Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 12

 

 

     2025     04        01                                            2025/ДШМ/12

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 2025/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2436004780377 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* хаягтай, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж байсан, ******* ******* ******* Бөхцоож,

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар Ховд аймгийн Жаргалант сумын Бугат улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ургийн ******* ******* Бөхцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос 71,246,896 /далан нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхтөрд олгуулж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 8 /найм/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь дээрх шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Тодруулбал, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний орой улсын дугаар 43-78 бүхий Приус-30 маркийн суудлын автомашиныг согтуурсан үедээ жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байдаг.

Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, санаатай гэмт хэрэгт тооцох бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулна" гэсэн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй байна.

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар "шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй" гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэхгүй орхигдуулсан нь 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэсэн ноцтой зөрчилд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь давж заалдах шатны шүүх хуралддаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” мөн хуулийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан.  Шүүгдэгчийн хувьд ******* ******* газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг зөрчөөгүй. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн учраас тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна гэдгээ ойлгож ухамсарласан. Осол аваар гаргаж болзошгүй хор уршгийг учрах боломжтой гэдгийг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасаны улмаас бусдын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогддог. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр ихэвчлэн үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогчийн амь насыг хохироохыг хүссэн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Мөн хохирогчийн амь насыг хохирооё гэсэн бодол санаагүй, зорилгогүй. Харин аваар гаргахгүй машинаа жолоодоод явж чадна гэж тооцсон гэм буруутай байдаг.Ийм учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

  2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

3. Ховд  прокурорын газраас шүүгдэгч  *******ийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч  *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос 71,246,896 /далан нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхтөрд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн байна. 

5.Прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн  эсэргүүцэлдээ: “шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэгдэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасны дагуу “******* ******* газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байсан.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, санаатай гэмт хэрэгт тооцох бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулна” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байхад  “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн ноцтой зөрчилд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.”гэжээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас гэрлэн дохионы шон мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь насыг хохироосон үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

7. Прокуророос шүүгдэгч  *******ийн согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон, анхан шатны шүүх  түүнд  тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан  байна.

8. Прокурорын эсэргүүцэлд дурдсан өмнө “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэгдэн байх хугацаанд  дахин нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн тул санаатай гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй”  гэх агуулгаар  эсэргүүцэл  бичсэн  байна.

8.1 Шүүгдэгч *******ид өмнө ял шийтгэл оногдуулсан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг заасан болон мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт зааснаар “******* ******* газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулсан үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9  дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж түүний  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял,тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж цаашид үүсэх эрх зүйн үр дагаврыг тайлбарласан байна.Өөрөөр  хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч *******ид тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд дахин санаатай буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх  үр дагаврыг  тайлбарлаж өгсөн байна.Гэтэл шүүгдэгч ******* нь дээрх тэнсэнгийн хугацаанд  2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуурах ундааны зүйл хэрэглэн, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн байна.8.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна.

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд санаатай, шууд бус санаатай гэж ангилах бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн бол шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Харин өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8.3.Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял авсан байх бөгөөд энэ шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хяналтад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан байна.

8.4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь  заалтаар  шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасан  “...******* ******* газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  тэнссэн хугацаанд “******* ******* газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх  хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас гэрлэн дохионы шон мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь насыг хохироосон   үйлдлийг “гэм буруугийн  болгоомжгүй  хэлбэртэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсээр байж согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “санаатай гэмт хэрэг” гэж үзэхээр байгаа боловч уг үйлдэл эс үйлдэхүйн улмаас  болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэсэн  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “болгоомжгүй” гэмт хэрэгт  тооцохоор байна.

9.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж өмнө нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, дахин болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тусгажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шинжийг дүгнэж бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг тайлбарлаж хэрэглээгүй байхаас гадна “өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагад эрх зүйн ямар үр дагавар үүсэх бэ? гэдгийг орхигдуулж шийдвэрлэсэн  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан, энэ ялыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй  ойлгомжгүй байна.

Шүүх шүүгдэгч *******ид энэ тогтоолоор ял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолын эрх зүйн үр дагаврыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг баримтлан тайлбарлаж хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.”   Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч  байна.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөж засах боломжгүй байна.

Иймд  давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч  шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025  оны 02 дугаар сарын 14-ний өдрий 2025/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА