Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00763

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00763

 

 

 

Лэндс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03179 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Лэндс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Төгсболдод холбогдох

Шинжээчийн ажлын хөлс 1 056 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом, хариуцагч Д.Төгсболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2209 дүгээр захирамж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 587 дугаар албан бичгийг үндэслэн Д.Төгсболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхцэнгэлд холбогдох иргэний хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж, шинжилгээний дүгнэлт, тайланг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15/4-19 дугаар бүхий албан тоотоор хүргүүлсэн. Шүүгчийн захирамжид заасны дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25 дугаар гудамж, 621а тоот хаягт байршилтай, 444 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Г-2204053866 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000341517 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлалтай 18648310724564 нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2204004774 дугаарт бүртгэгдсэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000276383 дугаар гэрчилгээтэй газрын зах зээлийн үнэлгээг тус тус тогтоож, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний ажил хийсэн. Бид шүүхэд хүргүүлсэн тайландаа шинжилгээний хөлс болох 1 056 000 төгрөгийг шийдвэртээ тусгаж өгнө үү гэсэн боловч шүүх шийдвэртээ тусгаагүй. Б.Мөнхцэнгэлийг хариуцагч болгож 2 жил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба шүүхээс Д.Төгсболд хариуцах нь зүйтэй гэж шийдсэн. Иймд ажлын хөлс 960 000 төгрөг, НӨАТ-ийн 10 хувь нийт 1 056 000 төгрөгийг хариуцагч Д.Төгсболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Төгсболд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй хариуцагч Б.Мөнхцэнгэл уг хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Лэндс ХХК нь шүүгчийн захирамжаар автомашины үнэлгээ тогтоосон нь шинжээчийн өөрийнх нь үүрэгт хамаарч байгаа учир зохигчоор нөхөн төлүүлэх хуулийн үндэслэл байхгүй. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гаргасан зардлыг зохигчоор нөхөн төлүүлэхээр зохицуулсан байгаа бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас үзэхэд шүүхээс зардал гаргасан гэх баримт байхгүй байна. Шүүхээс шинжээчийн зардлыг төлөөгүй байхад Лэндс ХХК нь дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн байгаагаас үзэхэд уг шинжээчийн гүйцэтгэсэн ажил нь ажил үүрэгт нь холбоотой буюу өөрөөр хэлбэл зохигчоор нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэдэг нь давхар батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Шүүх: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Төгсболд /ХА70040377/-оос 1 056 000 төгрөгийг гаргуулж Лэндс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төгсболдоос 29 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Төгсболд давж заалдах гомдолдоо:Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан байна. Уг зүйлд тухайн ажлын хөлсийг шүүхээс гаргасны дараа зохигчоор нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа 1 056 000 төгрөгийг гаргасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсэн бол үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авна. гэж заасан байна.

Би Лэндс ХХК-ийн үйлчлүүлэгч биш. Үйлчлүүлэгч гэсэн баримт хэрэгт авагдаагүй болно. Үйлчлүүлэгч нь байсан Б.Мөнхцэнгэл үүнийг хариуцах ойлгомжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Лэндс ХХК нь хариуцагч Д.Төгсболдод холбогдуулан шинжээчийн ажлын хөлс 1 056 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Лэндс ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2209 дүгээр захирамжийн дагуу Д.Төгсболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхцэнгэлд холбогдох иргэний хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25 дугаар гудамж, 621а тоот хаягт байршилтай, 444 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Г-2204053866 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000341517 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлалтай 18648310724564 нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2204004774 дугаарт бүртгэгдсэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000276383 дугаар гэрчилгээтэй газрын зах зээлийн үнэлгээг тогтоосон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5364 дугаар шийдвэрээр тухайн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэх талаар шийдвэр гаргаагүй байна. /х.х-ийн 9-10, 63-69, 78-79 дүгээр тал/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Д.Төгсболд нь өмнө нэхэмжлэгч Лэндс ХХК-ийн шинжээчээр томилогдсон хэргийн оролцогч байсан боловч тэдний хооронд шинжээчийн хөлс төлөхтэй холбоотой гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн шинжээчийн ажлын хөлсийг шүүхийн зардалд тооцох ба зохигчоор нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг хуваарилахдаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс шинжээч томилсонтой холбоотой гарсан зардал нь шүүхийн зардалд хамаарахаар, шүүхийн зардлыг нөхөн төлүүлэхдээ тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэхээр хуульд тус тус заасан.

Д.Төгсболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхцэнгэлд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн зардлыг хуваарилах үүрэгтэй бөгөөд уг хэргийг шийдвэрлээгүй атлаа анхан шатны шүүх хариуцагч Д.Төгсболдоос шинжээчийн зардлыг гаргуулж нэхэмжлэгч Лэндс ХХК-ийн өмнө 1 056 000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Д.Төгсболдын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхцэнгэлд холбогдох хэргийн шинжээч томилсонтой холбоотой шүүхийн зардлыг өөр хэргийн буюу Лэндс ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Д.Төгсболдод хариуцуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд алдаатай байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөн залруулах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Лэндс ХХК нь шүүхийн зардлыг гаргуулахаар зохих этгээдэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Лэндс ХХК-ийн хариуцагч Д.Төгсболдоос ажлын хөлс 1 056 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ