Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгч М.М нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаарын сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           М.М

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын .... иргэн У.Гай маргалдаж түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч М.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эаас хонь авсан. Хонио янзлах гээд гэрээс хутга аваад явж байгаад дэлгүүрийн гадаа Нтай таарсан. Нын гэрт очиж 1 шил архи уугаад сууж байхад У.Г, Б хоёр 2 шил архи авчирсан. Архи уугаад сууж байхад Г орж ирсэн удалгүй У.Г, Г хоёр маргалдсан. Тэгээд Г явсан. Дараа нь У.Г бид 2 муудалцсан. Тэгээд гадаа гараад ноцолдож байгаад У.Гг айлгах санаатай хутга гаргасан. Ноцолдож байгаад У.Ггийн цээжин тус газарт нь хутгалсан байсан. Би У.Гг санаатай хутгалаагүй гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч У.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд хөдөөнөөс ах Втай хамт бензин авах гээд ирсэн тэгээд дэлгүүр ороод 2 шил архи аваад сумын төв дээр байдаг найз Нын гэрт очоод уусан. Г гараад явсан бид нар үлдээд М надтай маргалдсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад гэрийн үүдэнд дээр доороо ороод ноцолдож байтал манай ах В гэрээс гарч ирээд салгасан тэгтэл миний гэдэс орчмоор халуу оргиод байхаар нь нь үзтэл хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

           Гэрч У.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М манай дүү Г хоёр гэрээс хамт гараад явсан би араас нь удаагүй гартал гэрийн үүдэнд дээр доороо орчихсон ноцолдож байсан тэгээд би салгаад дүү Гг аваад явах гэтэл манай дүү миний гэдэс рүү хутгалчих шиг боллоо хөндүүрлээд байна гэхээр нь би аваад шууд сумын эмнэлэгт авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

           Гэрч З.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу очиж үзэхэд иргэн Г нь хэвлийн тус газартаа хутгалуулсан байдалтай зүүн хэвлийн хэсэгт 2 см хэмжээтэй зүсэгдсэн байдалтай цус гараад өмсөж явсан цамц нь цус нэвтэрсэн байдалтай байсан. Тэгээд шууд анхан шатны эмнэлгийн туслалцаа үзүүлээд арьсан завсраараа 5 орчим см хавж орсон байсныг цэвэрлэж хоёр оёдол тавьсан.... эмнэлэг дээр ирсэн хойно өөрийнх нь төрсөн ах Ваас юу болсон талаар асуухад хамт архи ууж байсан манай сумын иргэн М хутгалчихсан гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

           Шинжээчийн ... дугаартай: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд У.Ггийн цээжний баруун хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

           Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 21/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-29/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын .... иргэн У.Гай маргалдаж түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч У.Г, гэрч У.В, З.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М.Мд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд  ирүүлжээ.

Шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр  торгож  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Хохирогч У.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч М.Мтэй эвлэрсэн талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь  мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Мнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч М.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.АДЪЯАСҮРЭН