| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0097/э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил
Шүүгдэгч Г.Э, Б.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Б.От холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Э
Б.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Э, Б.Онар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Х... гэх газраас иргэн Ю.Мын 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө. Намайг адуунд явж байхад хоёр холбоотой тэмээ байсан. Тэгээд 2 тэмээг гэрийнхээ гадаа байлгаж байгаад Г.Эт аваачиж өгсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө. Хөвсгөл суманд Б.Отэй таараад надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б.Охолбоотой 2 тэмээ тууж ирсэн. Би хулгайн тэмээ гэдгийг сүүлд мэдсэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ю.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 сард ...Жавхлант хайрхан гэх газраас тэмээгээ олж аваад бүртгэж үзтэл 2 тооны тэмээ алга байсан. Тэгээд би салаад явсан юм байх гэж бодоод дараа нь ойр хавийн айл мал сүргээр нь хайж сураад олоогүй тэгтэл 1 сарын 15, 16-ны үед У ах манай бууцны зүүн талаар 2 тооны тэмээ холбоод туугаад явсан мөр байна гэж хэлсэн тэгээд У ах бид хоёр 01 сарын 20-ны үед тэр мөрийг нь Сайхан мод гэх газраас хойд зүгт 7-оос 8 км мөшгөөд Цагаанчулуут гэх газар хүргээд алдсан. Миний алдсан 2 тэмээний нэг нь мэлзэн хоншоортой бор хүрэн зүсмийн 6 настай ингэн тэмээ, нөгөөх нь 3 настай цагаан зүсмийн гунжин тэмээ байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хажуугаар хоёр тооны тэмээ холбоод туусан мөр байсныг... Ю.Матай хамт мөрийг нь ажиж мөшгөөд мөн л Цагаанчулуут гэх газар хүргээд алдсан...” гэсэн мэдүүлэг,
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ДГО 814 дугаартай:.“...Нас гүйцсэн ингэн тэмээ 500.000 төгрөг, 3 настай эр тэмээ 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг...” гэсэн дүгнэлт,
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 07/
Ашид билгүүн ХХК шинжээчийн дүгнэлт /хх-ийн 08/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 48-51 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э, Б.Онар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Х... гэх газраас иргэн Ю.Мын 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Хөвсгөл суманд Б.Отэй таараад надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б.Охолбоотой 2 тэмээ тууж ирсэн. Би хулгайн тэмээ гэдгийг сүүлд мэдсэн гэсэн мэдүүлэг” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг адуунд явж байхад хоёр холбоотой тэмээ байсан. Тэгээд 2 тэмээг гэрийнхээ гадаа байлгаж байгаад Г.Эт аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Ю.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 сард ...Жавхлант хайрхан гэх газраас тэмээгээ олж аваад бүртгэж үзтэл 2 тооны тэмээ алга байсан. ...1 сарын 15, 16-ны үед У ах манай бууцны зүүн талаар 2 тооны тэмээ холбоод туугаад явсан мөр байна гэж хэлсэн тэгээд У ах бид хоёр 01 сарын 20-ны үед тэр мөрийг нь Сайхан мод гэх газраас хойд зүгт 7-8 км мөшгөөд Цагаанчулуут гэх газар хүргээд алдсан. Миний алдсан 2 тэмээний нэг нь мэлзэн хоншоортой бор хүрэн зүсмийн 6 настай ингэн тэмээ, нөгөөх нь 3 настай цагаан зүсмийн гунжин тэмээ байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хажуугаар хоёр тооны тэмээ холбоод туусан мөр байсныг... Ю.Матай хамт мөрийг нь ажиж мөшгөөд мөн л Цагаанчулуут гэх газар хүргээд алдсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ДГО 814 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Э нь 2 тооны тэмээг бэлчээрээс нь шүүгдэгч Б.Отэй хамт хулгайлаагүй боловч Б.Оийг бусдын мал хулгайлсан гэдгийг мэдэж байсан, мөн мөнгө хэрэгтэй талаараа хэлж байсан болох нь шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Оээс тэр 2 тэмээг хаанаас яаж олж ирсэн талаар асуугаагүй. Гэхдээ дотроо хулгайлаад ирлээ гэж бодсон ч охины төлбөр нэхэгдээд мөнгө олдохгүй хэцүү байсан болохоор шууд санаа шулуудаад хийсэн гэсэн мэдүүлэгээр..... тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын 2 тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь бусдын алдуул малыг завшсан болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар хуулийн зүйлчлэлийг өөрчлөх саналтай байна гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Алдуул мал гэдэг нь жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгааг хэлнэ.
Шүүгдэгч Б.Онь 2 тэмээний эзэн нь хэн болохыг мэдсээр байгаад авч завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн “...Мын тэмээ гэдгийг тамгаар нь мэдэж байсан, дараа нь эзэнтэй нь уулзаад болох байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ю.Мөнхчимэгийн “ ...манай тэмээний бэлчээрлэж байсан нутагтай ойрхон нутаглаж байсан манай сумын 3-р багийн иргэн Оийг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч Г.Э, Б.Онарыг бүлэглэн бусдын 2 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Г.Э, Б.Онар нь бусдын 2 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Оийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Оийн өмчлөлийн хул зүсмийн бүдүүн морийг хураан авч улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Хохирогч Ю.Ма Ашид билгүүн ХХК-ний 2 тэмээний үнэлгээг /1000 000 төгрөг/ хүлээн зөвшөөрч маргаагүй ба хулгайд алдсан 2 тэмээны үнэ 1000 000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э, Б.Онар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Г.Э, Б.Онар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журмлан шүүгдэгч Г.Э Б.О нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Оийг 400 цаг, Г.Эыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.О, Г.Э нарт нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-тзааснаар шүүгдэгч Б.Оийн өмчлөлийн хул зүсмийн бүдүүн морийг хураан авч улсын төсөвт оруулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Г.Э, Б.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН