Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Э.Э

 

             Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвинбулаг шанд ХХК-ний “Монгол Тамхи Со” нэртэй дэлгүүрээс өөрийгөө Гайхамшигт тун эмийн санд ажилладаг хэмээн итгүүлж 7 нэр төрлийн 18 блок 539,900 төгрөгний тамхи, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7 нэр төрлийн 24 блок 649,500 төгрөгний тамхийг залилан мэхэлж авч нийт 1,189,400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд  бичигдсэнээр/

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хийсэн хэрэг үнэн, аваарт ороод өвчин намдаах эм авах гэж олон удаагийн үйлдлээр олон хүнийг хохироосондоо харамсаж байна. Хохирлыг бүгдийг төлж  барагдуулсан. Эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Эгийн яллагдагчаар өгсөн:..Би Тамхи-Со-гийн захирал О, Гайхамшигт Тун эмийн сангийн захирал Т нарыг таньдаг юм. Би 2009 онд осолд ороод түүнээс хойш байнга өвчин намдаах тариа хэрэглэдэг болсон. Би мөнгө олохын тулд О, Т нар бие биенийгээ таньдаг харилцааг ашиглан 2018.01.12-ны өдөр О руу утсаар яриад би Т байна тамхи зээлээч хэд хоногоос мөнгийг нь өгье гэж хэлээд дэлгүүрийн худалдагч болох танихгүй эмэгтэйгээс 539900 төгрөгний тамхи авсан. Дараа нь 2018.01.19-ны өдөр дахин Отай Т байна нэмж тамхи зээлэх гэсэн юм. Мөнгийг нь өмнөхтэйгээ нийлүүлээд өгье гэж яриад дахин худалдагчаас нь 649500 төгрөгний тамхи авсан. Би эм тарианы мөнгө л олох гэж тэгсэн юм хийсэн зүйлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 р тал/, 

 

           Хохирогч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Арвинбулаг шанд ХХК-ний Монгол Тамхи Со нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Намайг ажил дээрээ байхад буюу 2018 оны 01 дүгээр 12-ны өдөр манай дэлгүүрт үл таних 35-40 орчим настай болов уу гэмээр шардуу царайтай үсээ хойш нь шууж боосон, туранхай биетэй 160-165 см орчим өндөртэй эгч орж ирээд “эгч нь Гайхамшигт тун эмийн сангаас явж байна даргатай чинь ярьсан, танайхаас хэдэн тамхи авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн дарга Отай утсаар холбогдоход О дарга “Гайхамшигт тунгийн захирал Т тамхи авна гэж ярьсан, падаан бичээд өгөөд явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эгчид “Эссэ”, “Ченж эссэ”, “Парламент”, “Улаан шонхор”, “ЛД клаб”, “Саарал ЛД”, “Майлд” зэрэг тамхинуудаас 18 блокийг өгөөд явуулсан юм. Тухайн үед тэр эгч өөрийгөө “Гайхамшигт тун эмийн санд ажилладагА гэдэг хүн” гэж ярьж байсан... Үүний дараа 2018 оны 01 сарын 19-ний өдөр өмнө орж ирсэнА гэж өөрийгөө танилцуулсан эгч манай дэлгүүрт орж ирээд “Гайхамшигт Тс явж байна аа, дахиад тамхи авах гэсэн юм” гэхээр нь би түүнд “Танайх өмнөх зээлээ төлөөгүй байгаа биз дээ” гэхэд тэр эмэгтэй “Даргатай чинь ярьсан шүү дээ” гэж хэлээд дэлгүүрээс гарч утсаар яриад буцаж орж ирээд ав гэж байна гэхээр нь мөн итгээд падаан бичээд 7 төрлийн 24 блок тамхийг өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/

 

            Гэрч П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр над руу нэг танихгүй Скайтелийн дугаараас өөрийгөө Гайхамшигт тун эмийн сангийн захирал Тунгалаг байна намайг танихгүй байна уу би дугаараа сольчихсон надад хэдэн тамхины хэрэгцээ байна та өгөөд явуулчих уу манайхны нэг хүн очиж авна би хэд хоногоос удаахгүй мобайлдаад шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө манай худалдагч Со над руу залгаад эмийн сангийн Т эгч явуулсан гээд нэг танихгүй хүн ирлээ таныг тамхи аваарай гэсэн гэж байна гэхээр би “Надруу ярьсан би чамд хэлэхээ мартчихжээ өгөөд явуулчих” гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахиад хүн ирчихээд тамхи авна гээд байна гэсэн. Би тэгэхээр нь урьдынхаа тооцоог хийгээгүй байгаа ш дээ гэж хэлсэн. Манай худалдагч Н.Со тэр хүнд 2 удаагийн үйлдлээр нийт 1,189,400 төгрөгний үнэ өртөг бүхий 7 нэр төрлийн 43 блок тамхийг авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 04 р сарын 20 орчим Тамхи-Со дэлгүүрийн худалдагч гээд нэг эмэгтэй над руу утасдаад өөрөө сая гаруй төгрөгний тамхи авч явсан. Мөнгийг нь хэзээ өгөх вэ гэхээр нь би тэгж тамхи авч байгаагүй хуулийн байгууллагад хандаж шалгуул гэж хэлсэн хэн нэгэн хүн миний нэрийг барьж хуурч мэхлэсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 р тал/,

 

            2018 оны 01 дүгээр сарын 12, 19-ны өдрүүдийн тамхи авсан гэх Зарлагын падаанууд  /хх-ийн 20-21 -р хуудас/,

            Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ДГО 829 дугаартай: “...Эссэ 199,500 төгрөг, ченж эссэ 248,000 төгрөг, парламент 240,000 төгрөг, улаан шонхор 104,400 төгрөг, лд клуб 141,000 төгрөг, лд райсон 116,500 төгрөг, майлд севен 82,000 төгрөг, райсон 58,000 төгрөг, нийт 1,189,400 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

          Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №328 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 54/ ,

           Шүүгдэгч Э.Эгийн эрүүл мэндийн талаар баримтууд /хх-ийн 43-56 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 01 сарын 12, 19-ний өдрүүдэд өөрийгөө Гайхамшигт тун эмийн сан ажилладагА гэж танилцуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвинбулаг шанд ХХК-ний “Монгол Тамхи Со” нэртэй дэлгүүрийн худалдагчид ойлгуулан улмаар дэлгүүрээс нь 2 удаагийн үйлдлээр нийт 1,189,400 төгрөгний үнэ өртөг бүхий 7 нэр төрлийн 43 блок тамхийг нэхэмжлэх бичүүлэн авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хийсэн хэрэг үнэн, аваарт ороод өвчин намдаах эм авах гэж олон удаагийн үйлдлээр олон хүнийг хохироосондоо харамсаж байна. Хохирлыг бүгдийн төлж  барагдуулсан. Эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Эгийн яллагдагчаар өгсөн:.. Би мөнгө олохын тулд О, Т нар бие биенийгээ таньдаг харилцааг ашиглан 2018.01.12-ны өдөр О руу утсаар яриад би Т байна тамхи зээлээч хэд хоногоос мөнгийг нь өгье гэж хэлээд дэлгүүрийн худалдагч болох танихгүй эмэгтэйгээс 539900 төгрөгийн тамхи авсан. Дараа нь 2018.01.19-ны өдөр дахин Отай Т байна нэмж тамхи зээлэх гэсэн юм. Мөнгийг нь өмнөхтэйгээ нийлүүлээд өгье  гэж яриад дахин худалдагчаас нь 649500 төгрөгийн тамхи авсан гэсэн мэдүүлэг. Хохирогч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр 12-ны өдөр “эгч нь Гайхамшигт тун эмийн сангаас явж байна даргатай чинь ярьсан, танайхаас хэдэн тамхи авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эгчид “Эссэ”, “Ченж эссэ”, “Парламент”, “Улаан шонхор”, “ЛД клаб”, “Саарал ЛД”, “Майлд” зэрэг тамхинуудаас 18 блокийг өгөөд явуулсан юм. Тухайн үед тэр эгч өөрийгөө “Гайхамшигт тун эмийн санд ажилладагА гэдэг хүн” гэж ярьж байсан... Үүний дараа 2018 оны 01 сарын 19-ний өдөр өмнө орж ирсэнА гэж өөрийгөө танилцуулсан эгч манай дэлгүүрт орж ирээд “Гайхамшигт Тс явж байна аа, дахиад тамхи авах гэсэн юм” гэхээр нь мөн итгээд падаан бичээд 7 төрлийн 24 блок тамхийг өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Гэрч П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр над руу нэг танихгүй Скайтелийн дугаараас өөрийгөө Гайхамшигт тун эмийн сангийн захирал Тунгалаг байна намайг танихгүй байна уу би дугаараа сольчихсон надад хэдэн тамхины хэрэгцээ байна та өгөөд явуулчих уу манайхны нэг хүн очиж авна би хэд хоногоос удаахгүй мобайлдаад шилжүүлье гэж хэлсэн. Манай худалдагч Н.Со тэр хүнд 2 удаагийн үйлдлээр нийт 1,189,400 төгрөгний үнэ өртөг бүхий 7 нэр төрлийн 43 блок тамхийг авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 04-р сарын 20 орчим Тамхи-Со дэлгүүрийн худалдагч гээд нэг эмэгтэй над руу утасдаад өөрөө сая гаруй төгрөгний тамхи авч явсан. Түүнийгээ хэзээ мөнгийг авчирж өгөх вэ гэхээр нь би тэгж тамхи авч байгаагүй . хуулийн байгууллагад хандаж шалгуул гэж хэлсэн. хэн нэгэн хүн миний нэрийг барьж хуурч мэхлэсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 р тал/, Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,  Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ДГО 829 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 12, 19-ны өдрүүдийн тамхи авсан гэх Зарлагын падаанууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй атлаа аймгийн Гайхамшигт тун эмийн санд ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож Арвинбулаг шанд ХХК-ний Монгол Тамхи Со нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч Н.Со, П.О нарыг хуурч өөртөө итгүүлэн төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр 1,189,400 төгрөгний эд зүйлийг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

            Иймд аймгийн прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Эг  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Н.Со нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Эгаас 1,189,400  төгрөгийг хохиролд авсан цаашид гомдол саналгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Э.Эд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

           

            Гэвч шүүгдэгч Э.Эгийн энэхүү гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарахаас өмнө  буюу 2018 оны 01 дүгээр сарын 12, 19-ны өдрүүдэд үйлдэгдсэн байх тул уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар тэнссэн арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

           

 Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД