Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Т.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Т.Б

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Б 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Г.Оийг заазуураар толгойн тус газарт нь цохиж, үсдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэрээ заазуураар цохиж гэмтээсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б орж ирээд намайг унтаж байх үед үснээс чирээд сэрээсэн. Тэгээд чи яасан их цагдаад барьж өгдөг юм бэ ална гээд миний баруун шанаа, нуруу руу өшиглөөд үснээс чирээд зодож эхэлсэн. Тухайн үед би чи болиоч гэсэн боловч ална гээд л зодоод байсан. Тэгж байгаад одоо чамайг хутгалж ална гээд гал тогооны өрөө рүү ороод шургуулганаас заазуур аваад миний нүүрэн дээгүүр заазуураар зурж байгаад миний толгой руу заазуураараа нэг удаа цохьсон... тэгээд миний толгой руу заазуураар цохьсон чинь миний толгой хагараад их цус гарсан... Би толгойгоо угаамаар байна гээд үүдний өрөөнөөс төмпөн авах гэж коридорт гараад зугтаагаад хажуу талын Г ахынд ороод хаалгыг нь цоожлоод цагдаа дуудаад өгөөч гэж Г ахаас гуйсан... Энэ үед Б цоожтой хаалгыг татаж байгаад нээгээд орж ирээд намайг гэртээ оръё гэхээр би орохгүй гэсэн чинь одоо чамайг яах ч үгүй чи гэртээ ороод толгойгоо угаа гэж хэлээд чирээд гэрт оруулсан. Тэгээд би гэртээ ороод толгойгоо угааж байсан чинь манай ээжЭ ирээд С эгч рүү яриад Б охин зодсон байна цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг сумын Эрүүл мэндийн төв дээр очтол Г.Оэ нь толгойн тус газраа 6 оёдол тавиулсан байдалтай байсан ба Г.Оийн чих, эрүү, нуруу, тохой нь хавдаж улайсан байдалтай байсан ба Г.Оээс юу болсон талаар асуухад “Өглөө эрт унтаж байхад Т.Б гэрийн цоожийг эвдэж орж ирээд үснээс зулгааж орноос унагаагаад зодож эхэлсэн, тэгээд гал тогооноос заазуур авч ирээд миний толгойг заазуурны иргүй ар талаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал манай хадам эгчЭ надруу утсаар яриад “Бааска ирчихсэн, Оаг зодоод цустай нь хольчихсон байна, цагдаа дуудаад өгөөч гэж надад хэлэхээр нь эмнэлэг дуудсан юм уу гэж асуутал дуудаагүй гэсэн. Ингээд би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөөдЭ эгчийн гэр буюу Төмөр замын Тоочигийн 4 дүгээр байранд яваад очтол манай дүү Оэ нь гэртээ толгойгоо алчуураар ороосон байдалтай нилээн айж цочирдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө өөрийн гэртээ нөхөр Гийн хамт байж байтал манай хажуу айлын охин Оэ нь 9-10 цагийн орчимд нөхөртөө зодуулсан байдалтай толгойноос нь маш их цус гарчихсан цагдаа дуудаад өгөөч ээ гэж гүйж орж ирээд манай хаалгыг дотроос нь түгжсэн. Тэгээд араас нь Оийн нөхөр Б гэгч нь хаалга үүд эвдчих гээд онгойлго гэж орилоод татаад байхаар нь онгойлгох гэтэл манай хаалганы цоожийг суга татаад ороод ирсэн. Тэгэхээр нь би Бд хандан “Боль миний дүү яасан гэж ингэж байгаа юм” гээд хэлтэл “айл гэрийн амьдрал танд хамаагүй” гээд Оийг тэвэрч аваад гараад явах гэхээр нь “би боль” гээд хэлтэл миний үгийг тоолгүй шууд Ог тэврээд аваад гарсан. Ингээд би цагдаад мэдэгдэх гэсэн утасгүй байсан ба араас нь гараад очтол ээж нь ирчихсэн тэдний хаалгыг нүдээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

             Гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 7 цагийн орчимд ажилдаа явсан ба 09 цагийн орчимд гэрээсээ юм угаах хувин авах гээд гэртээ очтол хаалга маань түгжээтэй байсан. Ингээд хаалга нүдээд онгойлгоод ортол манай охин Оэ толгойдоо алчуур ороочихсон цус болчихсон байж байсан ба “хүүе юу болсон бэ яасан” гээд асуутал Бааска гээд хойд өрөө лүүгээ заасан. Тэгээд би хойд өрөөндөө яваад ортол Б нь охиноо тэвэрчихсэн орон дээр сууж байсан ба намайг хараад “Ээж юу байна” гээд асуухаар нь “Чи юу болоод байгаа юм бэ” гээд хэлтэл Б гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

              Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: “...Би эмнэлэг дээр ирэхэд манай сувилагч өвчтөн Г.Оийн толгойн хэсэг газрыг угааж ариутгаад оёдол тавихад бэлэн болгосон байсан... үзлэгээр урт нь 10 см зондоор шалгахад гавал тархи руу нэвтрээгүй 0,5 см хэмжээтэй зөөлөн эдийг зүссэн шарх байсан. Дараа нь дахин шархаа ариутгаад 6 оёдол тавиад цэвэр боолт хийгээд өвчин намдаагч 100 мг Дикладент гэдэг лааг 2 ширхэгийг шулуун гэдсээр нь хийлгээд тодорхойлолтыг нь өгөөд зөвөлгөө өгөөд явуулсан. Мөн баруун гар, мөр хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй, бага газрыг хамарсан. Хүзүүний баруун талд 3 см хэмжээтэй хөхөрсөн баруун эрүү хэсэгт хавдартай ангайж болохгүй хөдөлгөөн хязгаарлагдаж байсан өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй

 

           Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 46-53 /

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25 /

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 / зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Т.Б 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Г.Оийг заазуураар толгойн тус газарт нь цохиж, үсдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч болон  хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд  ирүүлжээ.

Шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь эхнэр Г.Оий толгой руу заазуураар цохисноос ”зулайн шарх, тархи доргилт, баруун тохойн зулгаралт, баруун далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал”  бүхий хөнгөн гэмтэл  учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” бие махбодид халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Иймд шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Б нь “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57/-аар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Г.Оэ нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “бид 2 хоорондоо эвлэрсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь    мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН