Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00244

 

 

 

 

 

 

 

 

 

О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэртэй О-ны нэхэмжлэлтэй, Л.Эд холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийг засвар, үйлчилгээний зардал/-д 532 752 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхон, 32 дугаар байр, 8 тоотыг өмчлөгч, оршин суугч Л.Э нь тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөх засвар үйлчилгээний зардлыг 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацаа буюу 33 сар төлөөгүй, нийт 532 752 төгрөгийн өртэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Э нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхон, 32 дугаар байр, 8 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй бусдад түрээслэсэн, одоо Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Эгөөс 532 752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орчлон 2 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16 632 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Л.Э нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхоны 31 дүгээр байрны 08 тоот хаягт бүртгэлтэй боловч 2017 оны 1 дүгээр сараас хойш тус хаягаар оршин суухгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, харин өөрийн гэр бүлийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байр 25 тоотод түр оршин байгаа талаар нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гарган өгч хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О нь хариуцагч Л.Эд холбогдуулан 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар дуусах хугацаа хүртэл хугацаанд төлөгдөх СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 532 752 төгрөг гаргуулахаар шаардаж /хх.1/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З харьяаллын дагуу хэргийг шилжүүлэх хүсэлт гарган маргажээ. /хх.20/

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай Гэрчилгээ-ээр /хх.5/ нэхэмжлэгч О нь тус дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 31, 32 дугаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий холбоо болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.Э нь дээрх СӨХ-нд хамаарах 32 дугаар байрны 8 тоот орон сууцны өмчлөгч болох талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Л.Э тус байрны өмчлөгч мөн, түрээслэгч нь байнга солигдож байдаг гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй. /хх.30-р талын ар/ Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасантай нийцсэн.

 

Хариуцагч талын хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхоны 31 дүгээр байрны 08 тоот хаягт бүртгэлтэй боловч 2017 оны 1 дүгээр сараас хойш тус хаягаар оршин суухгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, харин өөрийн гэр бүлийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байр 25 тоотод түр оршин байгаа талаар нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гарган өгч хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Шүүх татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх болоод, мөн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй.

 

Учир нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхоны 31 дүгээр байрны 08 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа бус харин Баянгол дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байр 25 тоотод түр оршин суугаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай хамааралгүй. Мөн хариуцагчийн албан ёсны бүртгэл нь хэргийн 13 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 15 дугаар талд авагдсан итгэмжлэлийн арын нүүрт байх хариуцагчийн иргэний үнэмлэхийн хаягаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч уг орон сууцад амьдардаггүй нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт заасан ...сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо, зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх... өмчлөгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6-д заасан дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах үүрэгтэй, 148.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй нь ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ