| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04258/И |
| Дугаар | 192/ШШ2025/07225 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07225
2025 09 15 192/ШШ2025/07225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-т холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 8,816,825 төгрөг, урамшуулал, шагналт цалинд тооцон 3,600,000 төгрөг, нийт 12,416,825 төгрөгийн нөхөн олговорыг гаргуулах, цалингийн зөрүүгээс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*, өмгөөлөгч Б.*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч М.* миний бие энэ байгууллагад 1999 онд хуучнаар Автобус-1 ХК байх үед нь Шатахуун түгээх станцын түгээгчээр ажилд ороод 2000 оноос тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, эдийн засагч зэрэг ажлуудыг хийж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 12 сараас хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл "*г" ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн * дүгээр "* ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай" тушаалаар хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан гэж албан тушаалын нэршил өөрчлөгдсөн байхад бүтцээр орон тоо чинь байхгүй гээд надтай зөвшилцөлгүйгээр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан" хэмээх өөр чиг үүрэгтэй, онцгой мэргэжлийн мэдлэг шаардлагатай албан тушаалд сэлгэн ажиллуулахаар томилсон байна. Гэтэл бүтэц хийх үед миний мэргэжилтэй холбоотой албан тушаал буюу "Хөрөнгө бараа материалын нягтлан бодогч" гэсэн орон тоо хүнгүй байсан бөгөөд саяхнаас тухайн албан тушаалд гаднаас хүн авч ажиллуулсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан" нь мэргэжлийн онцлог, эрхлэх чиг үүргийн хувьд миний эрхэлж байсан санхүүгийн ажлаас тэс өөр бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна" гэж хуульчилсан байдаг.
Тиймээс уг албан тушаалд ажиллахын тулд тусгай мэргэжил, боловсрол, мэргэшил шаардагдана. Мөн бүтцийн болон сэлгэн ажиллуулсан тушаалаа огт надад танилцуулаагүй. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга * нь * тоот тушаал нь миний ажлын байрыг өөрчилсөн тушаал гэж тайлбарлах боловч уг тушаалыг миний ажлын байрыг өөрчлөх тушаал гэж үзэхгүй байна.
Энэхүү асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус хуралдсан боловч одоог хүртэл шийдэгдээгүй тул дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж байгаа болно. Мөн цалингийн зөрүүг нэхэмжилж, нийгмийн даатгалд тайлагнуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
М.* би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн дагуу нягтлангийн ажилд томилуулах, сэлгэн ажиллуулсан хугацааны цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх өдрөөр гаргуулж, нийгмийн даатгалд тайлагнуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл Санхүүгийн ажилчдад хагас жил тутам олгодог балансын шагналыг надад олгоогүй байх ба Санхүү бүртгэл, Эдийн засгийн хэлтсийн дарга н.Сайнтуяад олгогдоогүй орхигдуулсан шагналыг нөхөн олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан ч байгууллагын захирал * "М.* байгууллагыг шүүхэд өгсөн учир шагналыг олгох боломжгүй" гэж хэлсэн гэсэн хариу өгсөн.
Өргөдлийнхөө хариуг бичгээр авах хүсэлт гаргасан боловч бичгээр хариу өгөх боломжгүй гэж хэлсэн. 2024 оны сүүлийн хагас жилд эдийн засагчаар ажиллаж байсан ба уг хугацаанд үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчийн ажлыг захирлын тушаалаар хавсран давхар хийж байсан. Иймд 2024 оны сүүлийн хагас жилийн балансын шагнал болох 1.5 сарын цалинтай тэнцэх 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч М.* шүүхэд ирүүлсэн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.* миний бие 1999 онд хуучнаар Автобус-1 ХК байх үед энэ байгууллагад ажилд ороод 2000 оноос тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, эдийн засагч, хамгийн сүүлд хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл захирал * нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * тоот "*" ΟΗΘΑΑΤҮГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаал гаргаж миний ажиллаж байсан "Хөрөнгө хариуцсан нягтлан бодогч", Н.*ийн ажиллаж байсан "Бараа материалын нягтлан бодогч" гэсэн хоёр орон тоог нэгтгээд намайг "Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан", Н.*ийг Хөрөнгө, бараа материал хариуцсан нярав" гэх ажлын байран дээр тавьсан. Ингэхдээ Н.* бид хоёртой тохиролцоогүй шууд ажлын байрыг өөрчилсөн, ажлын байр нэгтгэгдсэнтэй холбоотойгоор бид хоёрын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй төдийгүй намайг "Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан" гэх ажлын байранд томилсон тусдаа тушаал ч гаргаагүй атлаа Хөрөнгө хариуцсан нягтлан бодогч"-ийн ажлыг маань хүчээр хүлээн авсан. Одоо надтай тохиролцолгүй шууд тулгасан Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан" гэх орон тоонд миний эзэмшсэн мэргэжил таарахгүй, цалин буурсан зэргээс шалтгаалан миний бие уг * тоот тушаалын хавсралтын 161-т тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байна. Хэдийгээр миний ажлын байрыг Н.*ийн ажлын байртай нэгтгэсэн хэдий ч уг ажлын байран дээр хэн нэгнийг тавиагүй төдийгүй Н.* нь няравын ажил хийхгүй гээд ажлаасаа гарсан болно. Тэгэхээр уг орон тоон дээр тэргүүн ээлжинд миний бие ажиллах боломжтой байхад сүүлд гаднаас өөр хүн ажилд авсан нь үндэслэлгүй томилгоо болсон болно.
Иймд миний өмнө эрхэлж байсан "Хөрөнгө хариуцсан нягтлан бодогч"-ийн ажилд эгүүлэн тогтоож, өөр ажилд шилжүүлсэн цалингийн зөрүүг болон 2024 оны сүүлийн хагас жилийн балансын шагналыг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Хамгийн чухал нь блансын шагналыг ярьж байх шиг байна. Сангийн сайдын 2012 оны * дүгээр журам дээр заасан байгаа, байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн бүртгэлийг бүрэн хөтөлж, улирлын болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл, гүйцэтгэлийн мэдээг цаг хугацаанд нь чанартай бүрэн гаргаж, өр авлагагүй ажилласан бол шагнаж урамшуулна гэж заачихсан.
2025 оны 01 дүгээр сараас өөр ажилд шилжүүлсэн учраас олгох боломжгүй гэж хариу тайлбар дээрээ бичсэн байна. 2024 оны сүүлийн хагас жил гэдэг чинь 7 сараас 12 сарын хугацаанд би эдийн засагч болон хажуугаар нь үндсэн хөрөнгийг нягтланг давхар хамт хийж явсан. Өөрийгөө үнэлж 1,5 сар гэж өөрийгөө цалингийн хэмжээг тогтоосон байна гэж хэлж байна. Балансын шагналын урамшууллыг *ийн санхүүгийн ажилтан 1,5-аас 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал өгсөн. Тиймээс би хамгийн багадаа 1,5-ыг нь авах ёстой юм байна гэж бодож 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн юм.
Хариуцагчаас нэгдүгээрт блансын шагналын талаарх хариу тайлбараа гаргасан байна, хоёрдугаарт хөдөлмөр аюулгүй байдлын тэмдэглэлийг оруулсан байна. Анхнаасаа энэ ажлыг мэргэжлийн бус учир хийж чадахгүй гэж удирдлагуудад хүртэл мэдэгдэж байсан. Миний ажлын байрыг байхгүй болчихсон гэж хэлээд байгаа юм. Тухайн үед хөрөнгө хариуцсан нягтлан гэдэг ажлын байр байхгүй болчихсон. Хөрөнгө хариуцсан болон бараа материал гэх хоёр ажлын байрыг тус тусдаа байсныг нь нийлүүлж, хөрөнгө бараа материал хариуцсан гээд нэг болгочхож байгаа юм. Бараа материал хариуцсан нягтлан ажлын байр байхгүй болчихсон, нярав хийе гэхээр нь би дээд мэргэжилтэй хүн, нярав хийхгүй гэж хэлэхэд ороод удаа ч үгүй 2, 3 сар болж байсан хүн маань ажлаасаа гарсан. Хөрөнгө болон бараа материал хариуцсан нягтлангийн ажлын байранд намайг ажлуулахгүй гээд Хөдөлмөр аюулгүй байдлын ажлын байр дээр би очихгүй очихгүй гэж маргаж байх үед энэ ажлын байран дээр хүн байгаагүй, ямар ч ажилчин байгаагүй. Сүүлд 4 сард шинэ хүн авсан. Миний мэргэжлийн дагуу хийх ажил байсаар байтал хийлгэхгүй өөр хүн авч ажиллуулсан тул эсэргүүцсэн.
Захиргаа удирдлагын хэлтсийн даргын тодорхойлолтод 02 сарын 07-ны өдөр бүх ажилчдадаа танилцуулж, хүмүүстээ сэлгэн ажиллуулах талаар мэдэгдсэн гэж бичсэн байна. Үнэхээр ажилчдадаа танилцуулчхаад албаны хурал хийсэн юм бол хурлын тэмдэглэлийг давхар хадгалахгүй яасан юм. Энд санхүүгийн ажилчдад ажлын байр өөрчлөгдөж байгаа тухай мэдэгдсэн мэдэгдэл юу ч байхгүй.
Надад бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа талаар огт мэдэгдээгүй, 02 сарын 11-ний өдөр захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн албаны дарга * гэх хүмүүс орж ирээд чиний ажлыг хүлээж ав гэсэн гэхэд нь би тушаалыг нь харья гэхэд харуулаагүй, тэр өдрөө надаас хүчээр ажил хүлээж авсан. Миний нягтлангийн ажлыг энэ өдөр авсан юм чинь энэ өдөр хүртэл нягтлангийн цалингаар цалин бодож өгөх байх гэтэл өгөөгүй. 2 сарын сүүлийн цалин авахад 01 сарын 31-ний өдрийн тушаалаар цалинг өөрчлөн тогтоосон байсан.
Намайг урьд нь зөрчил гаргаж байсан гэснийг сая л хурал дээр сонслоо. 1, 2 удаа арга хэмжээ авагдаж, хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаж байсан бол баримтаа авч ирэх байсан. Би 26 жил ажиллахдаа арга хэмжээ авагдаж хариуцлага алдаж байсан зүйл байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тэрүүн гэдэг цол тэмдэг хамгийн сүүлд авч байсан. Алдаа гаргаж байсан бол тийм цол тэмдэг авахгүй шүү дээ. Би цаашид мэргэжлийн ажлаа хийж, цалингийн зөрүүгээ мөн урамшууллаа авах хүсэлтэй байгаа. Хариуцагчаас санал болгож байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны ажлын байр нь надад мэргэжлийн хувьд огт өөр, тохирохгүй, цалин ажил албан тушаал нь бага тул зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.* нь 1999 оноос Автобус нэг компанид орлогын оператороор ажилд орж 2016 оноос * ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан.
2024 оны 02 сарын 28-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 28 дугаар тогтоолоор "Зорчигч тээврийн нэгтгэл" татан буугдаж эрх, үүрэг хариуцлага нь "*", "Зорчигч тээвэр хоёр", "*" ОНӨААТҮГ-дад шилжсэн. Нэхэмжлэгч нь "*" ОНӨААТҮГ-т эдийн засагч болон хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан ба уг захирамжийг үндэслэн байгууллагын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар нэхэмжлэгч байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, гал эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. Мөн хуулийн 17.2.2 дахь хэсэгт өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалтыг зохион байгуулж сургаж ажиллуулахаар хуульчилсны дагуу нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэж байна.
Шүүхэд нэхэмжлэгч М.* 2025 оны 05 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 1999 оноос хойш ажилласан гэдэгт маргаан байхгүй учраас нэмэлт тайлбар хэлэх шаардлагагүй. Зорчигч тээврийн нэгтгэл гэх байгууллага нь 2024 оны 07 сард Зорчигч тээврийн нэг гэдэг байгууллага руу эрх залгамжлан шилжсэн. * компани хуваагдан ажиллахад нэхэмжлэгч нь эдийн засагч болон хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын * дүгээр захирамжаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Уг захирамжийг үндэслэн байгууллагын захирлын 2025 оны 01 сарын 31-ний өдрийн * дүгээр тушаал гарч уг тушаалаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс рүү хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч балансын урамшуулал, шагнал авъя гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд балансын урамшуулал олгох тухай Сангийн сайдын 2012 оны * дүгээр тушаалын хавсралтаар баталсан төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур, журмыг үндэслэж тухайн блансын шагналыг олгох уу, олгохгүй юу гэдгийг шийдвэрлэдэг. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт одоо ажиллаж байгаа нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулахаар заасан. Энэ бол зөвхөн санхүүд ажилласан анхан шатны баланс бүртгэлийг зөв хөтөлсөн, жилийн эцсийн тайлан балансыг гаргахад ямар үүрэг оролцоотойгоор оролцсоныг нь үндэслээд, хэлтсийнх нь удирдлага, байгууллагын удирдлагын зүгээс тодорхойлж олгодог урамшуулалт шагнал юм. Байгууллагын нэгтгэл, нэгдүгээр баазын бүх ажилчдад олгодог, заавал авах ёстой цалин биш. Нэхэмжлэгч өөрөө өөрийгөө 1,5 сарын цалинтай тэнцэх 3,600,000 төгрөг олгоно гэдгийг үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь хуульд заасан энэ шагналыг урамшууллыг ямар шаардах эрхийн үндэслэлээр, ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байгаа учраас хариуцагчийн олгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Бүтэц орон тоо өөрчлөгдөхөд нэхэмжлэгчтэй зөвшилцсөн, М.*тай өөртэй нь тохиролцсон. Мэргэжлийнх нь дагуу ашиглалтын тоо бүртгэгч, техникийн тоо бүртгэгч гээд санхүүгийн чиглэлийн ажлын орон тоо, ажлын байранд санал болгосон. Энэ хүн өөрөө хийхгүй гэдэг. Байгууллагаас бол аль болох эвлэрье гээд янз бүрийн боломжит ажлын байрыг бас санал болгосон. 01 сарын 31-ний тушаал гарснаас хойш хэлтсийн дарга нартай өөрчлөгдөж байгаа ажлын байруудыг хэлтэс хэлтсийнх нь дарга нарт нь өөрийнхөө доорх ажилладаг хүмүүстэй танилцуул гэсэн захирлын үүрэг бол өгөгдсөн. Тэр тухайд н.*даргын тодорхойлолт дээр дээр бол байгаа. Ерөнхийдөө ажлын ачаалал, ажлын давхардлыг л багасгах зориулалтаар зарим орон тоог нь нэгтгэж, зарим орон тоог шилжүүлсэн байгаа. Манай ажлын байрны тодорхойлолтыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар захирлын эрх мэдлийн дагуу баталдаг учраас ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Тэр тодорхойлолт дээр мэргэжил шаардахгүй, бакалавраас дээш боловсролын зэрэгтэй гэсэн учраас ажлын байрны тодорхойлолтыг үндэслээд шинэ тушаалаар хөдөлмөр аюулгүй байдлын хэлтэс шинээр нээгдэж байсан юм. Тиймээс санхүүгийн боловсролтой нэг хүн байх ёстой гэдэг агуулгаар л орж ирж байсан.
Хэлтсийн даргын саналыг үндэслэж энэ тушаал гарсан. Энэ тушаал гарахаас өмнө өөртэй нь уулзсан гэж би өмнө нь дурдсан. Захирлын өрөөнд Өнөржаргал өөрөө 2-3 удаа орж хүлээн зөвшөөрсөн, хэнтэй, хаана, яаж хамтарч ажиллах вэ гэж тухайн хэлтсийн дарга, байгууллагын удирдлага, мэргэжил мэдлэгийг нь харгалзан үздэг байх. Хэлтсийн дарга хэлтэс, хэлтэстээ хурал хийж мэдэгдсэн байдал 02 сарын 07-ны өдрийн санхүү бүртгэлийн хэлтсийн даргын тодорхойлолтоор тогтоогдоно.
Хөдөлмөрийн маргаан таслах комисс манайд 8 сард байгуулагдахдаа хуульд заасны дагуу нэг ч хэлтсийн дарга ороогүйгээр байгуулагдсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг хэрхэн байгуулах тухай Засгийн газрын тогтоол байдаг. Би удирдах албан тушаалтан биш, би мэргэжилтэн, гүйцэтгэх албан тушаалтан, тэнд би ажиллах чиг үүргийн дагуу орсон. Би тэнд орж ажиллаад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн ямар нэгэн тодорхойлолт нэг ч удаа гарч байгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нийслэлийн төрийн өмчит байгууллагын ажил хэргийн нэр хүнд рүү халдаж, ийм тайлбар гаргаж байгаад би харамсаж байна. Захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаал гарсан. Бид нар хэнийг ч бөөнөөр халаагүй, хүмүүсийг хооронд нь сэлгэн ажиллуулсан. Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлд ч байгаа. Нэг ажлын байран дээрээ удаан ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Эсхүл, алдаа дутагдлаа хянах үүднээс хооронд сэлгэн ажиллуулсан. Энэ тушаалтайгаа холбогдуулаад хэн ч маргаан хийж яваагүй. Бүгдээрээ холбогдох юмнуудаа өгөөд сэргээгээд ажилласан. н.* гэдэг хүн бол өөрөө эцэстээ ажлаас чөлөөлөгдсөн. 01 сарын 31-нд тушаал гарсны дараа бид нар 30 хоногийн дотор хэрвээ бөөнөөр халсан байвал Хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээнүүдээ аваад явна, мэдэгдэнэ, цалин мөнгийг нь олгоно, тэтгэмжийг нь өгнө. Бөөнөөр халах зохицуулалт хийгээгүй учраас бид нар сэлгээд тушаалыг нь гаргаад явуулсан байгаа. Тушаалынхаа сэлгэсэн агуулгаа ч хэлсэн. Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтэс шинээр байгуулагдсан, санхүүгийн нэг мэргэжилтэй хүн оруулах нь зөв юм байна гэдэг үүднээс юмнуудаа гаргаад явсан байгаа юм. Тушаал гарлаа, захирал хуралдлаа, шуурхай дээр хэлээд дараа нь хэлтсийн дарга нарт үүрэг өгсөн. Энэ 02 сарын 07-ны энэ Санхүү хэлтсийн н.*даргын өргөдлийг ямар зорилгоор авчирсан гэхээр бид хөөн хэлэлцэх хугацаагаа тооцох зорилгоор авчирсан юм. Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар өөрчлөгдөх юм уу, сэлгэн ажилласан, ажлаас халсан бол 30 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан. 01 сарын 31-нд гаргалаа, 02 сарын 07-ны өдөр М.*т мэдэгдсэн. М.*ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст 03 сарын 12-ны өдөр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар манай бичиг хэргийн ажилтан * 03 сарын 12-ны өдөр хүлээн авав гэсэн тэмдэглэгээ байдаг. М.* хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. 30 хоногоо хэтрүүлсэн. Үүний дараагаар дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, үүнтэй маргаан байхгүй. Хамгийн сүүлд балансын урамшуулал шагнал байгаа юм. Өнөөдөр гаргаж өгсөн цалингийн зөрүүд 8,816,825 төгрөг, балансын шагнал 3,600,000 төгрөг гэж байна. Нийт 12,416,825 төгрөгийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сүүлд хэрэгт гаргаж өгсөн баримтаар манайх цалинг нь олгочихсон, бүгдийг нь олгоод явж байсан. Өнөөдрийн шаардаж байгаа 12,416,852 төгрөг ч мөн үндэслэлгүй. Юуг одоо үндэслэж гаргаж ирсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заачихсан байгаа. Шаардах эрхээ хэрэгжүүлэх гэж байгаа бол юуг үндэслэж яаж гаргасан юм гэдгийг нь нэхэмжлэгч тал өөрөө нотлох ёстой. Манайх татгалзлаа санхүү хэлтсийн даргын тодорхойлолтоор гаргаж өгсөн. Бид нар мэдэхгүй шүү дээ. Захиргаа удирдлагын хэлтэс. Энэ балансын шагналыг авсан юм уу, аваагүй юм уу гэдгийг би ч мэдэхгүй. Миний дансанд тийм мөнгө орж ирээгүй, зөвхөн тэр санхүүгийнхэн авсан юм уу гэхээр юу үндэслэж энийг гаргаж өгч байгаа юм. Зүгээр тэнд ажиллаж байсан гэж хэлээд өөртөө 1,5 энэ хамгийн бага нь юм байна, би энүүгээр авна гэх ойлголтыг хийсвэр гэж ойлгож байна. Баланс чинь 01 сард гарахгүй, хуулиараа 02 сарын 18-наас хойш Төсвийн тухай хуульд зааснаар 2 сард төсвийн жил шинээр эхэлсний дараагаар баланс нь аудитаар зохих байгууллагаас нь батлагдаад өр төлбөргүй байна, үнэхээр сайн ажилласан юм байна гэсэн аудитын дүгнэлт гарсных нь дараагаар л авдаг болов уу гэж би ойлгоод байгаа юм. Тэр үйл ажиллагаанд өмнө нь нэхэмжлэгч яаж оролцсон юм, тэнд байсан гээд автоматаар өгдөг тийм цалин биш шүү дээ. Үндэслэлгүй гэж үзэж байна. Хөрөнгийн нягтлангийн цалин 2,400,000 байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын цалин 2,100,000 байсан. Өнөөдөр гаргаж өгсөн баримтуудаар манайх цалинг нь бүгдийг нь олгоод явчихсан байгаа. Тиймээс зарим шаардлагуудыг нь, үндэслэлгүй гэж бодож байна. Өнөөдөр гаргаж өгсөн баримт бол тооцоо л хийчихсэн байгаа болохоос биш юуг үндэслэж гаргаж өгсөн гэдэг нь бол тодорхой биш. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд:
1.Нэхэмжлэгчээс * ОНӨААТҮГазрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, * ОНӨААТҮГазрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, ажилтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, *ОНӨААТҮГазрын захирлын тушаал, иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэх цалин урамшууллын тооцоолол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, * ОНӨААТҮГазрын М.*ыг ажил түр хавсарган гүйцэтгүүлэх тухай тушаал зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.
2.Хариуцагчаас итгэмжлэл улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалингийн карт, * ОНӨААТҮГазрын Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй байдал, гал, эрүүл ахуйн хэлтэст гаргасан хүсэлт, цагийн бүртгэл, * ОНӨААТҮГазрын захирлын *тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаал, *ОНӨААТҮГазрын *ОНӨААТҮГазрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаал, тодорхойлолт, * ОНӨААТҮГазрын байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлах тухай тушаал, * ОНӨААТҮГазрын Хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, цалингийн карт, нэхэмжлэх, цалин урамшууллын тооцоолол, * ОНӨААТҮГазрын Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй байдал, гэр ахуй хариуцсан хэлтсийн хурлын тэмдэглэл, * ОНӨААТҮГазрын тодорхойлолт зэрэг баримтыг гаргасан байна.
3.Шүүхийн журмаар * ОНӨААТҮГазраас нотлох баримт бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.* нь хариуцагч * ОНӨААТҮГазарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 8,816,825 төгрөг, урамшуулал, шагналт цалин 3,600,000 төгрөгийг гаргуулах, цалингийн зөрүүгээс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байна.
3.Нэхэмжлэгч М.* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... * ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дүгээр тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлахад урьд эрхэлж байсан хөрөнгө хариуцсан нягтлангийн ажил албан тушаалын нэршил хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан гэж өөрчлөгдөхөд орон тоо чинь байхгүй болсон гэж надтай зөвшилцөлгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар өөрчлөн томилсон нь ажил албан тушаал, цалинг бууруулж дордуулсан, тухайн ажил албан тушаал нь өөр боловсрол мэргэжилтэй, мэргэшсэн хүнийг ажлуулахаар байсан. Бүтэц өөрчлөгдөхөд миний ажлыг байр өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байхад хууль зөрчиж сэлгэн ажиллуулсан тул урьд нь мэргэжлийн дагуу эрхэлж байсан ажил албан буюу хөрөнгө бараа материалын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах, өмнөх жилийн эцсийн тайлан балансыг гаргасан тул шагналт, урамшуулалт цалинг гаргуулах эрхтэй... гэж тайлбарлаж байна. .
4.Хариуцагч * ОНӨААТҮГ ...Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан ба уг захирамжийг үндэслэн байгууллагын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар нэхэмжлэгчтэй зөвшилцсөний дагуу байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, гал эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилсон. өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс шинэ бүтэц зохион байгуулалтаар нэмэгдэж мэргэжил шаардахгүй тул сургалтанд хамруулаад ажиллах боломжтой санхүүгийн боловсролтой хүн хэрэгцээ шаардлагатай байсан ажлын байр юм. Урамшуулалт, шагналт цалинг Сангийн сайдын тушаалын хавсралтаар баталсан шалгуур журмыг үндэслэн байгууллагын хэлтсийн дарга, удирдлагаас тодорхойлж захирлын тушаалаар одоо ажиллаж байгаа нягтлан бодох бүртгэлийн ажилтанд жилийн эцсийн тайлан балансыг гаргасан байдал, санхүүгийн бичиг баримтыг хөтөлсөн байдлыг үнэлж олгох эсэхийг шийдвэрлэдэг, олгох тушаал гараагүй учир олгох боломжгүй... гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.* нь 1999 онд Автобус нэг компанид орлогын оператороор ажилд орж, 2016 оноос Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрын өөрчлөн байгуулах тухай тогтоолоор татан буугдаж, шинээр * , Зорчигч тээвэр хоёр, * гэсэн ОНӨААТҮГ-уудыг байгуулан, эрх үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хариуцагч * ОНӨААТҮГазар үүсгэн байгуулагдаж 2024 оны 07 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч М.* нь * ОНӨААТҮГ-д Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст Хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор, сарын 2,400,000 төгрөгийг цалинтай ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан болох нь түүнтэй байгуулсан 2024 оны 12 сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ээр тогтоогдов. /хх-20-24/
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй.
6.* ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дугаартай, * ОНӨААТҮГазрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаал гарч нэхэмжлэгч М.*ыг Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй байдал, гал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох хөрөнгө бараа материалын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгон, цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, 2024 оны сүүлийн хагас жилийн балансын шагнал 3,600,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
7.М.* нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар * ОНӨААТҮГазрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан, ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцоогүй тул Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан өргөдөл гаргаж, талууд мөн харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон болох нь ОНӨААТҮГазрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 03 сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 04 сарын 28-ны өдрийн * дугаартай тэмдэглэлээр нотлогдов. М.* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.
8.Нэхэмжлэгч нь * ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дугаартай, * ОНӨААТҮГазрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад өөрийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хөрөнгө хариуцсан нягтлан бодогч албан тушаалын нэршил байхгүй боловч Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн бүтэц, ажил албан тушаалын жагсаалтад Хөрөнгө, бараа материалын нягтлан бодогч-ийн ажил албан тушаалд өөр хүн томилоогүй хэвээр хадгалагдаж байсан..., энэ нь зөвхөн нэршил л өөрчлөгдсөн..., өөр ажил албан тушаалд томилон тушаал шийдвэрийг танилцуулаагүй, урьд авч байсан цалин хөлсийг багасгахгүйгээр ижил төстэй ажил албан тушаал санал болгох боломжтой байсан, ...мэргэжлийн бус ажил албан тушаалд томилсон нь үндэслэлгүй... гэж маргаж байна.
Хариуцагч нь ...өмнөх ажил албан тушаал шинэ бүтцээр байхгүй болсон, ...урьд нь сахилгын зөрчил гаргаж байсан..., ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, гал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь заавал мэргэжил шаардахгүй, зохих сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон нөхцөлд хийх боломжтой, санхүүгийн мэдлэгтэй хүн тус хэлтэст шаардлагатай байсан тул шилжүүлэн ажиллуулсан... хэмээн маргадаг боловч түүний татгалзал үндэслэлгүй байна.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. 59.3. Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно. гэж заасан.
Ажил олгогч * ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч М.*т бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа, өөр ажилд шилжүүлэн томилж байгаа талаар урьдчилан мэдэгдсэн, * тоот тушаалыг бүх ажилчдад харьяалах хэлтсийн дарга удирдлагаар дамжуулан мэдэгдсэн, өөртэй нь ярилцсан боловч зөвшилцөлд хүрээгүй гэж тайлбарлан Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга *гийн тодорхойлолтыг шүүхэд гарган ирүүлсэн боловч уг тодорхойлолт нь уг тушаал гарснаас хойш буюу 2025 оны 02 сарын 05-ны өдрийн шуурхай хуралдаанаар захирлаас мэдээлэл хийж орон тооны бүтцийг танилцуулж, цаашид авах арга хэмжээг танилцуулсан гэсэн агуулгатай байх бөгөөд урьдчилан энэ талаар мэдэгдэж танилцуулсан, тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
М.*ын тухайд урьд эрхэлж байсан ажлын цалин нь 2,400,000 төгрөг байсан бөгөөд эрхзүйн байдал нь дордсон, цалин нь 2,100,000 төгрөг болон багассан ажлын байрны саналыг хүлээн авахгүй байх боломжтой, өөрөөр хэлбэл талууд өөр ажлын байрны хэлцлийн тухайд харилцан тохиролцоогүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад шүүхээс эвлэрэн хэлэлцэх бүхий л боломжоор хангаж, чиглүүлэн, хугацаа олгож байсан болохыг дурдах нь зүйтэй.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан ба ажил олгогч М.*ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр өөр ажилд шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хуулийн этгээд татан буугдсанаар түүний иргэний эрхзүйн чадвар дуусгавар болдог ба ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох ба мөн хэсэгт заасан орон тоо цөөрсөн гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл хариуцагч байгууллагын тухайд хуулийн этгээд татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг няцааж чадахгүй байна.
* ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дугаартай, * ОНӨААТҮГазрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтын * дугаарт буюу Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст 7-Хөрөнгө, бараа материалын нягтлан бодогч гэсэн орон тоо сул байсан болох нь тогтоогдож байна.
Иймд ажлын байр хасагдсан, шилжүүлэх шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
11.Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд түүний татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.
12.Иймд нэхэмжлэгч М.*ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст Хөрөнгө, бараа материалын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж заажээ.
Нэхэмжлэгч М.*ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өмнөх байдлаар бүхэлд нь сэргээсэн тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч * ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй цалин хөлсний зөрүүг тооцон нэхэмжилсэн 8,816,825 төгрөгийн талаар маргадаггүй, нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 11-ний өдөр ажил хүлээлцэн, хөдөлмөрийн аюулгүй байдал харицсан ажилтнаар ажиллаж эхэлснээс хойш 2025 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговорыг тооцон түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорын зөрүү 8,816,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй юм. Иймд хариуцагч байгууллага нь 8,816,825 төгрөгийн олговроос М.*ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах үүргийг хуулиар хүлээнэ.
15.Нэхэмжлэгч М.* нь 2024 оны сүүлийн хагас жилийн балансын шагналд тооцон 3,600,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Сангийн сайдын 2012 оны * дүгээр тушаалын хавсралтад Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг цаг хугацаанд нь чанартай, бүрэн гаргаж, өр авлагагүй ажилласан төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам-ын дагуу шагнаж урамшуулна. гэж заасан байна.
Нэхэмжлэгч * ОНӨААТҮГ-ын хөрөнгө, хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа дээрх журамд заасан болзол шаардлагыг хангасан болохоо, урамшуулалт цалинг хэрхэн тооцсон болохоо нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэн хангах боломжгүй байна.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.*ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,750 /70,200+72,550/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ОНӨААТҮГазраас 226,219 /156,019+70,200/ төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид, 156,019 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар М.*ыг * ОНӨААТҮГ-т урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу хөрөнгө бараа материалын нягтлан бодогчийн ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоож, албан тушаалын зөрүү цалин болох 8,816,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх 3,600,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,750 /70,200+72,550/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ОНӨААТҮГазраас 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 156,019 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН