Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0291

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0291

Улаанбаатар хот

 

 

Ё.Н-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийг хянасан тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0158 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Нэхэмжлэгч Ё.Н-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нар давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрт "Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх хуулиар олгогдсон дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхийнхээ хүрээнд Ё.Н-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар уг хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх боломжгүй юм." гэжээ.

Гэвч Улсын дээд шүүхийн тайлбарт “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн "хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог” гэж тайлбарласан байна. Энэ тайлбараас үзвэл захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй хуульд үндэслээгүй бол илт хууль бус актад тооцогдох нь байна.

Сухбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалын үндэслэл болон үндэслэсэн хууль зүйн үндэслэлийг авч үзье.

Тус тушаал дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” А/145 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байна.

Тус тушаалд Монгол улсын Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн ЗЗ.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө" гэх энэ эрхээ тус тушаалд тусгаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд албан тушаалтныг томилж, чөлөөлсөн гэж дурдсан. Гэвч Ё.Н-г түр орлон гүйцэтгэгчид томилсон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалд энэ эрхээ үндэслэж заагаагүй байгаа нь хуульд үндэслэх зарчимтай нийцээгүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтын “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэл болгоогүй байгаа нь хууль зүйн үндэсгүй тушаал болгож байгаа юм. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт албыг түр орлон гүйцэтгэх нөхцөлийг тусгасан. Ээлжийн амралттай, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй, дотоод, гадаад албан томилолттой, гурван сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдах, удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тусгай даалгавар, ажил үүрэг гүйцэтгэх, жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх” гэх эдгээр үндэслэлүүдийн аль нь ч бодит байдал дээр үүсээгүй байхад Ё.Н-г хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад түүний эрхэд халдаж даргын албан тушаалаас чөлөөлж түр орлон гүйцэтгэгч болгосон нь буруу юм. Үүнийг анхан шатны шүүхээс илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна. Илт хууль бус акт байхын тулд дараах нөхцлийг хангах ёстой:

-хууль бус болон зорилгодоо нийцээгүй бол,

-тухай актаар гомдол гаргагчийн эрх зөрчигдсөн буюу ашиг сонирхол нь хөндөгдсөн.

Энэ хоёр нөхцөлөөс үзвэл “зорилгодоо нийцээгүй байх” гэх хэсэгт Ё.Н-г даргын албан тушаалаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгч болгосон нь ямар зорилго чиглэлтэй байх ёстой байсан. Энэ зорилгодоо нийцсэн үү гэх асуудал гарна. Дээр дурдсан Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтанд тусгагдсан тэдгээр нөхцөл бүрдээгүй байхад Ё.Н-г өөрийн албан тушаалынх нь түр орлон гүйцэтгэгч болгосон нь тухайн түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаалын зорилгод нийцээгүй байна. Ийнхүү үндэслэлгүйгээр Ё.Н-г түр орлон гүйцэтгэгч болгосон нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэсэн шүүгч энэ тушаалын хууль зүйн үндэслэлийг огт авч хэлэлцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийг бүрэн бодитой шийдвэрлэж чадаагүй бөгөөд Ё.Н-г Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох хууль болон журамд заасан эрх зүйн үндэслэл бүрдсэн байсан эсэх тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Хэрвээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалын үндэслэл хийгээд Ё.Н-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл нь байгаагүйг олж харсан бол энэ шийдвэрийг гаргахгүй байсан.

 Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Ё.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бий болоогүй, үндэслэх ёстой хууль тогтоомжийг үндэслээгүй байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болгож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт "Илт хүуль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" хэмээн заасан байдаг. Ё.Н-г түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт тул түүнийг үндэслэж Ё.Н-г Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлж байгаа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь бас илт хууль бус, эрх зүйн үйлчлэлгүй болж байна.

Эдгээр үндэслэлүүдээс үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт бөгөөд иргэн Ё.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад халдсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзэхэд маргаан бүхий актуудад холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нараас “...“Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс”-ийн нэрийг “Төлөлвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс” гэж өөрчилсөн бөгөөд хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/ хэвээр хадгалагдан үлдсэн ...миний эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад ...ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл байхгүй байхад чөлөөлсөн /халдсан/ шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус ...албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөл байдал бий болоогүй байхад Ё.Н-г түр орлон гүйцэтгэгч болгосон ...” гэх үндэслэлээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.3-т “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 107 дугаар зүйлийн 107.1-т “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж тус тус зааж хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн “...Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3-т заасан төрийн албыг түр орлон гүйцэтгэх нөхцөл шаардлага үүсээгүй байхад түр орлон гүйцэтгэгчээр томилсон, ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг буруу хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь тус тус илэрхий алдаатай шийдвэрүүд болсон ...” гэж маргасан үндэслэл тус бүрт дүгнэлт өгч, хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа холбогдох хуульд нийцээгүй, илэрхий алдаа бүхий ноцтой үр дагавартай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээс гадна ийнхүү шийдвэрлэхэд удирдлага болгосон хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаж, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт тусгах чиг үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлэхээр, тэрхүү шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянан магадлах үүргийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэхээр хуульчлагджээ.

Анхан шатны шүүх захиргааны акт тус бүртэй холбогдуулан нэхэмжлэгчийн маргасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй, “...Тамгын газрын даргад ...ажилтнуудыг томилж чөлөөлөх эрхийнхээ хүрээнд Ё.Н-г ...томилж, ....чөлөөлснийг ...иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй ...төрийн албанаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна ...” гэх зэргээр салаа утгатай ойлгомжгүй, дүгнэлт хийсэн, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар нэгэн хуулийн зүйл, заалтыг удирдлага болгоогүй байх тул шүүх нэхэмжлэлийг ямар шалтгаан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох тайлбарыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар маргаж буй албан тушаалд М.Б томилогдон ажиллаж байгаа нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд шүүх маргааныг хэрхэн шийдвэрлэхийг урьдаас таамаглах боломж, үндэслэлгүй тул Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах байсан тус албан тушаалд түр томилон ажиллуулсан нь буруу гэх маргааныг хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй М.Б-д мэдэгдэлгүйгээр, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олголгүйгээр шийдвэрлэх нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.            

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ