Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/01132

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/01132

 

 

Г.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2018/00438 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ангарагтуяа, Б.Болормаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь Д.Ангарагтуяатай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 6 000 000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Д.Ангарагтуяа нь зээл авсны дараа 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 660 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Эхний 660 000 төгрөг зээлийн хугацаа дууссаны дараа төлсөн тул үүнийг зээлийн хүү болох 600 000 төгрөгийг төлсөн гэж үзэн суутгаж, үлдсэн 60000 төгрөгийг үндсэн зээл болох 6 000 000 төгрөгөөс хасахад 5 940 000 төгрөг үлдсэн. Дараагийн төлөлтийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийх хүртэл 36 хоног өнгөрсөн бөгөөд 36 хоногийн алдангийг 5 940 000 төгрөгөөс 0,5 хувиар бодоход 1 069 000 төгрөг болж байна. Д.Ангарагтуяагийн төлсөн 2 000 000 төгрөгөөс 1 069 000 төгрөгийн алдангийг суутгахад 930 800 төгрөг үлдэж байна. Хамгийн сүүлд төлөлт хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 91 хоногийн алдангийг 5 009 200 төгрөгөөс бодоход 2 271 186 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1 930 000 төгрөгөөр алдангийг тооцлоо. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн үлдэгдэл 5 009 000 төгрөг, алдангид 1 930 800 төгрөг, нийт 6 940 000 төгрөгийг нэхэмжилж байна. Д.Ангарагтуяагаас 3 470 000 төгрөг, түүний хамтран зээлдэгч 3 470 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ангарагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй тул эвлэрч чадсангүй. Г.Даваасүрэнгээс мөнгө зээлсэн нь үнэн. Тухайн үед Г.Даваасүрэн нь өдрийн 1 хувийн хүү нэхээд байсан тул би мөнгөө төлж чадаагүй юм. Тэрээр намайг ажилгүй, орлогогүй гэдгийг мэднэ. Зээлийн гэрээ хийхэд Г.Даваасүрэн нь заавал батлан даагч байх ёстой гэсэн учир Б.Болормаа эгчийг батлан даагчаар оруулсан. Би мөнгийг авсан тул нэхэмжилж байгаа 6 940 000 төгрөгийг 100 хувь би хариуцан төлнө гэжээ.

Хариуцагч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь зээл олгохдоо заавал батлан даагчтай байхыг шаарддаг учир би зөвхөн батлан даагчаар гэрээнд гарын үсэг зурсан. Би Д.Ангарагтуяагийн авсан мөнгийг төлөх боломж байхгүй. Би зээлийн уг мөнгийг аваагүй, хэрэглээгүй. Зээлийн гэрээ хийсэн хүнээсээ мөнгөө авах нь зүйтэй байх. Би энэ мөнгийг төлөх байсан бол гарын үсэг зурахгүй байсан. хариуцагч Д.Ангарагтуяагийн эзэмшлийн данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Ангарагтуяагаас 2 955 000 төгрөг, Б.Болормаагаас 2 955 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 030 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 990 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ангарагтуяагаас 54 755 төгрөг, Б.Болормаагаас 54 755 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч Д.Ангарагтуяа нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн эргэн төлөлтийг төлөхөд өөрийнх нь эд хөрөнгө хүрэлцэхгүй гэж огт хэлээгүй, өөрийн зүгээс зээлийг 100 хувь хариуцан төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлдэг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсгүүдийг үндэслэн үндсэн зээлээс зээлийн эргэн төлөлтийг хасч бодон нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн хэрэглэсэн Иргэний хуулийн 216.1 дэх хэсэг нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэл бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд хэрэгждэг зохицуулалт болно. Хариуцагч Д.Ангарагтуяа шүүхийн хэлэлцүүлэг дээр зээлийг төлж чадахгүй буюу эд хөрөнгө хүрэлцэхгүй байдалд орсон, цаашид төлж чадахгүй гэж огт хэлээгүй, харин ч эсрэгээрээ цаашдаа зээлийг хариуцан төлнө гэдгээ илэрхийлдэг. Мөн Д.Ангарагтуяа нь өөрийн төлсөн 2 660 000 төгрөгийг зээлийн хүү болон алдангийг төлсөн гэж мэдүүлдэг болно. Энэ бүгдээс харахад хариуцагч Д.Ангарагтуяаг үүрэг гүйцэтгэхэд түүний үүргийн гүйцэтгэл хүрэлцэхгүй болсон гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй байна. Ийм тохиолдолд шүүх Иргэний хуулийн 216.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээгээр зохигч нар үүргийн гүйцэтгэлийн дарааллыг эхлээд хүү, дараа нь үндсэн зээлийгтөлөхөөр зохицуулсан байна. Нэгэнт үүргийн гүйцэтгэлийн дарааллыг талууд гэрээгээрээ тохирсон байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ заавал даган биелүүлэхгүй шинжгүй хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг буруулан шийдсэн байна. Иргэний хуулийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн үүргээс сонгох эрхтэй болохоос талууд заавал даган биелүүлэх ёстой гэсэн үг биш юм. Гэрээний 4 болон 5 дах заалтуудаас харахад нэхэмжлэгч, хариуцагч нар анхнаасаа үүргийн гүйцэтгэлийг хүү, үндсэн зээл, хугацаа хэтэрвэл алдангийг төлүүлэхээр дарааллыг нэгэнт тогтоосон байсан. Ийм нөхцөл байдлыг агуулсан нотлох баримтыг шүүх зохих ёсоор үнэлэхгүй, буруу үнэлэн хэргийг шийдсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн "нэхэмжлэлийн шаардлагаас 1 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 6 940 000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь хариуцагч Д.Ангарагтуяа, Б.Болормаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 5 009 000 төгрөг, алданги 1 930 800 төгрөг, нийт 6 940 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Ангарагтуяа бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Болормаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... уг мөнгийг би аваагүй, зөвхөн батлан даагчаар гарын үсэг зурсан тул төлөхгүй гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн байх бөгөөд уг гэрээгээр Г.Даваасүрэн нь Д.Ангарагтуяа, Б.Болормаа нарт 6 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 16 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу бичгээр байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь хариуцагч Д.Ангарагтуяа, Б.Болормаа нараас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөг төлөх үүргийг хариуцагч нар хүлээнэ.

 

Хариуцагч Д.Ангарагтуяа 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 660 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус төлсөн гэж зохигчид тайлбарласан байх тул гэрээний дагуу төлөх нийт дүн 6 600 000 төгрөгөөс хариуцагч Д.Ангарагтуяагийн төлсөн 2 660 000 төгрөгийг хасч, үлдэх 3 940 000 төгрөгийг хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд уг заалтаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан байна. Гэрээний 5-д гэрээнд заасан хугацаанд зээлдэгч нь гэрээний 3-т заасан үндсэн зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан бөгөөд анхан шатны шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож, хариуцагч нараар 1 970 000 /3 940 000:2=1 970 000/ төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хуульд зааснаар гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож гаргуулдаг тул гэрээний дагуу төлбөл зохих нийт төлбөрөөс хариуцагчийн төлсөн мөнгийг хасч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх заалтыг хэрэглэсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх алдангийн талаар зөв дүгнэлт хийсэн байх тул энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх үндсэн зээл 3 940 000 төгрөг, алданги 1 970 000 төгрөг, нийт 5 910 000 төгрөгийг хариуцагч Д.Ангарагтуяагаас 2 955 000 төгрөг, хариуцагч Б.Болормаагаас 2 955 000 төгрөг тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2018/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО