан. Тэгээд хүмүүс салгаад цагдаад дуудлага өгсөн. Манай нөхрийг Г.Л- гараараа цохисон, би салгах гээд сайн харж чадаагүй. Нөхөр нэлээн согтолттой байсан...” (1хх 26-27),
-гэрч Б.М-ийн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед манай хүүхдийн ангийн эцэг эхчүүд дуудаад би “...” пабад очсон. Б.Ш- эхнэрийн хамт орж ирээд юм яриад сууж байгаад Б.Э- надад манай нөхөр бид 2 явлаа гэж хэлээд босоод явсан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. Анх “...” пабад орж ирэх үед Б.Ш-ын биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байсан...” (1хх 31, 33),
-гэрч Х.М-ийн: “...22 цагийн үед Б.Ш- эхнэр Б.Э-ийн хамт гаднаас орж ирсэн. Би Б.Э-т “явахдаа хэлээрэй, хамт явна шүү” гэж хэлээд бүжгийн талбайд бүжиглэж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ний 02 цагийн үед гэртээ ирээд Б.Э- рүү залгаж ярихад “манай нөхөр сая “...” бааранд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй...” (1хх 35),
-шүүгдэгч Г.Л-гийн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үл таних залуугийн зүүн нүд орчимд нь 2-3 удаа гараараа цохисон. Би ганцаараа явж байсан...” гэх (1хх 230) мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5749 дүгээр “...Б.Ш-ын биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (1хх 43-45),
-шинжээч Б.Долгормаагийн: “...Б.Ш-ын биед учирсан зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хүнд гэмтэл юм. 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (1хх 51),
-хохирогч Б.Ш- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх Улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлолт (1хх 78-102),
-цагаан судалтай, хар биеийн тамирын хослолтой залуу нь хар цамцтай, цайвар өмдтэй, хар гуталтай хүнийг зодож байгааг тусгасан камерын бичлэг (1хх 13-17),
-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 1) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Г.Л- нь 2023 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ш-ыг үл ялих зүйлээр шалтаглаж толгойгоор мөргөн, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Л-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хохирогч Б.Ш-ын эрүүл мэндэд хууль бусаар санаатай халдаж, хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлийн алийг сонгон хэрэглэх, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх талаар урьдчилан төсөөлж, төлөвлөөгүй, гэнэтийн хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байдлыг ойлгоно.
Гэтэл хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Л- нь “...” бааранд тохиолдлын шинжтэйгээр хохирогч Б.Ш-тай маргалдсан боловч ийнхүү маргаан үүссэний дараа хувийн таарамжгүй харилцааны улмаас нэг удаагийн үйлдлээр бус, хохирогчийг толгойгоор мөргөх, унасан үед нь үйлдлээ үргэлжлүүлэн гараар цохиж эрүүл мэндэд нь олон тооны шарх, гэмтэл бүхий хүнд хохирол санаатайгаар учруулсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.
Хэдийгээр шүүгдэгч Г.Л- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд Б.Ш-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний биед зүүн нүдний хараагүйдэл үүсгэн хамгийн чухал эрхтнээс нь хагацааж, ямар нэгэн өөрчлөлтгүй бие организмын жам ёсны байдлыг нь алдагдуулан, цаашид өдөр тутмын амьдралаа гэмт хэрэг гарахаас өмнөх байдал шиг хэвийн явуулах боломжгүйд хүргэжээ.
Ийнхүү дахин сэргэх боломжгүйгээр хохирогчийн биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирсан, гэмтлийн улмаас үлдэц уршиг үүссэн, хөдөлмөрийн чадвар 65 хувь алдагдсан, түүнчлэн хохирогч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, би гомдолтой байна” гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Л- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 63 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-гийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 (жаран гурав) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН