| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0092/э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 5 дугаар багийн нутаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1,9.2 дахь заалтыг зөрчиж Б.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг мөргөж Б.Бгийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....... гэв.
Хохирогч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд багийн дарга О над руу утсаар яриад талийгаачийг осолд орж нас барсан талаар хэлсэн... Тухайн мотоцикль нь талийгаачийн өөрийнх нь эзэмшлийн мотоцикпь байсан техникийн хувьд бүрэн бүтэн мотоцикпь байсан тухайн мотоциклио өөрөө унаж хэрэглэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/
Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ослын газарт очиход замын баруун талын шороон хэсэг дээр эрэгтэй хүн хөдөлгөөнгүй доош харан хэвтсэн байсан тухайн хүний захын судсыг тэмтэрч үзэхэд хариу урвалгүй тухайн хүн нас барсан байсан мөн тухайн хүний чамархай толгой хэсгээс их хэмжээний цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Шинжээчийн ...дугаартай: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз, гадна хэсэг, баруун тал бөмбөлөгийн дотор хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун шагайн далд, зүүн шилбэний далд хугарал, дух баруун чихний урд хэсгээс эрүүний баруун доод хэсэг хамарсан, баруун шанаа, эгэмний доод хэсгийн шарх. Духны баруун дээд хэсгээс баруун чамархай хамарсан, эрүүний доод хэсгийн олон тооны, баруун зүүн өгзгийг хамарсан, зүүн ташаа, баруун шагай зүүн шилбэний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Амь хохирогчийн цогцост учирсан зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз, гадна хэсэг баруун тал бөмбөлөгийн дотор хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Амь хохирогч нь толгойн битүү гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/
Шинжээчийн ... дугаартай: Субару Легаси маркийн автомашин нь Даюун маркийн мотоциклийн баруун хойд талаас нь мөргөсөн байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 102-121 дүгээр хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Субару Легаси маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас... зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-13/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-19/
Амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 20-23 дүгээр хуудас/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-30/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 68, 76, 83, 91, 92,96, 101,124/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72, 80, 85,87, 97-98, 102-121, 125-126/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-162/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 5 дугаар багийн нутаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг мөргөж Б.Бгийн амь насыг нь хохироосон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .......... гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд багийн дарга О над руу утсаар яриад талийгаачийг осолд орж нас барсан талаар хэлсэн... Тухайн мотоцикль нь талийгаачийн өөрийнх нь эзэмшлийн мотоцикпь байсан техникийн хувьд бүрэн бүтэн мотоцикпь байсан тухайн мотоциклио өөрөө унаж хэрэглэдэг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ослын газарт очиход замын баруун талын шороон хэсэг дээр эрэгтэй хүн хөдөлгөөнгүй доош харан хэвтсэн байсан тухайн хүний захын судсыг тэмтэрч үзэхэд хариу урвалгүй тухайн хүн нас барсан байсан мөн тухайн хүний чамархай толгой хэсгээс их хэмжээний цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг Шинжээчийн ...дугаартай шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний дүгнэлт , ... дугаартай криминалистикийн дүгнэлт, ... дугаартай Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Аг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Ад аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Аг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Аг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 162/-аар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгчийн хувийн байдал,гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа,мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч Ө.О нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “5000000 төгрөгийн хохирол авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсан тул хэрэгт хавсаргаж ирсэн Л.Агийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Аг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав / жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6.Шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.Агийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН