| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/02023/И |
| Дугаар | 192/ШШ2025/08884 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08884
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 192/ШШ2025/08884 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ********* дугаар хороо, ********, ********* байр ******** тоотод оршин суух, ******** овогт ******** ******** /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүрэг, ********* дүгээр хороо, ******* хотхон, ********* тоот хаягт байрлах “********” ХХК /РД:*********/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ********* дүүргийн дүүргийн ******** дүгээр хороо дугаар хороо, ******* тоот хаягт байрлах “**********” ХХК,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *********** дүүргийн ******* дүгээр хороо, *******-*****, ****** дүгээр байр ***** тоот хаягт оршин суух ******* /РД:*********/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* дүүргийн ******** дүгээр хороо, ********, ***** дүгээр байр ****** тоот хаягт оршин суух ********** /РД:*********/,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн нутаг дэвсгэрт ******** ХХК-ийн барьж байгаа ***********рын ажилчдын орон сууцны хотхоны ******** дүгээр байрны***** давхрын ****** тоот, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв:
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
************** газар /хуучин нэрээр, цаашид “*****Г" гэж товчлох/ нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн ********* дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших өөрийн эзэмшлийн 3000 м.кв газар дээрээ “*********с” ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/**** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ" байгуулсан байдаг.
Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт 209 айлын орон сууцны барилгыг “******” ХХК барьж, үүнээс 84 айлын орон сууцанд манай агентлагийн албан хаагчдаас хөнгөлөлттэй үнээр захиалга аван, орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, 2020/**** дугаар гэрээний 2.2-т "84 албан хаагчийн сонгосон орон сууцыг 1 м.кв талбайг 1.000,000 /Нэг сая/” төгрөгөөр орон сууц захиалан бариулах, 40 автомашины дулаан зогсоолыг 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна” гэж заасан.
Үүнийг үндэслэн нэхэмжлэгч би 2020 онд*****Г-ын ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч “***********” ХХК-тай байгуулж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөг гэж тохиролцсон .
Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч ****** ХХК-д гэрээний төлбөрийг тухай бүр шилжүүлж байсан ба ямар нэгэн зөрчилгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2.1-д “...урьдчилгаа төлбөр 30%", 2.2.2-т “байр ашиглалтад орж, байнгын ашиглалтад хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа үлдэгдэл 70%-ийн төлбөрийг төлнө” гэж тохиролцсон байдаг.
Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлж байсан учраас захиалсан орон сууцандаа орохоор хэдэн жил хүлээж байсан боловч 2024 оноос эхлэн орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт орсон, 1м.кв-ын босох өртөг 2,209,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг өгч эхэлсэн.
Орон сууц захиалан бариулах гэрээ болон *******Г-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд “гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2021 оны 4-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна" гэж тохиролцсон байдаг. Гэтэл Төгс прогресс ХХК нь өөрөө хүсэлт гаргаж, ****Г-тай уулзаж тохиролцон, Хамтран ажиллах гэрээнд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, "2021 оны 4-р улиралд" гэснийг "2022 оны 3-р улиралд” гэж өөрчилсөн. Гэвч барилгыг 2022 оны 3-р улиралд барьж дуусгана гэдэг үүргээ бас биелүүлж чадалгүй, мөн ******Г-т хүсэлт гаргаж, Хамтран ажиллах гэрээнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг "2024 оны 2-р улиралд" гэж дахин өөрчилсөн. Ийнхүү барилгыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрчлөхдөө нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулж байгаагүй төдийгүй энэ талаар бидэнтэй хэлэлцэж тохиролцсон зүйл байхгүй.
Нэхэмжлэгч би гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсан хэдий ч орон сууц ашиглалтад ороход захиалагч надаас гэрээнд заасан төлбөрөө 2,2 дахин нугалж нэхсэнээс үүдэн захиалсан орон сууцандаа орох боломжгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөөд байна.
Иймд нэхэмжлэгч *******г намайг ******** дүүргийн нутаг дэвсгэрт ****** ХХК-ийн барьж байгаа ********* газрын ажилчдын орон сууцны хотхоны *** давхрын ******* тоот, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч ****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж тодорхойлсон ба ийнхүү шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу буюу ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан байна.
Гэвч Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус тодорхойлжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд түүний шинж чанар, тоо хэмжээ, ажлын хөлсийг талууд харилцан тохиролцсон байхыг шаардахаас гадна гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг бол худалдах- худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эд хөрөнгийн эрх байх ба эд хөрөнгө нь бодитой байхаас гадна ирээдүйд бий болох, худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох эд хөрөнгө байдаг.
Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах- худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж зохицуулсан.
Үнэ нэмэгдсэн тухайд:
Талууд гэрээ байгуулах үед буюу 2020 онд барилгын материал, ханшийн өсөлт хамгийн ихдээ 10 хувь хүртэл өсөх байх гэж найдаж, барилгын 1 м.кв талбай тутмын өртөг үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож байсан ч санаанд оромгүй байдлаар барилгыг барьж дуусгахаас өмнө 2024 оны байдлаар төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 22,4 хувиар өссөн болох нь нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ёсны веб сайтаас харагдана.
Мөн түүнчлэн барилгын материал, ажиллах хүчний зардлын үнэ ковид 19 цар тахлаас шалтгаалан өссөн. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн үнийн өсөлтийн харьцуулсан тайлан буюу мэргэшсэн төсөвчний гарсан тайлангаар тогтоодох ба 1 м.кв тутам барилга өртөг 1,163,737 төгрөгөөр өсөж, 2,163,737 төгрөг буюу 116,37 хувиар өссөн.
Тухайн үед *******Газартай гэрээ байгуулахдаа албан хаагч нарт барилгын төсөвт өртөг буюу үндсэн үнээр зарахаар тооцоолж, 1 м.кв тутмыг 1,000,000 төгрөгөөр тооцсон.
2020 оны эхэн үеэс Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болж, иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын болон бизнесийн хэвийн байдал алдагдсан, урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүсгэсэн тухайд нэгэнт нийтэд илэрхий үйл баримт тул зохигчийн хэн аль нь маргаагүй байх.
"************" буюу "гэрээ заавал хэрэгжих" зарчмын дагуу талуудын хуульд нийцүүлэн тохирсон нөхцөлийг гэрээ байгуулагч этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй боловч гэрээний тохиролцоог өөрчлөхийг санал болгох, өөрөөр тохиролцож чадаагүй бол шаардах эрх бүхий этгээд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үр дагавартай. Энэ онцгой тохиолдол нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан "өөрчлөгдсөн нөхцөл байдал" хамаардаг.
Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан харах боломжгүй байсан ба урьдчилан харсан бол одоогийн нөхцөлөөр гэрээг байгуулахгүй байх, өөрөөр тохиролцох байсан явдлыг "нөхцөл байдал өөрчлөгдөх" нөхцөлд хамруулан үзнэ.
"Ковид-19" цар тахал нь барилгын материал, ажиллах хүчний үнэд нөлөөлж барилгын нийт төсөвт өртөгт өөрчлөлт оруулсан нь бодит байдал бөгөөд талууд цар тахлын нөлөөллийн цар хүрээг урьдчилан таамаглах боломжгүй, мэдсэн буюу мэдэх боломжтой байсан бол орон сууцын м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тохирохгүй байх байсан.
Энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдал нь барилгын төсвийг 16,286,781,991 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул энэ эрсдэлийг талууд зохих үндэслэлээр, зохих хэмжээгээр хуваан хариуцах учиртай бөгөөд аль нэг талд дангаар үүрүүлж болохгүй.
Улмаар энэ гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалсан ба энэ талаар нэхэмжлэлд мөн дурдсан байдаг.
Гэрээ цуцалсан тухайд:
Улмаар нэхэмжлэгч нь дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг эс зөвшөөрсөн тул манай компанийн зүгээс энэ хуулийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, тус орон сууцыг бусдад худалдсан тул анхны нөхцөлөөр гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай компани талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөөр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн дугаар захирамжаар ********* намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Гэвч миний бие уг орон сууцанд амьдардаггүй, уг орон сууцыг худалдаж аваагүй, түлхүүрийг хүлээн авч *******д дамжуулан өгсөн болохоос биш уг орон сууцыг н. ***** худалдан авсан ба өнөөдрийг хүртэл ***** амьдарч байгаа тул уг хэрэг маргаанд миний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*********” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
************г” ХХК-ийн зүгээс эрх ашиг хөндөгдөөгүй учраас тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
***********ийн нэхэмжлэлийг хууль зүйн хувьд ч боломжгүй, бодит байдлын хувьд ч боломжгүй гэж үзэж байна. Энэ маргааны зүйл болж байгаа 41 тоот орон сууц 2024 оны 10 сараас хойш *******ий эзэмшилд байна. Эзэмшилдээ түрүүлж авсан бол худалдан авах ийм давуу эрхтэй байхаар нь хууль зохицуулчихсан байж байгаа. Бид нар ч бас яг энэ хуулийн заалтыг харж байж, хууль биднийг хамгаалах юм байна гэж орж байгаа. Түүнээс биш нэхэмжлэгчийг урьдчилж гэрээ хийсэн учраас бид нар эднийх эрхтэй гэж ойлгосон бол ингэж гэрээ байгуулахгүй. Мөн хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан гэрээ цуцлагдсан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан. Энэ гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж байгаа юм. Тэгэхлээр энэ дээр юу болж байна вэ гэхлээр нэхэмжлэгч **** хэрвээ төлбөр төлсөн бол тэр төлбөрөө буцаан шаардах эрх үлдэж байгаа юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бас хэлээд байна. Төлбөрөө гүйцэт төлөөгүй байсан. Хэрвээ ингэх юм бол бүр үндсэн 2 талын гэрээ маань өөрөө нэг тал үүргээ гүйцэтгээгүй гэдэг ийм асуудал үүснэ. Гуравдагч этгээдийн өөрийнх нь байр суурь бол 2024 оны 10 сараас хойш энэ орон сууцанд амьдарч тодорхой хэмжээний зардал гаргачихсан ийм байдалтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв. гэв.
6. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/22/01 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ /хх4-9/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11/, төлбөр төлсөн баримтууд /хх-12-14/, *********Г болон ********** ХХК нарын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ болон уг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх-15-29/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-67/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/0***** дугаартай захирамж /хх-60/, ******* газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/958 дугаартай албан бичгээр гаргасан нэхэмжлэл /зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
7. Хариуцагч нь шүүхэд улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар /хх-31/, итгэмжлэл /хх-32/, ************* угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01-17/01 дугаартай албан бичиг /хх-50/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №01-19-01 дугаартай орон сууц захиалгын гэрээ /хх-51-53/, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БА-064/2024 дугаартай дүгнэлт /хх-63-64/, голомт банкны дансны /хх-65/ Газар зохион байгуулалт,******газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/164 дугаартай албан бичиг /хх-83/, ********, ****** газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/720 дугаартай албан бичиг /хх-84/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/*******7 дугаартай захирамж /хх-85-87/ нотлох баримтыг өгсөн байна.
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд итгэмжлэл /хх77/, төлбөрийн баримт /хх-78/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн №01-19-01 дугаартай орон сууц захиалгын гэрээ /хх-79-82/, 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 10-16/01 дугаартай албан бичиг /хх-93/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаартай албан бичиг /хх-94/, итгэмжлэл /хх109-110/, Нийслэлийн ** дүүргийн *** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-111/, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №2024****** дугаартай албан бичиг /хх-112-113/, нотлох баримтыг өгсөн байна.
9. Шүүх зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/***** дугаартай захирамжаар /хх-124-141/ нотлох баримтыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ****** нь хариуцагч “Т*******” ХХК-д холбогдуулан ******* дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан ******** ажилчдын орон сууцны хотхоны ****дүгээр байрны * давхрын * тоот, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
3.1 Хариуцагч компанитай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/22/03 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч нь Га****** газрын ажилчдын орон сууцны хотхоны 1******* байрны * давхрын*** тоот 51 м.кв, 2 өрөө орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах, нэхэмжлэгч би 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 51,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
3.2 Нэхэмжлэгч ***** би гэрээнд заасан үүргээ биелүүлж, 51,000,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь уг байрны үнийг үндэслэлгүйгээр нэмж шаардан, орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4.Хариуцагч ********ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
4.1 Манай компани хариуцагчтай гэрээ байгуулж, гэрээний зүйл болох орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч 2020 оны эхэн үеэс Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болж, иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын болон бизнесийн хэвийн байдал алдагдсан, урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүссэн.
4.2 Улмаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар дээрх нөхцөл байдлын улмаас талууд гэрээний тохиролцоог өөрчлөхийг санал болгох, өөрөөр тохиролцож чадаагүй бол шаардах эрх бүхий этгээд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үр дагавартай байдаг.
4.3 Нэхэмжлэгч нь дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг эс зөвшөөрсөн тул манай компанийн зүгээс Иргэний хуулийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, тус орон сууцыг бусдад худалдсан гэх агуулгаар тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 04 дүгээр улиралд гэж, 2.4-т “талууд зайлшгүй шаардлагаар буюу валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед орон сууцны болон дулаан зогсоолын үнэд өөрчлөлт оруулахгүй ” гэж тус тус тохирсон байна.
5.3 Гэрээний талууд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус тус барилгыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулж, сүүлийн байдлаар 2024 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах гэж гэрээнд өөрчлөлт оруулжээ.
5.4. Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч******** нь хариуцагч *** ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/22/03 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч нь ********** газрын ажилчдын орон сууцны хотхоны 1218/1 дүгээр байрны 8 давхрын 41 тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь тус орон сууцын 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 51,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
5.5 Нэхэмжлэгч ********нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 51,000,000 төгрөгийг хариуцагч талд төлсөн байх бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрч байна.
5.6 Гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч тал барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БА-064/2024 дугаартай дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна.
5.7 Хариуцагч ***** ХХК нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цуцлагдсан гэж тайлбарлан, 2024 оны 01 дүгээр 19-ний өдөр ********* ХХК-тай орон сууц захиалгын гэрээг, ********* ХХК 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн ****тэй орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг тус тус байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг худалдахаар харилцан тохиролцсон байна.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй.
Харин уг гэрээ цуцлагдсан эсэх, хариуцагч тал уг гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг нэмж шаардах эрхтэй эсэх, хариуцагч нь уг орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч талд шилжүүлэх үүрэгтэй эсэх талаар маргаантай байна.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Энэ хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч талд ажлын хөлс болох 51,000,000 төгрөгийг төлсөн байна. Харин хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд үндэслэлээ ... хариуцагчийн хувьд урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүссэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоог өөрчлөх саналыг захиалагч тал хүлээн аваагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цуцлагдсан. Иймд нэхэмжлэгчид тус гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарласан.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч ******** ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүссэн гэдгээ нотлох зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******газрын ажилчдын орон сууцны барилга” угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв” гэх баримтын хэрэгт өгсөн байх бөгөөд уг төсөвт ...барилгын төсөвт өртгийн зөрүү дүн 16,286,781,991 гэжээ.
10.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, 220.4 дэх хэсэгт гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.
Хариуцагч нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн болох нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “********** газрын ажилчдын орон сууцны барилга” угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв” гэх баримтаар тогтоогдоно гэж тайлбарлан, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг ********* газраар дамжуулан нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг уг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээг авах талаар нэхэмжлэгчтэй хэлэлцээ хийсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хариуцагч нь уг өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл өгч гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн гэрээний үнэ өөрчлөгдсөн болохыг нотолсон гэх төсөв нь хариуцагчийн гэрээг цуцалсан гэх хугацаанаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарчээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч******** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй, мөн тус гэрээний үнэд өөрчлөлт орсон талаар талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч ******нь хариуцагч ******** ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/22/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
11. Хариуцагч **** ХХК нь маргааны зүйл болох орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-д, ********* ХХК нь иргэн *********д тус тус худалдахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн хариуцагчаас маргаан бүхий гэрээний үүрэг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзнэ.
12. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******** нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
13. Шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул тус орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ****** ХХК, ********** нар нь өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч*****г ***** дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан ***** газрын ажилчдын орон сууцны хотхоны **** дүгээр байрны, * давхрын ** тоот, 51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******д шилжүүлэхийг хариуцагч “**********” ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 414,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА