| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04520/И |
| Дугаар | 192/ШШ2025/08690 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/08690
| 2025 10 28 | 192/ШШ2025/08690 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 баг, Урт Мак ХХК-ийн нарийн сухайтын уурхайн захиргааны байр хаягт байрлах, **** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, 9 гудамж, **** тоот хаягт оршин суух, **** овогт *** /РД:***/-т холбогдох
Гэрээний үүрэгт 21,922,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:
...Иргэн **** нь манай компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах чингэлэгт терминалын жолоочтой тээврийн талбайд чингэлэг өргөгч жолоодож явахдаа талбайд байршсан хяналтын камер бүхий шонг мөргөж гэмтээсэн.
Ослын улмаас манай компанид нийт 24,585,165 төгрөгийн хохирол учирсан ба холбогдох баримтаар баталгаажуулсан байдаг. **** нь дээрх хохирлыг компанид тогтвор суурьшилтай ажиллаж өөрийн цалин хөлснөөсөө 66 сарын хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Б/85 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул энэ хүртэлх 11 сарын хугацаанд нийт 4,175,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тул ****тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 20,410,165 тогрогийг 52 сарын хугацаанд хуваарийн дагуу тодох гол нөхцөлтэй 020-24 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
**** нь гэрээний 2.2-т заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 5-ны өдөр 400,000 төгрөгийг толох үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Манай компанийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ****т гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх болон мэдэгдлээр тогтоосон хугацаанд хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний нийт төлбөр, түүний хугацаа хэтрүүлсний алдангийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай мэдэгдэл бүхий албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн дагуу ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 205.1, 225.1, 222.7 болон талуудын хооронд байгуулагдсан 020-24 тоот гэрээний 3.1.2-т заасны дагуу хариуцагчаас 20,410,165 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,512,000 төгрөг, нийт 21,922,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ****аас тайлбартаа:
...Нэхэмжлэгчээс 21,922,165 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Камер нь 24,585,165 төгрөг төлөхөөр үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх би "****" ХХК-нд 2022 оны 08 сард ажилд ороход чингэлэг өргөгч техникийн жолоочоор сургаж ажилд авна гэхэд нь тохиролцон ажилд орсон. Ажилд ороход тус чингэлэг өргөх техникт албан ёсны сургалт зохион байгуулаагүй ба тус компанид ажилладаг*** гэх залууг дагалдах заавар өгсөн ба дээрх*** зааварлагч хоёр хоног намайг дагалдуулаад өөрөө өөр газар ажиллахаар явсан үүнээс хойш би тухайн чингэлэг өргөгч техникийг өөрөө оролдож сурч байсан ба байгууллагаас тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэх гараагүй байхад дээрх камер байрлуулсан шонг унагаасан үйл явдал болсон.
Дээрх чингэлэгт терминал нь бас шинээр баригдаж байсан аюулгүй ажиллагааны дүрэм журам гэж байхгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, аюулгүй ажиллагааны зааварлагч байхгүй, ийм газарт дадлагын ажилтнаар ажил хийлгэх үүрэг "****" ХХК өөрсдөө өгч ажил хийлгэн талбайд гаргасан.
Тийм учир "****" ХХК нь өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Ийм үйл явдал болсны дараа дээрх чингэлэг өргөгч тээврийн хэрэгслийн үнэмлэхтэй болгосон. Миний хувьд дээрх төлбөрийг тухайн байгууллагатаа цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байсан тул өөртөө хариуцлага хүлээж цалингаасаа төлөөд явна гэж тооцож төлөхөөр зөвшөөрсөн ч ажлаас халагдсан, буцаж байгууллагатаа ажилд орж чадаагүй. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь намайг ажлаас гаргахаар, буцааж авахгүй байх гэсэн шантажид орж хийсэн хэлцэл учир энэхүү гэрээ нь хууль бус гэрээ гэж би бодож байна. Би тухайн байгууллагад нийт 4,175,000 төгрөг төлж хохирол барагдуулсан гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 267,561 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр барагдуулах гэрээ, төлбөр төлөх хуваарь, төлбөр төлсөн тооцоо, талбайн эвдрэл гэмтлийн тооцоолсон акт, бичгэн сануулгын маягт, **** ХХК-ийн мэдэгдэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тухай тушаал, итгэмжлэл, туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаал, үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, өдөр тутмын давтан зааварчилгааны бүртгэл, Арш технологи, Саруул чанар ХХК-ийн үнийн санал илгээх тухай албан бичиг.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, Алтан боломж сургалтын төвийн тодорхойлолт.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт Үзлэг хийсэн тэмдэглэл, зураг, СД.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК-иас хариуцагч ****т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 21,922,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс ...Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсний алдангийг гаргуулж өгнө үү гэх агуулгаар шаардлага үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч ...ажилд ороход тус чингэлэг өргөх техникт албан ёсны сургалт зохион байгуулаагүй, тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэх гараагүй байхад ажлуулсан, энэ хугацаанд дээрх камер байрлуулсан шонг унагаасан үйл явдал болсон, хохирлыг хариуцахгүй, байгууллага буруутай гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд
3.1. Талууд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...**** нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа ...чингэлэг өргөгч жолоодож явахдаа талбайд байрлах хяналтын камер бүхий шонг мөргөж гэмтээсэн, ослын улмаас байгууллагад 24,585,165 төгрөгийн хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцож төлүүлэхээр байгууллага шаардах эрхтэй гэж харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна.
3.2. Дээрх ослын улмаас байгууллагад учирсан гэх хохиролд хариуцагч цалин хөлснөөсөө суутгуулж 4,175,000 төгрөгийг суутгуулж төлбөр хийсэн, 2024 оны 4 сарын 11-ний өдөр хариуцагч ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэг ажлаас нь чөлөөлсөн үйл баримтууд нотлогддог, энэ талаар талууд маргаагүй.
3.3. Харин ...тухайн ажлын байранд ажиллах жолооч мэргэжлийн үнэмлэхгүй байхад жолоо бариулсны улмаас осол гарч байгууллагад хохирол учирсан, үүнд байгууллага бас буруутай гэх хариуцагч талын татгалзал, ...хариуцагч хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгч талын шаардлага нь маргааны зүйл болно.
4. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байх ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцэх бөгөөд тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, уг харилцааны явцад ажилтны буруугаас ажил олгогчид хохирол учирсан тул тухайн хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
4.1. Хэдийгээр талуудын хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан, хариуцагч сайн дурын үндсэн дээр уг хэлцлийг байгуулсан, байгууллагад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг ч шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд Ажлын байрны нэр Калмар Оператор, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заажээ.
Тухайн ажлын байр болох Калмар оператор буюу Контейнер ачигчийн оператор нь ачих, буулгах зориулалт бүхий машин механизмыг жолоодон ажиллах ажил үүргийн хуваарьтай, тусгай мэргэжлийн үнэмлэх, жолоодох эрхтэй этгээд ажиллах ажлын байр гэдэг талаар талуудын хэн аль нь маргаагүй.
Энэ талаар ...2022 оны 12 сарын 01-ний өдөр үндсэн ажилтнаар ажиллуулах тушаал гарсан, ажиллах хугацаандаа 2023 оны 5 сарын 12-ны өдөр шон мөргөсөн, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байсан учраас ажилд авсан, жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан учраас хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч талаас тайлбар гаргадаг. Гэвч уг тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй. Харин ...тухайн үед дадлагажигч гээд ажиллаж байсан, тухайн машин механизмын жолоодох эрх байгаагүй, осол гарсны дараахан сургалтад сууж жолоодох эрхийн үнэмлэхтэй болсон гэж хариуцагч талаас тайлбар гаргадаг, 2023 оны 6 сарын 23-ны өдөр мэргэжлийн үнэмлэх олгосныг тодорхойлсон тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.
4.2. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ажилтан буюу хариуцагч өөрийн буруугаас ажил олгогчид хохирол учруулсан бол хохирлыг төлөхөөр, энэ талаар төлбөр барагдуулах гэрээ байгуулж болохоор заасны дагуу Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан хэдий ч ажилтан осол гаргах үед тухайн машин механизмыг жолоодох эрхтэй байсан болох нь нотлогдоогүй. Энэ талаарх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримт гаргах, бүрдүүлэх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, шүүхээс хэргийн оролцогч өөрийн эдлэх эрх, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй болохыг тэмдэглэж байна.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т Туршилт, тохируулгын явцад гарсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно, 132.4-т Ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлөхийг хориглоно гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон хэргийн үйл баримтуудыг харгалзан үзээд хариуцагч **** тухайн машин, механизмыг жолоодох эрхгүй байхдаа жолоодсон, ажил олгогчоос дадлага хийлгэн ажиллуулж байсан, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг шаардах эрхгүй буюу ажиллах шаардлагатай нөхцлийг хангаагүй гэх үндэслэлээр тухайн хохирлыг ажилтан буюу хариуцагчид хариуцуулах нь хуульд үл нийцнэ. Түүнчлэн ажил олгогчоос аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, ажилтан танилцсан гэх нотолгоо нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****т холбогдох гэрээний үүрэгт 21,922,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 267,561 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 21,922,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 267,561 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ