| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2025/00192/И |
| Дугаар | 192/ШШ2025/09368 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09368
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ дүүрэг, *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** гудамж, *** байр, ** тоот хаягт оршин суух, Б овогт Н-ийн Э- /рд: *************/
Хариуцагч: ********* дүүрэг, **** дугаар хороо, *******, *** * тоотод оршин байрлах, А ХХК /рд: ***********/
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 2023 оны 6 дугаар сард фэйсбүүкт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн аманд байгалийн цогцолбор газарт хаус барьж гэсэн зарыг харж утсаар холбогдож төслийн талаар мэдээлэл авч очиж үзсэн. Төсөл таалагдсан тул төслийг гүйцэтгэж байсан А ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээг иж бүрэн түлхүүр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардуулан өгөх нөхцөлтэйгээр байгуулсан. Гэрээ нийт төлбөр 350 сая төгрөг бөгөөд гэрээ байгуулсан өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох 150 сая төгрөгийг А ХХК-ийн захирал Чинзориг овогтой Жавхлантөгсийн дансанд шилжүүлсэн. Миний бие нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа тул эгч болох Б.Бүрэнжаргалд уг гэрээтэй холбоотой итгэмжлэлийг үлдээж үлдэгдэл төлбөрийг Ч.Ж-ийн хэлсэн данснуудад дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд: 2023.07.11-нд 100 сая төгрөг, 2023.08.23-нд 65 сая төгрөг, 2023.08.24-нд 10 сая төгрөг. Уг хаусыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан ч одоог хүртэл барилгыг хүлээлгэн өгөхгүй сан, халаалт, зарим засварын ажлыг дуусгаагүй орхиж, гэрээгээр хүлээсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд А ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам Бугат вилла хотхоны С7 тоотод байрлалтай 128 м.кв амины орон сууцны өмчлөгчөөр Н.Э-ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, Итгэмжлэл /хх 4/, Амины орон сууц захиалан бариулах гэрээ /хх 5-20/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх 21/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 22-33, 35-37/, Зарлагын баримт /хх 34/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: А ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 41-42/, Ч.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/.
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/8629 тоот албан бичиг /хх 72/, Хот байгуулалт, хотын стандартын газрын 02/185 тоот албан бичиг /хх 75/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ч.Ж нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байжээ. Гэвч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж Хан-Уул дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А ХХК-иас баригдаж буй Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхон, С7 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай амины орон сууцыг нийт үнэ 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож талууд төлбөрийг гэрээний 2-т заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон байна.
Амины орон сууц захиалан бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Нэхэмжлэгч нь амины орон сууцны төлбөрт 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 150,000,000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 45,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон.
4.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тай лбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
4.4. Иймд нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхон, С7 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр Н.Э-ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгах нь зүйтэй.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ыг Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхон, С7 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Н.Э-д олгож, 70,200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН