Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00531

 

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00531

 

 

 П.Чулуунбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/05555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Чулуунбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Кэш энд Мани ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 496 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБО 00-10 улсын дугаартай Кэш энд мани ХХК-ийн өмчлөлд байсан Рекстон маркийн машиныг С.Цэгмид жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөнөөс миний өмчлөлийн АРА 61-78 улсын дугаартай Портер маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасны дагуу Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Гурван булаг суманд дуудагдаж ирсэн зардал 189 600 төгрөг, Цэцэрлэг сумаас Гурван булаг, Улаанбаатар орсон зардал 50 000 төгрөг, машины хохирлын үнэлгээ 1 449 000 төгрөг, Гурван булаг сумаас осолд орсон машины хохирлын үнэлгээ хийлгэхээр Улаанбаатарт тээвэрлэж авч ирсэн зардал 800 000 төгрөг, үнэлгээний тайланг дахин гаргуулах зардал 8 000 төгрөг, нийт 2 496 600 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.  Энэ бол зөвхөн бодитоор учирсан хохирол бөгөөд үүнээс их зардал, чирэгдэл гарсныг харгалзаж үзнэ үү. Хариуцагчаас уг автомашин нь фидуцын гэрээний барьцааны зүйл байсан учир бид хариуцахгүй гэсэн тайлбар нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж, хариуцахгүй. 2014 оны 02 сарын 28-ны өдөр Кеш энд мани ХХК-д иргэн Ц.Отгонбаяр нь өөрийн УБО 00-10 улсын дугаартай, Рекстон /Ssayong rexton/ маркийн машинаа барьцаалан 2 800 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн өдрөө уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг байгуулсан. Фидуцийн гэрээгээр УБО 00-10 улсын дугаартай, Рекстон /Ssayong rexton/ маркийн автомашиныг барьцаанд тавьсан. Осол гарах үед машины өмчлөл нь манай нэр дээр байсан. Гэхдээ бидний хооронд байгуулсан гэрээний 4.2.5-т үүрэг гүйцэтгэгч тал нь зээл ашиглалтын хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг ашиглаж явцдаа бусдад учруулсан гэм хорыг бүрэн хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирлыг бид хариуцахгүй. Мөн гэрээний 5.1-т үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн зүйлийн хууль ёсны өмчлөгч бөгөөд гэрээ байгуулах өдөр ба түүнээс өмнөх хугацаанд уг эд хөрөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдээгүй ямар нэгэн барьцаа, төлбөр, маргаан байхгүй гэдгийг үүгээрээ баталж байна гэж заасан. Ц.Отгонбаяр нь өөрийн эзэмшлийн автомашиныг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийг бүрэн хааж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг баримтлан Кэш энд мани ХХК-д холбогдох, 2 496 600 төгрөг гаргуулах тухай П.Чулуунбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Автомашины тээврийн хэрэгслийн улсын бүртгэлээр УБО 00-10 улсын дугаартай Рекстон маркийн автомашины өмчлөгч нь Кеш энд мани, мөн иргэний хуулийн 89-р зүйлийн 89.3-т заасны дагуу Кеш энд мани ХХК нь өмчлөгч буюу шууд бус эзэмшигч байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч болох Кеш энд мани ХХК нь фидуцийн гэрээгээр ашиглахыг зөвшөөрч уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул хуулийн дагуу гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд гэж нэхэмжилсэн. Гэтэл шүүх тухайн үед өмчлөгч нь Кеш энд мани ХХК байна гэж тодорхойлж дүгнэсэн байтлаа фидуцийн гэрээ байгуулсан барьцаалагч байсан тул хохирол хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийн шаардлага хангаагүй хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч П.Чулуунбат нь хариуцагч Кэш энд мани ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 496 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, иргэн Ц.Отгонбаяр нь манай компаниас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан фидуцийн гэрээгээр УБО 00-10 улсын дугаартай, Рекстон /Ssayong rexton/ маркийн автомашинаа барьцаалсан болохоос манай компани уг тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэж маргажээ.

 

С.Цэгмид нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 00-10 УБО улсын дугаартай Рекстон /Ssayong rexton/ маркийн автомашиныг жолоодож явахдаа Булган аймгийн Гурван булаг сумын нутагт 68-71 АРА улсын дугаартай портер маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, ослын улмаас портер маркийн автомашинд эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Зам тээврийн осол гарах үед 00-10 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл Кэш энд мани ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч Ц.Отгонбаяр гэгч нь хариуцагч Кэш энд мани ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдүүлэгч Кэш энд мани ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг бүртгүүлэх, зээлийн үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон фидуцийн гэрээний үндсэн дээр хариуцагчийн нэр дээр бүртгэл хийгдсэн байхаас гадна фидуцийн гэрээний зүйлийг зээлдэгчийн эзэмшилд байлгаж бүрэн бүтэн байдлыг болон эрсдэлийг зээлдэгч хариуцахаар фидуцийн гэрээгээр тохиролцсон байна.

 

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Кэш энд мани ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасан шууд бус эзэмшигч болох нь нотлогдоогүй тул түүнд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т заасан хариуцлагын аль нэгийг нь ногдуулах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Кэш энд мани ХХК нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой фидуцийн гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болохоос уг эд хөрөнгийг өмчлөхийн тулд, эсхүл өмчлөх эрхээ баталгаажуулах зорилгоор бүртгүүлээгүй байна. Иймд түүнийг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэхгүй юм.

 

Иймд хариуцагч Кэш энд мани ХХК нь гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/05555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ