Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00762

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00762

 

 

 

Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00313 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрүүл мэндийн яаманд холбогдох

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 5/150 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Д.Хэрлэнчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сараас эхлэн Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, улмаар 2013 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс эхлэн захирлаар ажилласан. ЭМХТ-ийн захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй, хөдөлмөрийн сахилгын ямарваа зөрчилгүйгээр, хариуцсан ажил үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Уг албан тушаалд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 тоот тушаалаар томилогдон, уг байнгын орон тооны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ТҮЭМ-9 зэрэглэлд хамрагдан ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь байнгын ажлын байранд хамрагддаг юм. Гэтэл, Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 6/150 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал-ын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас Улс төрийн гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Өөр ажилд томилно гэдэг шалтгаанаар Ажлаас чөлөөх тухай тушаал-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулж өгөлгүйгээр хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж ирсэн. Уг тушаалын хуулбарыг өөрөө 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭМЯ-ны архиваас хуулбарлан авсан. Дээрх тушаалын үндэслэх хэсэгт...Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Тушаах нь гэжээ. Гэвч ажил олгогчтой ямар нэг байдлаар тохиролцоогүй бөгөөд хүсэлт гаргасан, зөвшилцсөн байдал бий болоогүй. Дээр нь ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа, үндэслэлээ танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг мэдэгдээгүй, тушаалаа эх хувиар нь гардуулж өгөөгүй болно.

Хуулийн хүчин төгөлдөр бус дээрх тушаалын улмаас хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн тул Үүнд: Монгол Улсын Эрүүл Сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6/150 тоот Ажлаас чөлөөлөх тухай хууль бус тушаалыг хүчингүй болгох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, М.Ганзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бат-Эрдэнэ нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 дугаар тушаалаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжпийн төв /ЭМХТ/-ийн даргаар томилогдож, Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил хүлээлцсэн. Тухайн үед ажил хүлээлцэхээр ажил хүлээлцэх комиссын даргаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, гишүүн ЭМЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Т.Содгэрэл нар ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулж, ажил хүлээлцсэн. Албан ёсоор ажил хүлээлцсэн тухай ЭМЯ-ны болон ЭМХТ-ийн цахим сайтад тавигдсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн сайдын нэр дээр ЭМХТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлт гаргасан бөгөөд Эрүүл мэндийн сайдаас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1а/335-ө тоот албан бичгээр нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн хүсэлтийг уламжилсан. Нэхэмжпэгч хэдийгээр шаардах эрх нь нээлттэй боловч Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү тушаал гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч Ч.Бат-Эрдэнэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэтэй тохиролцсоны үндсэн дээр түүнийг ажлаас чөлөөлсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн Б/150 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Ч.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 930 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Ч.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хөдөлмөрийн түхай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд "шийдвэрийг хүлээн авах гэдгийг зөвхөн гардаж авснаар бус, хүлээж авсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдсоноор адилтгаж үзэх боломжтой тул нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийг гүйцэтгэж байсан ажил албан үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгснөөр ажлаас халагдсан талаар мэдсэн гэж үзэх тул хуульд заасан дээрх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна ... гэж шүүгч дүгнэсэн байгаа нь илтэд тодорхой заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалт нь туйлын тодорхой, ойлгомжтой байхад үүнийг буруу ойлголтоор мушгин тайлбарлаж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд хийж чадаагүй. Нэхэмжлэгч Ч. Бат-Эрдэнэ нь ЭМХТ-ийн захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй, хөдөлмөрийн сахилгын ямарваа зөрчилгүйгээр, хариуцсан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн нь 2015 оиы 03 дугаар сарьш 18-ны өдрийн. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Үр дүнгийн гэрээ-ний биелэлтээс харагдана. Гэтэл, Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б-150 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал-ын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн байна. Хариуцагч тал "Ажлаас чөлөөлөх тухай тушаал"-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулж өгөөгүй тул уг тушаалын хуулбарыг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ЭМЯ-ны архиваас хуулбарлан авсан болно. Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт..."Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д тус тус үндэслэн тушаах нь гэжээ. Нэхэмжлэгч нь ажил олгогчтой ямар нэг байдлаар тохиролцоогүй бөгөөд, хүсэлт гаргасан, зөвшилцсөн байдал бий болоогүй. Хариуцагч талаас тохиролцсон гэх баримт бичиг, гэрээ, ажилтны зүгээс бичгээр гаргасан хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Дээр нь ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа, үндэслэлээ танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байгааг мэдэгдээгүй, тушаалаа эх хувиар нь гардуулж өгөөгүй. Энэ нь нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөдмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх зааснаар хугацаагүй байгуулагдах ёстой. Мөн хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн гэрээ-г цуцалсан, дуусгавар болгосон тухай шийдвэрийг тухайн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасны дагуу халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс Хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай маргааны талаар гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар гаргасан бөгөөд, ажил олгогч талаас ажилтныг төөрөгдүүлэх замаар ажлаас чөлөөлсөн. тушаал шийдвэрээ хуулийн хугацаанд халагдсан өдөр өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчигдсөн эрхээ сэргээх боломжийг олгоогүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн нь нотлогдож байхад шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн сайдын тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Ч.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 тоот тушаалаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар томилогдож, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг, 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр үр дүнгийн гэрээг ажил олгогч, ажилтан нар тус тус байгуулсан байна. /хх-6,47-52, 53-62/ Улмаар Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар Ч.Бат-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /х.х-ийн 36 дугаар тал/

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч Эрүүл мэндийн яам нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авахдаа тухайн бичгийн баримтын ар хэсэгт хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан байдал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 23 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг зөрчөөгүй, гомдол гаргах эрхээ алдаагүй болно.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг баримталсан үндэслэлээ талууд харилцан тохиролцон ажлаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээг энэхүү үндэслэлээр дуусгавар болгоход талууд харилцан тохиролцсон байхыг хуульд заасан тул шүүх энэ талаар дүгнэлт хийх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон буюу энэ талаар урьдчилан санал нэгдэж түүний үр дүнд ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг аль тал ямар шалтгаанаар санаачилсан, нөгөө талдаа хэзээ мэдэгдсэн, тохиролцоо ямар агуулгаар хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг, Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа-ны журмаар хянан шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан тул өөрийн шийдвэрийг зөв болохыг нотлох үүрэг ажил олгогчид хуваарилагдах юм. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон ажлаас чөлөөлсөн болохоо хариуцагч нотлоогүй тул ажилтныг ажлаас халсан тушаал үндэслэлгүй болжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх замаар хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаа тодорхой шаардлага үүссэн буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тэр үндэслэлээ нотлохыг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт зааснаар үүрэг болгосон.

Эдгээр нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл ажилтан Ч.Бат-Эрдэнийг урд эрхэлж байсан албан тушаалаас талууд харилцан тохиролцон чөлөөлсөн гэж үзэхэд учир дутагдалтай, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноо хариуцагч байгууллага нотолж чадаагүй учраас ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэг хариуцагч байгууллагад үүссэн болно.

Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй буюу ажилтныг үндэслэлгүй халсан гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Иймээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийни 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай гэж үзлээ.

Хэргийн баримтад нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт болон орлого, цалин хөлсийг тодорхойлсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтгүй ч талуудын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин буюу 986 863 төгрөгийн дүнг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан /2016.12.01-2018.3.23/ хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцох боломжтой бөгөөд 15 520 657 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын адил тухайлан шийдвэрлэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 520 657 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 235,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ