| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/05105/И |
| Дугаар | 192/ШШ2025/09014 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/09014
| 2025 11 06 | 192/ШШ2025/09014 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Анкарагийн гудамж, Корпорэйшн тауэр, 1 давхар, ****тоот хаягт байрлах, **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Романо резиденс, ***тоот хаягт байрлах,**** /РД:****/-д холбогдох,
71,883,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*****/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ:
...Манай компани 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг****-тай байгуулсан. Тус гэрээгээр**** нь биет байдлын болон эрхийн доголдолгүй чанарын өндөр үзүүлэлт бүхий Ф6-Ф10 нь 76 тонн, Ф10-025 нь 597 тони, нийт 673 тонн буюу 1,774,696,754 төгрөгийн арматурыг нэг тонныг 2,350,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу **** нь****-д дараах байдлаар төлбөрөө төлсөн. Мөнгөөр 921,883,740 төгрөг шилжүүлсэн, бартерийн журмаар 180,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машинууд өгсөн, нийт 1,101,883,740 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн.
Гэвч**** нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 71,883,740 төгрөгийн арматурыг нийлүүлээгүй юм. Өнгөрсөн хугацаанд үлдэгдэл арматураа нийлүүлэх талаар****-ийн захирал болон нярав нарт албан бичгээр болон амаар олон удаа шаардлага гаргаж байсан. Гэвч тооцоо нийлье, удахгүй нийлүүлнэ гэх мэт тайлбар гаргадаг байсан боловч одоо утсаа ч авахгүй зугтах байдлаар биднийг хохироож өнөөдрийг хүрлээ.
Иймд хариуцагчаас гэрээний төлбөрөөс арматур нийлүүлээгүй 71,883,740 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:
...71,883,740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 32,712,740 төгрөгийг хасч багасгаж байна гэжээ.
Хариуцагч талаас хариу тайлбартаа:
...****-ийн нэхэмжлэлийг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэхүү тайлбарыг гаргаж байна.
****-тай 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 7,328,300 төгрөг 262,500 төгрөгийн зөрүү гарч үүнийг нь тус компанийн Хас банкны***** тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 9 дүгээр сарын захиалгын 64,000,000 төгрөгт Тоёота Харьер маркийн автомашин шилжүүлж өгсөн бөгөөд бартерын арматураас 39,171,000 төгрөгийн арматур өгөөгүй байгаа нь үнэн билээ.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 39,171,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хүлээн зөвшөөрнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч****-д холбогдуулан 71,883,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 39,171,000 төгрөг болгосон.
Хариуцагч тал нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 39,171,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний хүсэл зориг, тайлбараар тогтоогдож байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, эвлэрэх эрхтэй болох нь нэхэмжлэгч, хариуцагч талын хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлээр тогтоогдоно.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасан бөгөөд дээрх эрхийн хүрээнд хариуцагч**** нь 39,171,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу хариуцагч****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ****-ийн нэхэмжлэлтэй,****-д холбогдох 39,171,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 517,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч****-иас 353,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ