2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08460

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 192/ШШ2025/08460

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: */-т холбогдох

Тушаал хүчингүй болгуулж, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*, өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.*гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс *-ын даргаар 2022 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан болно.

Үндэсний аудитын газрын 2022 оны 03 сарын 25-ны өдрийн * тоот сахилын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *тоот сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага ирүүлснийг үндэслэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмын зааврын дагуу үйл ажиллагaa явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүй хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 сарын 20-ний өдрийн * тушаалаар Ч.*д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, албан тушаал бууруулсан юм. Ч.*д ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь үндэслэлгүй хууль бус юм.

Ч.* миний бие ажиллах хугацаандаа өөрийн чиг үүргийн ажлыг хангалттай сайн биелүүлж төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй төсөвлөх, зарцуулах, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэхэд бүх хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн ба батлагдсан төсвийн хүрээнд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд бүртгэж, холбогдох хууль, дүрэм журмын дагуу ажиллаж ирсэн билээ Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын * тоот албан шаардлагад Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн *ХХК-д хамаарах 15,388,247,055.0 төгрөгийн албан шаардлага хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664,161,009 төгрөг, мөн сүүлийн 3 жилд 958,636,292.40 төгрөгийн ашиглалтын зардал төлж улсын төсөв ур ашиггүй зарцуулсан тул Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7. Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-г үндэслэн үндэсний аудитын газраас холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга *д даалгасан байна.

Гэтэл Иргэний нисэхийн газрын дарга С.* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр * дугаар тушаал гарган Ч.*д сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль бус юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ үүнд "агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах өөрөөр хэлбэл агентлагийн даргын бүрэн эрх хүрээнд төсвийг тогтоосон журмын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т "Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна", 46.1.1-т энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах 46.1.4-т "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах 46.1.6-т' гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавих "өөрөөр хэлбэл захиалагч үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй байхад дээрх үндэслэлээр Иргэний нисэхийн даргын тушаалаар батлагдсан төсвийг гаргах үүрэг бүхий Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.*д сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн * албан шаардлагад Өмнөх албан шаардлагын сурагчийн 7,003,939.74 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн Канад улсанд нягтлан бодогчоор сурагчийн 121,951,949.18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий оюутны төлбөрт 410,455,057.80 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал гаргасан тул холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахыг Үндэсний аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Сурагчийн 7,003,939 74 төгрөгийн авлагыг шүүх хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй гэдэгт миний бие гэрээ цуцалсантай холбоотой үүссэн санхүү авлагыг буцаан гаргуулахаар хууль, эрх зүйн дүрмийн боловсролын газарт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Сургалтын төлбөр олгох асуудал болон Сургалтын гэрээний хугацаа сунгахад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар сунгах, Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Сургалтын асуудал хариуцсан байнгын зөвлөл хариуцах, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Захиргаа удирдлагын газар хариуцдаг. Сургалтын төлбөр олгох асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар Ч.* нь сургалтын төлбөрийг олгодог байсан бөгөөд Ч.* нь дээрх төлбөрийг зохих дүрэм журмын дагуу Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр санхүүжүүлсэн, бие даасан шийдвэр гаргаагүй болно. Ч.* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын маргаан таслах комисст гомдол гаргасныг маргаан таслах комиссоор 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгосон тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр комиссын хуралдааны тэмдэглэлийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч харилцан тохиролцоогүй учир ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгосон тэмдэглэлийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн * дугаартай Ч.*д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар эргүүлэн томилж, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Ч.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. * овогтой * миний бие 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс *т, санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 04 сарын 20 хүртэл Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж, энэ газрыг нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллаж ирсэн.

2025 оны 05 сард Иргэний нисэхийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газраас цалинтай холбоотой бүх шаардлагатай материалыг гаргуулсан байгаа. Албан тушаал бүтцээрээ нэлээн өөрчлөлт орсон. Бүтэц өөрчлөгдөж цалингийн шатлал өөрчлөгдсөн баримтуудыг авч цалингийн зөрүүг тооцсон. Одоогийн байдлаар 56,629,068 төгрөг гэж тооцоолсон.

Хариуцагчийн гаргаж байгаа тайлбартаа холбогдуулан нэмж хэлэхэд 3 суралцагчийн гэрээг сунгасан байна, хугацаандаа сургалтаа дуусгаагүй учраас үр ашиггүй зардал гаргасан гэх утгатай албан шаардлага байгаа юм. Үүний тухайд маш олон суралцагчийг Иргэний нисэхийн салбар онцгой салбар учраас энэ салбарын боловсон хүчин гадаадад суралцагчдын зардал гэдэг. Зардлын ангилалтайгаар төсөвт батлагдаад тухайн яг төсвийн дагуу сонгогдсон, гэрээ хийсэн суралцагчдын санхүүгийн төлбөрийг тухайн сургуулиас нь, гадаад оюутнуудыг хариуцсан энэ хэлтэстэй нь байнгын харилцаатай байж дүнгийнх нь асуудлыг авч байж дараагийн санхүүжилтийг шийдвэрлэдэг. Энэ батлагдсан төсвийн гадаад сургалтын зардал гэх ангиллынх нь дагуу зардал бүртгэж явж байсан. Авлагад бүртгэх гэх юм уу, ийм олон улсын стандарт байхгүй. Нягтлан бодох байгууллагын тухайн нягтлан бодох бодлогын бичиг баримт гэж авлагаар бүртгэнэ гэх батлагдсан стандарт байхгүй. Батлагдсан стандартынхаа дагуу батлагдсан, төлөвлөгөөнийхөө дагуу, зардалд бүртгэж ирж байсан. Тухайн яригдаад байгаа 3 суралцагч нь хэлний бэрхшээл, тухайн улс оронд удаан хугацаанд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлаас болоод ганц нэг хичээлүүд нь кредитээ хангахгүйгээс болоод яг төгсөх гээд байхад Иргэний нисэхэд 5 жил ажиллана гээд гэрээ хийгээд, орон сууцаа барьцаалж гэрээ хийгээд явдаг ийм боловсон хүчин бэлтгэдэг ийм асуудал байгаа. Тэр гэрээний асуудал дуусахад оюутнууд ийм ийм байдалтай байна, ийм шалтгаан гарсан гээд өөрсдөө өргөдөл гаргадаг. Энэ асуудлыг нь сургалтын асуудал хариуцсан байнгын зөвлөл дээр оюутны тухайн асуудлыг хэлэлцээд, энэ оюутан ийм суралцаж байгаа юм байна, энэ боловсон хүчин ийм хэмжээний зардал гаргасан, ийм зардал үлдсэн байна гээд санхүүжүүлэхгүй, эсвэл зөвхөн гэрээг нь сунгаад, өөрсдийнх нь өргөдөлд дурдсан ийм төлбөрийг нэмж гэрээнд тусгаж санхүүжүүлэхгүй гэдэг байдлаар янз янзын шийдвэр зөвлөлөөс гаргаад, дарга эцсийн шийдвэрийг гардаг процесстой. Тухайн 3 оюутан яг сургалтандаа хамрагдаад төгсөх нь тулаад ирчихсэн, гэрээг нь сунгасан. Гэрээн дээр мөнгө нэмж гэрээний дүнд тусгаагүй асуудалтай байсан. Одоогийн байдлаар нарийн мэргэжлийн 2 оюутан төгсөөд ирчихсэн, Иргэний нисэх газартаа ажиллаж байгаа, нэг оюутан нь төгсөж ирээгүй байдалтай байгаа. *ХХК нь 2008 оноос хойш энэ бүсийн оношилгооны төв гэдэг барилгыг Зам тээврийн яаман дээр энэ тендерийг зарлаад, гэрээ нь байгуулагдаад, 2016 онд намайг энэ албан тушаал дээр томилогдоод ирэхэд барилга цутгалтын байдалтай байсан, маш олон жил болчихсон байсан.

Энэ барилга хийц дээр нөлөөлөх гэж байсан энэ барилгыг дахиж энэ ажлын хэсэг байгуулаад бүх асуудлуудыг, барилгын дүрэм журмын дагуу энэ хийцийг нь тодорхойлуулаад цаашид тавих боломжтой юм байна гээд төсөв батлуулсан. Энэ ажил дээр бүх мэргэжлийн ажилтнууд ажлын хэсэгт ороод холбоо, цахилгаан, дулаан, навигацын инженерүүд, барилгын инженерүүд гээд бараг 20-40 инженерүүд оролцсон ажлын хэсэг энэ барилга дээр ажиллаад, тухайн барилга нь гүйцэтгэлээ гаргаад ирэхэд тэр мэргэжлийн инженерүүдэд бүх гүйцэтгэлийг баталгаажуулаад өгдөг. Тэрийг нь барилгын төсөвчин инженер хянаад стандартын дагуу гүйцэтгэл бичээд бүх ажлын хэсгийн гишүүд зурдаг процесстойгоор албан бичиг бэлэн болоод гүйцэтгэлийг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга хүртэл баталж байсан. Тэдэн төгрөгийн ийм, ийм барилгын ажил хийсэн байна, барилгын ажил тэдэн хувьтай байна гэх баримтууд ирж байж ажлаа батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлж байсан. Тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нөхөн олгож, зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газрын 2022 оны 03 сарын 25-ны 728/160067, 03 сарын 25-ны өдрийн * дугаартай сахилгын шийтгэл тооцуулах тухай шаардлагыг санхүү, нягтлан бүртгэлд хууль, хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч, хариу мэдэгдлийг даалгасан юм. Үүний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн * дугаар тушаалаар Ч.*д сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан. Ч.*д ноогдуулан албан тушаал бууруулсан сахилгын арга хэмжээ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Үндэсний аудитын газрын 729, 728 дугаар албан шаардлагад *ХХК-д хамаарах 15,388,270,055 төгрөгийн албан шаардлагын хэрэгжилтийг хангаагүй, улсын комисс тухайн барилгыг хүлээн аваагүй үүргийн биелэлтийн алданги нь 664,161,009 төгрөг байна, мөн 3 жилийн хугацаанд 958,000,000 төгрөгөөр ашиглалтын зардал төлж, улсын төсвийг үр ашиггүй зарцуулсан тул Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8-д гарч буй Төсвийн тухай хуулийн 64, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1, Төрийн болон орон нутгийн бараа, газар, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1-д зааснаар Үндэсний аудитын газраас албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг н.*д даалгасан.

Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.* нь 2022 оны 04 сарын 20-ны өдөр тушаал гаргахдаа Ч.*д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус юм. Энэ нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн өөрөөр хэлбэл агентлагийн дарга бүрэн эрхийнхээ дагуу төсвийг зарцуулсан. Энэ яригдаад байгаа *ХХК-тай холбоотой энэ асуудлыг шийдвэр гаргаж байгаа, санхүүжүүлж байгаа 1 дүгээр гарын үсэг буюу эцсийн шийдвэр гаргадаг албан тушаалтнуудад Агентлагийн тухай хуулиараа С.* өөрөө юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмч, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2, 46.1.4, 46.1.6-д зааснаар Иргэний нисэхийн газрын даргын баталсан төсвийн хүрээнд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга төсвийг хуваарилж, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангасан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Аудитын газрын 728 дугаар албан шаардлага дээр сурагчдын сургалтын төлбөртэй холбоотой зохих албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газраас даалгасан. Энэ сурагчийн 7,000,000 төгрөгийн шүүх авлагын асуудлыг хууль хяналтын байгууллага дахин хянаж шийдвэрлүүлээгүй гэдэг нь энэ гэрээг цуцалсантай холбоотой агуулгыг буцаан гаргуулахаар хууль эрх зүйн дүрэм боловсруулалтын газарт Ч.*гээс хүргүүлсэн. Сургалтын төлбөр олгох асуудал болон сургалтын гэрээг сунгах асуудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар сунгах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавих, ажиллахыг *зрын сургалтын алба, сургалт хариуцсан байнгын зөвлөл хариуцах, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардал, гадаад сургалттай сурагчидтай гэрээ байгуулж нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг захиргаа удирдлагын газар хариуцдаг. Сургалтын төлбөр олгох асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу санхүүжилтийг тушаалын биелэлтийг Ч.*гийн зөвлөл хангадаг байсан.

Ч.* нь дээрх аудитын дүгнэлтэд дурдагдаад байгаа санхүүжилт болон гэрээ сунгах эрх байхгүй. Үүнийг зөвхөн Ерөнхий газрын даргын гаргасан тушаал шийдвэрийн дагуу биелэлтийг хангаж, гүйлгээн дээр л гарын үсэг зурдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ * хэт нэг талыг баримталсан. * дугаар дүгнэлтийн дагуу ямар нэгэн дотоод хяналт шалгалт болон дотооддоо шийдвэрлэх ажиллагаа хийлгүйгээр зөвхөн шууд Ч.*д холбогдуулаад ямар нэгэн байдлаар Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөд сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд хөдөлмөрийн харилцааг арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна. Ч.* Иргэний нисэхийн газрын маргаан таслах комисст гомдлоо гаргаад дараа нь зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргасан. Хан-Уул дүүрэгт Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх тухайн үед татгалзаж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан учраас энд хандаж, хариуг нь аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь 2022 оны 04 сарын 20-ны өдрийн * дугаартай Ч.*д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулж, энэ хугацаанд ажиллаж байгаа газар болон Иргэний нисэхийн газрын санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын хоорондох цалингийн зөрөө буюу 56,629,068 төгрөгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Аудитын байгууллагаас ирсэн дүгнэлт дээр Сахилгын шийтгэлийг ногдуулаад 728, 729 дээр буруутай албан тушаалтан гэж байгаа юм. Гэтэл Ерөнхий нисэх ерөнхий газар ямар албан тушаалд, ямар сахилгын арга хэмжээ авахыг тусгайлан заагаагүй, харин дотооддоо энэ асуудлыг шийдвэрлээд хариугаа ирүүлэхийг шаардсан. Ч.*д уг албан шаардлагыг үндэслэж энэ тушаалыг гаргахдаа хэтэрхий ерөнхийлсөн, үндэслэл муутай, үндэслэл бүрээ нотлоогүй, мөн сахилгын шийтгэл хүлээлгэх гэж буйгаа урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй зөрчил гаргасан гэж бид үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулахдаа аудитын дүгнэлтээс заасан ажиллагааг хийгээгүй, шууд Ч.*гийн буруутай үйл ажиллагааны улмаас гэдэг байдлаар хандсан. Энэ дээр ямар нэгэн албан тушаалтан дотоод зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр, ямар нэгэн урьдчилан шийдвэр гаргахгүйгээр шууд Ч.*д арга хэмжээ авах болсон нь үндэслэлгүй байна. Санхүү, нягтлан бүртгэлийн хууль тогтоомж, журам зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухайд нь мөрдөн санхүүгийн тайланд үнэн зөв тусгах үүргээ биелүүлээгүй гэж тушаал дээр нь тодорхойлсон. Энэ дээр яг ямар мэдээлэл хийх юм бэ гэдгийг гүйлгээ, ямар зохион байгуулах арга хэмжээг аваагүй талаар баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь санхүү, нягтлан бүртгэлийн ямар хууль тогтоомжийг, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

Энэ талаар хариуцагчид ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр шууд ерөнхий байдлаар тушаал гаргасан байна. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй гэх боловч үүнийг зөвхөн нэхэмжлэгч дангаараа шийдвэрлэх боломж байхгүй. Төсөв хөрөнгийг зориулалтаар нь шийдвэрлэх, төсөвт суулгуулах, орж ирсэн төсвийг зарцуулах эрх байхгүй. Төсвийг дээд байгууллага буюу Яам болон Засгийн газарт явуулж улсын Их Хурлаар батлуулах үүрэг нь дарга дээр байгаад байдаг. Батлагдсан төсвийн дагуу санхүүжилт хийх, шийдвэр гаргах эрх нь дарга дээр байгаад байдаг, гаргасан тушаалынх нь дагуу зөвхөн тэр хэрэгжилтийг нь хангах үүрэг нь Ч.* дээр байдаг. Тиймээс энэ бүгдийг яг яаж зөрчсөн нь тодорхойгүй байхад энийг шийдвэрлэж, зөрчил гаргасныг нотолж чадаагүй. Батлагдсан төсвийн хуульд холбогдох хууль, дүрэм журам, зааврын дагуу үйл ажиллагаа явуулж өр авлагыг үүсгэхгүй ажиллах үүргээ биелүүлээгүй гэж байна.

* нь бүтцээрээ зөвхөн Санхүү хөрөнгө оруулалтын газар байхгүй, маш олон газар албатай. Гэтэл энэ байгууллага дотор аль байгууллага нь энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой юм, аль албан тушаалд нь энэ хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангаагүй юм бэ гэдгийг дотоод зохион байгуулалтынхан буюу дотоод хяналт шалгалт, даргынхаа зөвлөлөөр авч хэлэлцэхгүйгээр энийг зөвхөн шууд Ч.*г шийдсэн байна гэж байна. Энэ авлагыг аваагүй байгаа гэдэг зүйл дээр хэрэгт өгсөн баримтаар Ч.* хууль эрх зүйн газар, бичиг баримт боловсруулалтын газар руу материалуудаа өгсөн байдаг юм. Авлагыг аваад, шаардах эрхээ хэрэгжүүлээд, шүүх хуулийн байгууллагад хандах эрх нь Ч.*д байхгүй. Хууль эрх зүй, бичиг баримт боловсруулалтын газар нь байдаг учраас энэ бүгдийг нарийвчлан шалгаагүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас батлагдсан төсөв гэх боловч энэ төсвөө ирүүлээгүй. Тухайн төсвийг ямар дүрэм заавар бусаар зарцуулсан гэдгийг хариуцагч өөрөө нотолж чадаагүй байна. Энд яригдаад байгаа төсөв гэдэг зүйлийг Ч.* ямар шийдвэр гаргаад, Ч.*гийн ямар шийдвэрээс болоод улсад ч юм уу, тухайн байгууллагад хохирол учруулаад батлагдсан төсвөө буруу зарцуулчихсан юм уу, аль эсвэл батлагдаагүй төсөвт санхүүжилт хийчихсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү.

Мөн 3 хүүхэдтэй байгуулсан сургалтын гэрээнд хэдэн жилийн хугацаанд сургана, тэдэн мянган доллар төлнө гээд заачихсан зардлыг санхүүжүүлнэ. Нягтлан бодох бүртгэлийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа гэрээний үүргийг зардлаар л бүртгэнэ, буцаж ирээд ажиллахгүй бол гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр авлагад бүртгэж явна. Энэ бол журам зөрчөөгүй. Аудитын дүгнэлт дээр нягтлан бодох бүртгэлийг энэ 3 оюутан дээр буруу хийсэн гэх зүйл байхгүй шүү дээ. Энэ дүгнэлт дээр яагаад 3 гэрээ сунгагдаад байгаа юм бэ гэдэг зүйл л байгаа юм. Бидний өгсөн тайлбараар гэрээг сунгах, цуцлах эрх Ч.*д байхгүй гэж яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон аудитын дүгнэлттэй холбоогүй асуудлаар тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Санхүүгийн нэгдсэн тайланд дүн шинжилгээ хийж үр дүн, тогтоох сайжруулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас Үндэсний аудитын газраас зөрчил илэрсэн гэх албан шаардлага ирүүлсэн боловч энэ нь тодорхойгүй, хэтэрхий ерөнхий агуулгатай байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Бид аудитын дүгнэлтэд байгаа гэрээг сунгах, цуцлах, санхүүжилт хийх эрх байхгүй, энэ чинь даргын эрх шүү дээ гэж тайлбарлахаар авлагад бүртгэгдэх ёстой гэх аудитын дүгнэлтээс өөр зүйл ярьж байна.

Хариуцагч тушаалын энэ хэсгийн нотолж чадаагүй. Аудитын шаардлага нь зөвхөн нэхэмжлэгчийг буруутай гэж байгаа нь үндэслэлгүй, байгууллага өөрөө шууд нягтлан бодох бүртгэл, маш олон салбар яригдаж байгаа. Гэтэл аудитын дүгнэлтээ үндэслээд Ч.*д холбогдуулаад тушаал нь гарчихсан. Ямар нэгэн байдлаар дотооддоо хяналт шалгалт, сонсох ажиллагааг хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож шийтгэнэ, сахилгын шийтгэлийг бичгээр гаргана гэж байхад 2022 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 4.5-т байсныг сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, сахилгын шийтгэлийг тайлбар, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл сахилгын шийтгэл ногдуулахдаа зүгээр л аудитын дүгнэлт баримталж Ч.*д холбогдуулан гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил албанд нь эргүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлс олговрыг нөхөн олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажил олгогчийн гэм буруугаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёр хувь тэнцүү сар бүр төлөхөөр заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь нэхэмжлэгч Ч.* даргын ажиллаж байх үед хэрэгжүүлэгч агентлаг байсан. Одоо тохируулагч агентлаг болсон. Агентлагийн дарга нь чиглэл чиглэлийн тус тусдаа хуулиар хүлээсэн үүрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу захиалагч нь агентлагийн дарга өөрөө байна, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тал дээр дарга үүрэг хүлээнэ, бүх чиглэлийн хуулийн хэрэгжилтэд дарга үүрэг хүлээсэн байдаг. Дарга энэ бүх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхийн тулд байгууллагынхаа батлагдсан бүтэц, орон тоондоо нийцүүлээд албан тушаалын тодорхойлолтынх нь дагуу хүн болгонд тус бүрд нь тухай, тухайн чиглэлээр нь хуулийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, албан тушаалын тодорхойлолтоор нь чиг үүргээ хуваарилж, ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад, үйл ажиллагаагаа явуулдаг.

Ч.* даргын тухайд санхүү хариуцсан даргынх нь тухайд байгууллагын үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллагынхаа санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг нь нэгдсэн бодлого, чиглэл, удирдлагаар хангаж ажиллах нь албан тушаалын гол зорилго нь юм. Төсвийн мөнгийг батлагдсан төсвийн дагуу үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүү аж ахуйн нийтлэг үйлчилгээ, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүгийн ерөнхий хяналтыг хэрэгжүүлэх гэсэн үндсэн зорилго бүхий албан тушаалын 6 зорилттой албан тушаалын тодорхойлолтыг Ч.* даргад өгч, гэрээ байгуулж ажилласан байдаг. Энэ албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээрт олон улсын стандартад нийцсэн санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах гэж байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн хүрээнд тухайн жилийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцыг цаг алдалгүй шуурхай, үр ашигтай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах гэх 2 чиг үүрэг нь манай маргаанд дурдагдаагүй байна. Түүнчлэн тушаалын үндэслэл болсон 728 актын хувьд энэ сургалтын төлбөртэй холбоотой асуудал байгаа юм. Агуулга нь 3 хүүхдийн гадаадад сурсан сургалтын төлбөрийн гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй гэх акт байдаг. Ч.* даргад яг өөрийнх нь чиг үүргийн хүрээнд гадаадад суралцахаар явсан хүүхдүүддээ байгууллагадаа буцааж мөнгө төлөх нөхцөлтэй гадагшаа сургалтад явж байгаа хүүхдүүд нь байгууллагаас сургалтын төлбөрөө төлүүлээд эргэж ирээд 5 жил ажиллах үүрэгтэй. Буцаан 5 жил ажиллана гэдэг нь мөнгөн хэлбэрээр юм уу, эсвэл манай байгууллагад аль нэгэн хэрэгцээ шаардлагатай ажлын байран дээр ажилласнаар энэ төлсөн мөнгө нь төлж барагдаж дуусах юм. Гэтэл энэ сургалтын төлбөр мөнгөнүүдийг шууд зардалд бүртгээд, буцааж хэдэн төгрөг авах авах, хэзээ ирж ажиллаад түүнээс жил жилээр ч юм уу мөнгө нь хорогдоод явах бүртгэлийг хийгээгүй учраас 728 гэх сахилга хариуцлага тооцуулах тухай аудитын албан шаардлагын 3 дугаар параграфын голоос эхлээд энэ агуулга байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллогыг хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулах, баримтжуулах гэх мэт ажлыг зохион байгуулах, удирдах үүргээ биелүүлж, орлогын үлдэгдлээ баталгаажуулж баримтжуулаагүйд Ч.* даргыг буруутгаж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу, анхан шатны бүртгэлийг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын бодлогын баримт бичигтээ нийцүүлж хийгээгүй байна. Хоёрдугаар акт буюу 729 гээд акт дээр Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын ажлын батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, удирдан зохион байгуулаагүй гэх агуулга байгаа юм. *ХХК-ийн барилгын ажлын төлбөрт нийт Иргэний нисэхийн ерөнхий газраас 17,000,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. *ХХК-ийн хийсэн ажлыг тоолоход 11,000,000,000 төгрөг буюу зөрөө нь 5,100,000,000 төгрөг манай байгууллагаас илүү шилжүүлчихсэн байдаг. Гүйцэтгэлийг нь тухай бүрд ажлын хэсэг гаргаж гүйцэтгэлийг нь баталгаажуулаад санхүү хөрөнгө оруулалтын газарт мөнгө захиран зарцуулах талаар хүсэлт очдог юм уу, ямар нэгэн шийдвэр очдог байх. Энэ мөнгийг нь яг санхүү хөрөнгө оруулалтын газраас зарцуулахдаа хяналт тавиагүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуульд заасан нэгдсэн удирдлагаар хангах гэдэг чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх хэсэгт нь холбогдуулаад, түүний зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзаад сахилгын шийтгэл ногдуулах 4 боломж байдаг. Үүнд нээлттэй сануулах, хаалттай сануулах, албан тушаал бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэлээс сонгож зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзаад түүнийг ажлаас халаагүй, албан тушаалыг нь бууруулж ингэж шийдвэрлэсэн. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын Ч.*д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сонсох ажиллагааны тухайд урьд нь хүсэлт шийдвэрлэх явцад энэ асуудал дурдагдаж байсан. Сонсох ажиллагааг * дээр Ч.* дарга тухайн үеийн хүний нөөцөд оролцож байсан н.*м, хуулийн мэргэжилтэн н.* нар сонсох ажиллагаа хийсэн байдаг. Энэ сонсох ажиллагааны тэмдэглэл албажаагүй, яагаад албажаагүй гэдгийг Ч.* дарга өөрөө мэдэж байгаа байх. Албажиж ирээгүй учраас сонсох ажиллагаа хийсэн гэдэг талаар гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг миний зүгээс хүсэлт гаргасан. *нарыг гэрчээр оролцуулъя гэх хүсэлт гаргах үед сонсох ажиллагаа дээр маргаагүй шүү дээ гэх тайлбарыг нэхэмжлэгч өгч хүсэлтийг хангуулаагүй. Аудитын дүгнэлт дээр 3 суралцагч дурдагдсан болохоор энэ 3 суралцагчийн хүрээнд л яриад байгаа юм. Тэрнээс биш нэхэмжлэгчийн хэлсэнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газраас 380 гаруй хүүхэд гадаадад суралцсан байдгаас 280 гаран нь ирж ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Үлдсэн 100 гаруй нь ирж ажиллаагүй.

Бид нар эхний ээлжид 35 хүүхдийн нэр гаргаж шүүхэд хандаад явж байгаа. Эхнээсээ 17 суралцагчийг шүүхэд хандаад шийдвэрлүүлэхээр явж байгаа боловч авлагын бүртгэл байхгүйгээс болоод, зардлаар шууд хүлээн зөвшөөрснөөр болоод, энэ нягтлан бодох бүртгэлийн бүртгэл дутуугаас болоод маргааны явцад ялагдах хүндрэл учрах асуудал үүсэж байгаа. Авлага бүртгэхгүй шууд зардалд бүртгэх ёстой байсан гэж байна. * суралцагчтай байгуулах бүх гэрээн дээрээ 3.9 юм уу 3.6 дахь заалт дээрээ сургууль төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ манай байгууллагад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Хэрвээ энэ заалтыг биелүүлээгүй бол суралцсан хугацааны нийт зардлаа * буцааж төлнө гэх заалт байдаг. 5 жил ажиллах үүргээ биелүүлэхгүй бол мөнгөө буцааж төлнө гэсэн үг юм. Ч.* даргын ажиллаж байх үеийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дөрөвдүгээр бүлэгт авлага, урьдчилгаа тооцооны бүртгэлийн талаарх зохицуулалтыг нотлох баримтаар өгчихсөн байгаа. Энэ нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг 4.2.2-т ажил үйлчилгээ үзүүлсэн бараа, бэлэн бүтээгдэхүүн борлуулсан эсвэл бусдад шилжүүлсэн аливаа зүйлтэй холбоотой нэхэмжилсэн бусдад шилжүүлсэн гэхээр сургалтын төлбөртэй холбоотой мөнгийг манайх шилжүүлчихсэн юм. Төлөгдөх хугацаа нь дуусмагц мөнгө болж хувирах зүйлийг авлага гэнэ гэж байгаа юм.

Хэрвээ суралцагч ажиллах үүргээ биелүүлэхгүй бол буцаагаад тэр мөнгөө манай байгууллагад төлөх ёстой. Авлагыг бүртгэснийхээ дараа улирал тутам баталгаат авлагын баталгаажуулалтыг хийх ёстой. Авлагын үлдэгдлийг тооцоолоод, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн бичгээр тооцоо нийлсэн акт үйлдэж зохион байгуулна гэчихсэн байгаа. Энэ авлага нь бүртгэгдээгүй, тооцоо нийлсэн акт нь байхгүй. Суралцагч нь сургалтын төлбөрийг төлсөн тухай бүрдээ зарлагаар хүлээн зөвшөөрөөд гаргачихсан нь эргээд бид нар энэ хүүхдүүдээс сургалтын төлбөрөө нэхэмжлэх, энэ шүүхийн маргааны явцад хүндрэл учруулаад, яг хэдэн төгрөгийг энэ хүүхэд буцаан төлөх үүрэг хүлээчхээд байгаа юм, хэдэн жилд нь ажиллачхаад байгаа юм, хэдэн жилд нь ажиллаагүй байгаа юм гэдгийг нь гаргахад хэцүү байгаа. Байгууллагын болон сургалттай холбоотой асуудал, санхүүгийн асуудал тэр аяараа доголдчихсон, одоо болтол үр дагавар нь энд явж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тэр сургалтын төлбөртэй холбоотой мөнгийг нэхэмжилж авах нь хуулийнхных нь ажил шүү дээ гэж байна. Бид нэхэмжлэл гаргаад явж байгаа боловч санхүүгийн бүртгэлийг нь нягтлан бодох бүртгэлдээ зөв тусгах, санхүүгийнхээ тайланд зөв тусгах, эргээд хэзээ ч энэ хүүхдэд хэдэн төгрөгийн авлагатай, энэ хүүхэд манайхаас хэдэн төгрөг аваад явчихсан байна, сурчихсан байна гэдэг нь ийм хяналттай байх ёстой байтал тийм хяналт байхгүйгээс болоод яг энэ сургалтын төлбөрийн тухайд манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа доголдсон.

*ХХК-ийн барилгын тухайд нэхэмжлэгчийн хэлсэнчлэн ажлын хэсэг гараад, хийсэн ажлыг нь гүйцэтгэлийг нь тулгаад, мөнгө зарцуулах шийдвэр гаргадаг нь үнэн. Гэхдээ Ч.* даргын хувьд албан тушаалын тодорхойлолтын 1.6-д батлагдсан төсвийг харьяа байгууллага бүрээр хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих гээд байгаа юм. Төсвийнхөө гүйцэтгэлд нь хяналт тавиач ээ, ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд нь хяналт тавиач ээ, тэгж байж мөнгө зарцуулаач гээд өөрт нь ийм чиг үүрэг нь байгаа эрх нь байгаа. Энэ ажлаа л дутуу хийсэн гэдэг агуулгаар л Ч.* даргыг буруутгаж байгаа юм.

Би аудитын дүгнэлтийн аль хэсэг нь Ч.*д холбогдоод байгааг дахин тодруулж өгье. 728 дугаар актын 3 дугаар мөрнөөс эхлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.6-т тооцоо үлдэгдлээ хийж баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулаагүй зөрчсөн гэх агуулга нь Ч.* даргын албан тушаалын тодорхойлолтын 1.1 буюу санхүүгийн бүртгэлийг цаг тухайд нь зөв хийх ёстой гэдэгт хамаарч байгаа юм. *дугаар актын 3 дугаар мөрнөөс эхлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4-т худалдан авах бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах нь Ч.* даргын ажил үүргийн тодорхойлолтын үндсэн зорилт болон, 4 дүгээр зүйлд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авах тухай хуулийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тайлагнах, үр ашигтай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд хяналт тавих гэх заалтуудтай хамаарч аудитын албан шаардлагад дурдсан энэ хоёр асуудал нь Ч.* даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт шууд хамаарч байгаа учраас аудитын дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Ч.* хариуцагч *т холбогдуулан тус газрын даргын Ч.*д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 04 сарын 20-ны өдрийн * дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

3.Нэхэмжлэгч Ч.* хариуцагч *тай байгуулсан 2022 оны 01 сарын 25-ны өдрийн * дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн* дугаар тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж, Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанд ахлах нягтлан бодогчоор ажиллуулахаар албан тушаал бууруулан томилсон болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.Ажил олгогчоос ажилтан Ч.*д сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 сарын 25-ны өдрийн *дугаартай тушаалыг гаргахдаа ажил олгогчоос Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, 123.5 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 42.4 дэх хэсэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1, 3.29.2, Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 1.1, 1.6, 2.7, 3.2, 3.4 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2022 оны 3 сарын 25-ны өдрийн * тоот албан шаардлага, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *тоот албан шаардлагыг тус тус үндэслэл болгосон байна.

4.1.Дээрх 01/27 тоот тушаалд Ч.*г Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу үйл ажиллагааг явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүйгээс Үндэсний аудитын газрын аудит шалгалтаар зөрчил илэрч, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * тоот албан шаардлага ирүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

4.2.Ажил олгогчоос тушаалын үндэслэл болгож буй Үндэсний аудитын газрын * тоот албан шаардлагад Иргэний нисэхийн ерөнхий газрыг өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагын дагуу нэг суралцагчийн 7,003,939.7 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн оны * дугаар албан шаардлагаас хэрэгжээгүй Канад улсад нягтлан бодогчоор суралцагчийн 121,951,949.18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий хоёр оюутны төлбөрт 410,455,057.8 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал зарцуулсан байна. Албан шаардлагын дагуу гадаад сургалтын авлагыг барагдуулж ажиллах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох журамд сунгалтын талаар нэмэлт өөрчлөлт оруулах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахыг Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргад даалгасан.

4.3.Мөн тус газрын *тоот албан шаардлагад *ХХК-тай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүйтэй холбоотой байх бөгөөд энэхүү гэрээний үүргийн биелэлтийг хангуулаагүй зөрчил гаргасан буруутай албан тушаалтад хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж албан шаардлагын биелэлтийг ирүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тус тус даалгасныг үндэслэн Ч.*д сахилгын арга хэмжээ авч, ажил албан тушаалыг бууруулах арга хэмжээ авсан байна.

 

5.Талууд дээрх Үндэсний аудитын газрын аудитын шалгалтаар зөрчил илэрч, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * тоот албан шаардлага ирүүлсэн талаар маргадаггүй. Харин дээрх 2 албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг дан ганц Ч.*гийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас гарсан эсэх, энэ нь хэрхэн нотлогдон тогтоогдсон эсэх, уг албан шаардлагыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан *-ын даргын 01/27 тоот тушаалын үндэслэлийн талаар маргаж байна.

 

6.Нэхэмжлэгч Ч.* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэхдээ Иргэний Нисэхийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, дангаар дур мэдэн шийдвэр гаргаагүй, тухайн чиглэлийн хариуцсан албан тушаалтнуудын ажиллагаатай холбоотой, аудитын албан шаардлагад зөвхөн Ч.*д хариуцлага тооцож, арга хэмжээ ав гэж тухайлан заагаагүй байхад арга хэмжээ авсан, дотооддоо хяналт шалгалт хийж, сонсох ажиллагаа хийлгүйгээр урьдчилан мэдэгдээгүй, зөвхөн аудитын дүгнэлтэд үндэслэн сахилгын арга хэмжээ авсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

7.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч аудитын 2 албан шаардлагад дурдагдсан зөрчлүүд нь Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын ажил албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт шууд хамаарч байгаа, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн * албан шаардлагуудыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж тус тус заасан.

Зохигчид ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д: Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэн тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 4.1-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан байна.

 

9.Үндэсний Аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * тоот албан шаардлагуудад гарсан зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллан, буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.*д даалгасан байх бөгөөд уг шаардлагын дагуу зөрчлийн арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, зөрчлийн арилгах ажиллагааны явцад зөрчил гаргасан буруутай этгээдийг хэрхэн тогтоосон, Ч.* ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл буруу хэрэгжүүлж дээрх зөрчлийг гаргах болсон талаар хэн хэрхэн тогтоосон, энэ талаар ажил олгогчоос ажилтанд мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн, зөрчлийг хэрхэн арилгах талаар үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхой биш, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

10. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгч нь төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас байгууллагад хохирол учруулсан гэх үйлдлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх тайлбарыг гаргадаг боловч уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх үндэслэлээр түүнийг буруутгах боломжгүй.

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны 09 сарын 02-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг гаргасны дагуу 2022 оны 09 сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн * дугаартай хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2025 оны 05 сарын 09-ний өдрийн 03/8976 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогддог бөгөөд талуудын гаргасан тайлбар, холбогдох баримтуудаар уг эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, уг хэрэгт Ч.* буруутай болох нь тогтоогдоогүй байхаас гадна, цаг хугацааны тухайд түүнд сахилгын арга хэмжээ авах тухай *оот даргын тушаал гарсны дараа гомдол гаргасан нь аудитын албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хамаарахгүй, гадаадын сургалтын авлагыг барагдуулах болон бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг хүлээн авч ашиглалтад оруулах ажлыг тус тус шуурхай зохион байгуулж ажиллах чиглэлийн дагуу авч хийсэн ажил гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн *дугаартай тушаал үндэслэлгүй байна. Иймд ажилтан буюу нэхэмжлэгч Ч.*г Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

12. Ажил олгогчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн* дугаартай дугаартай тушаал гарснаас хойш ажил олгогчоос 2022 оны 05 сарын 04-ний өдрийн* дугаартай тушаалаар ажилтан Ч.*г Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилон *дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан тухайн ажил албан тушаалд *шатлалаар цалинжуулан ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Талууд хөдөлмөр хөлсний сүлжээ, шатлалд өөрчлөлт оруулсан тушаалууд болон тушаалын хавсралт, болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй албан тушаалын цалин хөлсний зөрүү, ээлжийн амралт болон тэтгэмжийн зөрүүг тооцон нэхэмжилсэн 56,629,068 төгрөг болон уг зөрүүг тооцсон тооцооллын талаар маргадаггүй.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Ч.*гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өмнөх байдлаар бүхэлд нь сэргээсэн тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 04 сараас 2025 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговрыг тооцон түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүүд нийт 56,629,068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй юм. Иймд хариуцагч байгууллага нь 56,629,068 төгрөгийн олговроос Ч.*гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах үүргийг хуулиар хүлээнэ.

 

15.Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн * дугаартай тушаалыг гардаж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах байгууллага болон шүүхэд хандсан, маргаан таслах байгууллагын шийдвэрийг авснаас хойш мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д заасан хугацаанд шүүхэд хандсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг талуудад хариуцуулдаг тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас тэмдэгтийн хураамжид 441,095 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Ч.*г Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүд тооцон нөхөн олговорт 56,629,068 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан Ч.*д олгож, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч *т даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 441,095 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.*