2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/07297

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/07297

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК /****************** оршин байх, РД *********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоотод оршин суух, эрэгтэй,  Г /РД ***********/,

Хариуцагч: Б ХХК /*********************оршин байх, РД *************/ нарт холбогдох,

Хариуцагч Б ХХК -аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон хохиролд 19,320,000 төгрөг,

Хариуцагч Ш.Гаас тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, олох байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай,

Хариуцагч Б ХХК -ийн ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б /РД ХМ80112918/,

Түүний өмгөөлөгч О /ҮД 2797/,

Хариуцагч Б ХХК -ийн төлөөлөгч Б /РД РЗ88041017/,

Түүний өмгөөлөгч В /ҮД 0089/,

Хариуцагч Ш.Гын өмгөөлөгч З /ҮД 0648/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.

Хариуцагч Ш.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,000,000 төгрөг болон дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг нь иргэн Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн тул хохиролд 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг,

Хариуцагч Ш.Гт холбогдуулан хадгалуулсан 450 ширхэг тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, уг төмрийг түрээслүүлсэн бол олох байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: 1.1 А ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгатай Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 9 дүгээр сард гэрээ байгуулан, өөрийн хөрөнгөөр зээл авч, ажлыг эхлүүлсэн. Тус барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних Ш.Гтай ярилцаж, Ш.Гын бригад нь өөрсдөө хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцаж, А ХХК нь ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Ш.Гтай ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг тохиролцож, түүнтэй гэрээ байгуулсан гэж ойлгосон.

Барилгын ажлын явцад хариуцагч Ш.Г нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамны булалт хийгдсэн, мөн мэргэжлийн хүн учраас зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалин гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Ш.Гтай ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг тохиролцож, түүнтэй гэрээ байгуулсан гэж ойлгосон учраас түүний ХААН банкны данс руу урьдчилгаа хөлсийг шилжүүлсэн.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш тус сургуулийн санхүүжилт Сангийн яамнаас арилжааны банкинд шилжиж царцсан бөгөөд манай байгууллага санхүүжилтын араас хөөцөлдөж, 2021 оны 4 дүгээр сараас тус барилгаа эхлүүлэн, барилгын гадна, дотно ажлууд эхэлсэн бөгөөд дотор засал чимэглэлийн ажил хийхэд сангийн ажил хүлээгдсэн. Ш.Гыг ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад Ковид туссан, хүү нь нас барсан гэх шалтгаанаар 3 сар хүлээлгэсэн ба 2021 оны 7 сард арай гэж холбогдоход хүү нас бараад дэн дун байлаа, мөн Хөвсгөлд ажил хийгээд явж байна. 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй.

Манай барилгын ажил удаашралтай байгаагаас болж БШУЯ, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Бүрэн сумын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид байнга гомдол санал гаргаж, нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор талын сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь хийгдсэн ажлууд бүгд зураг төслөөс зөрүүтэй, буруу хийгдсэн байсан. Энэ байдлыг арилгуулахаар Ш.Гтай холбогдож чадаагүй тул арга буюу өөр мэргэжлийн бригадыг гэрээ байгуулан авч ажиллуулсан.

Ш.Г нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон гэх мэт байж болохгүй, алдаатай ажил хийсэн.

Мөн налуулгын зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан. Үүнээс улбаалан А ХХК-д гадна шугамыг ухаж гаргахад эксковатор түрээслэсэн 3,000,000 төгрөг, гадна дотор ажлын хөлс 12,000,000 төгрөг, гадна шугам булах зардалд 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх, тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, задарсан трубаг шинээр солих, дулаалах материал дулаалгад 120 м буюу 1,500,000 төгрөг, 12 м ф 76 мм-ийн хар труба 312,000 төгрөг, мөн тус ажлаас болж 3, 4 сар ажил зогсож хохирол учирсан байна.

А ХХК-ийн зүгээс хариуцагчийг ажлаа үргэлжлүүлэн хийх, доголдлыг арилгах хугацаа хангалттай олгосон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул бидний зүгээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгасан зардалд 11,312,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Мөн ажил гүйцэтгэгч тохирсон ажлын үр дүнг бий болгоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй учраас хариуцагчид урьдчилгаа болгон шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ...надтай гэрээ байгуулаагүй бөгөөд миний ажилладаг Б ХХК -тай дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан гэж, мөн Б ХХК -аас ... А ХХК-ийн барилга хариуцсан даамал н.Баатарт манай компанийн инженер н.Батжаргал болон миний бие гадна шугамны угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Жич: гадна шугамын гулсах тулгуур ирээгүй тул түр модон дэрээр орлуулж хийлгээд өөрсдөө гулсах тулгуур ирэхээр сольж булна гэж тохиролцсон, ...урьдчилгаа 8,000,000 төгрөг авсан нь үнэн болно... гэх компанийн хэвлэмэл хуудсан дээр бичигдсэн тамга тэмдэг бүхий тайлбарыг тус тус шүүхэд гаргасан байдгаас Ш.Гын хийж гүйцэтгэсэн ажил болон урьдчилгаа төлбөр авсан зэргийг Б ХХК -ийн менежерийн хувьд хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх тул дээрх ажлын хөлсөнд урьдчилгаа болгож өгсөн 8,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг Б ХХК -аас гаргуулж өгнө үү.

1.2 А ХХК нь баруун бүсийг хангах цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад 2020 оноос хойш оролцож байгаа бөгөөд тус барилгын ажилдаа иргэн н.Дэмчигдорж, Хэв хашмал ХХК-аас барилгын хэв, тулаас зэргийг түрээслэж болон худалдаж авсан байдаг.

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-ийн захирал Б нь Ховд аймагт төслийн талбайд ажиллаж байхдаа Ү-2 маркийн тулаас төмөр 1100 ширхэгийг өөрийн биеэр 37-66 УБД маркийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн бүхээгтэй Волво маркийн машинд ачаад явуулсан. Өөрөө Ховд аймагт байсан учраас тус ачааг Улаанбаатар хотод хүлээн аваад түрээслэх, худалдах байгууллагад 2 хуваан өгөхийг хуурай ах Я.Сүхбаатараас гуйсан.

2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ачаа Улаанбаатар хотод ирж, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу 112-ын буудалд байрлах, иргэн н.Дэмчигдоржийн хашаанд 625 ширхэг тулаас, 4 хонгиог буулгахад шөнийн 00 цаг буюу 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон. Ачааны машины жолооч яаралтай ачаанд орох болсон тул Сонгинохайрхан дүүрэгт байрлах танилууд руугаа ярьж байгаад Ш.Гтай холбогдож, түүний Наранголын хашаа байнга хүнтэй байдаг тул буулгачих гэсний дагуу тухайн шөнөдөө 02 цаг хүртэл түүний хашаанд 450 ширхэг тулаас төмрийг буулгасан.

Түүнээс хойш хуурай ах Я.Сүхбаатар ажилтай, Ш.Г ажил явдал гээд мөн утсаа авахгүй байсаар 7 сарын сүүл болсон. Иймд хуурай ах Я.Сүхбаатарыг очоод тулаас төмрийг хараад, тэндээс унаа хөлслөн Хэв хашмал ХХК-д хүргэхийг хэлэхэд нөгөө буулгасан хашаанд тулаас төмөр байхгүй байна гэсэн.

Хариуцагч Ш.Гын хууль бусаар эзэмшиж буй 450 ширхэг тулаас төмрийг манай компани Хэв хашмал ХХК-аас худалдан авсан боловч үнийг төлж чадахгүйд хүрсэн тул буцаан өгөхөөр Улаанбаатар хот руу зөөж, түр буулгах зорилгоор Ш.Гын Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Нарангийн голын эцэс Толгойт 118 дугаар гудамжны 01 тоотод буулгасан. Гэтэл Ш.Г дур мэдэн хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглаж, эзэмшиж эхэлсэний улмаас Хэв хашмал ХХК нь тулаас төмрийг буцааж өгөөгүй үндэслэлээр ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж эхэлсэн.

Ш.Г нь тулаас төмрийг хууль бусаар эзэмшсэнээс болж манай компани хоног өнгөрөх тутамд түрээсийн төлбөрийн өрөнд орж, гарах ёсгүй байсан зардал гарах бодит нөхцөл үүссэн тул арга буюу тулаас төмрийн үнийг Хэв хашмал ХХК-д төлснөөр төмрийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш бусдад түрээслэн орлого олох боломжоо алдсан.

Иймд манай компани учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэн хариуцагч Ш.Гаас мөн хуулийн 227.1-д зааснаар шаардаж байна.

Манай улсад дулааны улиралд барилгын ажил идэвхтэй явагддаг бөгөөд Ү-2 тулаас төмөр нь тухайн үед барилгын зах зээлд хомсдолтой байсан бөгөөд түрээсийн өдрийн ханш нь 110-170 төгрөг байсан тул Ш.Г нь 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс манайх олох байсан 25,488,000 төгрөгийн орлогоо алдсан.

Барилгын компанийн үнийн санал болон зар сурталчилгаанаас үзэхэд тулаас төмрийн түрээслэх зах зээлийн ханшийн 110-170 төгрөг байсан тул бидний зүгээс 1 ширхэгийн 1 хоногийн түрээсийг 120 төгрөгөөр тооцож, 450 ширхэг тулаас төмрийн 1 өдрийн түрээс 54,000 төгрөгийг 472 хоногоор үржүүлэн 25,488,000 төгрөгийг гаргасан болно.

Мөн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Ш.Гт ирсэн тулаас төмөр хаана байгаа, хэнд өгсөн нь тодорхойгүй, мөн муруйж гэмтсэн байх магадлалтай тул 450 ширхэг тулаас төмрийн үнийг Хэв хашмал ХХК-тай байгуулсан гэрээний дүнгээр буюу нэг ширхэг төмрийг 25,000 төгрөгөөр тооцож, нийт 11,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг Ш.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Б ХХК -ийн захирал Б би болон манай компанийн менежер Ш.Гын хамт А ХХК-ийн гүйцэтгэх захирал Бтой 2019 оны 8 сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамын гэрээг аман хэлбэрээр хийж, гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээг бичгээр байгуулсан. Манай компани тус барилгын ажлын сантехникийн угсралтыг 70 хувьтай гүйцэтгэсэн болно.

А ХХК-ийн захирал Б нь Ш.Гын хувь бригадтай 22,000,000 төгрөгийн аман гэрээ хийсэн, мөн мэргэжлийн бус хүмүүсээр гүйцэтгэсэн гэж илтэд худал нэхэмжлэл гаргасан байна.

2019 оны 11 сард А ХХК-ийн барилга хариуцсан даамал н.Баатарт манай компанийн инженер Д.Батжаргал болон миний бие гадна шугамны угсралтын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн.

Жич: Гадна шугамны гулсах тулгуур ирээгүй тул түр модон дэрээр орлуулж хийлгээд өөрсдөө гулсах тулгуур ирэхээр сольж булна гэж тохиролцсон. Гэтэл 2019 оны 11 сарын сүүлээр буцаж ирэхэд гулсах тулгуур хийлгүй булаад манай компанийн зөвшөөрөлгүй дур мэдэн ус шахсан байсан. Урьдчилгаа болгож 8,000,000 төгрөгийг хувааж авсан нь үнэн. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж ажлыг гүйцэтгэсэн. 2021 оны хавраас үлдэгдэл ажлаа хийнэ гэж дундын санхүүжилт авах гэж амаар болон утсаар удаа дараа шаардахад ямар нэгэн шалтаг тоочоод өгөхгүй байсан. Гэтэл тэр хугацаанд өөрсдөө гэрээгээ дур мэдэн зөрчиж өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан.

2021 оны 6 сард манай компанийн менежер Ш.Гтай Б нь утсаар холбогдож би Ховдод байна гээд хүнээр барилгын сапуд төмөр түрээсээр аваад буцааж өгтөл 300 гаран ширхэг гологдоод байна. Үүнийг хадгалах газар байна уу гэж яриад Ш.Гын хашаанд намайг иртэл хадгалж бай гээд тавиулсан байсан. А ХХК манай компанийн ажил гүйцэтгэхэд гарсан зардал болох 10,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа учир бид тэр сапуд төмрийг барьцаанд байлгаж байгаа нь үнэн болно. Манай компаниас гаргаж ажил гүйцэтгэсэн 10,000,000 төгрөгийг өгөх юм бол тэр сапуд төмрийг буцаан өгөхөд бэлэн байна гэжээ.

 

3.Хариуцагч Ш.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ...тулаас төмөр манай хашаанд намайг байхгүй үед утсаар яриад буулгасан. Хэдэн төмөр буусан талаар би мэдэхгүй. Дараа нь Б мөн утсаар ярьж тулаас төмрөө авна гэхээр нь та үлдэгдэл мөнгөө төлөөд ав гэсэн билээ. Иймд бид тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Хариуцагч Б ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй боловч Б ХХК нь А ХХК-д олон төрлийн ажил хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болно. Б ХХК нь компанийн менежер Ш.Гын хамт А ХХК-ийн гүйцэтгэх захирал Бтой 2019 оны 8 сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамны гэрээг аман хэлбэрээр хийж гүйцэтгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулан манай компани тус барилгын ажлын сантехникийн угсралтыг 70 хувьтай гүйцэтгэсэн болно.

Гэтэл А ХХК-ийн захирал Б нь Ш.Гын хувь бригадтай 22,000,000 төгрөгийн аман гэрээ хийсэн, мөн мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгэсэн гэж илтэд худал нэхэмжлэл гаргасан байна.

2019 оны 11 сард А ХХК-ийн барилга хариуцсан даамал н.Баатарт манай компанийн инженер Д.Батжаргал болон миний бие гадна шугамны угсралтын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн.

Жич гадна шугамны гулсах тулгуур ирээгүй тул модон дэрээр орлуулж хийлгээд өөрсдөө гулсах тулгуур ирэхээр сольж булна гэж тохиролцсон. Гэтэл 2019 оны 11 сарын сүүлээр буцаж ирэхэд гулсах тулгуур хийлгүй булаад манай компанийн зөвшөөрөлгүй дур мэдэн ус шахсан байсан. Урьдчилгаа болгож 8,000,000 төгрөг хувааж авсан нь үнэн болно. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж гүйцэтгэсэн.

2021 оны хавраас үлдэгдэл ажлаа хийнэ гэж дундын санхүүжилт авах гэж аман болон утсаар удаа дараа шаардахад ямар нэгэн шалтаг тооцоод өгөхгүй байсан. Гэтэл тэр хугацаанд өөрсдөө гэрээгээ дур мэдэн зөрчиж, өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. Бид нэгэнт тохиролцсон ёсоор хийсэн ажлынхаа хөлс, гүйцэтгэсэн сантехникийн угсралтын ажил нийт хийсэн ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч А ХХК хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних Ш.Гтай ярилцаж, Ш.Гын бригад нь өөрсдөө хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцаж, А ХХК нь ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс Ш.Гтай ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг тохиролцож, түүнтэй гэрээ байгуулсан гэж ойлгосон.

Барилгын ажлын явцад хариуцагч Ш.Г нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамны булалт хийгдсэн, мөн мэргэжлийн хүн учраас зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгч Ш.Гтай ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг тохиролцож, түүнтэй гэрээг байгуулсан гэж ойлгосон учраас түүний ХААН банк дахь данс руу урьдчилгаа хөлсийг шилжүүлсэн.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой 2019 оны 11 сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш тус сургуулийн санхүүжилт Сангийн яамнаас арилжааны банкинд шилжиж царцсан бөгөөд манай байгууллага санхүүжилтын араас хөөцөлдөж, 2021 оны 4 сараас тус барилгаа эхлүүлсэн. Ингээд барилгын гадна, дотно ажлууд эхэлсэн бөгөөд дотор засал чимэглэлийн ажил хийхэд сангийн ажил хүлээгдсэн. Ш.Гыг ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад ковид туссан, хүү нас барсан гэх шалтгаанаар 3 сар хүлээлгэсэн ба 2021 оны 7 сард арай гэж холбогдоход хүү нас бараад дэн дун байлаа, мөн Хөвсгөлд ажил хийгээд явж байна, 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй.

Манай барилгын ажил удаашралтай байгаагаас болж ...байнга гомдол санал гаргаж, нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор талын сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь хийгдсэн ажлууд бүгд зураг төслөөс зөрүүтэй буруу хийгдсэн байсан. Энэ байдлыг өөрсдөөр нь арилгуулахаар Ш.Гтай холбогдож чадаагүй тул арга буюу өөр мэргэжлийн бригадыг гэрээ байгуулан ажиллуулсан.

Ш.Г нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон гэх мэт байж болохгүй алдаатай ажил хийсэн, мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, мөн нулуулгын зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан. Үүнээс улбаалан А ХХК-д гадна шугамыг ухас гаргахад хотоос эксковатор түрээслэсэн 3,000,000 төгрөг, гадна дотор ажлын хөлс 12,000,000 төгрөг, гадна шугам булах зардалд 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, задарсан трубаг шинээр солих дулаалах материалд 120 м буюу 1,500,000 төгрөг, 12 м ф 76 мм-ийн хар труба 312,000 төгрөг, тус ажлаас болж 3, 4 сар зогсч хохирол учирсан.

...Б ХХК нь Ш.Гын хийж гүйцэтгэсэн ажил болон урьдчилгаа төлбөр авсан зэргийг Б ХХК -ийн менежерийн хувьд хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх тул дээрх ажлын хөлсөнд урьдчилгаа болгон өгсөн 8,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг Б ХХК -аас гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Харин ч өглөгтэй атлаа мөнгө нэхэмжилж байгааг огт зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нотлох баримтын тухайд:

6.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 335,830 төгрөг, 214,534 төгрөг, 142,950 төгрөг тус тус төлсөн баримт,

А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Кассын зарлагын ордерын хуулбарууд,

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21/141 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар,

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21/141 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн актын хуулбар,

Ш.Г ахлагчтай сантехникийн бригадын хохирол учруулсан байдал гэх фото зургууд,

Г.Пүрэвдоржийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тайлбар гаргах нь гэх гар бичмэл,

Ховд аймаг Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэр хийдэг гэх тээврийн хэрэгслийн фото зургууд,

Бийн ХААН банкны 5028685588 дугаартай дансны хуулгууд,

2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03/01 дугаартай Бараа материал худалдах-худалдан авах гэрээ-ний хуулбар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 587 дугаартай хариу мэдэгдэх хуудсын хуулбар,

А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/009 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4474 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар,

Хэв хашмал ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21/146 дугаартай А ХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Тэнүүн өлзий ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримтын хуулбар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2022/02527 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар,

Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай албан бичгийн хуулбар,

А ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтын хуулбар,

Я.С тайлбар гаргах нь гэх гар бичмэл, иргэний үнэмлэхний хуулбар,

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн хуулбарууд,

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт,

2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай Дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан акт,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт-ын хуулбарууд,

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2/5512 дугаартай албан бичиг,

Хэв хашмал ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тооцоо нийлсэн акт, А ХХК-ийн борлуулалтын тооцоо,

Бийн ХААН банкны 5028685588 дугаартай дансны хуулгууд,

Байгууллагын нэр Гонгоржав, Бямбадорж гэсэн зарлагын баримтууд,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ,

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ,

2022 оны 6 дугаар сарын 07-ны 12 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ,

Бийн ХААН банкны 5028685588 дугаартай дансны хуулгууд,

А ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/14 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар,

А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

А ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23/070 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

А ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23/072 дугаартай Өмгөөлөгч оролцуулах тухай албан бичиг гэсэн баримтуудыг,

 

6.2 Хариуцагч нараас:

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ц.О олгосон итгэмжлэл,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ,

Б ХХК -ийн захирал Баас Зд олгосон итгэмжлэл,

Ш.Гаас Зд олгосон итгэмжлэл,

Улсын тэмдэгтийн хураамжид 207,950 төгрөг төлсөн баримт /сөрөг нэхэмжлэлд/,

Фото зургууд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч В, З нарыг оролцуулах тухай хүсэлтүүд гэсэн баримтуудыг тус тус нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

6.3 Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Бийн гар утасны зурваст болон фэсебүүк-т хариуцагч Ш.Гтай харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл,

Нэхэмжлэгч А ХХК-ийн даамалаар ажиллаж байсан Л.Гонгоржавыг гэрчээр асуусан тэмдэглэл,

Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Одгэрэлийг гэрчээр асуусан тэмдэглэл,

Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай албан бичиг,

Боловсролын Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/2232 дугаартай тодорхойлолт,

Я.Сүхбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэл,

Хариуцагчийн хүсэлтээр Б.Оюун-Эрдэнийг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.1 Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг болон дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг нь иргэн Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн тул хохиролд 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг,

Хариуцагч Ш.Гт холбогдуулан хадгалуулсан 450 ширхэг тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, уг төмрийг түрээслүүлсэн бол олох байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан авах, дутуу, доголдолтой хийсэн ажлыг нь Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн тул хохиролд 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч Ш.Гт холбогдуулан хадгалуулсан 450 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг эргүүлэн өгөөгүй тул төмрийн үнэ 11,250,000 төгрөг /450 х 25,000 төгрөг/-ийг, уг төмрийг түрээслүүлсэн бол олох байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Б ХХК -ийн төлөөлөгч Б нь эс зөвшөөрч, гэрээнд заасан ажлын 70 хувийг гүйцэтгэсэн тул хийсэн ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаанд авсан 8,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,000,000 төгрөгийг захиалагч А ХХК-аас гаргуулна гэж тайлбарлан, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

5.Хариуцагч Ш.Г нь эс зөвшөөрч, тулаас төмөр манай хашаанд намайг байхгүй үед утсаар яриад буулгасан. Хэдэн төмөр буусан талаар би мэдэхгүй. Дараа нь Б мөн утсаар ярьж тулаас төмрөө авна гэхээр нь та үлдэгдэл мөнгөө төлөөд ав гэсэн билээ. Иймд бид тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

6.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Хариуцагч Б ХХК -аас 19,320,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

6.1.1 Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК /Ш.Г/-тай 2019 оны 9 сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын гадна болон дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан, гэрээний үнийг 22,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг 45,000,000 төгрөгийн хөлстэй хийхээр тохирч, гэрээг бичгээр байгуулсан гэх боловч сөрөг нэхэмжлэлдээ ...Бид нэгэнт тохиролцсон ёсоор хийсэн ажлынхаа хөлс, гүйцэтгэсэн сантехникийн угсралтын ажил нийт хийсэн ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.1.2 Түүнчлэн хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 45,000,000 төгрөгийн үнэ бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх баримтад нэхэмжлэгч А ХХК-ийг төлөөлөн захирал Б, хариуцагч Б ХХК -ийг төлөөлөн захирал Б нар гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардаагүй бөгөөд амаар байгуулагдсан гэх 22,000,000 төгрөгийн гэрээний үүргийг шаардсан болно.

 

6.1.3 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэжээ.

 

6.1.4 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үүрэгт нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК /менежер Ш.Г/-д ажлын хөлсөнд 8,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, харин гүйцэтгэгч Б ХХК -ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6.1.5 Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг чанаргүй, дутуу гүйцэтгэсэн, доголдлыг арилгуулахаар шаардахад хийгээгүй тул Б.Нямдоржоор гүйцэтгүүлж, нэмэлт зардал, хохирол учруулсан гэж гэрээнээс татгалзаж, хохирлыг арилгуулахаар шаардсан, хариуцагч нь хүйтний улирал эхэлж ажил зогссон, улмаар ковид цар тахал болсноос ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч зарим материалыг дутуу өгсөн, тухайлбал гадна шугамны гулсах тулгуур ирээгүй тул модон дэрээр орлуулж хийлгээд өөрсдөө гулсах тулгуур ирэхээр сольж булна гэж тохиролцсон боловч 2019 оны 11 сарын сүүлээр буцаж ирэхэд гулсах тулгуур хийлгүй булаад манай компанийн зөвшөөрөлгүй дур мэдэн ус шахаж хөлдөөснөөс угсарсан шугам хоолой хөлдөж, хагарсан. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө бүрэн өгөөгүй тул ажлаа дуусгах боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.

 

6.1.6 Мөн нэхэмжлэгч А ХХК-ийн тайлбараар Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажил хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой 2019 оны 11 сараас зогсож, барилгын санхүүжилт царцаж зогссон, Дэлхий нийтэд тархсан цар тахал /ковид/ болсон зэрэг нөхцөл байдлын улмаас барилгын ажил саатаж, 2021 оны 4 сараас үргэлжилсэн болох нь мөн тогтоогдож байна.

 

6.1.7 Гэрээний талууд гэрээний үүргийн биелэлт, хийж гүйцэтгэсэн ажил, хэмжээ, чанар, ажлын үр дүнг хүлээлцээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн, доголдолтой ажлыг иргэн Б.Нямдоржоор гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж тайлбарладаг.

 

6.1.8 Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А ХХК-ийн иргэн Б.Нямдоржтой байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21/141 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх баримтаар гүйцэтгэгч Б.Нямдорж нь Төв аймгийн Бүрэн сумын төвд баригдаж байгаа бага сургуулийн барилгын зураг төслийн дагуу барилгын гадна дулааны хэвийн эсэхийг шалгах, гадна цэвэр усны шугамыг сэргээн засах, хичээлийн байрны халаалт, цэвэр, бохир ужс, тоноглолын угсралт, туршилт, спорт заалны халаах хэрэгсэлийн угсралт, туршилт, угсралтын ажлыг гүйцэтгэж, туршилт хийн захиалагчид шилжүүлнэ. Гүйцэтгэгчийн хийх ажилд /гадна дулаан, гадна цэвэр ус, дотор халаалт сантехникийн иж бүрэн ажил, үзэль, тэдгээрийн угсралт, гал эсэргүүцэх системийн угсралт, гадна дулаан цэвэр усны засвар үйлчилгээний газар шорооны/ ажлууд иж бүрнээрээ орно, барилгын ажлын нийт зардал 12,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.

 

6.1.9 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж,

мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол нэмэлт хугацаа тогтоохгүйгээр цуцлах-аар заасан байх тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах, гэрээг цуцалсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

6.1.10 Түүнчлэн талууд гэрээ цуцалсан талаар маргаагүй, харин хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлаа дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэж маргаж, хариуцагчийн дутуу, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг 12,000,000 төгрөгөөр үнэлэн иргэн Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, үр дүн бий болоогүй байх үед нэхэмжлэгч тал цэвэр усны шугамаар ус шахаж, хөлдөөсөн гэх үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

6.1.11 Талууд гэрээний хөлсийг 22,000,000 төгрөгөөр тохирч, 8,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, дутуу орхисон ажлыг иргэн Б.Нямдоржоор 12,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу орхисон, доголдолтой ажлыг засварлуулж, илүү хөлс төлж хохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал талууд дээрх ажлын хөлсийг 22,000,000 төгрөгөөр тохирч, 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн, хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг Б.Нямдоржоор 12,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэх тул уг ажил 20,000,000 төгрөгөөр гүйцэтгэсэн, нэхэмжлэгч илүү зардал гаргаж хохирсон гэх үндэслэлгүй юм.

 

6.1.12 Иймд хариуцагч Б ХХК -аас 19,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Хариуцагч Ш.Гт холбогдох 36,738,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

7.1 Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Гт холбогдуулан хадгалуулахаар хашаанд нь буулгасан 450 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг эргүүлэн өгөөгүй тул төмрийн үнэ 11,250,000 төгрөг, уг төмрийг түрээслэн олох байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

7.2 Хариуцагч нь төмрийг хүлээлгэн өгөөгүй, хэдэн ширхэг байсан нь тодорхойгүй, ажлын хөлс 10,000,000 төгрөгийг төлбөл буцаан өгнө гэж тайлбарлан, маргаж байна.

 

7.3 Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрлөөр түүний эзэмшлийн хашаанд тулаас төмрийг хадгалуулахаар үлдээсэн, төмрийг хариуцагч нь буцаан өгөөгүй талаар маргаагүй, харин хэдэн ширхэг тулаас төмөр байсан нь талуудын маргааны зүйл болжээ.

 

7.4 Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А ХХК-ийн Хэв хашмал ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 03/01 дугаартай Бараа материал худалдах-худалдан авах гэрээ гэх баримтаар Ү-2 хуучин тулаас 900 ширхэгийг 1 бүрийг 25,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

7.5 Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ш.Гын Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Нарангийн гол, Толгойт 118 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах хашаанд тулаас төмрийг буулгасан болох нь хэрэгт авагдсан Я.С, Б.О нарын гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

7.6 Хариуцагч Ш.Г нь тулаас төмрийг нэхэмжлэгчид өгөөгүйгээс тэрээр Цагдаагийн байгууллагад хандан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4474 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, татгалзсан байна.

 

7.7 Хариуцагч нь тоо ширхэгийг мэдэхгүй гэж тайлбарлаж байх боловч шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Я.Сүхбаатарын ...тулаас төмрийг ялгах явцад буцаасан төмрийн тоо ойролцоогоор 425-450 ширхэг орчим байсан. Буцаан олголтын падааныг би Бид өгсөн. Энэ явдлаас хойш 20 орчим хоногийн дараа Б Галаа гэх төмөр буулгасан хашааг заалгуулж хамт явсан. Хашаанд очиход анх буулгасан төмрийн хэмжээнээс 3/1 орчим нь үлдсэн байсан. ...маш бага үлдсэн байсан гэх мэдүүлэг, 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03/01 дугаартай Бараа материал худалдах-худалдан авах гэрээ-ний хуулбар, А ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт гэх баримтуудаар 450 ширхэг тулаас төмрийг хариуцагч Ш.Гын хашаанд буулгасан гэж үзэх үндэслэлтэй.

 

7.8 Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д хадгалалтийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх, хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй талаар заасан байна.

 

7.9 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.Гаас хадгалуулсан 450 ширхэг тулаас төмрийг шаардсан, хадгалагч буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс хадгалуулагч хадгалуулсан хөдлөх эд хөрөнгө болох 450 ширхэг тулаас төмрийн үнийг шаардсан, хадгалагч тулаас төмрийг үрэгдүүлсэн, буцаан өгөх боломжгүй болсон нь талуудын тайлбар, гэрч Э.Оюун-Эрдэнэ, Я.Сүхбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж зааснаар хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

7.10 Иймд хариуцагч Ш.Гаас 450 ширхэг тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг /450 х 25,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.

 

7.11 Нэхэмжлэгч А ХХК-ийн тулаас төмрийг түрээслүүлэн олох байсан орлого 25,488,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хэрэгт авагдсан нэхэмжлэгч нь Бийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай, 2022 оны 6 дугаар сарын 07-ны 12 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ гэх баримтууд, Бийн ХААН банкны 5028685588 дугаартай дансны хуулгууд гэх баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байх ба дээрх баримтуудаар нэхэмжлэгч А ХХК-ийн тулаас төмрийг түрээслүүлэн орлого олдог байсан болох нь тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн орлого олдог бол энэ талаарх санхүүгийн баримтаа гарган нотлоогүй байна. Мөн дээрх тулаас төмрүүд түрээсийн гэрээний шаардлагыг хангах эсэх нь мөн тогтоогдоогүй болно.

 

7.12 Иймд нэхэмжлэгчийн хадгалуулсан тулаас төмрийг бусдад түрээслээд 25,488,000 төгрөгийн орлого олох байсан буюу түрээсийн орлого гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

8. Хариуцагч Б ХХК -ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

8.1 Хариуцагч Б ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулан манай компани тус барилгын ажлын сантехникийн угсралтыг 70 хувьтай гүйцэтгэсэн. ...2019 оны 11 сард А ХХК-ийн барилга хариуцсан даамал н.Баатарт манай компанийн инженер Д.Батжаргал болон миний бие гадна шугамны угсралтын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. ...Урьдчилгаа болгож 8,000,000 төгрөг хувааж авсан нь үнэн болно. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ.

 

8.2 Нэхэмжлэгч нь Харин ч өглөгтэй атлаа мөнгө нэхэмжилж байгааг огт зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эс зөвшөөрч, маргаж байна.

 

8.3 Талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тодорхой ажлыг гүйцэтгүүлэн, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, түүний дутуу гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч нь Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн, уг гэрээний үнэ нь 12,000,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

8.4 Түүнчлэн талууд амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг дутуу орхисон учир нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, өөр этгээдээр гүйцэтгүүлсэн, хариуцагч нь талуудын гэрээгээр тохирсон 22,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлаа гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хариуцагч Б ХХК -ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 693,314 төгрөг, хариуцагчаас төлсөн 207,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч Ш.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Б ХХК -д холбогдох 19,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч Б ХХК -ийн 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гаас 11,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,488,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 693,314 төгрөг, хариуцагчаас төлсөн 207,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ