Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00540

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00540

 

 

 Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01509 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Саруулд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 215 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.Саруул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Саруул нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ2015/34, БГ2015/34 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн баталгаа болгож, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 40 дүгээр байр, 42 тоот, 43.9 м.кв талбайтай Ү-2201025781 тоот үл хөдлөхийн дугаартай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Б.Саруул нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй. Зээл авснаас хойш хүүгийн төлбөрт 5 100 000 төгрөг төлсөн бөгөөд нийт 15 543 187 төгрөгийн хүү дутуу төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 14 751 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 464 000 төгрөг нийт 36 215 187 төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн хууль зүйн зөвлөгөө авсаны зардал 2 000 000 төгрөг болсон. Иймд нийт 38 215 187 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Саруулаас 36 215 187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Саруул нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 40-р байр, 42 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саруулаас улсын тэмдэгтийн хураамжид 339 026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 14 751 187 төгрөгийг зөвшөөрч байгаа. Миний хувьд төрийн албан хаагч бөгөөд 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон тул төлбөрийн чадвар хүрэлцээгүй, хүндрэлтэй байдгийн улмаас зээлээ төлж чадахгүй өдийг хүрсэн. Анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагт шүүх хурал зарлагдаж миний бие дуудсан цагт шүүх дээр ирж шүүгчийн туслах н.Азжаргалтай уулзаж ирснээ мэдэгдсэн. Шүүгчийн туслах хурал болтол 1 давхарт хүлээж бай гэхээр хүлээж байтал 12.00 цагийн үед нэхэмжлэгч талын өмгөөлөгч хурлын танхимаас гарч ирснээр надад холбогдох хурал болоод дууссан болохыг мэдсэн. Энэ хугацаанд шүүгчийн туслах н.Азжаргалтай 2 удаа утсаар ярьж, хурал аль танхимд болох вэ гэж лавласан, мөн шүүгч Д.Нямбазарт намайг ирснийг мэдэгдээгүй хэлээгүй байсныг шүүгч өөрөө хурлаас гарч ирээд хэлсэн. Ингээд шүүхийн ажиллагааны учир дутагдлаас шалтгаалж дээр дурьдсан нөхцөл байдлаа шүүхэд тайлбарлаж эрхээ хамгаалуулах боломжгүй болгосон. Иймд нэмэгдүүлсэн хүү болох 1 464 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нь хариуцагч Б.Саруулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 14 751 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 464 000 төгрөг, хохиролд 2 000 000 төгрөг нийт 38 215 187 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Саруулд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25ы өдөр ЗГ 2015/34 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нь зээлдэгч Б.Саруулд 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн зээлийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн зохигчид 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БГ 2015/34 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч Б.Саруул нь барьцаалагч буюу Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-д буюу дээрх 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 42 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх /хх-ийн 4/ тул хариуцагч Б.Саруул нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасан буюу хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг, түүнчлэн гэрээний хугацаа дуусахад төлөх үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх зааснаар үндсэн зээл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүүг хариуцагч Б.Саруулаас шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин зохигчид Зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн 20 хувь байхаар /хх-7 дугаар тал/ тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй ... гэж заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт болон зээлийн гэрээний 6.2.3, 7.1.10-т зааснаар нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хууль зүйн зөвлөгөө авахад гарсан 2 000 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд дээр дурдсан нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй үндэслэлээр болон анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргаанд хамааралгүй хуулийг баримталсныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12ы өдрийн 181/ШШ2016/01509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.2 гэснийг хасч, 453.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1 гэж нэмж, 36 215 187 гэснийг 34 751 187 гэж, 2 000 000 гэснийг 3 464 000 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Саруулын төлсөн 39 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ