2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/11506

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 11

191/ШШ2025/11506

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Б.Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух ******* ******* (РД:ЕТ*******)-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Их наяд Зүүн -Өндөр оффис-**** тоот хаягт байрлах******* ******* ******* ХХК (РД:*******)-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 40,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.******* хариуцагч******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 360,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие******* ******* Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.******* 2025.05.15-ны өдөр 25/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээ байгуулсан өдөр Худалдаа хөгжлийн банк ХК дахь тус компанийн эзэмшлийн 452715274 тоот дансанд 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие аливаа байдлаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд хүүхдийн баярт зориулсан төслийг нь дэмжих зорилгоор зээл олгосон.

Гэтэл зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсон өдрөөс хойш 4 cap өнгөрч байхад зээлийн төлбөрийг төлөөгүй. 2025.08.08-ны өдрийн албан бичгээр зээлийн төлбөрийг хүү алдангийн хамт 2025.08.30-ны өдөрт багтаан төлөх тухай мэдэгдсэн боловч мөн төлөөгүй.

Мөн зээлийн гэрээ байгуулахдаа Сургуулийн өмнөх боловсролын AR сургалтын хэрэглэгдэхүүн буюу хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах тухай гэрээнд тусгасан боловч барьцаа хөрөнгийг болон холбогдох баримт бичгийг танилцуулаагүй, акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй.******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг баталгаажуулаагүй тул гэрээний хугацаа дууссаны дараа үүргийн гүйцэтгэлийг хангах буюу барьцаа хөрөнгийг өөрчлөх тухай мэдэгдэхэд дээрх албан бичгээр 2025.08.30-ны өдөрт багтаан төлбөрийг төлөөгүй тохиолдолд компанийн хувьцаагаа барьцаалуулах хүсэлт гаргаж байсан.

Гэрээнд заасны дагуу 2025.06.30-ны өдөр зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль болон гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 120,000,000 төгрөг болно.

Иймд******* ******* Монголиа ХХК-аас зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бүтээгдэхүүн барьцаалсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Хас банк ХК-ийн төлбөрийн баримт, *******гун холдинг ХХК-ийн 2025.08.08-ны өдрийн 08/02 дугаар албан бичиг;

Хариуцагчаас: шүүхэд төлөөлөх итгэмжлэл 2 хувь, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хувь ирүүлсэн.

 

3. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд;

Хариуцагчаас зээлийн гэрээний төлбөр 200,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 40,000,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн алданги 120,000,00 төгрөг, нийт 360,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагчийн гаргасан санал хүсэлтийн дагуу талууд дараах нөхцөлөөр төлбөр төлөх хуваарийг харилцан тохиров.

1.2026.01.10-ны өдөр 180,000,000 төгрөг

2.2026.02.10-ны өдөр 180,000,000 төгрөг

Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг дээрх хугацаанд хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх бөгөөд Голомт банк ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр, хуулийн үр дагаврыг тооцон, хариуцагчаас ирүүлсэн саналыг үндэслэн байгуулсан болно.

Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн болон зохих ёсоор биелүүлээгүй, хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тухайн сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх нэхэмжлэгчийн эрх үүснэ. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч******* ******* Монголиа ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 360,000,000 төгрөгийг 2026.01.10-ны өдөр 180,000,000 төгрөг, 2026.02.10-ны өдөр 180,000,000 төгрөг төлөх, хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн болон зохих ёсоор биелүүлээгүй, хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тухайн сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх нэхэмжлэгчийн эрх үүсэхээр талууд эвлэрчээ. Тус эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Х.*******, хариуцагчийн төлөөлөгч Н.Батзориг нар гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно. гэж, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хуульд зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч******* ******* Монголиа ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 360,000,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 360,000,000 төгрөгийг 2026.01.10-ны өдөр 180,000,000 төгрөг, 2026.02.10-ны өдөр 180,000,000 төгрөг төлөх, хариуцагч гэрээнд заасан үүргээ бүрэн болон зохих ёсоор биелүүлээгүй, хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тухайн сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх нэхэмжлэгчийн эрх үүсэхээр тохиролцсон зохигч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ******* Монголиа ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,957,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА