| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2018/02168/И |
| Дугаар | 210/МА2019/00168 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2019/00168
| 2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2019/00168 |
Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/03638 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Э кинг ХХК-д холбогдох
- Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөг гаргуулах тухай үндсэн
- 111 357 549 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бадамханд, Б.Долгормаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э кинг ХХК нь Угалз холдинг ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бараа материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсны улмаас Ю ХХК-д хандаж, гэрээний 1.1-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 54 дүгээр барилгын 11 дүгээр давхрын 130 м.кв, оффисын 15 м.кв, талбай 2 ширхэг буюу 30 м.кв талбайнуудыг барьцаанд тавьж, мөнгө зээлэх болон өөрийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д бараа материал нийлүүлж өгөх талаар хүсэлт гаргасан Уг хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Э кинг ХХК болон Ю ХХК-иуд зээлийн гэрээ байгуулж, 58 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар хариуцагч байгууллагад зээлсэн. Ю ХХК нь Э кинг ХХК-ийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д нийт 13 949 870 төгрөгийн цахилгаан холболтын бараа материалыг нийлүүлсэн. Гэтэл Э кинг ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, бараа материалын үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгөө иргэн Б. Гантүвшинд худалдсан байна. Иймд Э кинг ХХК-иас үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү, алдангид 29 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчээс 58 000 000 төгрөгийг зээлсэн үнэ. Зээлийн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5020231653 дансанд Хасу финанс ББСБ ХХК-аас 30 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг тушаасан. Зээлийн хүүгээс 2016 оны 10 сарын хүүд 2 900 000 төгрөгийг нягтлан бодогч н.Оюун-Эрдэнийн данснаас нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн. Одоо зээлээс 26 000 000 төгрөг төлөөгүй байгаа тул нэг сарын хүү 2 900 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, нийт 41 900 000 төгрөг төлөх ёстой. Барааны үнэ 13 949 870 төгрөгөөс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 945 000 төгрөгийг бараа авсан Содноонал ХХК руу шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр самбарын үнэ 5 000 000 төгрөгийг баримтаар нэхэмжлэгчид өгсөн тул 5 945 000 төгрөг төлсөн учир 8 004 570 төгрөг төлөх ёстой. Өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 49 904 870 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э кинг ХХК-ийн захирал А.Рэнцэн-Од шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Э кинг ХХК-ийн Угалз холдинг ХХК-тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутагт барьсан 54 дүгээр барилгад цахилгаан, холбоо дохиоллын материалыг нийлүүлсэн. Нийлүүлсэн эдгээр материалыг угсрах, суурилуулахаар Угалз холдинг ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Ю ХХК нь манай нийлүүлсэн материалыг хүрээгүй, дутсан гэсэн яриа гаргасан тул захиалагч нарт манайх зураг төсвийн дагуу нийлүүлсэн, дутах ёсгүй гэхэд барилгын захиалагч нь нийлүүлсэн материалаараа уг ажлыг хийгээд үзүүлээдэх гэсэн. Иймд манай байгууллага угсралт, суурилуулалтын ажлыг хийх болсон. Гэтэл Ю ХХК ийн зүгээс манай байгууллагад хандаж, манай компанид 54 дүгээр барилга болох Компьютер центр төвийн барилгын материалыг угсрах, суурилуулахад ажиллах мэргэжлийн хүмүүс байхгүй тул ажиллах хүч өгөөч гэж хүссэн. Ю ХХК нь бүх ажиллах хүчний зардал, нийгмийн даатгал, унаа, хоол, ажлын хөлс гээд бүгдийг нь төлнө гэж амаар ярилцаж тохирсны дагуу Э кинг ХХК-иас нийт 6 мэргэжилтэн буюу инженер техникийн ажилтан Г.Амармөрөн, Г.Батбаатар, Ж.Лувсанжамц, Н.Аранжин-Од, С.Энхтүвшин, Б.Эрдэнэбилэг нарыг уг барилгад 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Манай ажилтнууд тус барилгын В1 давхар, 1, 2, 4 ,6, 8, 10,12 давхруудын цахилгааны ажлыг болон цахилгааны өрөөнд цахилгааны тоолуур тавих, унтраалга хийх, гэрэл тавих, цагаан хоолой суурилуулах зэрэг ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Иймд Ю ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-54, Компьютер центр төвийн барилгад Э кинг ХХК-иас нийлүүлсэн цахилгаан, холбооны бараа материалыг угсрах, суурилуулахад ажилласан ажиллах хүчний зардалд 111 357 549 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үндэслэл огт бий болоогүй бөгөөд Ю ХХК болон Э кинг ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, мөн бараа материалын үнэ гаргуулах тухай юм. Э кинг ХХК нь 54 дүгээр барилгад ажил гүйцэтгэсэн бол төсөл хэрэгжүүлэгч Угалз холдинг ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Э кинг ХХК болон Угалз холдинг ХХК-ийн хооронд бараа материал нийлүүлэх тухай гэрээтэй болно. Тиймээс уг сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй тул зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э кинг ХХК-иас 68 804 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 36 145 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ю ХХК-иас 58 626 309 төгрөгийг гаргуулан хариуцагч Э кинг ХХК-д олгохоор тогтоож, сөрөг нэхэмжлэлээс 57 731 240 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 682 700 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 714 738 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас төлвөл зохих хураамжийг харилцан тооцож, зөрүү 50 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд давж заалдах гомдолдоо:
... "Ю" ХХК нь "Угалз-Холдинг" ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойрууд байрлах 54 дүгээр барилгын дотор цахилгаан холбоо, дохиоллын ажил гүйцэтгэх 15/001 дугаартай гэрээг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулан ажиллаж гэрээнд тохиролцсон ажил үүргийг бүрэн хийж гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Угалз-Холдинг" ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд "Угалз-Холдинг" ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг хүлээн авч гэрээний 1.2.1-т заасны дагуу "Ю" ХХК-д 193 000 000 төгрөгийн гэрээний үнэд тохирсон 113.28 м.кв талбайг хүлээлгэн өгсөн байна. Харин "Ю" ХХК нь гэрээний үүргээ өөрсдөө дангаар гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн болохоос бус "Э кинг" ХХК-тай Иргэний хуулийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллуулах ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно. "Ю" ХХК болон "Э кинг" ХХК нарын хооронд зээлийн гэрээнээс өөр төрлийн эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийг баримтлан "Ю" ХХК-аас 58 626 309 төгрөг гаргуулан "Э кинг" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 351.1 дэх хэсэгт "гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх" үүргийг захиалагчийн үүрэг болгосон байдаг. Гэтэл шүүгчийн үндэслэл болгосон гэрээгээр гүйцэтгэсэн ажил хүлээн авсан тухай актуудад ажлыг хүлээн авч гэрээг дүгнэсэн "Угалз-Холдинг" ХХК-г төлөөлж Талбайн инженер С.Содтуяа, талбайн даамал Н.Төмөрбаатар, захиалагчийг төлөөлж Н.Одонцэрэн, гүйцэтгэгч талын гэрээг төлөөлж дүгнэсэн А.Рэнцэн-Од гарын үсэг зурж тамга дарсан атлаа Б.Мөнхшүр гэж бичээд "Компьютер центр" ХХК-ийн тамга дарсан байдаг. Эндээс харахад "Угалз-Холдинг" ХХК болон "Э кинг" ХХК-иудын хооронд хийгдсэн гэрээг дүгнэсэн акт байна. "Ю" ХХК болон "Э кинг" ХХК-иудын хооронд хийгдсэн ажлыг дүгнэсэн гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Гэтэл шүүгч "Э кинг" ХХК-ийн хийсэн ажлыг дүгнэхдээ дээр дурьдсан гэрээгээр гүйцэтгэсэн ажил хүлээн авсан тухай акт болон "Орхон прожект" ХХК-ийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй зураг төсөлийг үндэслэн "Э кинг" ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг үнэлэн тооцоолсон нь үндэслэлгүй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд 54 дүгээр барилгыг барих анхны зураг төсөл нь барилгыг барих явцад өөрчлөгдөж том талбайг жижиг өрөөнүүд болгон хуваах, өөрчлөх, өрөөнүүд нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд гарч нэмэлт ажлууд гарсан учир "Ю" ХХК-тай хийсэн гэрээнээс гадна өөрчлөлт орсон өрөө зэрэгт нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага гарсанаас үүдэн "Угалз-Холдинг" ХХК нь "Э кинг" ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн байхад тухайн ажлын хөлсийг "Ю" ХХК-аас бус "Угалз-Холдинг" ХХК-аас бие даасан шаардлага гарган тусад нь шийдвэрлүүлэх ёстой. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон "Э кинг" ХХК-ны ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэгт гаргасан зардлыг нэхэмжилсэн бөгөөд үүнийгээ нотлох баримтаар шүүхэд гаргасан баримт нь 2018 оны 1, 2, 3 дугаар сарын үеийнх байгаа нь "Э кинг" ХХК-ны ажилчдын 54 дүгээр барилгад ажил гүйцэтгэсэн гэх хугацаатай зөрүүтэй байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй зэргийг анхааран үзэлгүйгээр "Ю" ХХК болон "Э кинг" ХХК-ны хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй байхад сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байгаа эсэхийг шинжлэн судлан үзэж шийдвэрлээгүй байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг нягтлан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүргийг тооцсон тооцоололд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Э кинг ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 000 000 төгрөг, бараа материалын үнэд 13 949 870 төгрөг, өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 900 000 төгрөг, бараа материалын үнэд 8 004 870 төгрөг, нийт 49 904 870 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 357 549 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.
Нэг: Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн асуудлын талаар:
Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Э кинг ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 58 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, уг мөнгийг зээлдэгч хүлээн авсан асуудлаар маргаагүй болно.
Хариуцагч байгууллага дээрх зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 900 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 34 900 000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг тодорхойлохдоо зээлийн төлбөрт 58 000 000 төгрөг, хүү алдангид 39 000 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлж, анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү 5 800 000 төгрөг, алданги 31 900 000 төгрөг, нийт 95 700 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэн уг үүргээс хариуцагчийн төлсөн 34 900 000 төгрөгийг хасч үлдэх 60 800 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь тооцооллын хувьд буруу байна. Учир нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 900 000 төгрөгийг буцаан төлсөн байгааг зээлийн гэрээний хугацаанд хүү төлсөн гэж үзнэ.
Иймд хариуцагч байгууллагын зээлийн гэрээний үүрэг болох 58 000 000 төгрөг, хүү 2 900 000 төгрөг, нийт 60 900 000 төгрөгөөс алданги тооцоход 30 450 000 төгрөг, нийт 91 350 000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд уг үнийн дүнгээс хариуцагч байгууллагын төлсөн 32 000 000 төгрөгийг хасахад 59 350 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч байгууллагаас 1 450 000 төгрөгийг илүү тооцож гаргуулсан байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр: Бараа материал нийлүүлсэн үнэ гаргуулах асуудлаар:
Нэхэмжлэгч байгууллага нь бараа материалын үнэд 13 949 870 төгрөг нэхэмжилж, уг шаардлагаа 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ю ХХК-ийн Угалз холдинг ХХК-тай байгуулсан барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Э кинг ХХК нь Угалз холдинг ХХК-тай байгуулсан бараа материал нийлүүлэх гэрээ зэргийг үндэслэсэн байна. /1хх-ийн 101-108,225-231 тал/
Нэхэмжлэгч байгууллага дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ю ХХК нь Э кинг ХХК-ийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д 13 945 870 төгрөгийн цахилгаан холболтын бараа материалыг хүлээлгэн өгөх боловч уг мөнгийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ. Хариуцагч байгууллага ...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлийн үнэ 5 000 000 төгрөгийг бэлнээр, Хаан банкны дансаар 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 945 000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгч байгууллага уг тайлбарыг үгүйсгээгүй байна. /1хх-ийн 120, 123 тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч байгууллагаас бараа материалын үнэд 8 004 870 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Гурав: Ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардсан сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 657 549 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ажил хүлээн авсан тухай актуудыг нотлох баримтаар гаргаж, мөн гэрчийг асуулгажээ. /2хх-ийн 73-80, 86-95 тал/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын хамгаалалтын албаны рапортын 3 ширхэг дэвтэрт үзлэг хийлгэсэн байх бөгөөд уг үзлэгийн дэвтэрт Э кинг ХХК-ийн ажилчид барилгын талбайд ажилласан талаар тэмдэглэл үйлдэгдсэн байна. /2хх-ийн 123-133 тал/
Дээрх баримтуудаас үзэхэд 14 давхар бүхий 54 дүгээр барилгын цахилгаан холбоо, дохиоллыг угсрах, суурилуулах, монтажлах, тэжээлд холбох ажлуудыг хийхээр тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас ирүүлсэн төсөвчний ажлын төсвийг үндэслэн дээрх ажлаас захиалагчийн хүлээн авсан В1, 1, 2, 4, 6, 8, 10, 12 давхруудын ажлын хөлсөд 58 626 309 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн эс зөвшөөрч дээрх ажлыг хариуцагч байгууллагаар хийлгээгүй, өөрсдийн ажилчдаар хийлгэсэн гэсэн тайлбар гаргаж, цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж байгаа Ю ХХК-ийн ажилчдын зургийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч уг нотлох баримтыг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шууд няцаасан баримт гэж үзэх боломжгүй. Уг цахилгааны ажлыг хаан, ямар барилгад хийж гүйцэтгэж байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна дээрх зургийн баримт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотлох баримт биш тул нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд гаргасан тайлбараа нотолсон баримтыг ирүүлсэн гэж үзэхгүй юм. /2хх-ийн 1-36 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал тул түүний өмгөөлөгчид төлсөн хөлсийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, өмгөөллийн хөлсөд нэхэмжилсэн 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулах зээлийн гэрээний үүрэгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/03638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...68 804 870 гэснийг ...67 354 870 гэж, ...36 145 000 гэснийг ... 37 595 000 гэж,
2 дахь заалтын ...50 893 гэснийг ...46 357 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 451 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО