Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 932

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“*******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 47 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан юм. 

Ингээд татгалзаж шийдвэрлэсэн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн 5-620 дугаар албан бичгийг хүлээн авсан.

Уг албан бичигт тухайн өргөдлийн талбай нь өөр компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай бүхэлдээ давхцалтай тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд хийсэн дүгнэлт”-ээс үндэслэн татгалзсан тухай мэдэгджээ.

Уг дүгнэлтэнд дурдсанаар манай компанийн өргөдлийн талбайг өмнө нь түрүүлж ирсэн өөр компанийн ХА-019391-001-NE (NE-026395) дугаар өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай тул олгох боломжгүй гэжээ.

Бид түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлөө 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт гардуулан өгсөн байдаг. Үүнийг  Дархан-Уул аймагт өгсөн манай хүсэлтийн ард дарагдсан тухайн Засаг даргын Тамгын газар хүлээн авсан гэсэн тэмдэглэгээнээс харагдана.

Харин Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэнд байх “өмнө нь түрүүлж ирүүлсэн” гэх ХА-019391-001-NE (NE-026395) дугаар өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу манай компани өргөдөл өгснөөс хойш 8 хоногийн дараа Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өгөгдсөн байдаг.

Үүнийг Ашигт малтмалын газрын цахим сангаас харж болох бөгөөд мөн Ашигт малтмалын газрын манай компанид хандан гаргасан 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 6/3364 дүгээр албан бичгээр “Дээрх ашигт малтмалын хайгуулын ХА-019391 тоот өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөл нь эцэслэн шийдэгдээгүй кадастрын бүртгэлийн системд хэлэлцэх шатанд байна” гэснээс харж болох юм.

Үүгээр манай “*******” компанийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт өгсөн өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсөн ХА-019391 өргөдлөөс өмнө өгсөн нь батлагдаж байна.

Манай компани нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн 5-620 дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч уг гомдол нь кадастрын хэлтэст шилжигдэн өөрсдийн гаргасан дүгнэлтээ өөрөө хамгаалсан 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 6/3364 дугаар албан бичгийг явуулсан байна.

Гэтэл уг 6/3364 албан бичгээр “энэ өргөдлийн дараа Дархан-Уул аймгаас танай компанийн өргөдлийг тус газарт ирүүлсэн байна” гээд “танай гаргасан хүсэлтийг... хүлээн авах боломжгүй байна” гээд манай “*******” компанийн өргөдлийг бүртгэхээс татгалзсан байдаг.

Энэ нь тус талбайд өмнө нь өргөдөл гаргасан байсан манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа болно. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA код бүхий талбайд гаргасан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд хийсэн дүгнэлт”-ийг хүчингүй болгон өгч, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгээгүй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг даалгуулан өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...3асгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолуудаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, уг солбицол/талбай/-ын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газарт даалгасан. 

Ашигт малтмалын газар дээрх тогтоолоор батлагдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг хүлээн авч бүртгэн, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ТХ-00031-DА дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 70 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5-320 дугаар албан бичгийг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газарт ирүүлсэн. Уг албан бичгээр ирүүлсэн ТХ-00031-DА дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу тухайн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийсэн.

Ийнхүү шүүлт хийж үзэхэд уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019391-001-NЕ дугаартай өргөдлийн талбайтай бүхэлдээ давхацсан байсан. 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурал нэртэй 1280 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019391-001-NЕ дугаартай өргөдлийг “Унисис” ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгүүлсэн байна.

“*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ТХ-00031-DА дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газарт 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн бөгөөд уг өргөдлийн талбай нь “Унисис” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019391-001-NЕ дугаартай өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байсан.

Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ТХ-00031-DА дугаартай өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлдээ “...манай “*******” компанийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт өгсөн өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өгсөн ХА-019391 өргөдлөөс өмнө өгсөн нь батлагдаж байгаа юм”  гэсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг. Энэ зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийн талбай давхацсан тохиолдолд тэдгээрийн түрүүлж өргөдлөө гаргаж бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг зохицуулсан заалт болно.

Харин нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ТХ-00031-DА дугаартай өргөдөл нь Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолд заасан талбай бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу өргөдөл гаргасан “Унисис” ХХК-ийн ашигт малтмал/ердийн/-ын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайтай давхцалтай байсан.

Түүнчлэн “*******” ХХК-ийн ТХ-00031-DА дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ирүүлж бүртгэгдсэн бол “Унисис” ХХК-ийн ХА- 019391-001-NЕ дугаартай өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн байна.

“*******” ХХК нь дээрх талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд уг өргөдөлд Дархан-Уул аймгийн Засаг даргаас татгалзсан хариуг өгч байсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DА өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгээгүй Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг даалгуулан өгнө үү" гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Учир нь “*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ТХ-00031-DА дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газарт 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ирүүлж кадастрын системд бүртгэгдсэн бөгөөд бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр ирүүлснээр бүртгэх ямар ч үндэслэлгүй болно. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2,10.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18-д тус тус заасан бүртгэлийг Ашигт малтмалын газрын УУККС/Уул уурхайн кадастрын компьютержсон систем/-д л зөвхөн бүртгэдэг бөгөөд уг бүртгэлийг тус газарт ирүүлж бүртгэгдсэн огноогоор дэс дараалан бүртгэдэг болно.

Дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******ын гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 01/07 дугаар албан бичгээр Дархан Уул аймгийн Засаг дарга А.Энхболдод хандан Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Цагаан дэлт нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанжав 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад ““*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, сум орон нутгийн саналыг үндэслэн дэмжих боломжгүй талаар тус компанид хариу өгсөн боловч, талбайн давхцлыг арилгаж, газрын хэмжээг өөрчлөн дахин гаргасан өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авлаа. Иймд “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд шүүлт хийж дүгнэлт гаргаж өгнө үү” хэмээн 5-320 дугаар албан бичгийг хүргүүлжээ. 

Уг албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2016 оны 3 дугаар сарын 18-ны хүлээн авч өргөдлийн бүртгэлийн TX-00031-DA дугаарт бүртгэсэн ба 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн дарга Н.Чинбаатар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд шүүлт хийхэд өмнө түрүүлж ирүүлсэн XA-019391-001-NE /NE-026395/ өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хэмээн дүгнэлт гаргажээ. 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанжав 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 5-620 дугаар албан бичгээр “Танай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь бүхэлдээ давхцалтай тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн ТХ-00031-DA дугаар дүгнэлтийг хүргүүлэв” хэмээн “*******” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна. 

Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газарт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 01/024 дүгээр албан бичгээр өргөдөл гаргасан ба тус газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/3364 дүгээр албан бичгээр “...Дээрх ашигт малтмалын хайгуулын ХА-019391 дүгээр өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар өргөдөл гаргасан бөгөөд одоо тус өргөдөл нь эцэслэн шийдэгдээгүй кадастрын бүртгэлийн системд хэлэлцэх шатанд байна. Энэ өргөдлийн дараа Дархан-Уул аймгаас танай компанийн өргөдлийг тус газарт ирүүлсэн байна. Иймд танай гаргасан хүсэлтийг энэ өргөдөл эцэслэн шийдэгдтэл хүлээн авах боломжгүй байна” хэмээн хариу өгснийг “*******” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч “манай компани 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Ашигт малтмалын газарт шүүлт хийхдээ Дархан-Уул аймгийн Засаг даргын албан бичгийн огноогоор бус “*******” ХХК-ийн өргөдөл гаргасан огноогоор шүүлт хийх ёстой хэмээн маргаж байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 5-320 дугаар албан бичгээр хүргүүлжээ. 

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлж, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5-320 дугаар албан бичгийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын ТХ-00031-DA дугаарт бүртгэж, зураг зүйн шүүлт хийсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга “*******” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг хугацаа алдаж 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн үйлдэл хууль бус болох нь Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 5-1526 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байх боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэх ёстой гэж үзэх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар аймгийн Засаг дарга өргөдлийг он, сар, өдөр, цаг минутын дарааллаар бүртгэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаж, түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой эсэх талаар төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тодруулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог бол Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдлийг он, сар, өдөр, цаг, минутын дарааллаар бүртгэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэйг зохицуулж өгсөн байна. 

Иймд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ХА-019391-001-NE дугаартай өргөдлийг бүртгэснээс даруй 6 сарын дараа Засаг даргаас ирсэн хүсэлтийн дагуу “*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй, байх тул “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******ын гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******ын гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.САЙХАНТУЯА