| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2337000000013 |
| Дугаар | 06 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 06
2025 02 18 2025/ДШМ/06
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Оргилбаяр/цахимаар/, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал/цахимаар/, Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан,
Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2337000000013 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 17-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Ням транс" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* , , ын Баатархүү.
2. Шүүгдэгч ын Баатархүү нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Бенз маркийн автомашинд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив / овтёртка /-аар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн ******* сум даь сум дундын прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
4.1 Шүүгдэгч ын Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 67 /жаран долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн халив /отвёртка/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
4.6 2337000000013 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Ганзориг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тайлбарт: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.
Түүнчлэн дээрх хуулийн зохицуулалт нь нэг бол “зэвсэг” хэрэглэсэн, эсвэл “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлж зүйлчлэхээр зохицуулсан байна. Гэтэл Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор “... 1. Шүүгдэгч ын Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заалтын “тусгайлан бэлтгэсэн" гэдэгт үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийхгүйгээр зөвхөн “зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн гэж үзэж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгч этгээд нь хүний биед гэмтэл учруулахаар зориудаар тусгайлан бэлтгэсэн, урьдаас засаж тохируулсан, тааруулсан байх шинжийг агуулж байна. мөн тухайн бэлтгэсэн, тохируулсан, тааруулсан зүйл нь тодорхой иж бүрдэлтэй, бүтэцтэй, аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж байна.
Гэтэл шүүгдэгч ******* нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулаагүй. Халив /Отвёртк/ нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд орохгүй. Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч *******ийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ. Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (инператив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан" гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал" зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2 дахь заалтад "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө" гэж тус тус заажээ.
Мөн шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй буюу хохирогч нь шүүгдэгчийн “өвс хадаж өгөөгүй, өнчин ишигний мэдэлгүй пизда” гэж хэл амаар доромжлон улмаар хүч хэрэглэн хоолойг нь боосон үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд автан өөрийгөө хамгаалах рефлексээр хариу үйлдэл үзүүлж хамгийн түрүүнд гарт таарсан зүйлээрээ хохирогчийн довтолгоог няцаах зорилгоор цохисон үйлдэл нь энэ гэмт хэргийн гол шинж болох хохирогчийн зүй бус үйлдэл нь тухайн цаг хугацаанд илэрсэн байх, хохирогчийн доромжлол, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх зэрэг хэлбэрээр илэрсэн байх, хохирогчид хүчээр дарлагдсан байх, бие мах бодийн хувьд хүчирхийлэлд өртсөн байх зэрэг шинжүүдийг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймд шүүгдэгч нь сэтгэл санаа хүчтэй цочирдон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчдөөс “тусгайлан урьдчилан бэлтгэж, засаж тохируулсан зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж шүүхээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлд тохирохгүй байна гэж маргаж гомдол гаргадаг.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ч хэлж мэтгэлцдэг. Мөн прокурорын хяналтын шатад удаа дараа дээрх гомдлуудаа гаргаад тухай бүр нь шийдвэрлэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Ингэхдээ хэрэглэвэл зохих хуулийг агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж дүгнэж байна.
Зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн гэдэг дээр Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тайлбарласан тогтоолд тодорхой тайлбарласан байна. Зэвсэг гэдэг нь тогтоолын 2 дахь хэсэгт байгаа. Зэвгийн чанартай зүйл гэдэгт “ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий тухайлбал хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, ломбо, гал тогооны болон сахлын хутга гэх мэт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох” гэж тодорхойлон зааж өгсөн. Улсын дээд шүүхийн тайлбар тухайн үйл баримтад нийцэж байгаа “отвёртка нь зэвсэг мөн” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн тогтоолыг зарим тохиолдолд хэрэглэн хэрэгжүүлсэн тохиолдлууд байдаг. Үүнд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбарыг хэрэглэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн тохиолдлууд гарч байсан. Прокуророос хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Тухайн зүйлчлэлд үндэслэн шүүхээс “хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Иймд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас “шүүгдэгч *******г 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан 15-06 ******* улсын дугаартай Бенз маркийн автомашинд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив /овтёртка/-аар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан тогтоогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив /овтёртка/-аар толгойн тус газар нь цохиж “зулай ясны зүүн хэсгийн бяцарсан хугарал, хугарал орчим тархины эдэд зулайн дэлбэнд хэд хэдэн тооны сул яс, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай дэлбэнгийн цус, зулайн зүүн хэсгийн хуйхны шарх” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч , , , хохирогч ******* нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7. Шүүгдэгч ******* нь өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Ганзориг нартай хамтран гаргасан гомдолдоо “халив /овтёртка/ нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл биш” гэх агуулгаар, мөн өмгөөлөгч Б.Ганзоригтой хамтран гаргасан гомдолдоо “хохирогч ******* нь миний хоолойг боосон тул сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал түр зуур алдагдсаны улмаас үйлдэл хийсэн” тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулгатай гомдол тус тус гаргажээ.
7.1 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “Энэ хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” хэмээн тодорхойлсон байна.
Харин халив /овтёртка/ нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх боломжтой үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд хамаарахаар байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь халив /овтёртка/-аар хохирогчийн толгойн тус газарт “ир үзүүртэй хэсэг”-ээр нь цохиж “зулай ясны зүүн хэсгийн бяцарсан хугарал, хугарал орчим тархины эдэд зулайн дэлбэнд хэд хэдэн тооны сул яс, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай дэлбэнгийн цус, зулайн зүүн хэсгийн хуйхны шарх” бүхий гэмтэл учруулсан, энэхүү гэмтлүүд нь “ирмэг үзүүртэй зүйл”-ийн үйлчлэлээр үүсэн байх боломжтойг шинжээч тогтоосон, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ халив /овтёртка/-ыг зэвсгийн чанартай хэрэглэсэн байна.
Иймд “халив /овтёртка/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хамаарахгүй тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх шүүгдэгч Б.Баатархүү болон түүний өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
7.2 Мөн шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан “бид хоёр маргалдах явцад ******* надад чи өнчин ишигний мэдэлгүй хүн гэж хэлээд над руу дайраад хоолойг боох үед гарт тааралдсан зүйлээр толгой руу нь 2-3 удаа цохичихсон юм” гэх үйл баримт нь тухайн үед шүүгдэгчийн автомашинд хамт байсан гэрч , , хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Ганзориг нарын “хохирогч ******* нь миний хоолойг боосон тул сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал түр зуур алдагдсаны улмаас хариу үйлдэл хийсэн” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийнг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх хууль зүйн ойлголт нь шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэл зэргийг хүлээн зөвшөөрсөн байхыг хэлнэ.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “хохирогч ******* нь над руу дайрч миний хоолойг боох үед би гарт тааралдсан зүйлээр толгой руу нь 2-3 удаа цохичихсон” гэж, анхан шатны шүүх хуралдаанд “намар чамаас болж өвс хийж чадсангүй гээд боогоод орон дээр унагааснаас хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед ухаан санаа самуураад гарт таарсан зүйлээрээ цохисон, гарт овтёртка таарсан” гэж тус тус хэргийн үйл баримтын талаар маргасан агуулгатай буюу “хэргийн бодит байдалтай нийцээгүй” мэдүүлэг өгсөн байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хэлснийг нь “гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял буюу оногдуулж болох хамгийн бага ял оногдуулсан байна.
Хэдийгээр “хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн агуулгыг зөв тодорхойлж, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимд нийцэхийг цаашид анхаарах нь зүйтэй.
10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “... Шүүгдэгч ******* найзынхаа толгой руу овтёрткаар цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлтийг анхан шатны шүүх “үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна” гэж дүгнэн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь “үндэслэл бүхий болсон” байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Ганзориг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР